Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 397

 

 

 

 

 

 

 

 

 

 

Л.Намсрай, Ц.Сувд-Эрдэнэ нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Оюунчулуун даргалж, шүүгч Д.Очмандах, Ж.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

                                                       

          Прокурор Д.Ширэндэв,                                          

          Ялтан Л.Намсрайгийн өмгөөлөгч М.Хувцагаан,

          Ялтан Ц.Сувд-Эрдэнийн өмгөөлөгч Д.Цэндсүрэн,

          Нарийн бичгийн дарга Б.Батжаргал нарыг оролцуулан,

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж, шүүгч Ү.Түмэнжаргал, З.Болдбаатар нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 91 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч Л.Намсрайгийн өмгөөлөгч М.Хувцагаан, ялтан Ц.Сувд-Эрдэнэ, түүний өмгөөлөгч Д.Цэндсүрэн нарын хамтран гаргасан давж заалдах гомдлуудаар 2015 2502 0210 дугаартай Л.Намсрай, Ц.Сувд-Эрдэнэ нарт холбогдох эрүүгийн хэргийг 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч Ж.Эрдэнэчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

1. Бичээч овгийн Лоохүүгийн Намсрай, 1961 оны 5 дугаар сарын 16-ны өдөр төрсөн, 56 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч, эдийн засагч мэргэжилтэй, “Шинэ бичээч” ХХК-ийн захирал ажилтай байсан, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 120 мянгатын “Шинэ Өглөө” хотхоны 23Б байрны 50 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:ТЯ61051631/,

 

2. Боржигон овгийн Цагааны Сувд-Эрдэнэ, 1964 оны 5 дугаар сарын 31-ний өдөр төрсөн, 53 настай, эмэгтэй, дээд боловсролтой, санхүүгийн нягтлан бодогч, эдийн засагч мэргэжилтэй, Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байсан, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 120 мянгатын “Шинэ Өглөө” хотхоны 23Б байрны 50 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:ТЯ64053107/,

 

Ц.Сувд-Эрдэнэ нь Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байхдаа өөрийн нөхөр Л.Намсрайтай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн, хууль ёсны орлогоосоо гадна Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс болон “Хадгаламж банк”-ны хооронд байгуулсан “Хамтран ажиллах гэрээ”-ний дагуу Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх “Хадгаламж банк”-ны 11 дүгээр хорооллын тооцооны төвд байрлах тус Нийгмийн даатгалын хэлтсийн дансны чөлөөт үлдэгдэлд жилийн 4.8 /сарын 0.4/ хувийн хүү тооцохоос гадна мөн дансны чөлөөт үлдэгдэлд сарын 0.1 хувийн хүүг 2012 оны 5 дугаар сарын 1-нээс 2013 оны 2 дугаар сарын 8-ны өдрийг хүртэл 10 сарын хугацаанд хууль бусаар нэмж тооцуулан тухайн банкнаас Л.Намсрайн үүсгэн байгуулсан “Шинэ бичээч” ХХК-ийн эзэмшлийн “Хадгаламж банк”-ны 10340004196 тоот дансанд 10 удаагийн гүйлгээгээр 63.397.709 төгрөгийг шилжүүлэн авч онц их хэмжээний орлого олж хууль бусаар хөрөнгөжсөн,

Л.Намсрай нь өөрийн эхнэр Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байсан Ц.Сувд-Эрдэнэтэй урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн, хууль ёсны орлогоосоо гадна Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс болон “Хадгаламж банк”-ны хооронд байгуулсан “Хамтран ажиллах гэрээ”-ний дагуу Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх “Хадгаламж банк”-ны 11 дүгээр хорооллын тооцооны төвд байрлах тус Нийгмийн даатгалын хэлтсийн дансны чөлөөт үлдэгдэлд жилийн 4.8 /сарын 0.4/ хувийн хүү тооцохоос гадна мөн дансны чөлөөт үлдэгдэлд сарын 0.1 хувийн хүүг 2012 оны 5 дугаар сарын 1-нээс 2013 оны 2 дугаар сарын 8-ны өдрийг хүртэл 10 сарын хугацаанд хууль бусаар нэмж тооцуулан тус банкнаас өөрийн үүсгэн байгуулсан “Шинэ бичээч” ХХК-ийн эзэмшлийн “Хадгаламж банк”-ны 10340004196 тоот дансанд 10 удаагийн гүйлгээгээр 63.397.709 төгрөгийг шилжүүлэн авч, онц их хэмжээний орлого олж хууль бусаар хөрөнгөжсөн гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Нийслэлийн прокурорын газраас: Л.Намсрай, Ц.Сувд-Эрдэнэ нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2701 дүгээр зүйлийн 2701.2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Л.Намсрай, Ц.Сувд-Эрдэнэ нарыг урьдчилан үгсэн тохиролцож, хууль бусаар хөрөнгөжих гэмт хэрэг үйлдэж, онц их хэмжээгээр буюу 63.397.709 төгрөгийн орлого олсон гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.3 дахь хсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 2701 дүгээр зүйлийн 2701.2 дахь хэсэгт зааснаар Ц.Сувд-Эрдэнийг төрийн албан тушаал эрхлэх эрхийг 5 жил 1 сарын хугацаагаар хасаж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 251 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 35.240.400 төгрөгөөр торгох ялаар, Л.Намсрайг аж ахуйн үйл ажиллагаа явуулах эрхийг 5 жил 1 сарын хугацаагаар хасаж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 251 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 35.240.400 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 47 дугаар зүйлийн 47.3 дахь хэсэгт зааснаар Ц.Сувд-Эрдэнэ, Л.Намсрай нар торгох ялаас ноцтойгоор зайлсхийвэл уг ялын хэмжээнээс хамааруулан хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүйг тус тус дурдаж, Эрүүгийн хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт зааснаар Ц.Сувд-Эрдэнэ, Л.Намсрай нараас гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 63.397.709 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж, төрийн өмчлөлд шилжүүлж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 5475929 регистрийн дугаартай “Шинэ бичээч” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тус компанийн 1 ширхэг тамга зэргийг Улсын бүртгэлийн Ерөнхий газарт шилжүүлж, хэрэгт Л.Намсрай, Ц.Сувд-Эрдэнэ нарын өмчлөлийн Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 120 мянгатын Чингисийн өргөн чөлөө гудамж, 23/2 дугаар байрны 50 тоот, эрхийн улсын бүртгэлийн Ү-2206009558 дугаартай орон сууц, мөн байрны 79 тоотод байрлах Ү-2206009559 дугаартай авто зогсоол зэргийг төлбөрт тооцуулахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж шийдвэрлэжээ.

 

Ялтан Л.Намсрайгийн өмгөөлөгч М.Хувцагаан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдаж байна. Үүнд:

1. Л.Намсрай нь “Хадгаламж банк”-ны 11 дүгээр тооцооны төвтэй албан ёсны гэрээ байгуулан үйл ажиллагаа явуулсныхаа төлөө гэрээнд заасны дагуу ажлын хөлсөө “Хадгаламж банк”-наас авсан.

2. Үүнийг гэрээ байгуулсан албан тушаалтан болон Аудитын дүгнэлтүүд, банк теллерүүд хуулийн дагуу гэрчилж байгаа.

3. Л.Намсрайгийн банктай хийсэн гэрээнд Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс ямар ч холбоогүй. Гэрээний нэг тал нь “Шинэ Бичээч” ХХК, нөгөө тал нь “Хадгаламж банк”-ны хооронд харилцаа үүссэн байхад зөвхөн нэг талыг барьж, хууль буруу хэрэглэж байгаагийн нэг бодит жишээ.

4. “Шинэ Бичээч” ХХК-д “Хадгаламж банк”-наас шилжүүлсэн мөнгө бол Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн сангаас гараагүй, “Хадгаламж банк”-ны өөрийнх нь үйл ажиллагаанаас өгсөн ашгаасаа гэрээний дагуу олгосон ажлын хөлс.

5. Энэ бүгдээс үзвэл “Шинэ Бичээч” ХХК болон “Хадгаламж банк”-тай байгуулсан гэрээний төлбөр төлсөн 63.397.709 төгрөг бол ажлын хөлс.

Иймээс энэ төлбөр төлсөнөөр “Хадгаламж банк” хохироогүй. “Хадгаламж банк”-ны дүрэм, журманд харилцагч татаж, хамтран ажиллах талаар хуульчлан тогтоосон эрхийн актуудаар эрх олгосон байдаг бөгөөд үүнийхээ дагуу гэрээ хийж, гэрээний дагуу төлбөр төлсөн.

Гэрээнийхээ дагуу төлбөр авсан нь үндэслэлгүй хөрөнгөжих гэмт хэргийн бүрэлдэхүүн болохгүй тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй учраас шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү ...” гэв.

 

Ялтан Ц.Сувд-Эрдэнийн өмгөөлөгч Д.Цэндсүрэн давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах давж заалдах гомдлыг гаргаж байна.

Анхан шатны шүүх Ц.Сувд-Эрдэнийг нөхөр Л.Намсрайтай урьдчилан үгсэн тохиролцож, хууль бусаар хөрөнгөжих гэмт хэрэг үйлдсэн, онц их хэмжээний орлого олсон гэж буруутгаж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2701 дүгээр зүйлийн 2701.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэн, ял шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй болсон гэж үзэж байна.

Шүүх Авилгын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн тайлбарт “... албан тушаалтан албан тушаалын цалин хөлс, орлогоос илүү хөрөнгө орлогыг хууль ёсны дагуу олсон болохыгоо үндэслэлтэй тайлбарлаж чадахгүй тохиолдолд үндэслэлгүй хөрөнгөжих гэж үзнэ ...” гэсэн байх тул энэ тайлбарын дагуу Ц.Сувд-Эрдэнийг “хууль бусаар хөрөнгөжих” гэмт хэргийг үйлдсэн мэтээр дүгнэж, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна. Тухайлбал:

1. Ц.Сувд-Эрдэнэ нь нөхөр Л.Намсрайгийн “Шинэ Бичээч” ХХК-ийн дансанд “Хадгаламж банк”-ны үйл ажиллагааны зардлын сангаас орж ирсэн 98.9 сая төгрөгийн талаар Авлигатай тэмцэх газарт гаргаж өгсөн хөрөнгө орлогын мэдүүлэгтээ огт мэдүүлээгүй үйлдэл гаргасан нь гэмт хэргийн шинжтэй үйлдэл болохгүй ба харин энэ үйлдлийг нь Авлигатай тэмцэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2 дахь хэсэгт заасан албан тушаалтны үүргээ биелүүлээгүй гэж дүгнэн тус хуулийн 13 дугаар зүйлийн 13.8 дахь хэсэгт заасан захиргааны арга хэмжээ авагдах зөрчил гэж тооцохоор байна.

2. “Хадгаламж банк” нь “Шинэ Бичээч” ХХК-тай санхүүгийн үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулсаны дагуу тус банкинд мөрдөгддөг журмын дагуу актив, пассивын удирдлагын хорооноос “Нэмэгдүүлсэн хүү, урамшууллын хүү олгох эрх олгох тухай” шийдвэр гаргаснаа үндэслэн тус компанид урамшуулал олгосон нь гэмт хэргийн шинжгүй байна гэж прокуророос үзээд “Хадгаламж банк”-ны албан тушаалтнуудад холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байдаг.

“Хадгаламж банк” нь “Шинэ Бичээч” ХХК-ийн данс руу санхүүгийн үйлчилгээ үзүүлэх гэрээний дагуу орж ирсэн тодорхой эх үүсвэртэй, эх сурвалж нь хангалттай тогтоогдсон мөнгийг Ц.Сувд-Эрдэнэд холбогдуулан түүнийг хууль бусаар хөрөнгөжсөн гэж дүгнэсэн нь илт хууль бус болсон гэж үзнэ. Хувийн хэвшлийн компанийн дансанд орж ирсэн тодорхой эх сурвалжтай мөнгийг хувь хүний тухайлбал Ц.Сувд-Эрдэнэд орж ирсэн орлого, түүнийг хууль бус орлого олсон гэж дүгнэх ёсгүй.

            “Хадгаламж банк”-наас “Шинэ Бичээч” ХХК-ийн данс руу мөнгө шилжүүлсэн үйлдэл нь холбогдох хууль тогтоомжийг зөрчөөгүй, банкны дүрэм журмын дагуу явагдсан гүйлгээ болох нь тогтоогдсон учраас хууль журмын дагуу банкнаас үйл ажиллагаа явуулж “Шинэ Бичээч” ХХК-ийн данс руу зохих журмаар шилжүүлсэн мөнгийг хүлээн авсан хуулийн этгээдийг гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэх нь буруу юм. Тэр тусмаа Ц.Сувд-Эрдэнийг “Шинэ Бичээч” ХХК-ийн захирал Л.Намсрайгийн эхнэр учраас хууль бусаар хөрөнгөжих гэмт хэргийг санаатай үйлдсэн гэм буруутай гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

            3. Аливаа гэмт хэргийн шинжтэй үйлдлийн улмаас бусдад хохирол учруулсан болох нь тогтоогдсон тохиолдолд тухайн гэмт хэргийн объектив талын шинж тогтоогддог. Анхан шатны шүүх “Хадгаламж банк”-наас “Шинэ Бичээч” ХХК-ийн данс руу мөнгө шилжүүлсэн үйлдлийн улмаас Нийгмийн даатгалын санд учирсан хохирол, үүссэн өглөг, авлага байхгүй гэж үзсэн байна.

            Мөн Нийгмийн даатгалын санд хохирол учраагүй боловч Ц.Сувд-Эрдэнийг нөхөр Л.Намсрайтай бүлэглэж гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн нь хэтэрхий өрөөсгөл дүгнэлт болсон байна. Шүүгдэгч нар ямар гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдоогүй, гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийгээгүй байхад миний үйлчлүүлэгчийг нөхрийн хамт гэмт хэрэг үйлдэж 63.397.709 төгрөгийг олсон гэж үзэж түүнээс энэ мөнгөний талыг гаргуулан төрийн өмчлөлд шилжүүлэх нь зүйтэй гэж дүгнэснийг зөвшөөрөхгүй байна.

            “Шинэ Бичээч” ХХК-ийн данс руу шилжүүлгээр орж ирсэн 63.397.709 төгрөг нь “Хадгаламж банк”-ны зардлын сангаас гаргасан тус банкны үйл ажиллагааны зардал болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон байдаг. Арилжааны банк өөрийн хууль ёсны үйл ажиллагааны орлогоосоо гэрээний үндсэн дээр хувийн компанийн данс руу шилжүүлсэн мөнгийг төрд төлөх үндэслэлгүй, энэ мөнгө арилжааны банкны өөрийн хөрөнгө, “Шинэ Бичээч” ХХК-ийн данс руу шилжүүлсэн мөнгөний улмаас банкинд учирсан хохирол байхгүй байна.

            4. Ц.Сувд-Эрдэнийн хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2701 дүгээр зүйлийн 2701.2 дахь хэсэгт заасан “Хууль бусаар хөрөнгөжих” гэмт хэргийн бүрэлдэхүүн тогтоогдохгүй байна.

            Хууль тогтоогч энэ гэмт хэргийн обьектив талыг тодорхойлохдоо нийтийн албан тушаалтан хууль ёсны орлогоосоо гадна их хэмжээний эд хөрөнгө, орлого олсон нь тогтоогдсон байх ба энэ хөрөнгийг олж авсан эх үүсвэр тодорхойгүй, эх сурвалж нь мэдэгдэхгүй байхыг шаардсан байна.

            Ямар эх үүсвэрээс орж ирсэн нь тогтоогдоогүй, албан тушаалтан орж ирсэн хөрөнгийн эх үүсвэрийг тайлбарлаж чадахгүй, хөрөнгийн эх үүсвэрийг шалгаад тогтоох боломжгүй тохиолдолд эд хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдэж олсон гэж үзнэ гэж тайлбарласан байна. Гэтэл энэхүү хууль бус орлого гэж үзсэн 63.397.709 төгрөгийг эх үүсвэр нь тодорхой. “Хадгаламж банк”-наас гэрээний дагуу “Шинэ Бичээч” ХХК-ийн дансанд орж ирсэн орлого болох нь тогтоогдсон байхад энэ зүйлийн заалтад хамааруулан авч үзэх нь үндэслэлгүй байна.

            Иймд давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр уг хэргийг хянан үзэж, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 91 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Ц.Сувд-Эрдэнийн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2701 дүгээр зүйлийн 2701.2 дахь хэсэгт заасан “Хууль бусаар хөрөнгөжих” гэмт хэргийн бүрэлдэхүүн байхгүй, түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэх байдал хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдохгүй байх тул түүнд холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү ...” гэв.

 

            Прокурор Д.Ширэндэв тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хуулийн шаардлага хангасан, үндэслэлтэй зөв гарсан тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож өгнө үү ...” гэв.  

ХЯНАВАЛ:

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 308 дугаар зүйлд зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж хэргийг бүхэлд нь хянав.

 

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан “шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байна” гэсэн хуулийн шаардлагыг хангажээ.

 

Ц.Сувд-Эрдэнэ нь Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байхдаа өөрийн нөхөр Л.Намсрайтай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн, хууль ёсны орлогоосоо гадна Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс болон “Хадгаламж банк”-ны хооронд байгуулсан “Хамтран ажиллах гэрээ”-ний дагуу Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх “Хадгаламж банк”-ны 11 дүгээр хорооллын тооцооны төвд байрлах тус Нийгмийн даатгалын хэлтсийн дансны чөлөөт үлдэгдэлд жилийн 4.8 /сарын 0.4/ хувийн хүү тооцохоос гадна мөн дансны чөлөөт үлдэгдэлд сарын 0.1 хувийн хүүг 2012 оны 5 дугаар сарын 1-нээс 2013 оны 2 дугаар сарын 8-ны өдрийг хүртэл 10 сарын хугацаанд хууль бусаар нэмж тооцуулан тухайн банкнаас Л.Намсрайн үүсгэн байгуулсан “Шинэ бичээч” ХХК-ийн эзэмшлийн “Хадгаламж банк”-ны 10340004196 тоот дансанд 10 удаагийн гүйлгээгээр 63.397.709 төгрөгийг шилжүүлэн авч онц их хэмжээний орлого олж хууль бусаар хөрөнгөжсөн,

Л.Намсрай нь өөрийн эхнэр Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байсан Ц.Сувд-Эрдэнэтэй урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн, хууль ёсны орлогоосоо гадна Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс болон “Хадгаламж банк”-ны хооронд байгуулсан “Хамтран ажиллах гэрээ”-ний дагуу Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх “Хадгаламж банк”-ны 11 дүгээр хорооллын тооцооны төвд байрлах тус Нийгмийн даатгалын хэлтсийн дансны чөлөөт үлдэгдэлд жилийн 4.8 /сарын 0.4/ хувийн хүү тооцохоос гадна мөн дансны чөлөөт үлдэгдэлд сарын 0.1 хувийн хүүг 2012 оны 5 дугаар сарын 1-нээс 2013 оны 2 дугаар сарын 8-ны өдрийг хүртэл 10 сарын хугацаанд хууль бусаар нэмж тооцуулан тус банкнаас өөрийн үүсгэн байгуулсан “Шинэ бичээч” ХХК-ийн эзэмшлийн “Хадгаламж банк”-ны 10340004196 тоот дансанд 10 удаагийн гүйлгээгээр 63.397.709 төгрөгийг шилжүүлэн авч, онц их хэмжээний орлого олж хууль бусаар хөрөнгөжсөн гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь:

 

Мөрдөн байцаалтын шатанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Ундраагийн мэдүүлсэн “... Нийгмийн даатгалын тухай хуулийн 2 дугаар бүлгийн 10 дугаар зүйлд Нийгмийн даатгалын сангийн орлогын эх үүсвэрийн талаар заасан байдаг. Тус зүйлийн 10.3 дахь хэсэгт “сангийн чөлөөт үлдэгдлийг банкинд хадгалуулсаны хүү” гэж заасан байдаг тул нийгмийн даатгалын сангийн орлогын эх үүсвэрт энэ хүү хамаардаг. Иймд “Хадгаламж банк”-наас “Шинэ Бичээч” ХХК-д олгосон 98.958.882,94 төгрөгийн хүүгийн орлого нь улсын орлого болох ёстой. Учир нь “Шинэ Бичээч” ХХК-д Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн дансны үлдэгдлээс 0.1 хувийн хүүг бодож олгож байсан байна. Өөрөөр хэлбэл улсад 98.958.882,94 төгрөгийн хохирол учирсан гэж үзэж байна. ...Нийгмийн даатгалын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3 дахь хэсэгт заасан “сангийн чөлөөт үлдэгдлийг банкинд хадгалуулсаны хүү”-ийн орлогын мөнгө улсын төсвийн мөнгө байна. Нийгмийн даатгалын сангийн орлогын эх үүсвэр бүрдүүлэх орлогууд дунд хуульд ингэж заасан тул улсын төсвийн мөнгө гэж үзнэ. “Хадгаламж банк”-наас “Шинэ Бичээч” ХХК-д олгосон 98.958.882,94 төгрөгийн хүүгийн орлогыг улсын орлого болгох санал хүсэлтэй байна ...” /2-р хх 7-9, 5-р хх 87, 6-р хх 35/,

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Ж.Уянгын мэдүүлсэн “... Би 2009 оноос 2012 оны 3 дугаар сарын дунд үе хүртэл “Хадгаламж банк”-ны “11 дүгээр хороолол” тооцооны төвд ахлах теллерээр ажиллаж байсан. “11 дүгээр хороолол” тооцооны төвийн захирал Анхбаяр 2011 онд захирлаар томилогдож ирсэн. Тухайн үед миний теллерийн хувийн дугаар 1508 байсан. Тухайн банкинд ажиллаж байгаа тохиолдолд теллерийн хувийн дугаар өөрчлөгдөхгүй. “Шинэ бичээч” ХХК-ийн 10340004196 дугаартай дансны хуулгаас харахад 1508 гэсэн теллерийн хувийн дугаартай миний бие уг дугаар бүхий дансанд 2011 оны 6 дугаар сарын 2-ны өдөр 3.334.337,59 төгрөгийн орлого, 2011 оны 7 дугаар сарын 1-ний өдөр 2.668.806,15 төгрөгийн орлого, 2011 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр 2.328.638,46 төгрөгийн орлого, мөн тус өдөр 635.715,74 төгрөгийн орлого, 2011 оны 10 дугаар сарын 3-ны өдөр 2.282.441,37 төгрөгийн орлого, 2011 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 2.207.208,2 төгрөгийн орлого, 2011 оны 12 дугаар сарын 1-ний өдөр 4.217.350,99 төгрөгийн орлого, 2012 оны 1 дүгээр сарын 3-ны өдөр 3.455.420,56 төгрөгийн орлого, 2012 оны 2 дугаар сарын 1-ний өдөр 2.924.734,69 төгрөгийн орлого, 2012 оны 3 дугаар сарын 2-ны өдөр 5.634.774,13 төгрөгийн орлого, мөн тус өдөр 104.046,56 төгрөгийн орлого зэрэг нийт 11 удаагийн гүйлгээгээр 9 сарын хугацаанд 29.793.474,44 төгрөгийг шилжүүлсэн байна. Гэрээний дагуу “ажлын хөлс олгов” гэсэн гүйлгээний утгаар “Шинэ бичээч” ХХК-ийн данс руу дээрх орлогын гүйлгээнүүдийг би хийж байсан. Би дээрх мөнгөн орлогуудыг тооцооны төвийн захирал Анхбаярын надад харуулсан зөвшөөрлийн дагуу шилжүүлж байсан. Уг зөвшөөрлийн бичгэн дээр “Шинэ бичээч” ХХК-ийн ажлын хөлсийг олгохыг зөвшөөрөв” гэсэн утгатай зүйл бичигддэг байсан. Энэ гүйлгээ нь компанийн данс руу орсон учраас тус компанитай манай тооцооны төв гэрээ байгуулсан байх учиртай, Тэгээд ч дансны хуулгаас харахад “гэрээний дагуу шилжүүлэв” гэсэн гүйлгээний утга харагдаж байна. Ямар ч байсан “Шинэ бичээч” ХХК-ийг Анхбаяр захирал “зуучлалын компани байгаа юмаа, мөнгийг нь шилжүүлчих” гэж хэлдэг байсан болохоор тус компанийг зуучлалын компани юм байна гэж ойлгож байсан ...” /2-р хх 10-11, 6-р хх 36/,

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч М.Цогзолмаагийн мэдүүлсэн “... Би 2012 оны 4 дүгээр сард ахлах теллерээр шилжин очиж одоог хүртэл энэ албан тушаал дээр ажиллаж байна. Намайг “11 дүгээр хороолол” тооцооны төвд шилжиж очиход Анхбаяр тус тооцооны төвийн захирал байсан. Миний теллерийн хувийн дугаар 3956. Банкин дотроо өөр салбар луу теллерээр шилжсэн ч гэсэн энэ дугаар хэвээрээ, өөрчлөгдөхгүй. “Шинэ бичээч” ХХК-ийн 10340004196 дугаартай дансанд 2012 оны 4 дүгээр сарын 2-ны өдөр 5.753.327,52 төгрөгийн орлого, 2012 оны 5 дугаар сарын 1-ний өдөр 3.866.539,53 төгрөгийн орлого, 2012 оны 6 дугаар сарын 4-ний өдөр 7.573.938,56 төгрөгийн орлого, 2012 оны 7 дугаар сарын 2-ны өдөр 7.115.979,97 төгрөгийн орлого, 2012 оны 8 дугаар сарын 1-ний өдөр 6.562.221,01 төгрөгийн орлого, 2012 оны 9 дүгээр сарын 3-ны өдөр 8.131.509,56 төгрөгийн орлого, 2012 оны 10 дугаар сарын 1-ний өдөр 4.455.268,48 төгрөгийн орлого, 2012 оны 11 дүгээр сарын 1-ний өдөр 3.633.423,5 төгрөгийн орлого, 2012 оны 12 дугаар сарын 3-ны өдөр 6.807.366,66 төгрөгийн орлого, 2013 оны 1 дүгээр сарын 3-ны өдөр 9.182.327,99 төгрөгийн орлого, 2013 оны 2 дугаар сарын 8-ны өдөр 6.083.505,72 төгрөгийн орлого зэрэг нийт 11 удаагийн гүйлгээгээр 11 сарын хугацаанд 69.165.408,15 төгрөгийг шилжүүлсэн байна. Гэрээний дагуу “ажлын хөлс 0.1 хувиар олгов” гэсэн гүйлгээний утгаар “Шинэ бичээч” ХХК-ийн данс руу дээрх орлогын гүйлгээнүүдийг би хийж байсан. Гүйлгээний утгаас харахад “гэрээний дагуу ажлын хөлс олгов” гэсэн гүйлгээний утгууд байна. Миний бие гэрээний дагуу гэрээгээр тохирсон хүүгийн мөнгийг шилжүүлж байсан байна. Яг ямар гэрээ байсан гэдгийг одоо би сайн санахгүй байна. Манай тооцооны төв Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэстэй жил бүр Хамтран ажиллах гэрээ байгуулж гэрээгээр тохиролцсон хүүг сар бүр тооцож Нийгмийн даатгалын хэлтэс рүү шилжүүлдэг байсан. Энэ хүүг сар болгоны эцэст, хэрвээ амжихгүй бол дараа сарын эхээр нь шилжүүлдэг байсан. Манай банк нь их хэмжээний эх үүсвэр татахын тулд их хэмжээний мөнгөний үлдэгдэл дансанд нь байдаг, дансаар нь эргэлдэж байдаг тийм байгууллагуудын дансыг өөрийнхөө банкинд байлгах сонирхолтой байсан. Энэ үндсэн дээр Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн дансыг манайд байлгах зорилгоор “Шинэ бичээч” ХХК-тай гэрээ байгуулсан юм байна гэж би тухайн үед ойлгож байсан. Мөн тус Нийгмийн даатгалын хэлтсийн дансны сар бүрийн чөлөөт үлдэгдэлд 0.1 хувийн хүүг томъёогоор тооцож “Шинэ бичээч” ХХК-ийн дансанд шилжүүлдэг байсан. “Шинэ бичээч” ХХК-ийн данс руу сар бүр мөнгө шилжүүлж байх талаар Анхбаяр захирал надад зөвшөөрлийн бичиг харуулдаг байсан. Үүний дагуу би гүйлгээг хийж байсан. Хамтран ажиллах гэрээгээр тохиролцсон хүүг сар болгон бүрэн гүйцэд шилжүүлж байсан ...” /2-р хх 12-13, 5-р хх 94, 6-р хх 37, 168/,

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Х.Уянгын мэдүүлсэн “... Би 2013 оны 1 дүгээр сард Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст үйл ажиллагааны нягтлан бодогчоор ажилд орсон. Хадгаламж банк болон Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн тооцоо нийлсэн актаас харахад 2011 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс 2011 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд харилцах данснуудын чөлөөт үлдэгдэлд нийт 98.531.605,39 төгрөгийн хүү тооцсон байна. Нийгмийн даатгалын тухай хуулийн 2 дугаар бүлгийн 10 дугаар зүйлийн 10.3 дахь хэсэгт “Нийгмийн даатгалын сангийн орлогын эх үүсвэрт сангийн чөлөөт үлдэгдлийг банкинд хадгалуулсны хүү орно” гэж заасан байдаг. Иймд нийгмийн даатгалын сангийн хүүгийн орлого нь улсын төсвийн бүрэлдэхүүн хэсэгт ордог ...” /2-р хх 16-17, 18-19, 5-р хх 88, 89/,

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Д.Оюунтуяагийн мэдүүлсэн “... Нийгмийн даатгалын тухай хууль болон бусад хууль, журам, тогтоолын дагуу Нийгмийн даатгалын хэлтэс тухайн банктай хамтран ажиллах гэрээ байгуулан ажилладаг. Хамтран ажиллах гэрээнд хэрхэн зааж өгсөн байна, түүний дагуу ажиллах ёстой. Хамтран ажиллах гэрээгээр зохицуулагдаж байгаа учраас 3 дагч буюу хуулийн этгээдээр зуучлуулан Нийгмийн даатгалын сангийн мөнгөн дээр хүү бодож тухайн зуучилсан хуулийн этгээдэд ажлын хөлс олгож болохгүй. Би анх удаа сонсож байна. Нийгмийн даатгалын тухай хуулийн 2 дугаар бүлгийн 10 дугаар зүйлд Нийгмийн даатгалын орлогын эх үүсвэрийн талаар заасан байдаг. Тус зүйлийн 10.3 дахь хэсэгт сангийн чөлөөт үлдэгдлийг банкинд хадгалуулсаны хүү гэж заасан байдаг. Давхар хүү бодож болохгүй ...” /5-р хх 90-91/,

  

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.Ренчиндоржийн мэдүүлсэн “... Нийгмийн даатгалын тухай хуулинд нийгмийн даатгалын сангийн мөнгө нь улсын төсвийн мөнгө байхаар тодорхой зааж өгсөн байгаа. Тиймээс “Хадгаламж банк”-д байршиж буй Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн чөлөөт үлдэгдлээс 0.1 хувийг хүүг бодуулж “Шинэ Бичээч” ХХК-ийн холбогдох данс руу шилжүүлсэн нь буруу юм ...” /6-р хх 165-167/,

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Л.Батхуягийн мэдүүлсэн “... Тухайн үед Нийгмийн даатгалын хэлтсийн данснуудын үлдэгдлийг нэмэгдүүлэх чиглэлээр үүрэг чиглэл өгөгдсөн. Үүний дагуу тооцооны төвийн захирал Анхбаяр, Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн удирдлагуудтай данс нэмэгдүүлэх чиглэлээр хэд хэдэн удаа уулзсан байсан. Уг ажлын хүрээнд Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсээс санал болгосон “Шинэ бичээч” ХХК-тай гэрээ байгуулсан гэрээний дагуу Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн чөлөөт үлдэгдэл дээрээс сар бүр 0.1 хувийн хүүг бодож “Шинэ бичээч” ХХК-ийн ажлын хөлсийг олгодог байсан ...” /6-р хх 169-170/,

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Ч.Анхбаярын мэдүүлсэн “... Бид Сүхбаатар дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн санал болгосон “Шинэ бичээч” ХХК-тай гэрээ байгуулж, гэрээний дагуу Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн чөлөөт үлдэгдэл дээрээс сар бүр 0.1 хувийн хүүг бодож “Шинэ бичээч” ХХК-ийн ажлын хөлсийг холбогдох данс руу нь шилжүүлж олгодог байсан ...” /6-р хх 171-172/ гэсэн мэдүүлгүүд,

 

“Банк нь харилцах дансны өдөр тутмын үлдэгдэлд жилийн 4.8 (сарын 0.4%) хувийг хуримтлуулан тооцож, сар бүрийн эцэст хүүгийн орлогыг шилжүүлж, харилцах дансанд хүүгийн орлогыг шилжүүлсэн тайланг Нийгмийн даатгалын хэлтэст сар тутамд гаргаж хүргүүлэх тухай” Сүхбаатар дүүргийн нийгмийн даатгалын хэлтэс, Хадгаламж банкны “11 дүгээр хороолол” тооцооны төвийн “Хамтран ажиллах гэрээ” /1-р хх 11-13/, ”Шинэ бичээч” ХХК-ийн 2001 оны 5 дугаар сарын 2-ны өдөр олгогдсон улсын бүртгэлийн ¹000017147 дугаартай гэрчилгээний хуулбар /1-р хх 14/, Албан тушаалтны /Ц.Сувд-Эрдэнийн/ 2012, 2013, 2014 оны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө орлогын мэдүүлэг /1хх-ийн 30-55/, бичиг баримтад үзлэг хийж, хураан авах тогтоол, тэмдэглэл /1-р хх 72-74, 181-183/, эд хөрөнгө битүүмжлэх тогтоол /1-р хх 229/, хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /1-р хх 230-231/, бичиг баримтад үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1-р хх 242-244/, эд мөрийн баримт /2-р хх 4/, Улсын нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын тушаал, ажлын байрны тодорхойлолт /2-р хх 107-112/, “Х” тайлан гаргасан “Шинэ бичээч” ХХК-ийн 2011-2013 оны тайлан, мэдээ /3-р хх 152-176/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “... хавтаст хэрэгт авагдсан Л.Намсрай захиралтай “Шинэ Бичээч” ХХК-ийн “Хадгаламж банк”-д байрших 10340004196 тоот харилцах хуулгаас харахад “гэрээний дагуу ажил үйлчилгээний төлбөр шилжүүлэв” гэх гүйлгээний утгатайгаар 2011 оны 6 дугаар сарын 2-ноос 2013 оны 2 дугаар сарын 8-ны өдөр хүртэл нийт 98.958.882,94 төгрөгийг 1508 кодтой теллер 261200 данснаас шилжүүлсэн байна. Хавтаст хэрэгт авагдсан гэрчийн мэдүүлгээр “... Нийгмийн даалтгалын хэлтсийн дансны сар бүрийн үлдэгдэлд гэрээгээр тохиролцсон хүүг томъёогоор бодож Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн данс руу шилжүүлдэг байсан, мөн тус Нийгмийн даатгалын хэлтсийн дансны сар бүрийн чөлөөт үлдэгдэлд 0.1 хувийн хүүг тооцож “Шинэ Бичээч” ХХК-ийн дансанд шилжүүлдэг байсан ...” гэжээ. Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2011 оны 5 дугаар сараас 2013 оны 2 дугаар сарын хүртэлх хугацааны харилцах дансны чөлөөт үлдэгдэлд харилцагч банк нь 4.8 хувиар хүү тооцон нийт 419.925.765,93 төгрөгийг Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн дансанд шилжүүлсэн байна. Мөн чөлөөт үлдэгдлээс 0.1 хувийг тооцоход 104.981.441,48 төгрөг болж байна ...” гэсэн шинжээчийн 007 дугаартай дүгнэлт /6-р хх-173-178/ зэрэг хэрэгт цугларсан болон анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогджээ.

 

Анхан шатны шүүхээс Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлууд “гэмт хэрэг гарсан байдал, түүнийг хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр, учирсан хохирлын шинж чанар, хэр хэмжээ”-г хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үндэслэн хэргийн үйл баримтыг зөв тогтоосон, Л.Намсрай, Ц.Сувд-Эрдэнэ нарын үйлдсэн хэргийн зүйлчлэл зөв, шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчөөгүй байна.

 

Ялтан Л.Намсрайгийн өмгөөлөгч М.Хувцагаан, ялтан Ц.Сувд-Эрдэнэ, түүний өмгөөлөгч Д.Цэндсүрэн нар давж заалдах шатны шүүхэд “... хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү ...” гэсэн гомдлууд тус тус гаргаж байгаа боловч Л.Намсрай, Ц.Сувд-Эрдэнэ нарын гэм буруутай эсэхэд эргэлзээ бүхий нөхцөл байдал тогтоогдоогүй, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж шалгах зүйлгүй, шүүгдэгч нарын гэм бурууг дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн байх тул давж заалдах гомдлуудыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй гэж үзэв.

 

Л.Намсрай нь “Хадгаламж банк”-тай зуучлалын гэрээ байгуулсан гэж маргаж байх боловч байгуулсан гэрээ болон гэрээний дагуу явуулсан үйл ажиллагаа нь хууль бусаар хөрөнгөжих гэмт хэргийн бүрэлдэхүүнийг няцаах үндэслэл болохгүй, гэрээ байгуулсан, эсхүл байгуулаагүй байсан хэдий ч Ц.Сувд-Эрдэнэ нь Нийгмийн даатгалын хэлтсийн дансны чөлөөт үлдэгдэлд жилийн 4.8 хувийн хүү бодсон тооцоолол дээр нэмж давхар 1 сарын 0.1 хувийн хүү бодуулж Л.Намсрайн “Шинэ бичээч” ХХК-д мөнгийг шилжүүлсэн болох нь хөдөлбөргүй тогтоогджээ.

 

Өөрөөр хэлбэл, Ц.Сувд-Эрдэнэ нь Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байхдаа “Хадгаламж банк” болон Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн хооронд байгуулсан “Хамтран ажиллах гэрээ”-ний дагуу “Хадгаламж банк”-ны 11 дүгээр хорооллын тооцооны төвд байрлах тус Нийгмийн даатгалын хэлтсийн дансны чөлөөт үлдэгдэлд жилийн 4.8 хувийн хүүн дээр нэмж 1 сарын 0.1 хувийн хүүг давхар тооцуулж, өөрийн нөхөр Л.Намсрайтай үгсэн тохиролцож, бүлэглэн 2011 оны 5 дугаар сарын 2-ны өдөр байгуулсан /1-р хх 14/  “Шинэ бичээч” ХХК-ийн “Хадгаламж банк”-ны 10340004196 тоот дансанд 10 удаагийн гүйлгээгээр 63.397.709 төгрөгийг шилжүүлэн авч нийтийн албан тушаалтан өөрийн хувийн эрх ашиг сонирхлын үүднээс хууль ёсны орлогоосоо гадна Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлийг ашиглаж онц их хэмжээний орлого олж хууль бусаар хөрөнгөжих гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй.

 

Түүнчлэн Л.Намсрайн “Шинэ бичээч” ХХК-ийн “Х” тайлангаас үзэхэд тэрээр зуучлалын гэрээ байгуулж хууль ёсны ашиг олсон болох нь тогтоогдохгүй, тайланд тусгагдаагүйн зэрэгцээ Нийгмийн даатгалын хэлтсийн чөлөөт дансны үлдэгдлээс /төсвийн мөнгөнөөс/ сар бүр 0.1 хувийн хүү буюу 63.397.709 төгрөгийн орлого олсон байдал нь түүний мэдүүлсэн “банктай хийсэн гэрээний ажлын хөлс” гэдэг нь үгүйсгэгдэж байна.

 

Улсын Дээд шүүхийн 2003 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 10 тоот тогтоолд: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсэгт заасан “урьдчилан үгсэж тохиролцсон бүлэг” гэдэгт гэмт хэрэг үйлдэж эхлэхээс өмнө тодорхой хэргийг хамтарч үйлдэхээр тохиролцсон байхыг ойлгоно гэж заажээ.

 

Хуульд зааснаар дээрх хэргийн субъект нь нийтийн албан тушаалтан байхыг шаардаж байгаа боловч гэмт хэргийг гардан зохион байгуулсан буюу удирдсан этгээд нь нийтийн албан тушаалтан тул түүний хууль бус үйлдэлд дэмжлэг үзүүлсэн этгээд нь албан тушаалтан эсэхээс үл хамааран Л.Намсрайг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсгийг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2701 дүгээр зүйлийн 2701.2 дахь хэсгээр  зүйлчилсэн  нь Эрүүгийн хуулийн зарчим, зорилтод нийцнэ.

Шүүх, ялтан Л.Намсрай, Ц.Сувд-Эрдэнэ нарын гэм буруу, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдлыг харгалзан тухайн заалтад заасан ялын төрлөөс торгох ял шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх тул тэдний гаргасан давж заалдах гомдуулдыг тус тус хүлээн авах боломжгүй гэж үзлээ.

 

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, ялтан Л.Намсрайгийн өмгөөлөгч М.Хувцагаан, ялтан Ц.Сувд-Эрдэнэ, түүний өмгөөлөгч Д.Цэндсүрэн нарын хамтран гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1. дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:          

 

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 91 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, ялтан Л.Намсрайгийн өмгөөлөгч М.Хувцагаан, ялтан Ц.Сувд-Эрдэнэ, түүний өмгөөлөгч Д.Цэндсүрэн нарын хамтран гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор хяналтын шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Д.ОЮУНЧУЛУУН

 

                                 ШҮҮГЧИД                                              Д.ОЧМАНДАХ

 

                                                                                  Ж.ЭРДЭНЭЧИМЭГ