Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 09 сарын 14 өдөр

Дугаар 130/ШШ2016/00542

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч К.Бүлдирген даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Х дүүрэг,** дугаар хороо, **дүгээр хороолол, **-р байр, ** тоотод оршин суух, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын * дугаар багт оршин суух, Ж овогт Хын Нийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын *** дугаар баг, Х, ** дугаар гудамж, **** тоотод оршин суух, Ч овогт Ты Ат холбогдох иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Х.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Т.Маншүк нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: Хүүхдийн тэтгэлэг 10797400 төгрөг, сургуулийн төлбөр 8740000 төгрөг тус тус гаргуулахыг хүсжээ.

Нэхэмжлэгч Х.Н шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Х овогтой Н миний бие нь Т овогтой Атай 1998 онд гэр бүл болж, 1999 оны 04-р сарын 12-нд охин Дг төрүүлсэн нь гэрлэсний 11 тоот, төрсний 1000 тоот гэрчилгээгээр нотлогдож байна. Т.А нь 2002 онд өөр хүүхэнтэй холбоотой байсан нь тогтоогдож, 2004 оны 09-р сарын 24-ны өдрийн 1280 тоот шүүхийн шийдвэрээр гэрлэлтээ цуцлуулсан билээ. Шүүхийн шийдвэрээр охин А.Дг эх болох Х.Н миний асрамжид үлдээж, Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-д зааснаар А.Дг 11 нас хүртэл амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, түүнийг 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг гаргуулах, охин А.Дгийн бүх сургууль цэцэрлэгийн зардал, унаа, хувцас, эрүүл мэндтэй холбогдон гарах зардлыг Т.А төлөхөөр, зохигчид эд хөрөнгийн маргаангүйгээр талууд тохиролцсоны дагуу шүүхийн шийдвэр гарсан боловч Иргэн Т.А нь одоог хүртэл шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй, нэг ч төлбөр төлөөгүй болно. Х.Н миний бие нь 2010 оны 07 дугаар сарын 19-ний өдөр Т.Аийн амьдарч байсан харьяа Баянгол дүүргийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд өргөдөл гаргаж шүүхийн 522 тоот гүйцэтгэх хуудсаар төлбөр авагчаас шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдах байсан боловч явагдаагүй, нэг ч төлбөр авагдаагүй болно. 2014 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Банк, Хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албанаас мэдэгдэх хуудас ирсний дагуу тус албатай гэрээ байгуулж, иргэн Т.Ааас 9 047 400 /есөн сая дөчин долоон мянга дөрвөн зуун/ төгрөгийг 2014 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн дотор төлүүлэхээр шүүхийн шийдвэр, тогтоолыг биелүүлэхээр мэдэгдэл гарч хүлээн авсан. Гэвч Т.А нь 2014 оны 10 сарын 01-ны дотор төлж барагдуулахаар нотариатаар баталгаажуулсан батламж гаргасан боловч одоог хүртэл уг төлбөрийг төлөөгүй болно. Т.А нь хүүхдийн тэтгэмж төлөх бүрэн боломжтой, Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд "С" ХХК-ийн гүйцэтгэх захирлын албыг хашдаг мөн Казакстан улсын Астана хотод 2002 онд холбоотой байсан хүүхэн Х.Зийн хамт аялал жуучлалын компани эрхэлдэг, эдлэн газартай, эд хөрөнгөтэй хүүхдийн тэтгэмж төлөх бүрэн боломжтой иргэн. Иймд Т.Ааас Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-д заасны дагуу 2014 оны 06 сар хүртэлх хүүхдийн тэтгэмж болох 9 047 400 /есөн сая дөчин долоон мянга дөрвөн зуун/ төгрөг, 2014 оны 06 сараас 18 нас хүртэлх хүүхдийн тэтгэмж 1 750 000 /нэг сая долоон зуун тавин мянган/ төгрөг, А.Дгийн 9-12 дугаар анги хүртэлх М сургуулийн төлбөр болох 8 740 000 /найман сая долоон зуун дөчин мянган/ төгрөг, нийт 19 537 400 /арван есөн сая таван зуун гучин долоон мянга дөрвөн зуун/ төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Т.А шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Х.Нийн нэхэмжлэлийн дагуу тайлбар хийх нь: 6-р сарын 20-ны өдөр нэхэмжлэлийн дагуу хувийн дансанд 5000000 /таван сая/ төгрөгийг шилжүүлсэн, мөн хүүхдийн сургалтын төлбөрийг 2016 оны 12 дугаар сард шилжүүлэхээр тохиролцсон болно гэжээ.

Нэхэмжлэгч Х.Н шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Т.Атай анх 1998 онд гэр бүл болсон. 2004 онд Улаанбаатар хотын Баянгол дүүргийн шүүхийн хүүхдийн тэтгэмж төлөх тухай шийдвэр гарсан боловч 2004 оноос хойш хүүхдийн тэтгэмж төлөөгүй. Тухайн үед гэр бүл цуцлуулахад дундын өмчийн эд хөрөнгийн талаар маргаан гаргалгүй гэр бүл цуцлуулсан. Яагаад гэвэл бид хоёр хүүхдийн сургалтын төлбөр болон хүүхдийн тэтгэмж төлөхөөр тохиролцсон. 2004 оноос хойш төлөхгүй байж байгаад 2014 онд шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас хүүхдийн тэтгэмж төлүүлэх талаар шийдвэр гарсан. Тухайн үед Т.А нь хүүхдийн тэтгэмжийг 100 хувь төлнө, одоохондоо мөнгөний бололцоо байхгүй байна 10 сар хүртэл төлж өгье гээд баталгаа гаргаж нотариатаар гэрчлүүлсэн. Хүүхэд маань М сургуульд сурч байгаа бөгөөд төгсөх хүртэл нь сургалтын төлбөрийг төлж өгнө гэж үүргээ хүлээсэн боловч 2016 он хүртэл нэг ч төгрөг өгөөгүй. 2016 оны 05 дугаар сард 5 сая төгрөг өгсөн ба үүнийг сургалтын төлбөрт өгсөн. Нийтдээ 8 сая гаруй төгрөгийн сургалтын төлбөр төлсөн. Хамт амьдарч байх үед Т.А нь өөр хүүхэнтэй холбогдоод Казахстан улс явсан. Одоо Казахстан, Улаанбаатар, Баян-Өлгий гээд ирж яваад байдаг. Миний охин 17 нас хүртэл хүүхдийн тэтгэмжийн мөнгөнөөс нэг ч төгрөг төлөөгүй, сургалтын төлбөрт 5 сая төгрөг төлсөн байгаа гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтууд болон талуудын тайлбарыг шинжлэн хэлэлцээд

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч Х.Н нь хариуцагч Т.Ааас хүүхдийн тэтгэлэг 10797400 төгрөг, сургуулийн төлбөр 8740000 төгрөгийг тус тус гаргуулахыг хүсжээ.

Хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан Нийслэлийн Баянгол дүүргийн шүүхийн 2004 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 1280 дугаартай шийдвэрээр нэхэмжлэгч Х.Н, хариуцагч Т.А нарын гэрлэлтийг цуцлуулж, охин А.Дг эх нь Х.Нийн асрамжид үлдээж, эцэг нь Т.Ааар тэжээн тэтгүүлэхээр тогтоосон хуулийн хүчин төгөлдөр шийдвэр гарсан байна.

Нийслэлийн Баянгол дүүргийн шүүхээс 2010 оны 07 сарын 19 өдрийн 522 дугаартай Шүүхийн гүйцэтгэх хуудас бичигдсэнээр хариуцагч Т.А нь Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүүхдийн тэтгэлэгийг төлж өгөх болно гэсэн баталгааг бичгээр гаргаж өгч байсан бичмэл нотлох баримтаар, мөн хариуцагчийн ...5000000 /таван сая/ төгрөг шилжүүлсэн, хүүхдийн сургалтын төлбөрийг 2016 оны 12 сард шилжүүлэхээр тохиролцсон... гэх тайлбараар тус тус нотлогдож байна.

Нэхэмжлэгч Х.Н нь охин А.Дгийн сургалтын төлбөрийг төлж байсан нь Ерөнхий боловсролын Баян-Өлгий Э сургууль БСБ-ийн 2016 оны 07 сарын 27-ний өдрийн 15 дугаартай тодорхойлолтоор нотлогдож байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Т.А нь нэхэмжлэгч Х.Нд 5000000 /таван сая/ төгрөг өгсөн болох нь хариуцагчийн тайлбараар, мөн нэхэмжлэгч Х.Н нь шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд ...хариуцагч Т.Ааас 5000000 /таван сая/ төгрөг авч охин А.Дгийн сургалтын төлбөрт төлсөн гэх тайлбараар нотлогдох ба нэхэмжлэгч Х.Н нь сургалтын төлбөр 8740000 төгрөгөөс хариуцагчаас авсан 5000000 /таван сая/ төгрөгийг хасаж үлдсэн 3740000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгөхийг хүсэж нэхэмжлэлийн шаардлагыг шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд багасгасан болохыг дурьдах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч Х.Нийн хүүхдийн тэтгэлэг 10797400 төгрөг, сургалтын төлбөрт 3740000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч үгүйсгэсэн талаарх нотлох баримтаа гаргаж өгөөгүй учир нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч Х.Нийн 1 дэх нэхэмжлэлийн шаардлага нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгчийн 2 дахь нэхэмжлэлийн шаардлагын дагуу улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 154790 төгрөгийг улсын орлого болгож, мөн хуулийн 56, 60 дугаар зүйлд нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар нөхөн төлүүлнэ гэж заасныг үндэслэн хариуцагч Т.Ааас улсын тэмдэгтийн хураамж 154790 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х.Нд олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар хариуцагч Ч овогт Ты Ааас хүүхдийн тэтгэлэг 10797400 төгрөг, сургалтын төлбөр 3740000 төгрөг, нийт 14 537 400 /арван дөрвөн сая таван зуун гучин долоон мянга дөрвөн зуун/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ж овогт Хын Нд олгосугай.

2. Хариуцагч Т.А нь нэхэмжлэгч Х.Нд 5000000 /таван сая/ төгрөг төлсөн болохыг дурьдсугай.

3.Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн хүүхдийн тэтгэмж гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Х.Нийн сургалтын төлбөр гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагад төлсөн улсын тэмдэгтийн хураамжийн 154790 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.Ааас 154790 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х.Нд олгосугай.

4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурьдсугай.

5. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон хүсэлт гаргагч түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ К.БҮЛДИРГЕН