Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 1015

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


Хэргийн индекс: 135/2016/00871/И 
    Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Тунгалагмаа би даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ** дугаар баг, ******* ** дүгээр хэсэг, ** дугаар гудамж, ** тоотод оршин суух, Б.Б***/регистрийн дугаар ****, утас: ***/, 
Хүсэлт гаргагч: Дархан-Уул аймаг, Дархан сум,
** дугаар баг, ******* ** дүгээр хэсэг, ** дугаар гудамж, ** тоотод оршин суух, Ч.А*** /регистрийн дугаар ***, утас: ***/ нарын хүсэлттэй, 

  “Хүүхэд үрчилснийг хүчингүй болгуулах тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагчийн өмгөөлөгч Л.О**, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Золбаяр нар оролцов.  
ТОДОРХОЙЛОХ нь:
        Хүсэлт гаргагч Ч.А***, Б.Б***нар шүүхэд гаргасан хүсэлтдээ:
        Б.Б***, Ч.А*** бид нар хоорондоо ярилцаж байгаад С.О***ээс охин Н***ыг үрчилж аваад 2010 оны 08 дугаар сарын 25-ны өдөр үрчлэлтийг албан ёсоор бүртгүүлж гэрчилгээ авсан. С.О*** нь үрчлэлтийн дараа охиноо санаад байна гэж хэлээд хүүхэдтэйгээ байх, гэр лүүгээ 2-3 хоногоор авч явж байгаад сүүлдээ авчирч өгөхгүй болж охиноо өөрөө өсгөх болсон. Үндсэндээ охин Н*** манайд 2 сар л болсон. Эх нь охиноо санаад байна гээд байхад булаацалдаад байж болохгүй юм билээ. Ингээд бид охиныг бид булаацалдахаа больж охин үндсэн гэртээ амьдрах болсон. Үрчлэлтийн асуудлыг шийдвэрлээгүй өнөөг хүрсэн. Одоо охин сургуульд орох болсон учраас овгийн асуудлыг зохицуулж эхийн нэр дээр болгож өгөх шаардлагатай боллоо. 
Иймд бидний Н***ыг үрчлэн авсан үрчлэлтийг хүчингүй болгож өгнө үү. гэжээ  

        Гуравдагч этгээд С.О*** шүүхэд ирүүлсэн хариу талбартаа: 
Би садан төрлийн эгч Б.Б***, Ч.А*** ах нартай ярилцаж байгаад охин Н***ыг үрчлүүлэхээр болж үрчлэлт хийсэн. Гэтэл би охиноо санаж бүр мөсөн өгч чадаагүй байсан учраас эхлээд гуйж 1-2 хоног гэртээ аваачиж байсан сүүлдээ бүр мөсөн өгөөгүй. Охиноо буцаагаад авсан.Үрчлэлт хүчингүй болгуулахыг дэмжиж байна. Охин маань 2010 оноос хойш гэртээ байгаа юм. 
Би Шарын гол суманд амьдардаг учраас шүүх хуралдаанд биечлэн оролцохгүй. Миний эзгүйд хурал хийж өгнө үү. гэжээ.     
Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад 

ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Б.Б***, Ч.А*** нар нь үрчилж авсан охин Н***ыг үрчилснийг хүчингүйд тооцуулах тухай хүсэлт гаргах эрхтэй ба харьяалал зөрчөөгүй, дараах үндэслэлээр хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна. 
2009 оны 12 дугаар сарын 28-ны өдөр төрсөн С.О***ийн охин Н***ыг Б.Б***, Ч.А*** нар үрчлэн авч, 2010 оны 08 дугаар сарын 25-ны өдөр хүүхэд үрчилсний бүртгэлийн 02 дугаарт бүртгүүлж, төрсөний гэрчилгээ авсан болох нь Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Иргэний бүртгэлийн хүүхэд үрчилсний 2 дугаартай гэрчилгээ, ******* дугаартай хүүхдийн төрсний гэрчилгээ, зохигчдын тайлбар,  зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна. 
Гэр бүлийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.2-т “Шаардлагатай гэж үзвэл бусад үндэслэлээр шүүх үрчлэлтийг хүчингүйд тооцож болно” гэж заасны дагуу гуравдагч этгээд С.О*** нь садан төрлийн холбоотой эгч Б.Б***, түүний нөхөр Ч.А*** нарт охин Н***ыг үрчлүүлэхсэн боловч Н*** нь эхийн асрамжид амьдарч байгаа, үрчлэн авагч Б.Б***, Ч.А*** нар нь охин Н***ыг төрсөн эхэд нь буцаан өгөхийг хүлээн зөвшөөрч байгаа зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэж 2010 оны 08 дугаар сарын 25-ны өдөр хийгдсэн үрчлэлтийг хүчингүй болгож, охин Н***ыг төрсөн эх С.О*** нарт шилжүүлж шийдвэрлэх нь зүйтэй байна. 
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.2-т заасныг баримтлан 2009 оны 12 дугаар сарын 28-ны төрсөн охин С.О***ийг 2010 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Б.Б***, Ч.А*** нарт үрчлүүлсэн 02 тоот бүртгэлийн дугаартай үрчлэлтийг хүчингүйд тооцсугай. 
    2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 145 дугаар зүйлийн 145.7-д зааснаар охин О.Н***ыг төрсөн эх  С.О***асрамжид шилжүүлсүгэй. 
3. Иргэний бүртгэлийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.9-д зааснаар О.Н***д холбогдох үрчлэлтийн талаарх бүртгэлд өөрчлөлт оруулж, төрсөний гэрчилгээг сэргээж, төрсөн эх С.О***т олгохыг Дархан-Уул аймгийн Дархан сумын Улсын бүртгэл, статистикийн газрын ажилтанд даалгасугай. 
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Б.Б***, Ч.А*** нараас улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг Төрийн сангийн орлогод оруулсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Давж заалдах шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай. 

            

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                З.ТУНГАЛАГМАА