| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхагваагийн Оюунцэцэг |
| Хэргийн индекс | 151/2016/0586/И |
| Дугаар | 620 |
| Огноо | 2016-06-22 |
| Маргааны төрөл | Сэтгэцийн өвчний улмаас хүнийг эрх зүйн чадамжгүй болон хязгаарлагдмал чадамжтой гэж тооцох, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 06 сарын 22 өдөр
Дугаар 620
|
|
|
|
Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Оюунцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Төв аймгийн Борнуур суманд байрлах Борнуур сумын Сонгуулийн хорооны хүсэлттэй, Алаг адуут овогт Түмэнбаярын Раднаабазарыг эрх зүйн чадамжгүйд тооцуулахыг хүссэн хүсэлтийг 2016 оны 5 сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Сугармаа оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Борнуур сумын Сонгуулийн хороо шүүхэд гаргасан хүсэлтдээ:- Төв аймгийн Борнуур сумын Бичигт багийн иргэн Түмэнбаярын Раднаабазар нь анх төрөхөөсөө эхлэн сэтгэцийн өвчний улмаас Аймгийн нэгдсэн эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын актаар хөгжлийн бэрхшээлтэй нь тогтоогдсон тул түүнийг эрх зүйн чадамжгүйг тогтоож өгнө үү гэжээ.
Т.Раднаабазарын хууль ёсны төлөөлөгч С.Түмэнбаяр нь тус шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний хүү Түмэнбаярын Раднаабазар нь 1987 онд төрсөн. Аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрээр төрөлхийн оюуны хүндэвтэр хомсдол онош тогтоогдсон тул эрх зүйн чадамжгүйг тогтоож, намайг түүний асран хамгаалагчаар тогтоож өгнө үү гэжээ.
Шүүхээс хэрэгт авагдсан Төв аймгийн Борнуур сумын Бичигт 3 дугаар багийн засаг даргын тодорхойлолт, Т.Раднаабазарын хууль ёсны төлөөлөгийн тодорхойлолт, Т.Раднаабазарын хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон акт, иргэний үнэмлэхийн хуулбар, Сонгуулийн насны эрх зүйн чадамжгүй иргэдийн судалгаа, Төв аймгийн Сонгуулийн хорооны 2016 оны 5 сарын 30-ны өдрийн 26 дугаар албан бичиг, Т.Раднаабазарын хууль ёсны төлөөлөгч С.Түмэнбаярын тайлбар, Шүүх сэтгэц, эмгэг судлалын магадлан шинжилгээний дүгнэлт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Борнуур сумын Сонгуулийн хороо нь Т.Раднаабазарыг эрх зүйн чадамжгүйд тооцуулахаар хүсэлт гаргажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 141 дүгээр зүйлийн 141.1-д "сэтгэцийн өвчний улмаас иргэнийг эрх зүйн чадамжгүй гэж тооцуулах тухай хүсэлтийг ... эсхүл сонирхогч бусад этгээд /сонгуулийн хороо/ ... гаргана" гэж зааснаар Борнуур сумын Сонгуулийн хороо нь шүүхэд хүсэлт гаргах эрхтэй байна.
Нэхэмжлэгч Борнуур сумын Сонгуулийн хороо, дарга Ц.Цолмон нь тус шүүхэд “... Үндсэн ажлаа орхих хүндрэлтэй байна. Иймд шүүх хуралдаанд намайг оролцуулалгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү” гэсэн хүсэлтийг бичгээр ирүүлсэн байх ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар нэхэмжлэгчийг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн болно.
Өвчтөн Т.Раднаабазарын сэтгэцийн өвчин нь анх 1987 онд буюу төрсөн цагаасаа эхэлж, эмчийн хяналтанд орж, улмаар уг өвчнөөрөө 70 хувийн хөдөлмөрийн чадвар алдалтаар группт орсон, насанд хүрсэн боловч сэтгэцийн өвчний улмаас өөрийн үйлдлийн учир холбогдлыг ойлгохгүй, өөрийгөө зөв удирдаж чадахгүй болсон болох нь Т.Раднаабазарын хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон акт, Т.Раднаабазарын хууль ёсны төлөөлөгч болон нэхэмжлэгчийн тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтууд, Шүүх сэтгэц гэм судлалын магадлан шинжилгээний дүгнэлтэд
“1/ Төрөлхийн оюуны хүндэвтэр хомсдолтой
2/ Өөртөө тавих хяналт суларсан, Нийгэм ба орчны харилцаа сул хөгжсөн.
3/ Өөрөө бие даах чадваргүй, бусдын асаргаанд байдаг, бие даан шийдвэр гаргах чадваргүй.
4/ Өөрийгөө удирдах чадваргүй тул
Т.Раднаабазар нь эрх зүйн чадамжгүй болохыг тодорхойлов” гэсэн дүгнэлт зэргээр давхар нотлогдож байх тул түүнийг эрх зүйн чадамжгүйд тооцож, асран хамгаалагчаар нь эцэг С.Түмэнбаярыг тогтоох үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 143 дугаар зүйлийн 143.1-д заасныг баримтлан ИР87051411 регистрийн дугаартай Алаг адуут овогт Түмэнбаярын Раднаабазарыг эрх зүйн чадамжгүйд тооцож, түүний асран хамгаалагчаар эцэг Сэр-одын Түмэнбаярыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 144 дүгээр зүйлийн 144.1-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 143 дугаар зүйлийн 143.2-т зааснаар Т.Раднаабазар эдгэрэх буюу эрүүл мэнд нь мэдэгдэхүйц сайжирвал өөрөө буюу түүний асран хамгаалагч С.Түмэнбаяр, сонирхогч бусад этгээд эрх зүйн чадамжтай болсныг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ОЮУНЦЭЦЭГ