Улсын дээд шүүхийн Тогтоол

2016 оны 09 сарын 21 өдөр

Дугаар 225

 

Г.Энх-Амгаланд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг

Танхимын тэргүүн Т.Уранцэцэг даргалж,

шүүгч Б.Батцэрэн, Ч.Хосбаяр, Б.Цогт, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй,

прокурор А.Оюунгэрэл,

шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Туяа,

нарийн бичгийн дарга Б.Наранжаргал нарыг оролцуулан,

Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 32 дугаар шийтгэх тогтоол,

Говьсүмбэр аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн 3 дугаар магадлалтай, 201608000037 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Г.Энх-Амгалан, түүний өмгөөлөгч Ц.Туяа нарын гомдлоор хянан хэлэлцэв. 

Монгол Улсын иргэн, 1993 онд төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Их догшин овогт Гантулгын Энх-Амгалан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт заасан “Бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтойгоор зөрчиж, зэвсэг хэрэглэн танхайрах” гэмт хэрэгт холбогджээ.

Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Г.Энх-Амгаланг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар бусдыг илтэд үл хүндэтгэн, хүч хэрэглэж нийгмийн хэв журмыг зөрчин Н.Мөнхцогтын бие махбодид хөнгөн гэмтэл учруулан танхайрах гэмт хэргийг зэвсэг, зэвсгийн чанартай бусад зүйл хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тооцож, 3 жил 5 сарын хорих ял оногдуулж, уг ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

Говьсүмбэр аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Туяагийн гомдлыг хэрэгсэхгүй болгосон байна.

Илтгэгч шүүгч Ч.Хосбаярын хэргийн талаарх танилцуулга, шүүх хуралдаанд оролцсон прокурор А.Оюунгэрэл, өмгөөлөгч Ц.Туяа нарын саналыг сонсоод

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Г.Энх-Амгалан давж заалдах гомдолдоо: “...Н.Мөнхцогттой урьд өмнө спорт зааланд маргалдаж над руу дээрэнгүй харьцанаас болж бид хоёрын дунд таарамжгүй харьцаа үүссэн бөгөөд тухайн өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэснээс болж өмнөх асуудалдаа бухимдаж, сандал шидэж, бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулсан юм. Гэвч би урьд нь гэмт хэрэгт холбогдож байгаагүй, анх удаа хууль хяналтын байгууллагад асуугдаж байгаа болохоор ямар зүйл ангиар яллагдаж байгаа, өмгөөлөгч авах эсэхээ мэдэхгүй байхад мөрдөн байцаагч “чиний хэрэг гайгүй, тэнсэх боломжтой тул хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрчих, өмгөөлөгч авах шаардлагагүй” гэхээр нь итгэж, өмгөөлөгч авалгүйгээр хэргийн зүйл, ангийг хүлээн зөвшөөрсөн. Гэтэл хэргийн болсон үйл явдлыг үнэн зөвөөр нь шалгахгүйгээр ямар ч шалтаг шалтгаангүйгээр сандалаар цохиж танхайрсан мэтээр шалгаж, намайг хүнд ялаар шийтгэсэн. Хэрэв мөрдөн байцаагч надад “хэрэг чинь гайгүй шийдэгдэнэ” гэж хуурч мэхлээгүй байсан бол өмгөөлөгч авч, эрх зүйн туслалцаа авах байсан. Шүүхийн шатанд өмгөөлөгч авч, шүүх хуралдаан дээр болсон явдлыг үнэн зөвөөр ярьсан боловч анхан болон давж заалдах шатны шүүх хавтаст хэрэгт авагдаагүй гэж хүлээж аваагүй. Мөрдөн байцаагчийн хэлсэн үгэнд итгэж өгсөн мэдүүлгээ уншиж үзэлгүйгээр хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурсан. Хүнд итгэснээс болж өөрийнхөө хувийн байдлыг дордуулж, хорих ялаар шийтгэгдэж байна. Эхнэр болон бага насны 2 хүүхдийг минь харж хандах хүнгүй, амьдрал нь маш хүнд байдалд байна. Хохирогчид учруулсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан, ар гэрийн байдал болон хэргийн нөхцөл байдал, хэргийн шалгагдсан байдал, хувийн таарамжгүй харьцаанаас үүссэн зэргийг харгалзаж үзэж, хэргийн зүйлчлэлийг зөвтгөж өгөхийг хүсч байна...” гэжээ.  

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Туяа хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “… Г.Энх-Амгалан нь 2016 оны 3 дугаар сарын 13-ны шөнө 01 цагийн үед хөрш айл болох Чойнхорвинацагийн гэрт тамхи гуйхаар орж, тэднийд унтаж байсан хүнийг хэн бэ? гэж хөнжлийг нь сөхөхөд өмнө нь зааланд тоглож байхдаа бөмбөгнөөс болж муудаж тохой гараараа цохиж байсан залуу байсан бөгөөд “хучлага хууллаа” гэж тэр хоёр арваад минут маргалдаж, сандал авч шидсэнээс болж хохирогч Н.Мөнхцогтын толгойд нь оногдож хөнгөн гэмтэл учирсан байдаг. Энэ маргаан удаан үргэлжлээгүй, догшин авирлан нийгмийн хэв журам зөрчиж танхайрсан үйлдэл болоогүй. Өөрөөр хэлбэл танхайрах гэмт хэргийн бүрэлдэхүүний субъектив талын гэм буруугийн шууд санаатай бусдыг үл хүндэтгэсэн сэдэлт байхгүй. Тэрээр өмнө нь хохирогчтой зааланд тоглож байхдаа муудалцаж байсан, хөрш айлд нь унтаж байхад дахин таарч “хучлага хууллаа” гэснээс болж бухимдаж, хувийн сэдэлтээр дахин муудалцаж маргаснаас энэ гэмт хэргийг үйлдсэн. Прокуророос уг үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, анхан болон давж заалдах шатны шүүх Г.Энх-Амгаланг бусдын амгалан тайван байдлыг алдагдуулан илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг зөрчсөн, догшин авирлаж танхайрсан гэж дүгнэсэн нь хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй болно. Прокуророос Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 218 дугаар зүйлийн 218.4.4 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдаанд зайлшгүй оролцуулбал зохих этгээдэд хохирогч Н.Мөнхцогтыг оролцуулах санал гаргасан байтал хурлын товыг хохирогчид албан ёсоор мэдэгдэж, зарлан хуудас хүргүүлээгүй байж “хохирогчийг хүндэтгэн үзэх шалтгаагүйгээр ирээгүй” гэж шүүхийн хэлэлцүүлгийг явуулснаар тогтоол гарахад ач холбогдол бүхий байдлыг тодруулаагүй орхигдуулж, хэт нэг талыг барьж Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх заалтыг зөрчсөн.

Мөрдөн байцаалтын шатанд гэм буруугийн хэлбэр, хэрэг үйлдэгдэх болсон шалтгаан нөхцөл зэргийг нарийвчлан шалгаагүйгээс гадна яллагдагчийг өмгөөлөгч авах эрхийг хангаагүй. 2016 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр “эд хөрөнгө битүүмжлэх тогтоол”-оор Г.Энх-Амгалангийн өмчлөлийн орон сууцыг битүүмжилсэн нь энэ хэрэгт хэт нэг талыг барьсан гэх үндэслэл болж байна. Давж заалдах шатны шүүхээс эд хөрөнгө битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож өмчлөх эрхийг сэргээснээр мөрдөн байцаалтын шатанд гаргасан алдаа зөрчил засагдсан гэж дүгнэсэн боловч бусдын өмчлөх эрхэнд тухайн үедээ үндэслэлгүйгээр халдсанаас үүдэлтэй сэтгэл санааны цочрол, түүнээс болж хэргээ үнэн зөвөөр мэдүүлэх, өмгөөлөгч авах зэрэг эрхээ бүрэн дүүрэн эдлэх эрх нь хязгаарлагдаж, мөрдөн байцаалтын шатанд эрх ашгаа хамгаалуулж чадаагүй учир давж заалдах шатны шүүхээс өгсөн дүгнэлт хэргийн байдалтай нийцээгүй гэж үзэж байна.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд прокурор Д.Ганчимэг оролцоогүй байтал түүнийг оролцсон мэтээр магадлалд бичсэн зэргээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй. Иймд хэргийн сэдэлт, гэмт хэрэг гарсан нөхцөл байдлыг үндэслэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэг болгон зүйлчилж өгнө үү...” гэв.

Прокурор А.Оюунгэрэл хяналтын шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “...Г.Энх-Амгалангийн үйлдсэн гэмт хэрэг нь хэрэгт авагдсан нотлох баримтаар хангалттай тогтоогдсон. Энэ гэмт хэрэг хувийн таарамжгүй харьцаанаас үйлдэгдээгүй юм. Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчөөгүй тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх саналтай байна...” гэв.

Шүүгдэгч Г.Энх-Амгаланг согтуугаар Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах 15 дугаар байрны 5-71 тоотод оршин суух хөрш айл болох Б.Чойнхорвинацагийн гэрт 2016 оны 3 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө бусдыг илтэд үл хүндэтгэн ямар ч шалтаг, шалтгаангүйгээр Н.Мөнхцогтод хүч хэрэглэн нийгмийн хэв журмыг ноцтойгоор зөрчин, модон сандлаар хөнгөн гэмтэл учруулан догшин авирлаж зэвсгийн чанартай зүйл хэрэглэн танхайрсан гэмт хэргийг үйлдсэнийг тогтоосон анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлал нь хууль ёсны ба үндэслэлтэй байх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлд заасан шаардлагад нийцсэн байна.

Г.Энх-Амгаланд холбогдох хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, шүүхийн шийтгэх тогтоол гаргахад чухал ач холбогдолтой бүхий л байдлыг шалгаж тогтоосон байна.

Шүүхээс Г.Энх-Амгаланг танхайрах гэмт хэргийг зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн гэм буруутай гэж дүгнэн, Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур ял оногдуулсан нь түүний гэм буруу, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанарт тохирсон байна.

Анхан болон давж заалдах шатны шүүхийн тогтоол, магадлалаар тогтоогдоогүй буюу үгүйсгэгдсэн баримтыг тогтоох, ямар нэг нотлох баримтыг нөгөөгөөс нь ач холбогдолтойд тооцох эрх хяналтын шатны шүүхэд хуулиар олгогдоогүй бөгөөд Эрүүгийн байцаан шийтгэх хуулиар тогтоосон журмыг ноцтой зөрчөөгүй тохиолдолд хэргийн үйл баримтыг өөрчлөн дүгнэх боломжгүй тул шүүгдэгч Г.Энх-Амгалан, хохирогч Н.Мөнхцогт нарын хооронд хувийн таарамжгүй харьцаа үүссэн байсныг тогтоолгох тухай шүүгдэгч Г.Энх-Амгалан, түүний өмгөөлөгч Ц.Туяа нарын гомдлыг хүлээн авах боломжгүй.

Шүүгдэгч Г.Энх-Амгалан нь мөрдөн байцаалтын шатанд хууль зүйн туслалцаа авч чадаагүй тухай гомдлыг хянахад өмгөөлөгч авах эрхийг тайлбарлан өгсөн, өмгөөлөгчгүй байцаалт өгөхийг зөвшөөрсөн баримтууд хэрэгт авагдсан байх бөгөөд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 40 дүгээр зүйлд заасан өмгөөлөгчийг заавал оролцуулах тохиолдолд хамаарахгүй байх тул мөрдөн байцаагчийг хууль зөрчиж байцаан шийтгэх ажиллагаа явуулсан гэж үзэх үндэслэлгүй байна.

Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээж шүүгдэгч Г.Энх-Амгалан, түүний өмгөөлөгч Ц.Туяа нарын “өмгөөлөгчгүй байцаасан, хэргийн зүйлчлэлийг зөвтгүүлэх” тухай гаргасан гомдлуудыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх хуралдаанаас шийдвэрлэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 32 дугаар шийтгэх тогтоол, Говьсүмбэр аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн 3 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, шүүгдэгч Г.Энх-Амгалан, түүний өмгөөлөгч Ц.Туяа нарын гаргасан гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

 

 

                                         ДАРГАЛАГЧ

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                       Т.УРАНЦЭЦЭГ

                                         ШҮҮГЧ                                                                 Ч.ХОСБАЯР