Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дэмчигийн Энхцэцэг |
Хэргийн индекс | 102/2016/04895/И |
Дугаар | 00042 |
Огноо | 2016-06-14 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 06 сарын 14 өдөр
Дугаар 00042
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: *******, 11 дүгээр хороолол,*******,*******-гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******,*******,*******-д холбогдох,
зээлийн гэрээний үүрэг 7 740 000 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар М.Тайванжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би Ө.Өлзийжаргалтай 2013 оны 05 дугаар сарын 29-ний өдөр зээлийн гэрээ хийсэн. 2013 оны 12 дугаар сарыг дуустал төлөх хугацаатайгаар 10.400.000 төгрөгний гэрээ байгуулсан. Гэрээндээ төлбөрийг 2 хувааж хийхээр тохиролцсон, эхний хэсгийг 9 дүгээр сард 5 000 000 төгрөг, хоёрдахь төлөлтийг 12 дугаар сард авахаар гэрээ хийгдсэн. Үүнээс хойш төлөхгүй байж байгаад 2014 оны 01 дүгээр сараас эхлээд хэсэг хугацаанд 2 сая гаруй төгрөгийг төлөөд дахиж төлөлгүй сураггүй алга болсон бөгөөд гэрт нь очиход байхгүй, утсаа авахгүй одоо хүртэл үлдэгдэл мөнгийг төлөөгүй байгаа учраас би шүүхэд зээлийн гэрээний үүргийн үлдэгдэл 7.740.000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг гаргасан юм. Ө.Өлзийжаргалтай би зээлийн гэрээг байгуулаад албан ёсоор нотариатаар баталгаажуулсан. Гэрээнд хүү авахгүйгээр зөвхөн хугацаа зааж өгсөн байгаа гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэл нь ******* нь Төв аймагт болсон авто ослын хэрэгт талийгаачийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоогдож оролцсон. Энэ авто ослын хэрэгт Ө.Өлзийжаргалын эгч гэгч машиныг жолоодож яваад 2 хүн амь насаа алдсан юм. Тэгээд хохирлын мөнгө гэж 10.400.000 төгрөгийг Ө.Өлзийжаргалын эгч гаас гаргуулахаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарсан байдаг. Тэгээд нь давж заалдах шатны шүүхэд хандахад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн. Тэрхүү шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрөөд Улсын Дээд шүүхэд хандахад нь уг авто ослын хэрэгт гэм буруугүй гэж тогтоогдоод цагаатгагдсан. Улсын Дээд шүүхийн цагаатгах тогтоолоор хохирогчид төлөх хохирлыг хүчингүй болгосон байдаг. ******* нь Ө.Өлзийжаргалтай гэрээ хийхдээ Төв аймгийн Эрүүгийн анхан шатны шүүхийн 2013 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн шүүхийн шийтгэх тогтоолыг үндэслээд та нар ямар ч байсан зээлийн гэрээ хийчих, мөнгөө тодорхой хэмжээгээр төлж дуусгах юм бол эгчийг чинь хариуцлагаас чөлөөлөх гомдолгүй гэсэн бичиг хийж өгч дараагийн шатанд хандъя гэж тохиролцсон байдаг. Тэгээд Ө.Өлзийжаргал нь *******тай зээл аваагүй байж зээл авсан мэтээр зээлийн гэрээ хийдэг. Эхлээд уг гэрээнийхээ дагуу мөнгөө тодорхой хэмжээгээр цувуулан төлж байсан бөгөөд Улсын Дээд шүүхийн тогтоол гарсанаар г буруугүй гэдгийг мэдээд Ө.Өлзийжаргал нь ямар нэгэн мөнгө *******д төлөх ёсгүй гэж үзээд дахиад төлөөгүй. Уг гэрээ нь хууль зөрчсөн бодит байдал дээр зээл аваагүй байсан, нэхэмжлэлийг шаардлага нь үндэслэлгүй учраас нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч тал зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл 7 740 000 төгрөг гаргуулахыг хариуцагчаас шаарджээ.
Хариуцагч тал “мөнгө зээлж аваагүй” гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөөгүй байна.
Нэхэмжлэгч ******* нь 2013.05.29-ний өдрийн зээлийн гэрээний дагуу 7 сарын хугацаатай, хүү тооцохгүйгээр 10 400 000 төгрөгийг хариуцагч Ө.Өлзийжаргалд зээлдүүлсэн гэх нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа нотолсон баримтгүй байх тул шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов.
Шүүх хуралдааны явцад ******* нэмэлт тайлбартаа “...хариуцагчийн хүсэлт гуйлтаар зээлийн гэрээг байгуулсан, бид нарт оршуулгын зардал гэж нэг төгрөг ч өгөөгүй, 10.400.000 төгрөг бодит зардал буюу оршуулгын зардал байсан” гэж нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг өөрөөр тайлбарласан болно.
Хэрэгт авагдсан Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2013.09.11-ний өдрийн 354 дүгээр тогтоолоос үзэхэд 2012.08.26-ны өдөр Төв аймгийн Жаргалан сумын нутагт гийн жолоодож явсан Тоёота прадо загварын 88-86 УБЦ улсын дугаартай тээврийн хэрэгсэл замын хажуу руу онхолдож, зорчигч , Л.Ариунтуяа нарын амь нас хохирч, нэр бүхий хүмүүсийн биед хүнд, хүндэвтэр, хөнгөн гэмтэл, мөн тухайн тээврийн хэрэгсэлд 6 540 000 төгрөгний хохирол учирсан зам тээврийн осол гарсан байна.
Талийгаач нь нэхэмжлэгч *******гийн төрсөн дүү байх бөгөөд Төв аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 53 дугаар шийтгэх тогтоолоор ялтан гаас 10 491 600 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******д олгохоор шийдвэрлэсэн байжээ.
Гэвч г уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай эсэх нь эргэлзээтэй байх тул хэргийг шүүгдэгчид ашигтай шийдвэрлэх зарчмын дагуу хэрэгсэхүй болгож, г цагаатгах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдхүүн дүгнэсэн байна.
Улмаар Төв аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 2013.05.09-ний өдрийн 53 дугаар шийтгэх тогтоол, мөн аймгийн давж заалдах шатны шүүхийн 2013.06.11-ний өдрийн 41 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, д холбогдох Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.4-т заасан хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.2-т зааснаар хэрэгсэхгүй болгож, Буурал овогт Өлзийбаярын Нарантуяаг цагаатгасан байна.
Хариуцагч Буурал овогт Өлзийбаярын Өлзийжаргал нь гийн төрсөн дүү байх бөгөөд дээрх эрүүгийн хэрэг шийдвэрлэгдэх явцад *******, Ө.Өлзийжаргал нар нь авто ослын улмаас учирсан гэх хохирлын хэмжээгээр 10 400 000 төгрөгийг зээлдүүлсэн мэтээр 2013.05.29-ний өдрийн зээлийн гэрээг байгуулсан болох нь талуудын тайлбараар тогтоогдсон болно.
Энэ нь хуулийн шаардлагыг хангаагүй, хэлцлийн эрх зүйн үндэслэлтэй байх зарчимд нийцээгүй, зөвхөн гадаад илэрхийллийг бий болгохын тулд хийсэн хэлцэл байх тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.1.1, 56.1.2-т зааснаар хууль зөрчсөн, мөн дүр үзүүлэн хийсэн хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзнэ.
Тодруулбал Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д “зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө... шилжүүлэх үүрэгтэй, мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т “...мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгсөнөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно” гэж заажээ.
Гэтэл нэхэмжлэгч ******* нь бодит байдалд 10 400 000 төгрөгийг Ө.Өлзийжаргалд шилжүүлэн өгөөгүй, хариуцагч нь эгч гийн өмнөөс эрүүгийн хэргийн хохирлыг төлөхөөр тохиролцож байсан гэх тохиролцоог зээлийн гэрээний хэлбэрээр үйлдсэн байх тул талуудын хооронд зээлийн эрх зүйн харилцаа үүсээгүй гэж үзлээ.
******* нь үндэслэлгүй нэхэмжлэл гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөг, 2016.05.03-ны өдөр төлсөн 68 590 төгрөгийг тус тус улсын төсөвт хэвээр үлдээхээр шийдэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар Ө.Өлзийжаргалаас 7 740 000 төгрөг гаргуулахыг хүссэн *******гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар ззүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн /70 200+68 590/ нийт 138 790 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг зохигчид, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгчид гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Д.ЭНХЦЭЦЭГ