Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 10 сарын 20 өдөр

Дугаар 00556

 

Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Одончимэг даргалж, хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: 1966 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Булган аймгийн Тэшиг суманд төрсөн, эмэгтэй, 50 настай, Булган аймгийн Тэшиг сумын 1 дүгээр баг Хужирт гэх газар оршин суух Хоршоо овогт Дэмбэрэлийн Оюунцэцэг /РД:ГЙ66101501 /-ийн нэхэмжлэлтэй,

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай 132/2016/00589/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нарийн бичгийн дарга Э.Цэнгүүн оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Оюунцэцэг нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие нь Булган аймгийн Тэшиг сумын Шинэ-Амьдрал нэгдэлд 1981 оноос 1989 он хүртэл малчнаар ажиллаж байсан. Тухайн үед хөтлөгдөж байсан хөдөлмөрийн дэвтэрээ гээгдүүлсэн 1981 оноос 1989 оны цалингийн цэсний лавлагааг архиваас авсан. 1981 оноос 1989 он хүртэл 9 жил ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ. Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Оюунцэцэг нь Булган аймгийн Тэшиг сумын Шинэ-Амьдрал нэгдэлд 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь Булган аймгийн Архивын тасгийн 2016 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 30 дугаартай цалингийн лавлагаа иргэний үнэмлэхний нотариатаар баталгаажуулсан хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, тухайн үед Д.Оюунцэцэгтэй хамт ажиллаж байсан гэрч Ш.Уранчимэгийн Д.Оюунцэцэг нь 1974 онд сургуульд ороод 1983 онд 7 дугаар ангид байхдаа шар өвчин тусаж сургуулиас гарсан. Би 1986 онд Булган аймгийн Тэшиг сумын Шинэ-Амьдрал нэгдэлд малчнаар очсон. Намайг очход Д.Оюунцэцэг нь тухайн нэгдэлд саальчин, малчин хийж байсан. Д.Оюунцэцэг бид хоёр нэгдэл тартал хамт ажиллаж байсан гэх мэдүүлэг, Д.Лхагвасүрэнгийн Д.Оюунцэцэг нь 1981 оноос Булган аймгийн Тэшиг сумын Шинэ-Амьдрал нэгдэлд малчнаар ажиллаж байсан. Би тухайн нэгдэлд 1984 оноос 1992 он хүртэл малчнаар ажиллаж байсан. Намайг нэгдэлд анх орход Д.Оюунцэцэг нь ажиллаж байсан. Нэгдэлд тарах хүртэл хамт ажиллаж байсан гэх зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч нь шүүх хуралдаанд оролцох боломжгүй талаар хүсэлт гаргасан байх тул шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар хэргийг хянан шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Хоршоо овогт Дэмбэрэлийн Оюунцэцэгийг Булган аймгийн Тэшиг сумын Шинэ-Амьдрал нэгдэлд 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар нийт 9 /есөн/ жил ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.ОДОНЧИМЭГ