Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
---|---|
Шүүгч | Ганбаатарын Мягмарсүрэн |
Хэргийн индекс | 132/2016/00390/И |
Дугаар | 00492 |
Огноо | 2016-09-08 |
Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 09 сарын 08 өдөр
Дугаар 00492
Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мягмарсүрэн даргалж,тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Булган аймгийн Булган сумын 1 дүгээр баг, Бунханы өвөр, Б-4-5 тоотод оршин суух, Сүүжжаран овогт Бадарчийн Нямбаяр /РД:ГГ93122315/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Булган аймгийн Бугат сумын Засаг даргад холбогдох
эрхийн бичгийн үнэ 667000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий 132/2016/00390/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 1967 онд Булган аймгийн Гурванбулаг суманд төрсөн, 49 настай, эмэгтэй, Булган аймгийн Булган сумын 1 дүгээр баг, Ачуут, Бунханы өвөр, б-4-5 тоотод оршин суух, Барга овогт Пунсалын Мөнхжаргал /РД:ГГ67120420/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 1984 онд Булган аймгийн Бугат суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, Булган аймгийн Бугат сумын Засаг даргын Тамгын газарт Байгаль орчны хяналтын улсын байцаагч ажилтай, Булган аймгийн Бугат сумын 1 дүгээр багт оршин суух, Монгол овогт Ширчингийн Энх-Амгалан /РД:ГБ84082014/, нарийн бичгийн дарга С.Гончигбал нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Нямбаяр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие нь 2014 оны 12 дугаар сарын 5-ны өдөр хэрэглээний мод бэлтгэх зөвшөөрлийн эрхийн бичгийн үнэ 667000 төгрөгийг сумын холбогдох дансанд хийсэн боловч цаг хугацааны хүнд хэцүү бэрхшээлтэй байдал, амьдралын хүнд байдлаас шалтгаалан модоо бэлтгэж авч чадаагүй. Ингээд мод бэлтгэх зөвшөөрлийн эрхийн бичгийг дахин сунгуулсан боловч байгаль орчны газраас худал үнэн шаардлага тавьж байсны улмаас мод бэлтгэж авч чадаагүй. Иймд миний бие гомдолтой тул эрхийн бичгийн үнэ 667000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Мөнхжаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манайх 2014 оны 12 дугаар сард Бугат сумын Засаг даргаас мод бэлтгэх эрхийн бичиг очиж авсан. Модоо бэлтгэх гэтэл цаг агаарын байдал, амьдралын хүнд нөхцлөөс шалтгаалаад модоо бэлтгэж чадаагүй. Дараа жил нь буюу 2015 оны 7 дугаар сард мод бэлтгэх эрхийн бичгийн хугацааг 7 хоногоор сунгуулсан боловч ойн ангийн ажилтануудын хууль бус шаардлагаас болоод хугацааг нь дуусгасан. Ингээд модоо бэлтгэж авч чадаагүй тул сумын дансанд тушаасан эрхийн бичгийн үнэ болох 467000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Одоо бидэнд мод хэрэггүй мөнгөө авах хүсэлтэй байна гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Энх-Амгалан шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Иргэнд хэрэглээний болоод түлшний мод бэлтгэх эрхийн бичгийг олгохдоо бэлтгэх, тээвэрлэх хугацаа зааж олгодог. Заасан хугацаанд модоо бэлтгэж аваагүй бол эрхийн бичиг хүчингүй болдог. Нямбаярынх мод бэлтгэх эрхийн бичгийн хугацаагаа хэтрүүлсэн байсныг Засаг дарга сунгаж өгсөн боловч энэ хугацаандаа модоо бэлтгэж аваагүй. Хэрэглээний модыг тусгай эрх бүхий компаниар, тусгаарлалт хийсэн газраас бэлтгэж авах эрхтэй. Гэтэл Б.Нямбаяр нь ийм арга хэмжээ аваагүй явсаар байгаад хугацаагаа хэтрүүлсэн байна. Эрхийн бичгийн төлбөр нь байгаль хамгаалах сан болон нөхөн сэргээлтийн төлбөр гэж 2 хуваагдаж Төрийн санд ордог. Дээрх төлбөр нь 2 жилийн өмнө Төрийн санд орсон, эрхийн бичигт заасан хугацаанд модоо бэлтгэж аваагүй иргэний өөрийн буруутай үйл ажиллагаа нөлөөлсөн байгаа учраас бид эрхийн бичгийн төлбөрийг хариуцахгүй гэв.
Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаадҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Нямбаяр нь Бугат сумын Засаг даргад холбогдуулан мод бэлтгэх эрхийн бичгийн үнэ 667000 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч шүүхийн хэлэлцүүлгийн явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 467000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн байна.
Нэхэмжлэгч Б.Нямбаяр нь 30м3 хэрэглээний мод бэлтгэх зөвшөөрөл бүхий эрхийн бичгийг Бугат сумын Засаг даргаас худалдан авч Бугат сумын Байгаль хамгаалах сангийн болон тус сумын орон нутгийн орлогод 467000 төгрөгийг тушаасан /хх-ийн 4, 21-22/ үйл баримт тогтоогдсон, талууд энэ талаар маргаагүй, тэдний хооронд худалдах худалдан авах хэлцэл хийгдсэн гэж үзэхээр байна. Нэхэмжлэгч нь эрхийн бичигт заасан хугацаанд буюу 2014 оны 12 дугаар сарын 5-ны өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүртэл хугацаанд модыг бэлтгэж тээвэрлээгүйн улмаас 2015 оны 7 дугаар сарын 23-ны өдрөөс 7 дугаар сарын 30-ны өдөр хүртэл хугацаагаар сунгалт хийлгэсэн боловч дээрх хугацаанд модоо бэлтгэж аваагүй нөхцөл байдал үүсчээ. Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч уг шалтгааныг цаг агаарын нөхцөл байдал, амьдралын хүнд нөхцөлөөс шалтгаалж модоо хугацаанд нь бэлтгээгүй, сунгуулсан хугацаанд ойн ангийн алба хаагч нарын хууль бус шаардлагаас болж модоо бэлтгэж амжаагүй гэж эрхийн бичгийн үнэ 467000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэнийг хариуцагч эс зөвшөөрч хэрэглээний мод авах эрхийн бичгийг хуульд заасан журмын дагуу олгосон байхад заасан хугацаанд модоо бэлтгэж аваагүй нь Б.Нямбаярын өөрийн буруугаас болсон тул эрхийн бичгийн үнийг хариуцахгүй гэж маргажээ.
Ойн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2.7-д заасан эрхийн хүрээнд Бугат сумын Засаг дарга нь мод бэлтгэх шийдвэрийг гаргаж иргэнд эрхийн бичиг олгосон байх бөгөөд иргэн Б.Нямбаяр нь тус хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.4-т түлшний болон ахуйн хэрэглээнд шаардагдах мод бэлтгэх хүсэлтээ ойн анги /байхгүй бол тухайн нутаг дэвсгэрийн байгаль хамгаалагч/-д гаргаж, ойн мэргэжлийн байгууллага, албан тушаалтны хяналт зааварчилгааны дагуу гүйцэтгэх гэж заасан эрхээ хэрэгжүүлээгүй байна. Өөрөөр хэлбэл иргэн хуульд заасан эрхээ хэрэгжүүлж олгосон эрхийн дагуу модоо бэлтгэж аваагүй нь түүний өөрийн буруутай үйл ажиллагаа нөлөөлсөн байна гэж үзэхээр байна.
Иймд Бугат сумын Засаг даргаас эрхийн бичгийн төлбөр 467000 төгрөг гаргуулахыг хүссэн Б.Нямбаярын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа Булган аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрыг хариуцагчаар татсан боловч хариуцагчаа Бугат сумын Засаг даргаар солих хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч тус шүүхийн шүүгчийн 2016 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 1717 дугаартай захирамжаар хариуцагчийн сольсон болно.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 20558 төгргөгийг Төрийн санд хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 228 дугаар зүйлийн 228.1, 229 дүгээр зүйлийн 229.1-дзаасныг баримтлан хариуцагч Бугат сумын Засаг даргаас эрхийн бичгийн үнэ 467000 /дөрвөн зуун жаран долоон мянган/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Б.Нямбаярын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Нямбаярын улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 20558 /хорин мянга таван зуун тавин найман/ төгргөгийг Төрийн санд хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.МЯГМАРСҮРЭН