Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
---|---|
Шүүгч | Авуталивын Жархынгүл |
Хэргийн индекс | 130/2016/00425/И |
Дугаар | 130/ШШ2016/00512 |
Огноо | 2016-09-05 |
Маргааны төрөл | Хариуцагчийг татан буулгах, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 09 сарын 05 өдөр
Дугаар 130/ШШ2016/00512
Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Жархынгүл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын ***дугаар багт үйл ажиллагаа явуулдаг, Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэл, Статистикийн газрын /дарга Л.Ө , утас ****/ хүсэлттэй иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэл, Статистикийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.А нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлтийн шаардлага: Баян-Өлгий аймгийн З төрийн бус байгууллагыг татан буулгах тухай
Хүсэлт гарагч Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэл, Статистикийн газар шүүхэд гаргасан хүсэлтэндээ: Хууль зүйн яаманд бүртгэлтэй Баян-Өлгий аймгийн З төрийн бус байгууллага нь шинэчилсэн бүртгэлд хамрагдаагүй байх ба Татварын хэлтэс болон Санхүү, төрийн сангийн хэлтэст олон жил тайлан мэдээ гаргаж өгөөгүй байна. Энэ нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 10 дугаар зүйлийн 10.1, 10.3, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.4, 8.1.8, 11 дүгээр зүйлийн 11.3 дугаар заалтуудыг зөрчсөн байх тул Хуулийн этгээдийн бүртгэлийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4, Иргэний хуулийн 32 дугаар зүйлд тус тус зааснаар эдгээр хуулийн этгээдүүдийг татан буулгах шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.
Хүсэлт гаргагч Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэл, Статистикийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Б шүүх хуралдаанд хүсэлтийн талаар тайлбарлахдаа: Баян-Өлгий аймгийн З төрийн бус байгууллага нь хуульд заасан хугацаанд шинэчилсэн бүртгэлд ороогүй. Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн дагуу аймгийн Төрийн сан болон Татварын хэлтэст мэдээ, тайлангаа гаргаж өгөөгүй. Ийм учраас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.3 дахь заалт болон Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-т зааснаар уг төрийн бус байгууллагыг татан буулгаж өгнө үү гэв.
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр шинжлэн судалж
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэл, Статистикийн газрын шүүхэд гаргасан хүсэлт болон хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж хүсэлт гаргагчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн /шинэчилсэн найруулга/ 27 дугаар зүйлийн 27.4-д хуулийн этгээд хуулийн этгээдийн улсын бүртгэлийн байгууллага нь тухайн хуулийн этгээдийг татан буулгах талаар шүүхэд нэхэмжлэл гаргаж болно гэж заасны дагуу хүсэлт гаргагч Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэл, Статистикийн газар нь тус шүүхэд Баян-Өлгий аймгийн З төрийн бус байгууллагыг татан буулгах тухай хүсэлт гаргасан нь хуульд нийцсэн байна.
Баян-Өлгий аймгийн З төрийн бус байгууллага нь өөрсдийн ашиг сонирхол, үзэл бодлын үүднээс сайн дурын үндсэн дээр байгуулагдсан ба төрийн бус байгууллагаас нийгэмд, гишүүдэд үйлчилдэг байгууллага бөгөөд Баян-Өлгий аймгийн оуютан залуучуудын өмнө тулгарч буй асуудлыг шийдэх, тэдгээрийн амьдрах, сурах орчинг сайжруулах, амьдрах ухаанд сургах, сурч мэдсэн мэдлэг боловсролоо бусдад болон нийгэмд зориулж гаргах хариуцлагатай бие хүн болгон төлөвшүүэхийг гол зорилгоо болгон 2007 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр байгуулагдсан болох нь Баян-Өлгий аймгийн З төрийн бус байгууллагын дүрэм, 2007 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн хурлын тогтоол, мөн өдрийг хурлын тэмдэглэл, тус холбооны удирдах зөвлөлийн дарга Ш.Жандосын Монгол Улсын Хууль Зүйн Дотоод Хэргийн Яамны сайдад гаргасан өргөдөл зэрэг нотлох баримтаар бүрэн нотлогдож байна.
2007 оны 01 дүгээр сарын 13-ны өдрөөс хойш Баян-Өлгий аймгийн З төрийн бус байгууллага нь 9 жилийн хугацаанд өөрийн үйл ажиллагааг эрхлээгүй, санхүүгийн тайлангаа Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд зааснаар тогтоосон хугацаанд харилцагч санхүүгийн байгууллагад гаргаж өгөөгүй /цахим хэлбэрээр/, хүргүүлэх үүргээ биелүүлээгүй, Баян-Өлгий аймгийн Татварын хэлтэст татвар төлөгчөөр бүртгүүлээгүй, тус хэлтэст тайлан балансыг гаргаж өгөөгүй, хуулийн этгээдийн шинэчилсэн бүртгэлд бүртгүүлээгүй болох нь 2016 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 213 дугаар Баян-Өлгий аймгийн Татварын хэлтсийн даргын, мөн 2016 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 5-03/1148 дугаар аймгийн Засаг даргын тамгын газрын Санхүү төрийн сангийн хэлтсийн даргын албан бичгүүд, хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан тайлбараар нотлогдож байна.
Баян-Өлгий аймгийн З төрийн бус байгууллага нь тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулинд заасны дагуу шинэчилсэн бүртгэлд хамрагдаагүй байна.
Иймд Баян-Өлгий аймгийн З төрийн бус байгууллагыг татан буулгаж, Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хүсэлт гаргагч Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэл, Статистикийн газар нь төсвийн байгууллага учир улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 133 дугаар зүйлийн 133.1, 135 дугаар зүйлийн 135.2.14, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 32 дугаар зүйлийн 32.1, 32.1.2, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн /шинэчилсэн найруулга/ 27 дугаар зүйлийн 27.4-д заасныг тус тус баримтлан Баян-Өлгий аймгийн З төрийн бус байгууллагыг татан буулгасугай.
2. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн /шинэчилсэн найруулга/ 24 дүгээр зүйлийн 24.3-д заасныг баримтлан улсын бүртгэлийн мэдээллийн санд бүртгэл хийхийг Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэл, Статистикийн газрын Улсын бүртгэлийн хэлтсийн бүртгэлийн албанд даалгасугай.
3. Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэл, Статистикийн газар нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон хүсэлт гаргагч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.
6. Энэ шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ЖАРХЫНГҮЛ