Улсын дээд шүүхийн Тогтоол

2016 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 200

 

Д.Мөнхбаатарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг

шүүгч Б.Батцэрэн даргалж,

шүүгч Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Б.Цогт, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй,

прокурор Д.Булганцэцэг,

нарийн бичгийн дарга Б.Дүүрэнжаргал нарыг оролцуулан,

Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 2-ны өдрийн 71 дүгээр шийтгэх тогтоол,

Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 10 дугаар магадлалтай, 201618000069 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Пүрэвлхамын гомдлоор хянан хэлэлцэв. 

Монгол Улсын иргэн, 1965 онд төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Олхонууд овогт Доржийн Мөнхбаатар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 198 дугаар зүйлийн 198.2 дахь хэсэгт заасан “хууль бусаар эм, эмнэлгийн хэрэгсэл импортлох” гэмт хэрэгт холбогджээ.

Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Д.Мөнхбаатарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 198 дугаар зүйлийн 198.2 дахь хэсэгт зааснаар хууль бусаар эм, эмнэлгийн хэрэгсэл импортлох гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, 3 жил 1 сарын хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар Д.Мөнхбаатарт оногдуулсан 3 жил 1 сарын хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж шийдвэрлэжээ.

Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Пүрэвлхамын гомдлыг хэрэгсэхгүй болгосон байна.

Илтгэгч шүүгч Ч.Хосбаярын хэргийн талаарх танилцуулга, шүүх хуралдаанд оролцсон прокурор Д.Булганцэцэгийн саналыг сонсоод

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Пүрэвлхам хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “…Д.Мөнхбаатарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 198 дугаар зүйлийн 198.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, ял оногдуулахдаа мөн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт заасныг баримтлан түүний эзэмшлийн “SSANGYONGMUSSO” маркийн, 75-36 УНУ улсын дугаартай бага оврын ачааны тээврийн хэрэгслийг хурааж улсын орлогод оруулсныг хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж давж заалдах гомдол гаргасан боловч давж заалдах шатны шүүх  шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм. Учир нь Улсын Дээд шүүхийн 2006 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн 1 дүгээр тогтоолд “... гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн “тээврийн бусад хэрэгсэл” гэдэгт гэм буруутай этгээд тухайн гэмт хэргийг үйлдэхдээ учруулж болох хор аюулын хэмжээг ихэсгэх, гэмт үйлдлээ түргэсгэх, олж авсан эд зүйлийг зөөж тээвэрлэх, гэмт хэргийн газраас зугтах зорилгоор ...” хэмээн тайлбарласан байдаг.

Ванкомицин  гэх 148 ширхэг 983,300 төгрөгийн үнэ бүхий эм, эмийн зүйлс нь овор хэмжээний хувьд нэг хүн ч бариад гаргах боломжтой бөгөөд автомашинд дайн авч явсанаар хор аюул нэмэгдэх гэсэн ойлголтод хамаарахгүй юм.

Д.Мөнхбаатар нь өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгслээр хилээр хүн оруулж гарган амьдралаа залгуулдаг бөгөөд зорчигч тээвэрлэх нь түүний амьжиргааны эх үүсвэр юм. Тиймээс ч зорчигч тээвэрлэх үйл ажиллагаа хийж байхдаа бусдын гуйлтыг биелүүлж ванкомицин гэх 148 ширхэг 983,300 төгрөгийн үнэ бүхий эм, эмийн зүйлсийг тээвэрлэсэн болохоос гэмт үйлдлийг түргэсгэх гэсэн зорилго огт байгаагүй болох нь хэрэгт авагдсан баримтаар хангалттай нотлогдож байна.

Харин тодруулахад Д.Мөнхбаатарын амьжиргааны эх үүсвэр нь зорчигч тээвэрлэх бөгөөд өдөр тутам хийдэг үйлдэлдээ автомашинаа хэрэглэдэг тул нэгэнт бусдын дайсан эд зүйлсийг автомашиндаа л авч орж ирсэн нь нотлогдсон.

Д.Мөнхбаатар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 198 дугаар зүйлийн 198.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай хэдий ч хоёр шатны шүүхийн эм эмийн зүйлсийг хууль бусаар импортолж оруулж ирэх явцдаа тээврийн хэрэгсэл дотроо эм эмийн зүйлсээ үлдээсэн байсан, уг тээврийн хэрэгслээр зорчигч нар тээвэрлэж оруулж ирэхдээ зорчигч нарыг хууль бусаар эд зүйл оруулж ирэх арга хэрэгсэл болгон ашигласан, түүнчлэн тээврийн хэрэгсэл байгаагүй нөхцөлд зорчигч тээвэрлэх, хууль бусаар эм эмийн хэрэгсэл импортлох боломжгүй гэж дүгнэсэн нь хэт өрөөсгөл, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл буюу түүний үнэ ...бусад хэрэгслийг эд хөрөнгө хураах ялаас гадуур заавал хураана...” гэсний дагуу гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл болох ванкомицин гэх 148 ширхэг 983,300 төгрөгийн үнэ бүхий эм эмийн зүйлсийг хурааж улсын орлогод оруулж болох байсан атал анхан шатны шүүх ...Монгол улсын бүртгэлд бүртгэлтэй гэх боловч эмийг оруулж ирэх эрх бүхий байгууллага оруулж ирээгүй, түүнчлэн уг эмийн найрлага бүтцэд шинжилгээ хийж эмчилгээ үйлчилгээний шаардлага хангах талаар шинжээчийн дүгнэлт гараагүй тул... хэмээн дүгнэж устгалд оруулахаар заасныг мөн эс зөвшөөрч байна.

 Хэдийгээр зохих зөвшөөрөлгүй этгээд хууль бусаар эм импортолсон боловч уг эм, эмийн зүйлс нь зохих үнэлгээтэй, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 198 дугаар зүйлийн 198.1 дэх хэсэгт заасан эмчилгээнд хэрэглэхийг хориглосон, хугацаа дууссан, Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй зэрэг байдал тогтоогдоогүй байхад хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлгүй бөгөөд уг ванкомицин гэх 148 ширхэг 983,300 төгрөгийн үнэ бүхий эм, эмийн зүйлсэд эмчилгээ үйлчилгээний шаардлага хангах эсэхийг тодруулан шинжээчийн дүгнэлт гаргасан бол шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулан амьжиргааны эх үүсвэрийг хураахгүй байх боломжтой байжээ. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 16 дугаар зүйлд хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор тогтоохыг хуульчилсан байхад энэхүү гэмт хэрэг үйлдэж олсон гэх ванкомицин  гэх эм, эмийн зүйлсийг зайлшгүй шалган дүгнэлт гаргаагүй нь шүүхийн шатанд нөхөн гүйцэтгэх боломжгүй үйл баримтыг дүгнэж зохих үнэлгээ бүхий эд зүйлийг устгахаар заасан нь үндэслэлгүй байтал давж заалдах шатны шүүх зөвтгөөгүй болохыг шүүх бүрэлдэхүүн анхаарч үзэхийг хүсч байна.

Иймд шийтгэх тогтоол, магадлалд өөрчлөлт оруулан Д.Мөнхбаатарын эзэмшлийн  “SSANGYONGMUSSO” маркийн, 75-36 УНУ улсын дугаартай бага оврын  ачааны тээврийн хэрэгслийг хурааж улсын орлогод оруулсныг хүчингүй болгож өгнө үү... гэжээ.

Прокурор Д.Булганцэцэг хяналтын шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Д.Мөнхбаатаарын үйлдсэн гэмт хэрэг нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон. Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлал үндэслэлтэй гарсан тул хэвээр үлдээх саналтай байна гэв.

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлал нь хууль ёсны ба үндэслэлтэй байх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлд заасан шаардлагад нийцсэн байна.

Шүүгдэгч Д.Мөнхбаатар нь 2016 оны 3 дугаар сарын 13-ны өглөө Оросын холбооны улсаас Сэлэнгэ аймаг Алтанбулаг хилийн боомтоор өөрийн эзэмшлийн “SSANGYONGMUSSO” маркийн 75-36 УНУ улсын дугаартай бага оврын ачааны тээврийн хэрэгсэл жолоодож зорчин орж ирэхдээ “Ванкомицин” гэх 983,000 төгрөгийн үнэ бүхий эм, эмийн зүйл хууль бусаар импортлосон гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч, гэрч нарын мэдүүлгүүд, шинжээчийн дүгнэлт зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдож, тогтоогдсон талаар анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.

Д.Мөнхбаатарт холбогдох хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, шүүхийн шийтгэх тогтоол гаргахад чухал ач холбогдолтой бүхий л байдлыг шалгаж тогтоосон байна.

Шүүхээс Д.Мөнхбаатарыг хууль бусаар эм, эмнэлгийн хэрэгсэл импортлох гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 198 дугаар зүйлийн 198.2 дахь хэсэгт заасан хорих ялыг оногдуулсан нь түүний гэм буруу, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанарт тохирсон, шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна гэж дүгнэв.

Шүүгдэгч Д.Мөнхбаатар нь хилийн боомтоор орж ирэхдээ “Ванкомицин” гэх эм, эмийн зүйлийг 4 зорчигчдод тараан хуваарилж, өөрт хуваарилагдсан хэсгийг машины суудал дээр тортой нь хамт тавиад үлдээсэн зэргээс үзэхэд энэхүү эм, эмийн зүйлийг импортлоход тээврийн хэрэгслийг ашигласан нөхцөл байдал харагдахгүй байх тул тээврийн хэрэгслийг улсын орлогод оруулсан анхан болон давж заалдах шатны шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалын зохих заалтыг хүчингүй болгож, тээврийн хэрэгслийг өмчлөгчид нь буцаан олгох үндэслэлтэй.

Харин Д.Мөнхбаатараас хураагдсан 148 ширхэг ванкомицин гэх эмийг  Монгол Улсад мөрдөж буй хууль журмын дагуу импортлоогүй, эмчилгээнд хэрэглэх шаардлага хангасан эсэх нь тогтоогдоогүй тул устгахаар шийдвэрлэсэн нь зөв байна.

Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Пүрэвлхамын энэ талаар гаргасан гомдлыг хүлээн авч, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалд дээрх өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх хуралдаанаас шийдвэрлэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 2-ны өдрийн 71 дүгээр шийтгэх тогтоол, Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 10 дугаар магадлалын “шүүгдэгч Д.Мөнхбаатарын өмчлөлийн “SSANGYONGMUSSO” маркийн 75-36 УНУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг улсын орлогод оруулсан заалтыг тус тус хүчингүй болгож, өмчлөгчид нь буцаан олгосугай” гэсэн өөрчлөлт оруулж, шийтгэх тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

                                                               ДАРГАЛАГЧ

                    ШҮҮГЧ                                            Б.БАТЦЭРЭН

                  ШҮҮГЧ                                            Ч.ХОСБАЯР