Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
---|---|
Шүүгч | Отгоогийн Одончимэг |
Хэргийн индекс | 132/2016/00434/И |
Дугаар | 00445 |
Огноо | 2016-08-01 |
Маргааны төрөл | Банкны зээл, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 08 сарын 01 өдөр
Дугаар 00445
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Одончимэг би, Хаан банкны Булган аймаг дахь салбарын нэхэмжлэлтэй, Булган аймгийн Сэлэнгэ сумын 1 дүгээр багт Таримал хаягт оршин суух Баян согоот овогт Довдоны Амарсанаа /РД:ГИ65092617/, тус хаягт оршин суух Галтай овогт Чойжинжавын Хишигбаярт /РД:ГЭ67092003/ нарт холбогдох зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 6810951 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий 132/2016/00434/И индекстэй иргэний хэргийг хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Хаан банкны Булган салбар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Д.Амарсанаа, хамтран зээлдэгч Ч.Хишигбаяр нар нь Хаан банкны Булган салбарын харъяа Сэлэнгэ тооцооны төвөөс 2015 оны 9 дугаар сарын 3-ны өдөр малчны зээлийн гэрээ байгуулан 5500000 төгрөгийг жилийн 28.8 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлсэн. Зээлдэгч зээлийн гэрээг зөрчиж 106 хоног хугацаа хэтэрсэн байна. Иймд зээлдэгч Д.Амарсанаа, хамтран үүрэг гүйцэтгэгч Ч.Хишигбаяр нараас үндсэн зээл 5500000 төгрөг, зээлийн хүү 1249842 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 61109 төгрөг, нийт 6810951 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хаан банкны Булган аймаг дахь салбарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хүсэлтдээ: Хаан банкны нэхэмжлэлтэй Д.Амарсанаа, Ч.Хишигбаяр нарт холбогдох иргэний хэрэгт Ч.Хишигбаярыг хариуцагчаар татахаас татгалзаж байгаа тул хүсэлтийг хүлээн авна уу гэжээ.
Зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээнд: Хаан банкны Булган салбарын нэхэмжлэлтэй Д.Амарсанаад холбогдох 6810951 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч, хариуцагч нар харилцан тохиролцож Хаан банкны Булган салбарын нэхэмжилсэн 6810951 төгрөгийг 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн дотор төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулав. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Болдхүү, хариуцагч Д.Амарсанаа нар гарын үсгээ зуржээ. ҮНДЭСЛЭХ нь:
Хаан банкны Булган аймаг дахь салбар нь Ч.Хишигбаяр, Д.Амарсанаа нараас үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 6810951 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх
ажиллагааны явцад Ч.Хишигбаярыг хариуцагчаар татахаас татгалзаж тайлбараа ирүүлжээ.
Хаан банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Болдхүү, хариуцагч Д.Амарсанаа нар нь харилцан тохиролцож үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 6810951 төгрөгийг 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн дотор төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэстэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.6-д зааснаарХаан банкны Булган аймаг дахь салбарын нэхэмжлэлтэй, Д.Амарсанаад холбогдох иргэний хэрэгт хариуцагч Д.Амарсанаа нь Хаан банкны Булган салбарын нэхэмжилсэн 6810951 /зургаан сая найман зуун арван мянга есөн зуун тавин нэгэн/ төгрөгийг 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн дотор төлжбарагдуулахаар хугацаан дээрээ харилцан тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдзгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Хаан банкны Булган аймаг дахь салбарын улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 123925 /зуун хорин гурван мянга есөн зуун хорин таван/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Д.Амарсанаагаас 61962 /жаран нэгэн мянга есөн зуун жаран хоёр/ төгрөг, Төрийн сангаас 61962 /жаран нэгэн мянга есөн зуун жаран хоёр/ төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Хаан банкны Булган аймаг дахь салбарт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурьдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.
ШҮҮГЧ О.ОДОНЧИМЭГ