Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 437

 

 

 

 

 

 

 

 

 

 

  Г.Ганхуягт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Д.Оюунчулуун, Ж.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

                                                       

            Прокурор Б.Энхтуул,  

            Ялтан Г.Ганхуягийн өмгөөлөгч Ш.Оюумаа,

            Хохирогч М.Билгүүн,

            Нарийн бичгийн дарга Б.Болорчимэг нарыг оролцуулан,

         

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Алтанцэцэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2017 оны 5 дугаар сарын 3-ны өдрийн 238 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч М.Билгүүний гаргасан давж заалдах гомдлоор Г.Ганхуягт холбогдох эрүүгийн 2016 2501 1732 дугаартай хэргийг 2017 оны 6 дугаар сарын 5-ны өдөр хүлээн авч, шүүгч Ж.Эрдэнэчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Зурхайч овгийн Гантулгын Ганхуяг, 1995 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Парис” бааранд бармен ажилтай байсан, ам бүл 5, эх, эмэг эх, өвөг эцэг, дүү нарын хамт Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 14 дүгээр хорооллын Намъяанжү гудамжны 49 дүгээр байрны 65б тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:УЗ95041991/;

 

/Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ Г.Ганхуяг нь 2016 оны 4 дүгээр сарын 20-ны шөнө 04 цагийн орчим, Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Парис” баарны үүдэнд тус баараар үйлчлүүлээд гарсан иргэн М.Билгүүнийг хувийн таарамжгүй харьцааы улмаас эрүүн тус газарт нь цохиж, бие махбодид нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан,

Мөн 2016 оны 5 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө, Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Парис” баарны үүдэнд иргэн Б.Болормаатай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодож, бие махбодид нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан буюу 2 удаагийн давтан үйлдлээр бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Г.Ганхуягт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Г.Ганхуягийг давтан үйлдлээр бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.2 дахь хэсэгт зааснаар Г.Ганхуягийг 6 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар Г.Ганхуягт оногдуулсан 6 сарын баривчлах ялыг тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан эдлүүлж, Г.Ганхуяг нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг CD-г хэрэг хадгалах хугацаа дуустал хавсарган үлдээж, хохирогч М.Билгүүний эрүүний рентген зураг 2 ширхэгийг М.Билгүүнд буцаан олгож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Г.Ганхуягаас 500.000 төгрөгийг гаргуулан хохирогч М.Билгүүнд /РД:УК92092333/ олгож, хохирогч М.Билгүүн, Б.Болормаа нар нь цаашид гарах эмчилгээний болон бусад зардлаа холбогдох нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 

Хохирогч М.Билгүүн давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1 дэх хэсэгт заасныг үндэслэн шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр гомдол гаргаж байна.

 

1. Г.Ганхуяг нь 2016 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр 04 цагийн үед миний эрүүн тус газарт цохиж, доод эрүүний зөрүүтэй далд хугарал, доод эрүүний зүүн хэсгийн зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр гэмтэл учруулсан, мөн давтан үйлдлээр Б.Болормаагийн биед зүүн гарын шуу ясны хугарал, баруун гуянд цус хуралт бүхий хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн байхад шүүхээс шүүгдэгчид ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна.

Өөрөөр хэлбэл, шүүгдэгч нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 56 дугаар зүйлд заасан “... гэмт хэрэг давтан үйлдсэн, согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн, хохирол бүрэн төлөгдөөгүй ...” зэрэг ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон байхад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдлыг хэрэглэн шүүгдэгчид хамгийн бага хэмжээгээр буюу 6 сар баривчлах ял оногдуулсан нь иргэн миний хохирлыг бүрэн барагдуулаагүй байхад шүүгдэгчид ял завших боломж олгож миний бие хохироод үлдэж байна.

2. Гэмт хэрэг гарах үед миний бие “Сүнжин Гранд” ХХК-д зөөгчөөр ажилладаг байснаа нотолж хөдөлмөрийн чадвараа алдсанаас орлогогүй байсан хугацааны цалин хөлсийг шүүгдэгчээс гаргуулахаар нийгмийн даатгалын дэвтрийн хуулбарыг шүүхэд гаргаж өгсөн. Миний хувьд Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.2 дахь хэсэгт заасны дагуу шүүгдэгчээс нөхөн төлбөр шаардсан боловч шүүх дээрх төлбөрийг хэрхэн шийдвэрлэсэн талаар шийтгэх тогтоолдоо заагаагүйд гомдолтой байна. Иймд хөдөлмөрийн чадвараа алдсанаас орлогогүй байсан хугацааны цалин хөлсийг Г.Ганхуягаас гаргуулж өгнө үү.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 3-ны өдрийн 238 дугаар шийтгэх тогтоолд гомдолд дурдсан дээрх хоёр үндэслэлээр өөрчлөлт оруулж өгнө үү ...” гэв.

 

Ялтан Г.Ганхуягийн өмгөөлөгч Ш.Оюумаа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбатаа: “... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангаж гарсан байх тул хэвээр үлдээж өгнө үү ...” гэв.

 

Прокурор Б.Энхтуул тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй зөв гарсан. Г.Ганхуягт оногдуулсан ял шийтгэл тохирсон  тул хохирогч М.Билгүүний гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна ...” гэв.

 

ХЯНАВАЛ:

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 308 дугаар зүйлд зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, зөвхөн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянав.

 

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан “шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байна” гэсэн хуулийн шаардлагыг хангажээ.

Г.Ганхуяг нь 2016 оны 4 дүгээр сарын 20-ны шөнө 04 цагийн орчим, Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Парис” баарны үүдэнд тус баараар үйлчлүүлээд гарсан иргэн М.Билгүүнийг хувийн таарамжгүй харьцааы улмаас эрүүн тус газарт нь цохиж, бие махбодид нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан,

Мөн 2016 оны 5 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө, Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Парис” баарны үүдэнд иргэн Б.Болормаатай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодож, бие махбодид нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулж, 2 удаагийн давтан үйлдлээр бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь:

 

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч М.Билгүүний  “... хамгаалагч залуу хаалганы бариулаас бариад зогсож байтал Д.Наранболдыг хаалга татахад гар нь Д.Наранболдын таталтад угзрагдсан. Тэгтэл хамгаалагч Д.Наранболд руу уурласан. Энэ үед шатаар уруудаад улаан малгайтай, махлаг залуу буугаад ирсэн. Тэгээд улаан малгайтай залуу Д.Наранболд руу дайрсан. Д.Наранболд нь хаалганы цаад талаас хамгаалагчтай хэрэлдэж байсан. Би улаан малгайтай залуугийн урдуур нь гараад иртэл улаан малгайтай залуу намайг заамдаж аваад мөргөсөн. Ингээд баарны хаалга ч нээгдсэн. Миний хамраас цус гараад, шатны бариулаас бариад эргэх хооронд нөгөө улаан малгайтай залуу миний толгой, дагз хэсэг рүү цохиод байсан. Тэгж байгаад нөгөө улаан малгайтай залуу надаас холдсон. Цааш хартал баарны хамгаалагч хийж байсан залуу болон улаан малгайтай залуу Д.Наранболд, Б.Хүдэрбаяр нарыг газарт унагаад өшиглөж байсан. Тэгээд миний нүд бүрэлзээд ухаан балартсан. ... хагалгааны дараа миний эрүү далий болчихсон, үзлэг хийлгэхэд дахин хагалгаа хийлгэх шаардлагатай гэж хэлсэн. ... Миний бие махбодид учирсан, дүгнэлтэд тусгагдсан хүндэвтэр зэргийн гэмтлийг улаан малгайтай залуу гараараа цохиж учруулсан. Эхлээд намайг мөргөөд би цаашаа эргэж хараад шатны бариулаас зуурч авахад нөгөө улаан малгайтай залуу миний араас зодоод байсан, би толгойгоо хажуу тийш эргүүлэхэд миний эрүүний зүүн хэсэг дээр нөгөө улаан малгайтай залуу гараараа хүчтэй цохиж авсан. Энэ цохисон үйлдлээр миний эрүү хугарсан ...” /1-р хх 17-18/,

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч А.Баттулгын “... дөнгөж баарнаас гартал шатан дээр Д.Түвшинбаяр, М.Билгүүн нарыг 2 залуу наана цаанаас нь бариад шатны хашлаганд тулгачихсан цохиж байсан. Д.Түвшинбаярыг махлаг залуу барьчихсан, М.Билгүүнийг улаан малгайтай, махлаг залуу цохиж байсан. Би гараад М.Билгүүнийг салгаад автал, цаана шатны доор Б.Хүдэрбаяр, Д.Наранболд нар луу дайрсан. Тэгтэл барилддаг бололтой чих нь хугарсан хамгаалагч, бас нэг махлаг шар хамгаалагч нар эхлээд салгаад, нөгөө хоёр залууг татаж авч байсан. Гэтэл улаан малгайтай залуутай хамт танхайраад байсан залуу “та нарыг алнаа” гээд бид нар луу дайрсан. Тэр залуутай хамт барилддаг бололтой чих нь хугарсан хамгаалагч ирээд нөгөө залуутай нийлээд Д.Наранболд, Б.Хүдэрбаяр нарыг түлхэж газарт унагаагаад нөгөө танхайраад байгаа залуу Б.Хүдэрбаярын дээрээс нь өшиглөөд байсан. Энэ үед улаан малгайтай залуу гүйж ирээд Билгүүнийг цохиод унагаачихсан. ... улаан малгайтай залуу нь М.Билгүүнийг зодсон, нөгөө цайвар футболктай танхайраад байсан залуу нь Д.Түвшинбаяр, Б.Хүдэрбаяр, Д.Наранболд нарыг зодсон ...” /1-р хх 19-20/,

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Д.Түвшинбаярын “... баарны хаалга онгойгоод гадагшаа гарцгаагаад гаднах шатан дээр улаан малгайтай залуу бас нэг залуугийн хамтаар М.Билгүүн бид хоёр луу гэнэт дайраад, намайг нэг залуу барьж аваад хавирга орчим руу цохиж авсан. Тэгээд би газарт унахад миний гар дээр гишгэсэн юм шиг гар хөндүүртэй байгаад байсан. Намайг нэг харахад А.Баттулга зодоон хийгээд байгаа хүмүүсийг болиулах гээд гүйж явсан ба М.Билгүүн ямар ч байсан газарт уначихсан харагдсан. Би босоод шатаар буутал намайг нэг махлаг залуу барьж аваад газарт унагаагаад өшиглөж зодсон ...” /1-р хх 21-22/,

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Хүдэрбаярын “... Д.Наранболдыг шатны хажууд хоёр залуу зодож байгаа харагдсан. Би салгах гээд яваад очтол намайг нэг залуу гэдэс орчим руу цохиод би ухаан алдаад унасан. Би Д.Наранболдыг салгах гэж байх үед саравчтай малгайтай залуу М.Билгүүнийг мөргөж байгаа харагдсан. ... улаан малгайтай залуу мөргөж байгааг нь би харсан ...” /1-р хх 23-24/,

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Д.Наранболдын “... Нөгөө хоёр залуу бууж ирээд М.Билгүүнийг улаан малгайтай залуу нь цохиж байгаа нь харагдсан. ... Улаан малгайтай залуу шатны дээр цохиж байгааг би харсан ...” /1-р хх 25-26/,

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Э.Золзаяагийн “... Тэнд саарал цамцтай залуу, улаан малгайтай залуу нар их агсраад, хүн алахад ч бэлэн байсан. ... М.Билгүүнийг эхлээд шатан дээр нэг залуу цохисон. Дараа нь шатнаас буугаад зам дээр улаан малгайтай залууд цохиулаад унаж байсан ...” /1-р хх 27-28/,

 

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Б.Болормаагийн “... Би дотор ороод текен дээр очоод “пиво авъя, мөнгийг нь гарахдаа өгье” гэж орилоод хэлсэн. Тэгсэн Ганаа “өгөхгүй, чамд зээлээр өгөхгүй, чи юу яриад байгаа юм, яасан дураараа юм бэ, одоо баарнаас гар” гэж хэлээд хамгаалагчдаа хандаад “наадахаа гарга” гэсэн. Тэгэхээр нь би уурлаад дунд хуруугаа гаргаад салаавч үзүүлээд явахгүй, гарахгүй гээд зугтаасан. Тэгээд би зугтаагаад доошоогоо буугаад “Парис” баарны гаднах шатан дээр зогсож байтал араас Ганаа гараад ирсэн. Тэгээд бид 2 хамтдаа шатнаас буугаад баарны баруун урд буланд очоод Ганаатай би маргалдсан. Тухайн үед бааран дотор Ганаад би салаавч үзүүлсэн болохоор Ганаа уурлаад бас намайг гаргасан эсэхийг шалгах гэж гарч ирсэн байсан. Тэгээд би Ганаад хандаад “чи муу пизда минь яахлаараа намайг оруулдаггүй юм, май энэ салаавчийг амруугаа чих” гэж хэлээд дайрсан. Тэгээд гарыг нь маажаад, нүүрийг нь маажих гээд дайрах үед өндөр болохоороо нүүрэнд нь хүрэхгүй байсан. Тэгтэл Ганаа миний 2 гараас бариад мушгиад, тэгээд гар эвгүй болгосон. Тэгээд салаад намайг нэг удаа алгадсан. ... гарыг бол Г.Ганхуяг гараараа мушгих үедээ хугалж гэмтээсэн, харин гуянд хөлөөрөө жийгээд гэмтэл учруулсан ...” /1-р хх 105-108, 140-141/ гэх мэдүүлгүүд,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “... М.Билгүүний биед доод эрүүний зөрүүтэй далд хугарал, доод эрүүний зөрөөтэй далд хугарал, доод эрүүний зүүн хэсгийн зөөлөн эдийн няцрал, духны зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх доод эрүүний зөрүүтэй далд хугарал гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй ...” гэсэн 5440 дугаартай шинжээчийн дүгнэлт /1-р хх 30-31/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “... Б.Болормаагийн биед зүүн гарын шуу ясны хугарал, баруун гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг, учрал болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой ...” гэсэн 7548 дугаартай шинжээчийн дүгнэлт /1-р хх 113-114/,

 

Мөрдөн байцаалтын шатанд шинжээч эмч Б.Ундармаагийн “... доод эрүүний зөрүүтэй далд хугарал, доод эрүүний зүүн хэсгийн зөөлөн эдийн няцрал гэмтэл нь нэг удаагийн үйлчлэлээр нэг дор үүссэн гэмтэл болно. Харин духны зулгаралт гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Хохирогчийн биед учирсан гэмтлүүд нь бүгд нийлээд гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна ...” /1-р хх 34/,

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч П.Булганы “... М.Билгүүний эрүүнд хагалгаа хийсэн. М.Билгүүн нь эрүүний үе болон ооч хэсгээр хугарал гэмтэл авсан байсныг титанан ялтсаар эрүүний ясны зөрүүг арилган хадах эмчилгээ хийсэн. ... хугарлын завсар байгаа шүд хөдөлж болох ба цаашдаа  тогтчихно ...” /2-р хх 20-21/ гэх мэдүүлгүүд,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “... Шинжээч эмч Б.Ундармаагийн гаргасан 2016 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 5440 тоот үзлэгт хүндэвтэр зэргийн гэмтэлд хамаарна гэсэн дүгнэлт үндэслэлтэй байна. Дээрх эрүүний зүүн сэртэн болон оочийн хугарал нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ. Тухайн гэмтэл авсан гэх хугацаанд үзүүлж эмнэлгийн тусламж авсан байна. Дээрх гэмтэл нь нэг болон хэдэн ч удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой байна ...” гэсэн 412 дугаартай давтан бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт /2-р хх 25-35/,

 

Хохирлын баримтууд /1-р хх 68-71, 175-176/, хохирол төлсөн баримт /1-р хх 66, 134/, хяналтын камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2-р хх 22-24/, ялтан Г.Ганхуягийн сэжигтэн, яллагдагчаар хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Мөрдөн байцаалтын шатанд Г.Ганхуягт холбогдох хэрэгт Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тодруулсан бөгөөд анхан шатны шүүхээс “гэмт хэрэг гарсан байдал, түүнийг хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр, учирсан хохирлын шинж чанар, хэр хэмжээ”-г хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэлэн хэргийн үйл баримтыг зөв тогтоосон байна.

 

Г.Ганхуягийн үйлдлийг зүйлчилсэн хэргийн зүйлчлэл зөв, шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчөөгүй байна.

 

Шүүх, шүүгдэгч Г.Ганхуягийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал болон хохирогч Б.Болормаагийн “... би өөрийн буруугаас болж гэмтэл авсан, гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй ...” гэснийг   харгалзан баривчлах ял оногдуулж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй, ялтны гэм буруу, хувийн байдалд тохирсон гэж давж заалдах шатны шүүх үзэв.

 

Хохирогч М.Билгүүн “… хохирлыг бүрэн барагдуулаагүй байхад шүүгдэгчид ял завших боломж олгож, миний бие хохироод үлдэж байна. Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.2 дахь хэсэгт заасны дагуу шүүгдэгчээс нөхөн төлбөр шаардсан боловч шүүх дээрх төлбөрийг хэрхэн шийдвэрлэсэн талаар шийтгэх тогтоолдоо заагаагүйд гомдолтой байна. Иймд хөдөлмөрийн чадвараа алдсанаас орлогогүй байсан хугацааны цалин хөлсийг Г.Ганхуягаас гаргуулж өгнө үү ...” гэсэн давж заалдах гомдол гаргаж байгаа боловч хэрэгт авагдсан баримтаар Г.Ганхуягаас хохирогч М.Билгүүнд 1.545.000 төгрөг /1-р хх 66, 188/, хохирогч Б.Болормаад 1.800.000 төгрөг /1-р хх 134, 199/, хэрэг давж заалдах шатны шүүхэд хянагдаж байх хугацаанд М.Билгүүнд 500.000 төгрөг тус тус төлсөн байх бөгөөд хохирогч М.Билгүүнийг өөрт учирсан бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг шийтгэх тогтоолд дурдаж шийдвэрлэсэн байх тул гомдлыг хангах боломжгүй гэж давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Анхан шатны шүүх хохирогч М.Билгүүний өмгөөлөгчөөс хууль, эрх зүйн туслалцаа авсан 500.000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл, М.Билгүүний өмгөөлөгчид төлсөн хөлс нь гэмт хэргийн улмаас учирсан бодит хохиролд тооцогдохгүй бөгөөд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан байцаан шийтгэх ажиллагааны зардалд хамаарахгүй юм. Шийтгэх тогтоол гарсны дараа Г.Ганхуяг хохирогчид 500.000 төгрөгийг төлсөн талаар хохирогч тайлбарлаж байх тул уг төлбөрийг хохиролд тооцох нь хуульд нийцнэ.

Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4, 6 дахь заалтыг давхардуулж бичсэн байх тул 4 дэх заалтыг хүчингүй болгов.

Түүнчлэн шүүхийн шийтгэх тогтоол үг, үсгийн алдаа ихтэй, тогтоох хэсгийн заалтуудыг буруу дугаарласан зөрчилтэй байгааг анхааруулж, цаашид дээрх алдааг давтахгүй байх нь зүйтэй.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1, 315.1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 3-ны өдрийн 238 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалтыг хүчингүй болгосугай.

 

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, хохирогч М.Билгүүний гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

           

            4. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор хяналтын шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Т.ӨСӨХБАЯР                   

                                   

                        ШҮҮГЧИД                                                       Д.ОЮУНЧУЛУУН

 

                                                                                                Ж.ЭРДЭНЭЧИМЭГ