Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Чулуунбаатарын Нямсүрэн |
Хэргийн индекс | 184/2016/00413/И |
Дугаар | 184/ШШ2016/00566 |
Огноо | 2016-08-11 |
Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 08 сарын 11 өдөр
Дугаар 184/ШШ2016/00566
2016 оны 08 сарын 11 өдөр | Дугаар 184/ШШ2016/00566 | Улаанбаатар хот
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Нямсүрэн даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: “****” ХХК /Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө гудамж, 34 БТТөв 303 тоот хаягт байрлах/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч:Сонгинохайрхан дүүргийн *-р хороо, Амины орон сууцны *-р гудамж, * тоотод оршин суух, Шандаа овогт Мт /РД:***/ холбогдох,
2,231,972 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, хариуцагч Х.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Азжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “****” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Хариуагч Х.Мнь 2013 оны 10 дугаар сарын 12-ны өдөр тус компанитай Худалдах, худалдан авах гэрээ байгуулж, 5,500,000 төгрөгийн үнэ бүхий Kirby Sentria маркийн стандарт иж бүрдлийн үнэд 500,000 төгрөгийн урьдчилгаа төлж, үлдэгдэл 5,000,000 төгрөгийг 15 сарын хугацаанд, сар бүрийн 30-ны өдөр сар бүр 334,000 төгрөг төлж барагдуулах нөхцөлтэйгээр гэрээнд гарын үсэг зурж худалдан авсан. Х.М нь бүтээгдэхүүний эргэн төлөлтөд 3,389,400 төгрөг төлсөн.
Манай компаний зүгээс гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж Х.М 2013 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Kirby Sentria маркийн стандарт иж бүрдлийг хүлээлгэн өгсөн болно.
Гэтэл Х.Мнь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй үлдэгдэл төлбөр болох 1,610,600 төгрөгийг төлөлгүй өнөөдрийг хүрлээ. Компанийн зүгээс төлбөрөө төлөхийг удаа дараа сануулсан боловч гэрээний үүргээ биелүүлэхгүй байгаа тул Kirby Sentria маркийн стандарт иж бүрдлийн үндсэн үнэ 1,610,600 төгрөг, алданги 621,372 төгрөг нийт 2,231,972 төгрөгийг Х.М гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Х.Мшүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:
Миний бие тус компаниас Kirby Sentria маркийн тоос сорогч олон үйлдэлт машиныг худалдах худалдан авах гэрээгээр авсан. Нийт үнэ 5,000,000 төгрөгийн үнэ бүхий төхөөрөмжийн үнээс 3,389,400 төгрөгийг өдий болтол төлсөн. Үлдэх төлбөрийг төлөх боломжгүй байна. Уг машин нь анх бидэнд худалдан авахаас эхлүүлэн эвдрэл гэмтэл байнга гарч байснаас гадна ижил төрлийн машины үнээс хэт их үнэтэй байгаа нь бидэнд хохиролтой байна. Иймд бидэнд учирч байгаа асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүсч байна. Бүтээгдэхүүнийг буцааж өгөх хүсэлтэй байна гэжээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч “****” ХХК нь хариуцагч Х.М худалдах худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 2,231,972 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж үзэв.
Зохигчдын хооронд 2013 оны 10 дугаар сарын 12-ны өдөр зээлээр худалдах худалдан авах гэрээ байгуулагдаж хариуцагч Х.М нь нэхэмжлэгч “***” ХХК-иас Кибри Сентриа “Kirby Sentria” маркийн цэвэрлэгээний төхөөрөмжийг 5,500,00 төгрөгөөр худалдах авахаар тохиролцож, урьдчилгаа төлбөрт 500,000 төгрөгийг төлж, үлдэх үлдэх 5,000,000 төгрөгийг 15 сарын хугацаанд сар бүр 334,000 төгрөгийг төлөх байдлаар бүрэн төлж барагдуулахаар харилцан тохирч төхөөрөмжийг хүлээн авсан талаар болон хариуцагч гэрээний дагуу Х.М нь бүтээгдэхүүний төлбөрт нийт 3,389,400 төгрөгийг төлсөн, 1,610,600 төгрөгийг төлөөгүй болох нь хэрэгт авагдсан гэрээ болон талуудын тайлбараар нотлогдсон, энэ талаар талууд маргаагүй байна.
Нэхэмжлэгч нь зээлээр худалдах худалдан авах гэрээний үүргээ зохих ёсоор гүйцэтгэхийг шаардаж барааны үлдэгдэл төлбөр 1,610,600 төгрөг, алданги 621,372 төгрөг нэхэмжилсэнийг хариуцагч эс зөвшөөрч “...уг машин нь анх биднийг худалдан авсан үеэс эхлэн эвдрэл гэмтэл байнга гарч байсан... ижил төрлийн машины үнээс хэт их өндөр үнэтэй... хохиролтой байгаа учир буцааж өгнө...” гэж маргаж байгаа боловч хариуцагчийн тайлбар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдохгүй байна.
Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 7.5-д “Захиалагч худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсанаас хойш 3 хоногийн дотор өөрийн хүсэлтээр гэрээг цуцалж төхөөрмжийг буцаах хүсэлтэй байгаа тохиолдолд барааны нийт үнийн дүнгийн 10%-ий шимтгэл гүйцэтгэгчид төлнө. ...Гэрээ байгуулагдсанаас хойш 3 хоног өнгөрсөн бол буцаалт хийх боломжгүй” гэж, 2.1, 2.2, 3.4-д баталгаат хугацаа 3 жил байхаар, худалдан авсан барааг зохих журмын дагуу ашиглаж, шаардлагатай завсар үйлчилгээ хийсэн нөхөлд хэвийн ажиллахыг баталгуужуулах, худалдагч захиалагч барааг ашиглаж хэрэглэсэн нөхцөлд хэвийн ажиллагааны баталгаат хугцаанд засвар үйлчилгээгээр үзүүлэхээр тус тус зааж гэрээний гол нөхцлөө тохиролцсон байна.
Гэрээний хавсралтаар хариуцагч Х.Мөнхчимэг нь 2013 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Кирби сентриа цэвэрлэгээний иж бүрдэл төхөөрөмжийг хүлээн авч гарын үсэг зурсан байна. Энэ хугацаанаас хойш Иргэний хуулийн 253 дугаар зүйлийн 253.1-д заасны дагуу худалдсан эд хөрөнгө нь доголдолтой бол худалдагч уг доголдлыг арилгах болон ижил төрлийн эд хөрөнгөөр солих үүргийг хүлээх бөгөөд хариуцагч Х.Мөнхчимэг нь худалдан авсан төхөөрөмжийн доголдлын талаар болон ижил бараа бүтээгдэгдэхүүнээр солих талаар гомдол гаргаж байсан нь тогтоогдохгүй байна. Иймд хариуцагчийн татгалзал үндэслэлгүй байна.
Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д заасны дагуу зээлээр худалдах худалдан авах гэрээгээр худалдагч нь худалдан авагч үнийг төлөхөөс өмнө эд хөрөнгийг шилжүүлэх, худалдан авагч нь үнийг гэрээнд заасны дагуу тодорхой хугацааны дараа хэсэгчлэн буюу бүрэн, эсхүл тодорхой цаг хугацааны туршид хэсэгчлэн төлөх үүргийг тус тус хүлээдэг тул худалдагч нь худалдсан барааны үлдэгдэл төлбөр 1,610,600 төгрөгийг шаардах эрхтэй байна.
Харин талуудын хооронд байгуулагдсан гэрээний 6.4-д захиалагчийн хоцроосон төлбөрийг гүйцэтгэгч шаардсан өдрөөс хойш ажлын 5 хоногийн дотор төлж барагдуулах үүрэгтэй, шаардсан хоногт төлбөрөө хийгээгүй тохиолдолд захиалагч гүйцэтгэгчид үнийн дүнгийн хоногийн 0,1 хувийн хүү төлөхөөр заасныг баримтлан 621,372 төгрөгийн алданги шаардсаныг хангах боломжгүй байна. Учир нь худалдагч тал хоцроосон төлбөрийг хэзээнээс шаардсан эсэх нь хэрэгт авагдсан баримтуудаар тодорхойгүй байх тул худалдан авагчийн хүү төлөх үүрэг үүссэн хугацааг тооцох боломжгүй байна.
Иймд хариуцагчаас цэвэрлэгээний тоног төхөөрөмжийн үнэ 1,610,600 төгрөгийг түүнд ногдох улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж нэхэмжлэгчид олгон, нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын төсөвт үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Х.М 1,610,600 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “***” ХХК-д олгож, 621,372 төгрөгийн нэхэмжлэгчийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 50,662 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х.М40,719 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.НЯМСҮРЭН