Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
---|---|
Шүүгч | Авуталивын Жархынгүл |
Хэргийн индекс | 130/2016/00477/И |
Дугаар | 130/ШШ2016/00564 |
Огноо | 2016-09-27 |
Маргааны төрөл | Нийгмийн даатгалын шимтгэлийн маргаан, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 09 сарын 27 өдөр
Дугаар 130/ШШ2016/00564
Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Жархынгүл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 01 дүгээр багт оршин суух, гар утас ****, РД:****, Ж овогт Хийн Пгийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст холбогдох иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Х.П, хариуцагч Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга T.М нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэлийн шаардлага: Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс 6 сарын тэтгэврийн зөрүү 930000 төгрөг гаргуулахыг хүсжээ.
Нэхэмжлэгч Х.П шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2006 оны 01 дүгээр сард өндөр насны тэтгэвэрт гарсан. Тухайн үед ажилласан сүүлийн таван жилийн дундаж цалингаар тогтоолгов. Сүүлд судалж үзэхэд би урьд илүү цалинтай байсан үеийн цалингаар дахин тогтоолгох боломжтой гэдгийг олж мэдэж, Нийгмийн даатгалын хэлтэст удаа дараа өргөдөл гаргасан боловч дахин тогтоож өгөөгүй. Гэтэл 2015 оны 01 дүгээр сарын 30-нд Улсын Их Хурлаас Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль баталж над мэтийн хохирч яваа хүмүүсийн тэтгэврийг дахин тогтоож өгөх тухай шийдэж, уг хуулийг 2015 оны 7 дугаар сарын 01-нээс мөрдөхөөр хуульчилсан юм. Мөн энэ хуулийг хэрэгжүүлэх талаар Монгол Улсын Засгийн газраас 2015 оны 02 дугаар сарын 09-ний өдөр тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх тухай 52 дугаар тогтоол гарсан. Мөн тэтгэврийн хэмжээг дахин тогтоох тухай яамны сайд С.Эрдэнэд өргөдөл бичиж, үүний хариу болгож яамнаас 2015 оны 5 дугаар сарын 28-нд 5/189 албан тоотоор материалаа бүрдүүлж аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст өгч 2015 оны 7 дугаар сарын 01-нээс тэтгэврээ тогтоолгож аваарай гэсэн хариу өгсөн. Миний бие бүх материалаа бүрдүүлж хугацаанд өгсөн боловч Нийгмийн даатгалын хэлтсээс тэтгэврээ дээрээс түр хүлээлгэж байна гэсэн шалтгаанаар хойшлуулж төсөв мөнгө хүрэлцэхгүй байна, улс орон санхүүгийн хямралд орсон гэсэн шалтаг зааж байгаад 2016 оны 01 дүгээр сарын 01-нээс тэтгэвэр дахин тогтоолгож сард 155000 төгрөг нэмэгдэв. Би уг нэмэгдлийг 2015 оны 7 дугаар сарын 01-нээс авах ёстой. Учир нь, дээрх хуулийн хугацааг хойшлуулах Улсын Их хурлаас ямар нэгэн шийдвэр гаргаагүй байхад хэн дуртай яам, газар өөрчлөх, хойшлуулах эрх байхгүй. Төсөв мөнгө хүрэхгүй байх нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийг хасах, хойшлуулах үндэслэл болохгүй. Яам өг гэж байхад аймгаас хасах эрх байхгүй. Эдгээр байдлыг үндэслэн надад дутуу олгосон 6 сарын 930000 төгрөгийг Нийгмийн даатгалын хэлтсээс гаргуулж өгөхийг хүсэж байна гэжээ.
Нэхэмжлэгч Х.П шүүх хуралдаанд нэхэмжлэлийн талаар тайлбарлахдаа: Би 2006 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр өндөр насны тэтгэвэрт гарсан. Ингэхдээ Баян-Өлгий аймгийн Засаг Даргын Тамгын газарт ажиллаж байгаад сүүлийн 5 жилээр тэтгэвэр тогтоолгосон. Хууль судалсан бөгөөд 1994 оны 01 дүгээр сард баталсан Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд урьд удирдах ажилтан хийж байсан үеийн цалингаараа өндөр насны тэтгэвэр тогтоолгох боломжтой гэдгийг мэдсэн. Уг хуулийн 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсэгт зааснаар тэтгэвэр тогтоолгогч дахин тэтгэвэр тогтоолгох баримтаа бүрдүүлж нотлогдвол дахин тогтоолгож болно гэж заасан. Үүний дагуу би 2012 оноос эхэлж хөөцөлдсөн.Хэрэв би Ховд болон Дорноговь аймагт Намын 2 дугаар даргаар ажилласан 5 жилийн цалингаараа тогтоолгож авсан бол их хэмжээгээр нэмэгдэх боломжтой. Надтай хамт ажиллаж байсан Жукей, Жапар дарга нар тэгж тогтоолгож, тэтгэврийн мөнгө нь илүү тогтоогдсон гэдгийг би мэдсэн. Тэгээд би 2 удаа аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст өргөдөл гаргасан боловч тогтоож өгөөгүй. Улмаар даамжирсаар 2015 оны 01 дүгээр сард Улаанбаатар хотод байдаг, хуулийн байгууллагад ажиллаж байсан найз нараасаа асуусан чинь Хөдөлмөр,нийгмийн хамгааллын Сайдад өргөдөл бичээд явуул тэгээд Сайдаас хариу авч өгье гэж хэлсэн. Тэгж бичээд явуулах хооронд тэтгэвэр дахиж тогтоолгох хууль гарсан байсан. Уг хуулийг 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хэрэгжихээр байсан. Тэр дор нь Сайд өөрөө сууж байгаад тус яамны Захиргаа удирдлагын хэлтсийн даргад үүрэг болгож П гэдэг хүний тэтгэврийг 07 дугаар сарын 01-ний өдрөөс тогтоолгохоор бичиг явуул гээд үүрэг өгснөөр надад бичиг ирсэн. Тэгээд би тэр даруй Ховд аймагт Намын 2 дугаар даргаар ажиллаж байсан үеийн цалингийн тодорхойлолтыг аваад өргөдлөө бичээд, материалаа бүрдүүлээд аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст өгсөн. Тэр хооронд дахин тэтгэвэр тогтоолгох, итгэлцүүрийг баталсан Засгийн газрын 52 дугаар тогтоол гарсан. Үүний дагуу тогтоож өг гэсэн боловч Нийгмийн даатгалын хэлтэс тогтоож өгөөгүй. Дээрээс бидэнд битгий тогтоож өг, маргааш тогтоож өгнө, дараа сард тогтоож өгнө гэсээр даамжирсан. Энэ хооронд тус яамны нэг хэлтсийн даргын бичиг ирсэн. Энэ бичиг нь хууль бус бичиг. Яагаад гэвэл УИХ-аас баталсан хуулийн хэрэгжих хугацааг хойшлуулах нь нэг сайд, түшмэлийн өөрчлөх асуудал биш. Жишээлбэл саяхан бид бүгд мэдэж байгаа, шинэ Эрүүгийн хууль, зөрчлийн тухай хуулийн хэрэгжих хугацааг хойшлуулна гээд УИХ 10 хоног сунжирч байж хойшлуулсан. Ийм эрх УИХ-аас бусад өөр хэнд ч байхгүй. Нөгөө талаар дээрх бичгийг бичиж байгаа Сангийн яамны сайд, Нийгмийн хамгааллын сайд нар өөрөө УИХ гишүүн байсан. Ийм учраас эдгээр хүмүүс өөрчлөх эрх байхгүй. Уг хуулийн заалтын хэрэгжих хугацааг хойшлуулж байгаа шалтгаан нь Төсвийн тухай хуулийн 6.2 дахь заалтаар хойшлуулсан гэж байгаа. Энэ хууль 2011 онд батлагдсан хууль, хоёрдугаарт уг заалтаар төсвийн хуулиар зохицуулсан төсөвтэй холбоотой зарим асуудлыг хойшлуулсан болохоос биш нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийг хойшлуулах үндэслэл байхгүй. Нийгмийн даатгалын хөрөнгө, төсвийн хөрөнгө бол өөр ойлголт. Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь заалт нь тухайн жилд машин худалдаж авах, эд хөрөнгө худалдаж авах, цалин нэмэх асуудлыг хойшлуулсан заалт болохоос биш нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийг хойшлуулсан асуудал байхгүй. Тухайлбал 6 дугаар сарын 1-нд тэтгэвэр тогтоолгохоор ирсэн иргэн Доржийн тэтгэврийг тогтоол байгаа гэх үндэслэлээр хэн ч хойшлуулахгүй. 07 дугаар сарын 01-нд тэтгэвэр дахин тогтоолгох гээд байгаа асуудал нь шинэ тогтоолгохтой адилхан. Үүнийг зөрүүд хойшлуулсаар байгаад 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр өгсөн. Би үүнд гомдолтой байгаа. Би материалаа хугацаандаа бүрдүүлж өгсөн. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд хэрэв тэтгэвэр тогтоолгогч сарын 15-ны өдрөөс өмнө материалаа бүрдүүлж өгвөл тухайн сарын, 15-ны өдрөөс хойш бүрдүүлж өгсөн бол дараа сарын 1-ний өдрөөс эхэлнэ гэсэн байдаг. 1 сарын өмнө материалаа бүрдүүлж өгсөөр байтал зөрүүд хойшлуулсан үйлдлийг зөвтгөх үндэслэл байхгүй. Шинэ баталсан хуульд 3-4 заалт байгаа бөгөөд үүнийг мөрдөж байгаа эсэхийг мэдэхгүй. Хэрэв мөрдөхгүй байгаа бол ард түмнийг хохироож байгаа үйлдэл. Энэ бүхнийг судалж үзээд хуульч нараас зөвлөгөө авч шүүхэд хандсан. 6 сарын тэтгэврийн зөрүүг авах ёстой тул шүүхэд нэхэмжлэл гаргасан. 2, 5 дугаар сард бичиж өгсөн Сайдын бичгийг мөрдөхгүй, дараагийн хүний бичиж өгсөн бичгийг мөрдөж миний тэтгэврийн мөнгийг хойшлуулж байгаа нь эдгээр хүмүүсийн хариуцлагагүй байдал гэж ойлгож байна гэв.
Хариуцагч Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Н шүүхэд гаргасан тайлбартаа: Өлгий сумын иргэн Х.Пн нэхэмжлэлийн нэг хувийг хүлээн авч танилцаад доорх тайлбар гаргаж байна. Х.П нь өндөр насны тэтгэвэр болох 930000 /есөн зуун гучин мянган/ төгрөгийг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг бид хүлээн зөвшөөрөхгүй. Үүнд:
1. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай 2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр баталсан хуулийн 28 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2-д авч байгаа тэтгэврийг нь тогтооход баримталсан хөдөлмөрийн хөлсний хэмжээг дүйцүүлэн тооцох итгэлцүүрийг Засгийн газраас шинэчлэн тогтоосонтой уялдуулан хөдөлмөрийн хөлсний хэмжээ өөрчлөгдөх үндэслэлтэй болсон нь тогтоогдож тэтгэвэр авагч хүсэлтээ гаргасан бол зөвхөн нэг удаа гэж тэтгэврийн хэмжээг өөрчлөн тогтоохоор хуульчилж энэ хуулийг 2015 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөхөөр заасан билээ.
2.Харин Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.5-д төсвийн жилийн дундуур орлого бууруулах, зарлага нэмэгдүүлэх үр дагавартай бодлогын аливаа шийдвэр гаргасан бол түүнийг дараагийн төсвийн жилээс хэрэгжүүлдэг байх гэж заасан тул Нийгмийн Даатгалын Ерөнхий газраас төсөвт нөлөө үзүүлэх заалтуудыг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамнаас чиглэл өгөх хүртэл түр хугацаанд хэрэгжүүлэхгүй байх чиглэл өгсөн тул энэхүү тэтгэврийн өөрчлөлтийг 2015 оны 7 дугаар сараас олгох боломжгүй болно гэжээ.
Хариуцагч Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Н шүүх хуралдаанд тайлбарлахдаа: 2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулсан. Уг хуульд тэтгэвэр авагч хүсэлт гаргасан тохиолдолд тэтгэврийг нь зөвхөн нэг л удаа өөрчилж болно гэж заасан. Нэхэмжлэгч нь 2015 оны 06 дугаар сарын 15-ны өдөр өргөдөл өгсөн бөгөөд 2015 оны 07 сарын 01-ний өдрөөс эхлэн уг хууль хэрэгжиж эхлэхээр байсан. Гэтэл тухайн үед төсөвтэй холбоотой заалтуудыг хэрэгжүүлэхгүй, түр хугацаагаар хойшлуулах талаар яамнаас чиглэл ирсэн. Яагаад гэвэл тухайн жил зарлага бууруулах, орлого нэмэгдүүлэх шаардлагатай холбоотой уг хуулийн холбогдох заалтууд нь дараа жилээс эхлэн хэрэгжихээр хойшлогдсон гэв.
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг зохигчдын хүсэлтээр шинжлэн судалж
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хэргийн оролцогч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбаруудыг үндэслэн мөн хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч Х.П нь 2005 оны 6 дугаар сарын 01-ний өдөр өндөр насны тэтгэвэрт гарч тэтгэвэр тогтоолгосон болох нь түүний 560527 дугаар тэтгэврийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар нотлогдож байна.
Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.5-д төсвийн жилийн дундуур орлого бууруулах, зарлага нэмэгдүүлэх үр дагавартай бодлогын аливаа шийдвэр гаргасан бол түүнийг дараагийн төсвийн жилээс хэрэгжүүлдэг байхаар заасан мөн Нийгмийн даатгалын Ерөнхий газраас төсөвт нөлөө үзүүлэх заалтуудыг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамнаас чиглэл өгөх хүртэл түр хугацаанд чиглэл өгсөн тул тэтгэврийн энэхүү өөрчлөлтийг 2015 оны 7 дугаар сараас олгох боломжгүй гэж маргаж байна.
Гэтэл Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд 2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр нэмэлт өөрчлөлт орж уг нэмэлт өөрчлөлтийг мөн оны 7 дугаар сарын 01-нээс эхлэн дагаж мөрдөхөөр тогтоосон байна. Монгол Улсын Сангийн сайдын Хуулийн нэмэлт, өөрчлөлтийн тухай, Монгол Улсын Хүн амын хөгжил, Нийгмийн хамгааллын сайдын хуулийн хэрэгжилтийг хангуулах мөн Нийгмийн даатгалын Ерөнхий газрын дарга Ц.Уртнасан болон Нийгмийн даатгалын бодлогын хэрэгжилтийн газрын дарга Б.Батбаатар нарын чиглэл хүргүүлэх тухай албан бичгээр Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд орсон нэмэлт өөрчлөлтийг дагаж мөрдөх хугацааг 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр болгож өөрчлөх хууль зүйн үндэслэл байхгүй байна.
2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалтыг авч байгаа тэтгэврийг нь тогтооход баримталсан хөдөлмөрийн хөлсний хэмжээг дүйцүүлэн тооцох итгэлцүүрийг Засгийн газраас шинэчлэн тогтоосонтой уялдуулан хөдөлмөрийн хөлсний хэмжээ өөрчлөгдөх үндэслэлтэй болсон нь тогтоогдож тэтгэвэр авагч хүсэлтээ гаргасан бол зөвхөн нэг удаа өөрчилж тогтоохоор нэмэлт өөрчлөлт орсон байна.
Үүний дагуу нэхэмжлэгч Х.П нь 2015 оны 6 дугаар сарын 15-ны өдөр Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст өргөдөл гаргасан болох нь түүний 560527 дугаартай тэтгэврийн хувийн хэрэгт авагдсан өргөдлөөр нотлогдож байна.
Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт нийгмийн даатгалын байгууллага тэтгэврийн хэмжээг өөрчлөх асуудлыг өргөдөл, холбогдох баримт бичгийг хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор шийдвэрлэх бөгөөд өргөдлийг тухайн сарын 15-наас өмнө хүлээж авсан бол мөн сарын 1-нээс, тухайн сарын 15-наас хойш хүлээж авсан бол дараа сарын 1-нээс тус тус эхлэн өөрчлөгдсөн тэтгэврийг олгоно гэж заасан байх ба нэхэмжлэгч Х.П нь өргөдлөө 2015 оны 6 дугаар сарын 15-ны өдөр гарсан байх ба өөрчлөгдсөн тэтгэврээ 2015 оны 7 дугаар сарын 01-нээс авах эрх үүссэн байна.
Нэхэмжлэгч Х.П нь хариуцагч Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн түүний тэтгэврийг бодсон итгэлцүүрийн талаар маргаагүй болно.
Нэхэмжлэгч Х.П нь Монгол Улсын Засгийн газрын 52 дугаар тогтоолоор 2015 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс эхэлж 354243 төгрөгийн тэтгэвэр авч байсан ба 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд орсон нэмэлт өөрчлөлтөөр Х.Пгийн тэтгэврийг дахин тооцож урьд авч байсан тэтгэвэрт сард 155305 төгрөгөөр нэмэгдэж сард жинхэнэ олгох тэтгэврийг 509548 төгрөг гэж тогтоосон байна.
Нэхэмжлэгч Х.П нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд орсон нэмэлт өөрчлөлтөөр 2016 оны 01 дүгээр сарын 01-нээс эхэлж сард 509548 төгрөгийн тэтгэвэр авч байгаа болох нь нэхэмжлэгчийн тэтгэврийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар болон хэргийн оролцогч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нотлогдож байна.
Иймд нэхэмжлэгчийн 2015 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс мөн оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх 6 сарын тэтгэврийн зөрүү 931830 (155305 х 6) төгрөг гарч байгаа боловч нэхэмжлэгч хариуцагч байгууллагаас 930000 төгрөг нэхэмжилж байгаа тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хариуцагч аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн санхүүгээс тэтгэврийн зөрүү 930000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Х.Пд олгох нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөх тул түүний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 26870 төгрөгийг түүнд буцаан олгож, хариуцагч байгууллагын санхүүгээс 26870 төгрөг гаргуулан улсын орлого болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 1-ийн 1, 2 дахь хэсэг, 28 дугаар зүйлийн 2 дахь заалтуудыг тус тус баримтлан Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн санхүүгээс тэтгэврийн зөрүү 930000 /есөн зуун гучин мянган/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х.Пд олгосугай.
2.Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Х.П нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, түүний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 26870 төгрөгийг Х банкан дахь Төрийн сангийн 020000941 дугаар данснаас гаргуулан нэхэмжлэгч Х.Пд олгож, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар хариуцагч Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн санхүүгээс 26870 төгрөгийг гаргуулж улсын орлого болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигч, тэдгээрийн төлөөлөгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.
5. Энэ шийдвэрийг зохигч, түүний төлөөлөгч нь эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ЖАРХЫНГҮЛ