Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
---|---|
Шүүгч | Лхагваагийн Оюунцэцэг |
Хэргийн индекс | 151/2016/0597/И |
Дугаар | 597 |
Огноо | 2016-06-13 |
Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 06 сарын 13 өдөр
Дугаар 597
Төв аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Оюунцэцэг даргалж,
Нэхэмжлэгч: Төв аймгийн Баянчандмань сумын Эрдэнэ 3 дугаар багийн иргэн ИЭ65081463 регистрийн дугаартай Чухал овогт Зидаагийн Мягмарсүрэнгийн хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нарийн бичгийн дарга Г.Сугармааг оролцуулав.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч З.Мягмарсүрэн шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1965 онд төрсөн, 51 настай. Би Завхан аймгийн Алдархаан сумын Партизан Чойбалсан нэгдлийн Чигэстэй бригадад 1980 оны 06 сарын 01-нээс 1989 оны 09 сарын 30-ныг хүртэл малчнаар ажиллаж байсан. Одоо өндөр насны тэтгэврээ тогтоолгох гэтэл тухайн үед анх ажилд томилсон болон ажлаас чөлөөлсөн зэрэг холбогдох тушаал олдохгүй, хөдөлмөрийн дэвтрээ галд үрэгдүүлсэн учраас ажиллаж байсан хугацаагаа шүүхээр тогтоолгох шаардлагатай болсон. Завхан аймгийн архивын газарт хандаж тухайн ажиллаж байсан хугацааны цалинг түүвэрлэж өгсөн, өөр холбогдох тушаал байхгүй гэсэн. Иймд миний дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг хэрэгт цуглуулан өгсөн нотлох баримт, гэрчүүдийн мэдүүлэг зэргийг үндэслэн тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн тайлбар, Завхан аймгийн архивын тасгийн тодорхойлолт, гэрчүүдийн мэдүүлгүүд болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
З.Мягмарсүрэн нь Завхан аймгийн Алдархаан сумын Партизан Чойбалсан нэгдлийн Чигэстэй бригадад 1980 оны 06 сарын 01-нээс 1989 оны 09 сарын 30-ныг хүртэл малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор дараах нотлох баримтуудыг ирүүлжээ. Үүнд:
1.Завхан аймгийн Архивын тасгийн 2014 оны 04 сарын 03-ны өдрийн А/426 тоот албан бичигт: “Алдархаан сумын Партизан Чойбалсан нэгдлийн Чигэстэй бригадад мал маллаж байсан З.Мягмарсүрэн нь 1980-1989 оныг дуустал 1426,3-4320,0 төгрөгийн цалин хөлс авч байсан /ЗАТА Ф №106, Хн№70-р данс/ гэжээ.
2.Гэрч Ц.Жавзандолгорын “З.Мягмарсүрэн нь Завхан аймгийн Алдархаан сумын Партизан Чойбалсан нэгдлийн Чигэстэй бригадад малчнаар 1980 оны 06 сараас 1989 оны 09 сарыг хүртэл ажиллаж байсныг мэднэ. Бид нэг нутгийн хүмүүс учраас гэрчилж байна. З.Мягмарсүрэн нь бод бог нийлсэн мал малладаг байсан. Би Завхан аймгийн Алдархаан сумын Партизан Чойбалсан нэгдлийн Чигэстэй бригадын гуанзанд үйлчлэгчээр ажиллаж байсан. Надад хөдөлмөрийн дэвтэр өгч байгаагүй” гэх,
-гэрч Б.Цэцэгдуламын “З.Мягмарсүрэн нь Завхан аймгийн Алдархаан сумын Партизан Чойбалсан нэгдлийн Чигэстэй бригадад малчнаар багаасаа эх эцгээ дагаж малчнаар ажиллаж эхэлсэн хүн байгаа юм. Түүнийг хэдээс хэдэн онд маллаж байсныг санахгүй байна. бид нэг нутгийн айл саахалт байсан учраас түүнийг ажиллаж байсан нь үнэн юм гэдгийг гэрчилж байна. З.Мягмарсүрэнгийн аав Зидаа, ээж Пагамсүрэн нар нь Завхан аймгийн Алдархаан сумын Партизан Чойбалсан нэгдлийн Чигэстэй бригадад бод бог малладаг байсан. Би З.Мягмарсүрэнтэй хамт ажиллаж байгаагүй ч түүнийг багаас нь мэдэх учраас шүүхэд гэрчилж байгаа юм” гэх мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтууд байна.
Түүнийг анх ажилд томилсон болон ажлаас чөлөөлсөн тушаал нь өөрт нь хадгалагдаагүй буюу архиваас олдохгүй байгаа болох нь өөрийнх нь тайлбараар тогтоогдож байна. Харин Завхан аймгийн архивын тасгийн тодорхойлолтод тасралтгүй малчнаар ажиллаж цалин хөлс авч байсан тухай баримт ирүүлсэн болох нь түүнийг тухайн цаг үед малчин байсныг нотолж байна гэж дүгнэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ” гэж зааснаар хүсэлт гаргагчаас хэрэгт ирүүлсэн дээрх бичгийн нотлох баримтуудыг үндэслэн шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүх нэхэмжлэгч З.Мягмарсүрэнгийн хүсэлтээр түүнтэй хамт ажиллаж байсан Ц.Жавзандолгор, Ч.Алтангэрэл нараас хууль сануулж гэрчийн мэдүүлэг авсан ба эдгээр хүмүүс нь Завхан аймгийн Алдархаан сумын Чигэстэй бригадын гуанзны үйлчлэгч, трактор комбайнч зэрэг ажил хийж, хамт ажиллаж байсан болох нь тэдний тайлбараар нотлогдож байна.
1980 оны 06 сарын 01-нээс 1989 оны 09 сарын 30-ныг хүртэл Завхан аймгийн Алдархаан сумын Партизан Чойбалсан нэгдлийн Чигэстэй бригадад малчнаар ажиллаж байсан болохыг тогтоох нь зүйтэй байна.
Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан ИЭ65081463 регистрийн дугаартай Чухал овогт Зидаагийн Мягмарсүрэнг Завхан аймгийн Алдархаан сумын “Партизан Чойбалсан” нэгдлийн Чигэстэй бригадад малчнаар 1980 оны 06 сарын 01-нээс 1989 оны 09 сарын 30-ныг хүртэл ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч З.Мягмарсүрэнгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ОЮУНЦЭЦЭГ