Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
---|---|
Шүүгч | Лхагваагийн Оюунцэцэг |
Хэргийн индекс | 151/2016/0268/И |
Дугаар | 167 |
Огноо | 2016-03-23 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 03 сарын 23 өдөр
Дугаар 167
Төв аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шүүхийн шүүгч Л.Оюунцэцэг даргалж хийсэн иргэний шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Ерөнхий Газрын харъяа Төв аймгийн Баян суман дахь Согтуурах мансуурах донтой өвчтөнг албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газрын хүсэлттэй “өвчтөн М.Хүрэлбаатарыг өвчний учир албадан эмчилгээг дуусгавар болгуулах тухай” иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Төв аймгийн Баян суман дахь Согтуурах мансуурах донтой өвчтөнг албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газрыг төлөөлж тус газрын их эмч, дэслэгч Б.Энхболд, өвчтөн М.Хүрэлбаатар, нарийн бичгийн дарга А.Солонго нарыг оролцуулан хийв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Согтуурах мансуурах донтой өвчтөнг албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газар шүүхэд гаргасан хүсэлтдээ: өвчтөн М.Хүрэлбаатар нь 2016 оны 05 сарын 04-ний өдөр албадан эмчлэх газарт хордлого тайлах, шинж тэмдэг, сэтгэл заслын эмчилгээ хийгдсэн байгаа. Зүрх хэм алдагдалтай, амьсгааддаг зүрхний архаг дутагдалтай учраас нарийн мэргэжлийн эмчид үзүүлэх шаардлагатай. Манай байгууллагад нарийн мэргэжлийн эмч байхгүй. Энэ хүнд эмчилгээ хийх гэхээр үндсэн эмчилгээ таарахгүй 6 төрлийн харшлах зүйлтэй өвчинд орж байгаа учраас цаашид эмчилгээг манай байгууллагад хийлгэх шаардлагагүй. Эхний 7-14 хоног хордлого тайлах эмчилгээ хийгдсэн. Иймд харшил үүсгэх болон шинж тэмдгийн эмчилгээ таарахгүй байгаа учраас элэгний дутмагшил өвчний улмаас эмчилгээг хугацаанаас нь өмнө дуусгавар болгох хүсэлттэй байна гэв.
Өвчтөн М.Хүрэлбаатар нь шүүхэд болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: “Би өмнө нь ийм эмчилгээ хийлгэж байгаагүй. 2016 он гараад архи эрчимтэй уусан. Удаа дараа Баянзүрх дүүргийн цагдаад 8 удаа эрүүлжүүлэгдсэн, баривчилгаанд 20 хоног байсан. Иймд эмчилгээ таарахгүй байгаа учраас албадан эмчилгээнээс чөлөөлж өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Өвчтөн М.Хүрэлбаатар нь Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 сарын 04-ний өдрийн 3975 дугаартай шийдвэрээр захиргааны журмаар албадан эмчлэхээр шийдвэрлэсэн байна.
Өвчтөн М.Хүрэлбаатар нь анх удаа тус газарт ирж 34 хоногийн хугацаанд эмчилгээ хийлгүүлсэн байна. Эмчилгээний үр дүнд биеийн ерөнхий байдал сайжирч, зовиур шаналгаа арилж, цаашид архи зохихгүй болгох шатны эмчилгээ хийхэд харшлах өвчний заалттай тул албадан эмчилгээнээс хугацаанаас нь өмнө чөлөөлөх үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Согтуурах мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т зааснаар М.Хүрэлбаатарыг албадан эмчлэх хугацааг дуусгавар болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч байгууллага нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ОЮУНЦЭЦЭГ