Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 130/ШШ2016/00532

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мангилик даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг, Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэл, Статистикийн газрын /дарга Л.Ө, утас ****/ хүсэлттэй иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэл, Статистикийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.А нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлтийн шаардлага: Т төрийн бус байгууллагыг татан буулгах тухай

Хүсэлт гаргагч Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэл, Статистикийн газар шүүхэд гаргасан хүсэлт болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Б шүүх хуралдаанд хүсэлтийн талаар мэдүүлэхэд: Хууль зүйн яаманд бүртгэлтэй Т төрийн бус байгууллага нь шинэчилсэн бүртгэлд хамрагдаагүй байх ба Татварын хэлтэс болон Санхүү, төрийн сангийн хэлтэст олон жил тайлан мэдээ гаргаж өгөөгүй байна. Энэ нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 10 дугаар зүйлийн 10.1, 10.3, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.4, 8.1.8, 11 дүгээр зүйлийн 11.3 дугаар заалтуудыг зөрчсөн байх тул Хуулийн этгээдийн бүртгэлийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4, Иргэний хуулийн 32 дугаар тус тус зааснаар Т төрийн бус байгууллагыг татан буулгах шийдвэр гаргаж өгнө үү гэв.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр шинжлэн судалж

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэл, Статистикийн газрын шүүхэд гаргасан хүсэлт болон хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж хүсэлт гаргагчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн /шинэчилсэн найруулга/ 27 дугаар зүйлийн 27.4-д хуулийн этгээд хуулийн этгээдийн улсын бүртгэлийн байгууллага нь тухайн хуулийн этгээдийг татан буулгах талаар шүүхэд нэхэмжлэл гаргаж болно гэж заасны дагуу хүсэлт гаргагч Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэл, Статистикийн газар нь тус шүүхэд Т төрийн бус байгууллагыг татан буулгах тухай хүсэлт гаргасан нь хуульд нийцсэн байна.

Т төрийн бус байгууллага нь мал аж ахуйн үйлдвэрлэлийг байгаль орчинд халгүй байхаар эрхлэн хөтөлж, эрчимжүүлэх зорилгоор 2003 оны 10 дугаар сарын 15-ны өдөр байгуулагдсан болох нь Т төрийн бус байгууллагын дүрэм, үүсгэн байгуулах хурлын тогтоол, итгэмжлэлтэйгээр эрх олгогдсон этгээд Б.Майбаярын 2004 оны 1 дүгээр сарын 09-ний өдөр Монгол Улсын Хууль Зүйн Дотоод Хэргийн Яамны сайдад гаргасан өргөдөл зэрэг нотлох баримтаар бүрэн нотлогдож байна.

2003 оны 10 дугаар сарын 15-нй өдрөөс хойш Т төрийн бус байгууллага нь 13 жилийн хугацаанд өөрийн үйл ажиллагааг эрхлээгүй, санхүүгийн тайлангаа Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд зааснаар тогтоосон хугацаанд харилцагч санхүүгийн байгууллагад гаргаж өгөөгүй /цахим хэлбэрээр/, хүргүүлэх үүргээ биелүүлээгүй, Баян-Өлгий аймгийн Татварын хэлтэст татвар төлөгчөөр бүртгүүлээгүй, тус хэлтэст тайлан балансыг гаргаж өгөөгүй, хуулийн этгээдийн шинэчилсэн бүртгэлд бүртгүүлээгүй болох нь 2016 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 213 дугаар Баян-Өлгий аймгийн Татварын хэлтсийн даргын, мөн 2016 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 5-03/1148 дугаар аймгийн Засаг даргын тамгын газрын Санхүү төрийн сангийн хэлтсийн даргын албан бичгүүд, хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан тайлбараар нотлогдож байна.

Т төрийн бус байгууллага нь тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд заасны дагуу шинэчилсэн бүртгэлд хамрагдаагүй байна.

Иймд Т төрийн бус байгууллагыг татан буулгаж, Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хүсэлт гаргагч Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэл, Статистикийн газар нь төсвийн байгууллага учир улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 133 дугаар зүйлийн 133.1, 135 дугаар зүйлийн 135.2.14, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 32 дугаар зүйлийн 32.1, 32 1.2, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн /шинэчилсэн найруулга/ 27 дугаар зүйлийн 27.4-д заасныг тус тус баримтлан Т төрийн бус байгууллагыг татан буулгасугай.

2.Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн /шинэчилсэн найруулга/ 24 дүгээр зүйлийн 24.3-д заасныг баримтлан улсын бүртгэлийн мэдээллийн санд бүртгэл хийхийг Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэл, Статистикийн газрын Улсын бүртгэлийн хэлтсийн бүртгэлийн албанд даалгасугай.

3.Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэл, Статистикийн газар нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон хүсэлт гаргагч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

6.Энэ шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНГИЛИК