Шүүх | Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх |
---|---|
Шүүгч | Цогтбаярын Урангуа |
Хэргийн индекс | 144/2016/00133/И |
Дугаар | 150 |
Огноо | 2016-09-29 |
Маргааны төрөл | Газар эзэмших гэрээ, түүнийг байгуулах журмыг зөрчсөн, |
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2016 оны 09 сарын 29 өдөр
Дугаар 150
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨ
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ц.Урангуа даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар: Нэхэмжлэгч: Өмнөговь аймаг, Ханбогд сум, 3 дугаар баг, Гоёот 10-2 тоотод оршин суух Д.Цэцгээгийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Өмнөговь аймаг, Ханбогд сум, 3 дугаар баг, Гоёот 3-6 тоотод оршин суух Б.Эрдэнэбаярт холбогдох
Хууль ёсны өмчлөлийн газар чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Анхбаяр, хариуцагч Б.Эрдэнэбаяр, гэрч Б.Шагайхүү, Ж.Наранхүү, нарийн бичгийн дарга Б.Номинтунгалаг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Цэцгээ нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
“...Миний бие 2013 оны 6 дугаар сарын 11-ний өдөр 2012 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 116-р захирамжийн дагуу Жангарайн Баттөмөрийн нэр дээр гарсан хөөврийн 14-8 тоот гэрчилгээтэй газрыг 4 сая төгрөгөөр шаардагдах бичиг баримтын хамт бэлэглэлийн гэрээ хийж авсан. Уг газрыг сумын газрын харилцаа, барилга хот байгуулалт хариуцсан мэргэжилтэн Б.Шагайхүү болон Ж.Наранхүү нараар газрын заагийг тэмдэглүүлж авсан болно. Гэтэл Б.Эрдэнэбаяр өөрийн эзэмшлийн газар замд орсон давуу эрхээр уг газрыг авсан гэж манайхыг газар дээр хашаа бариулахгүй байсан. Бид нар ажлын шаардлагаар 9 сар сумаас яваад ирэх хугацаанд Б.Эрдэнэбаяр ямар ч холбогдох бичиг баримтгүй байж бидний зөвшөөрөлгүй манай хууль ёсны өмчлөлийн газар дээр хашаа барьсан тул хариуцагч Б.Эрдэнэбаярыг нүүлгэж газар чөлөөлүүлж өгнө үү.” гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Анхбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“...Манайх 2013 оны 06 сарын 11-ний өдөр Баттөмөр гэдэг хүнээс Хөөврийн 14-8 тоот газрыг холбогдох бичиг баримтын хамт худалдаж авсан. Баттөмөр нь газар зааж өгөхдөө танай газрын зүүн талаар нарийн гудамж гарна гэж хэлсэн. Нэг жилийн дараа хашаагаа барих гээд газрын даамал дээр очиход газрын даамал Наранхүү ажилдаа ороод удаагүй байсан. Өмнө нь ажиллаж байсан Шагайхүүгээс асуу гэж хэлсэн. Би Шагайхүүгийн гэрт нь очоод асуухад Шагайхүү ажил дээрээ очоод газрын зургаа үзэж манай хашааг зааж өгсөн. Хойшоо 25 м зүүн тал руу 30м хэмжээд хашаагаа бариарай гэж хэлсэн. Тэгэхэд газрын даамал Наранхүү хамт байсан. Маргааш нь хашаагаа барих гээд очиход урд хашааны залуу энэ газар Эрдэнэбаяр ах авч байгаа гэж хэлсэн. Би эхнэрийн хамт Эрдэнэбаяр ахтай уулзсан. Манай газар замд ороод давуу эрхээрээ тэр газрыг авсан гэсэн хариу өгсөн. Газрын даамал Наранхүүгээс асуухад танай гудамж 2 талаасаа шахагдаад 1 айлын газар байхгүй болсон. Засаг даргад өргөдөл өг гэж хэлсний улмаас Засаг даргад өргөдөл бичиж өгсөн. Шагайхүү нь танай газрын гэрчилгээ гарсан би Эрдэнэбаяр ахад газрын санал гаргаж байгаа. Чи түр хүлээж бай гэж хэлсэн. Би 10 сарын хугацаатай өөр газар ажиллаж байгаад ирсэн. Энэ хойгуур Эрдэнэбаяр ах хашаа барьсан байсан. Иймд газраа чөлөөлүүлж авах хүсэлтэй байна” гэв.
Хариуцагч Б.Эрдэнэбаяр шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
“...Тайж овогт Батын Эрдэнэбаяр миний өрхийн хэрэгцээт өмчийн газар нь Ханбогд сумын төвд одоогийн Хөөвөрийн 6-1 тоотын баруун залгаа газрыг 2005 оны Засаг даргын захирамжийг үндэслэн тухайн үеийн газрын даамлаар хэмжилт хийлгэн авч байсан болно. 2011-2012 оны хот төлөвлөлт хийгдэж доорх 25-н айлын газар нь замын трасст орж Засаг дарга болон газрын даамлын шаардлагаар өөр газарт нүүлгэн шилжүүлэх шийдвэр гарсан. Тухайн үед газрын даамал хөөврийн 13, 14 дүгээр гудамжинд газар авах эрхийг нүүх айлуудад зөвшөөрсөн тул авга ахынхаа газартай зэрэгцүүлэн авах саналыг маань зөвшөөрч Хөөвөрийн 14-8 тоот газрыг хэмжиж өгсөн. Гэтэл Ж.Баттөмөрөөс худалдан авсан газар гэж Д.Цэцгээ нь шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Иймд нотлох баримтад тулгуурлан үнэн зөвөөр шийдэж өгнө үү.” гэжээ.
Хариуцагч Б.Эрдэнэбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“...Нэхэмжлэгч тухайн газрыг яаж авсныг мэдэхгүй байна. Замын далан босгох үед тухайн үед амьдарч байсан манай газраа чөлөөлөхийг Засаг дарга болон газрын даамал шаардаж үүрэг өгсөн. Үүний дагуу давуу эрхээр өөрийн авга ахын газрын ар талд газарт ороогүй овгор товгор ихтэй газрыг тэгшилж өгсөн. Би авсан газраа “Гурван Хорол” ХХК-иар кадастрын зураг авахуулсан. Миний ойлгосноор нэг айлын газар дээр 2 кадастрын зураг давхцаж авдаггүй, энэ талаар мэдээллийн сан байдаг байх гэж ойлгож байна. Би өөрийнхөө хийлгэсэн кадастрын зургийг зөв хийсэн гэж итгэж байна. Мэргэжлийн хүн тайлбарлах байх гэв.
Гэрч Өмнөговь аймгийн Ханбогд сумын газрын харилцаа, барилга хот байгуулалт хариуцсан мэргэжилтэн байсан Б.Шагайхүү шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Л.Анхбаярын хууль ёсны өмчлөлийн газрын кадастрын зургийг харахад маргаан хийгээд байгаа газар биш байна. Газар дээр нь очоод үзэхэд нэг айлын хашаа дутдаг. Төлөвлөлт дээр бүх айлын хашаа багтаж харагддаг. Л.Анхбаярын хийлгэсэн кадастрын зураг буруу байна.” гэв.
Гэрч Өмнөговь аймгийн Ханбогд сумын газрын харилцаа, барилга хот байгуулалт хариуцсан мэргэжилтэн Ж.Наранхүү шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“...Эрдэнэбаярын эзэмшиж байгаа газар нь Цэцгээгийн өмчлөлийн газартай давхцаагүй. Би Цэцгээгийн газрыг шалгаж үзэхэд Эрдэнэбаярын байгаа газрын цаад талын нэгж талбар дээр байсан. 14-8 тоот баталгаажсан хаяг биш газар нь маргаан үүсч байгаа газрын зүүн талын газар байгаа. Тухайн үед худалдаж авсан газраа хил заагаар нь хэмжиж аваагүй бол мэргэжлийн байгууллагад хандаж тодруулах ёстой. 14 дүгээр гудамж нь одоо байгаа засмал зам хүртэл айлуудад газар олгоогүй хол зайтай байсан. Дараа нь засмал зам руу гүйцээж газар өгсөн. Өөр хаягжуулалт хийгдээгүйн улмаас маргаан үүсэж байна. Тухайн үед байсан 14-8 тоот нь 2007 онд газар эзэмшиж авсан хүний хаяг бөгөөд 2009 онд Засаг даргын захирамжаар баталгаажсан” гэв.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн тайлбар, №000222118 дугаартай Д.Цэцгээгийн Газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2012 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 116 дугаартай Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг даргын захирамжийн хуулбар, хавсралт, гэр хорооллын газрын төлөв байдал чанарын хянан баталгааны дүгнэлт, бэлэглэлийн гэрээний хуулбар, “Хаан банк”-ны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, нэгж талбарын хил, заагийн газарт бэхэлсэн эргэлтийн цэгийг хүлээлгэн өгсөн тухай акт, эргэлтийн цэгүүдийг нь газарт бэхэлсэн нэгж талбарын зураг, 2005 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 22 дугаартай Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг даргын захирамжийн хуулбар, хавсралтын хамт, гэрч Б.Шагайхүү, Ж.Наранхүү нарын мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанд хэлэлцсэн бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Цэцгээ нь хариуцагч Б.Эрдэнэбаяраас хууль ёсны өмчлөлийн газрыг чөлөөлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч Б.Эрдэнэбаяр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, 2011-2012 оны хот төлөвлөлт хийгдэж доорх 25-н айлын газар нь замын төлөвлөгөөнд орж Засаг дарга болон газрын даамлын шаардлагаар өөр газарт нүүлгэн шилжүүлэх шийдвэр гарсан ба тухайн үед газрын даамлаар хэмжилт хийлгэн тухайн газрыг эзэмших болсон, кадастрын зураг хийлгүүлсэн байгаа гэж маргаж байна.
Дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч Д.Цэцгээгийн хууль ёсны өмчлөл буюу улсын бүртгэлийн Г-111200930 дугаарт бүртгэсэн 000222118 дугаар бүхий газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ- /хавтаст хэргийн 4-р хуудас/-ний үндсэн дээр олгогдсон Өмнөговь аймгийн Ханбогд сумын төв Хөөвөрийн 14-8 тоот хаягтай газрыг хариуцагч Б.Эрдэнэбаяр нь хууль бусаар эзэмшиж, ашиглаж байгаа нь бүрэн тогтоогдсонгүй.
Учир нь нэхэмжлэгч Д.Цэцгээгийн өмчилж байгаа газрын байршлын нэгж талбарын зураг дээрх /хавтаст хэргийн 8-р хуудас/ газрын солбицол, хариуцагч Б.Эрдэнэбаярын эзэмшиж буй гэх нэгж талбарын зураг дээрх /хавтаст хэргийн 19-р хуудас/ солбицолтой давхардахгүй байх бөгөөд энэ талаар гэрчээр шүүх хуралдаанд мэдүүлэг өгсөн Б.Шагайхүү “Кадастрын зураг харахад газрын маргаан хийгээд байгаа газар биш байна. Кадастрын зураг буруу байна. Төлөвлөлт нь дээр бүх айлын хашаа багтаж харагддаг. Газар дээр нь очоод үзэхэд нэг айлын хашаа дутдаг” гэх, гэрч Ж.Наранхүү “14 дүгээр гудамж нь одоо байгаа замаас хол гүйцэт биш байсан. Зам руу гүйцээж газар өгсөн. Тусгайлан өөр хаяг өгөх ёстой байсан. 14-8 нь тасархай гудамжны хаяг 2007 онд газар эзэмшиж авсан хүний хаяг 2009 онд баталгаажсан” гэх мэдүүлгүүдээр нотлогдож байх тул хариуцагч Б.Эрдэнэбаярыг нэхэмжлэгч Д.Цэцгээгийн газар өмчлөх эрхэд хууль бусаар халдсан үйлдэл байхгүй гэж дүгнэж байна.
Иймд хариуцагч Б.Эрдэнэбаяр нь Д.Цэцгээгийн өмчлөлийн Өмнөговь аймгийн Ханбогд сумын төв хөөвөрийн 14-8 тоот газрыг хууль бусаар эзэмшиж ашиглаагүй тул хариуцагчаас нэхэмжлэгчид шаардах эрх үүсэхгүй учир нэхэмжлэлийг бүрэн хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Хэрэгт авагдсан баримтаас хавтаст хэргийн 5-р хуудас, 8, шүүх хуралдаанд хариуцагчийн зүгээс шинээр гаргаж өгсөн баримтууд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтын шаардлага хангахгүй тул нотлох баримтаар үнэлсэнгүй. Бусад баримтын хувьд хэрэгт хамааралтай ач холбогдолтой гэж үзсэн болно.
Улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийн улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар Өмнөговь аймгийн Ханбогд сумын төв Хөөвөрийн 14-8 тоот газрыг Б.Эрдэнэбаярын эзэмшлээс чөлөөлүүлэхийг хүссэн Д.Цэцгээгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч болон тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.УРАНГУА