Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 5278

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны  шүүхийн шүүгч Х.Энхзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, 13-37 тоотод оршин суух, Батуд овогт Дамдинсүрэнгийн Солонго /РД:ЛЙ88022466/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянгол дүүргийн 17 дугаар хороо, Косо центерийн 3 давхарт үйл ажиллагаа явуулдаг, “Чухал амжилт” ХХК-д холбогдох

Ажлаас үндэслэлгүй халагдсан болохоо тогтоолгож, урьд эрхэлж байсан гоо сайхны багшийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэр болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Батжаргал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Батнасан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Анхцэцэг нар оролцов. 

                                                                                                     ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Солонго нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Дамдинсүрэн овогтой Солонго би 2016 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр “Чухал Амжилт” ХХК-тай хөдөлмөрийн гэрээг 1 жилийн хугацаатай хийсэн. Тус компанийн захирлын 2016 оны 01 сарын 12-ны өдөр а/01 дугаартай тушаалаар гоо сайхны багшийн ажилд орсон. Би өөрийн ажил үүргээ зохих ёсоор биелүүлж 3 ээлжээр ажилладаг байсан. Гэтэл 2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр ажлаа хүлээлгэж өг гэсний дагуу 2016 оны 5 дугаар сарын 01-ний өдөр ажлаа хүлээлгэж өгсөн. Ингээд ажлаас халсан тушаалаа авъя гэж удаа дараа хэлсэн боловч өгөхгүй байсаар, 2016 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн а/37 дугаартай захирлын Хөдөлмөрийн тухай хуулийн 37.1.1 дэх заалтыг үндэслэн надтай байгуулсан гэрээг цуцалж ажлаас халсан тухай тушаал байсан бөгөөд 2016 оны 5 дугаар сарын 27-ны өдөр тогоочийн багш н.Болорбаяраар дамжуулж авсан. Би ажиллаж байх хугацаандаа ажлаас гарах тухай ямар нэгэн тохиролцоо хийгээгүй, хэвийн ажлаа хийж байсан. Иймээс ямар ч үндэслэлгүй ажлаас гэнэт халагдсанд гомдолтой байна. Үүнээс өмнө ч гэсэн амарч бай гэж хэлээд ажилгүй олон сар цалин хөлсгүй сул зогсоож байсан. Иймд ажлаас үндэслэлгүй халагдсан болохоо тогтоолгож,  урьд эрхэлж байсан гоо сайхны багшийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны буюу 2016 оны 05 дугаар сараас 10 дугаар сар хүртлэх хугацааны 5 сарын цалинд 2,200,600 төгрөгийг гаргуулж, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгаж өгнө үү гэв.

Хариуцагч “Чухал Амжилт” ХХК шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Д.Солонго нь 2016 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Хөдөлмөрийн гэрээг “Чухал амжилт” сургалтын төвтэй байгуулж гоо сайхны багшаар ажиллаж эхэлсэн. Гоо сайханы багш Д.Солонго нь урд нь тус сургалтын төвд гоо сайхны багшаар түр зуур ажиллахад сургалтанд суралцагч байхгүй, сургалт явуулж байсан Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо 118 байрны түрээсийн гэрээ дуусч ажиллах боломжгүй болсон. Энэ үе бол 2014 оны 12 дугаар сарын 30-ны үе юм. Чухал амжилт сургалтын төвийн удирдлагаас 2016 оны 02 дугаар сард батлагдсан багш нарт заавал байх ёстой баримт бичгийн жагсаалтын дагуу өгөгдсөн үүргийн дагуу 2016 оны 3 дугаар сарын 22-ны өдөр шалгаж үзэхэд 21 бичиг баримт бүрдүүлэхээс 10 бичиг баримт дутуу байсан учир 4 дүгээр сард цалинг 10 хувь хасах тухай ярихад гоо сайхны багш Д.Солонго нь өргөдөл гаргаж намайг ажлаас гаргах гэж байгааг ойлголоо, цалинг битгий хасаач гэсэн хүсэлт гаргасныг үндэслэн цалингийн хасалгүйгээр цалинг журмын дагуу олгож шийдвэрлэсэн. Гоо сайхны багш Д.Солонго нь 7 хоног бүрийн ажлын тайландаа удирдлагад тавих санал, шийдвэрлэх асуудлын талаар ямар нэгэн санал, гомдол хүсэлтийг 2016 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр хүртэл гаргаж байгаагүй, суралцагчаа төгсгөж өөрөө ажлаа хүлээлгэн өгсөн. Д.Солонго нь гоо сайхны багшаар ажиллах хугацаандаа багшийн ёс зүй зөрчөөгүй боловч гоо сайхны ангийн суралцагч нараас удаа дараа гоо сайхны багш Д.Солонго нь хичээлээ зааж чадахгүй байна, хичээлийнхээ онолоо заахгүй, шууд хүний нүүрэнд массаж хийлгэж байна, ийм мэргэжил мэдлэггүй багшаар заалгахгүй гэдэг шүүмжлэл, гомдол гарч, гоо сайхны ангид сурч байсан суралцагч нар өөр ангид шилжих, сургалтын төлбөрөө буцаах зэрэг хүндрэл учирч байсан. Тиймээс гоо сайхны багш Д.Солонгоог Хөдөлмөрийн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасны дагуу “ажилтан мэргэжил , ур чадвар нь гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй байсан нь суралцагч нарын удаа дараагийн гомдлоор тогтоогдсон учир Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалж өөрт нь мэдэгдэж, Хөдөлмөрийн хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1-т заасан үндэслэлээр ерөнхий захирлын тушаал гарч ажлаас өөрчилсөн юм. Иймд гоо сайхны багш Д.Солонгоог ажлаас үндэслэлгүйгээр халаагүй учир цалинг олгох ямар нэгэн асуудал байхгүй байна. Сургалтын төвийн бүтэц зохион байгуулалтанд 2016 оны 5 дугаар сарын 01-ний өдөр өөрчлөлт орж Гоо заслын ангийг өргөтгөж 1.Гоо засалын ерөнхий анги 2.Маке ап 3. Гоёлын шивээсний ангийг бий болгож хамтатган нэг багшаар хичээлийг цогц болгон удирдуулах болсон учир ажлын байрны шаардлагыг хангахгүй учир багшийн ажлаас нь чөлөөлсөн. Сургалтын төвийн багш нарын ажлын байрны тодорхойлолтын шалгуур үзүүлэлт хангахгүй байгаа тул ажиллуулах боломжгүй болсон.  Энэ нь мэргэжил боловсрол сургалтын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 Мэргэжлийн болон техникийн боловсрлын сургалтын байгууллагын багш нь бакалавр, түүнээс дээш зэрэгтэй, эсхүл үйлдвэрлэлийн ажлын зохих дадлагатай, мэргэжлийн өндөр зэрэгтэй, багшлах эрхтэй байна гэж заасан. Д.Солонго нь мэргэжлийн хувьд чадвар муутай, цалин хөлсөө голж, хамт олны дунд уур амьсгал эвддэг, идэвхи санаачилгагүй, багшийн ур чадваргүй. 

Д.Солонго нь цалин багатай ажлаасаа гарах гэж байгаа тул сургалтын төвийн багш нарт тавьсан шаардагыг биелүүлээгүйн төлөөх цалингийн хувийн суутгалын торгуулийг суутгалгүй цалинг маань бүтэн өгнө үү хэмээн өргөдөл гаргаж ажлаасаа гарсан болно. "Чухал амжилт" ХХК нь түүний хүсэлтийн дагуу ажлаас нь чөлөөлж цалингийг нь бүтнээр олгосон. Д.Солонго ажлаас гарснаас хойшхи нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг манай байгууллага нөхөн төлөх үндэслэлгүй үзэж байна. Иймд түүний нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.  

                                                                                                                                    ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Солонго нь “Чухал амжилт” ХХК-д холбогдуулан ажлаас үндэслэлгүй халагдсан болохоо тогтоолгож,  урьд эрхэлж гоо сайхны багшийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинд 2,200,600  төгрөгийг гаргуулах, ажилгүй байсан хугацаанд нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр бичилт хийлгүүлэхийг даалгуулах тухай  нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтууд, зохигчдын гаргасан тайлбарыг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагын хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Д.Солонго нь тус компанийн Ерөнхий захирлын 2016 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн а/01 дугаартай тушаалын дагуу гоо сайхны багшийн ажилд хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байгаад Ерөнхий захирлын 2016 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн а/37 дугаартай “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалаар 2016 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн гоо сайхны багшийн үүрэгт ажлаас чөлөөлөгдсөн болох нь зохигчийн тайлбар, 2016 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн а/37 дугаартай “Ажлаас чөлөөлөх тухай” тушаал зэргээр тогтоогдож байна.

Тус компанийн ерөнхий захирлын 2015 оны  05 дугаар сарын 26-ны өдрийн а/37 дугаартай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1 дэх заалтыг үндэслэн  Д.Солонгыг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.

Нэхэмжлэгч Д.Солонгыг 2016 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн ажлаас чөлөөлсөн гэх боловч 2016 оны 05 дугаар сарын 26-ны өдөр ажлаас чөлөөлөх тухай ерөнхий захирлын а/37 дугаартай тушаал гарсан байх ба уг тушаалыг нэхэмжлэгч нь 2016 оны 05 дугаар сарын 27-ны өдөр гардаж авсан гэж тайлбарлаж байгааг хариуцагч тал үгүйсгэхгүй байх ба  нэхэмжлэгч Д.Солонго нь нэхэмжлэлээ шүүхэд 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдөр гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дугаар зүйлийн 129.2 дэх хэсэгт заасныг зөрчөөгүй байна гэж үзнэ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1 дэх хэсэгт  “талууд харилцан тохиролцсон” гэх үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгохоор заажээ.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчээс “...Би ажиллаж байх хугацаандаа ажлаас гарах тухай ямар нэгэн тохиролцоо хийгээгүй, хэвийн ажлаа хийж байсан, ямар ч үндэслэлгүйгээр ажлаас гэнэт халсанд гомдолтой байна...” гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарлаж байгаа бол, хариуцагчаас “...нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь хэсэгт заасан мэргэжил , ур чадварын хувьд тэнцэхгүй болсон нь тогтоогдсон, мөн Д.Солонго нь өөрөө ажлаас гаръя гэсэн санал гаргасан учраас түүнтэй харилцан тохиролцож ажлаас чөлөөлсөн...” гэж нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч  мэтгэлцэж байна.

Хариуцагч нь нэхэмжлэгч Д.Солонгыг Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.2 дахь хэсэгт заасан мэргэжил, ур чадварын хувьд тэнцээгүй, энэ нь суралцагч хүүхдүүдээс мэргэжилгүй багшаар хичээл заалгахгүй гэх гомдол гаргасан, багш хүнд байх шаардлагуудыг хангаагүй зэргээр нотлогдоно гэж тайлбарлаж байх боловч Д.Солонгыг ажлаас халсан ерөнхий захирлын 2016 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн а/37 дугаартай тушаалд энэхүү үндэслэлийг заагаагүй байна.

Харин Ерөнхий захирлын 2016 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн а/37 дугаартай “Ажлаас чөлөөлөх тухай” тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1 дэх хэсэгт заасан “талууд харилцан тохиролцсон” гэх үндэслэлээр гарсан байх ба хариуцагч нь энэхүү үндэслэлээ тайлбарлахдаа ...Чухал амжилт сургалтын төвийн багш нарын 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн хурлын тэмдэглэл, нэхэмжлэгч Д.Солонгын ... мөн одоо ажлаас халах гэж байгаа тул цалингаа бүрэн авах хэрэгтэй байна” гэх өргөдлийг үндэслэл болгож байх боловч уг баримтуудаар талууд хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгохоор харилцан тохиролцсон гэж үзэх боломжгүй байна /хэргийн ....... тал/.

Учир нь “Чухал амжилт” сургалтын төвийн багш нарын 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн хурлаар нийт багш нарын цалингийн талаар хэлэлцсэн, Д.Солонгоос ажил олгогчид гаргасан гэх өргөдөл нь хэзээ гаргасан нь тодорхойгүйгээс гадна цалингаа бүтнээр авахыг хүссэн өргөдөл байх тул уг баримтуудаар хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох талаар талууд тохиролцсон байдал тогтоогдохгүй байна.

Иймд ажил олгогч “Чухал амжилт” ХХК-ийн Д.Солонгыг ажлаас чөлөөлөх тухай тушаалд заасан үндэслэлд хамаарах шалтгаан, нөхцөл байдал хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул түүнийг үндэслэлгүйгээр ажлаас халсан гэж үзэх үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч нь ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгох  тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байх боловч уг шаардлага нь  ажилд эгүүлэн тогтоох хууль зүйн факт болж байгаа бөгөөд цаашид эрх зүйн үр дагавар үүсгэхгүй тул шүүхээс уг шаардлагыг шийдвэрлэх шаардлагагүй гэж үзлээ.

Нэхэмжлэгч нь Д.Солонго нь 2016 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр “Чухал амжилт” ХХК-тай байгуулсан хөдөлмөрийн 1.4 дэх хэсэгт сарын үндсэн цалингийн хэмжээг 1 ээлжинд 300,000 төгрөг, 2 ээлжинд 600,000 гэж тохиролцсон байх боловч ажил олгогчоос ирүүлсэн цалингийн карт, тодорхойлолт, нийгмийн даатгалын тайлан зэргээс үзэхэд 1 сарын цалингийн хэмжээ нь өөр өөр үнийн дүнтэй байна.Үүнийг хариуцагч тал тайлбарлахдаа нийгмийн даатгалыг бага үнийн дүнгээр төлдөг, мөн тухайн сардаа багш нар 1 ээлжээр, 2 ээлжээр хичээллэснээс хамаарч цалин бодогддог тул сарын цалин өөр өөр байдаг гэж тайлбарлаж байгааг нэхэмжлэгч тал хүлээн зөвшөөрч байна. Иймд нэхэмжлэгч тал сарын үндсэн цалинг дунджаар бодож, 1 сарын цалинг 440,120 төгрөгөөр тооцсоныг хариуцагч хүлээн зөвшөөрч маргахгүй байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж, нэхэмжлэгч  Д.Солонгыг “Чухал амжилт” ХХК-ийн гоо сайхны багшийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны буюу 2016 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртлэх 5 сарын цалинд 2,200,600 төгрөгийг гаргуулж, энэ хугацааны нийгмийн даатгалын  болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч “Чухал амжилт” ХХК-д даалгах үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118,160 дугаар зүйлийн 160.1.2 дахь хэсэгт  заасныг удирдлага болгон  

                                                                                                                            ТОГТООХ нь:  

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1,128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Дамдинсүрэнгийн Солонгыг “Чухал амжилт” ХХК-ийн гоо сайхны багшийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалингийн олговорт 2,200,600 төгрөгийг хариуцагч “Чухал амжилт” ХХК-иас гаргуулан, нэхэмжлэгч Д.Солонгод олгосугай.

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Солонгын ажилгүй байсан хугацааны ниигмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг “Чухал амжилт” ХХК-д үүрэг болгосугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, мөн хуулийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “Чухал амжилт” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 50,160 төгрөгийг гаргуулж, улсын төсвийн орлогод оруулсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн  120.2 дахь хэсэгт зааснаар зохигч  нь  шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуулинд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

      ШҮҮГЧ                                Х.ЭНХЗАЯА