Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
---|---|
Шүүгч | Лхагваагийн Оюунцэцэг |
Хэргийн индекс | 151/2016/0917/И |
Дугаар | 868 |
Огноо | 2016-09-01 |
Маргааны төрөл | Хүүхэд үрчилснийг хүчингүйд тооцох, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 09 сарын 01 өдөр
Дугаар 868
Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Оюунцэцэг даргалж,
Төв аймгийн Зуунмод сумын 1 дүгээр баг 28 дугаар байр 3-35 тоотод оршин суух М.Долгормаагийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Авирмэдийн хүсэлттэй хүүхэд үрчилснийг хүчингүйд тооцуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Авирмэд, нарийн бичгийн дарга Г.Сугармаа нарыг оролцуулав.
ТОДОРХОЙЛОХ нь:
Игэмжлэгдсэн төлөөлөгч О.Авирмэд шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний зээ хүү Дөлгөөн Төв аймгийн Зуунмод суманд 2000 оны 6 сарын 15-ны өдөр Могнулын Долгормаа, Базаргарьдын Мөнхтөр нарын дундаас төрсөн. Одоо 16 настай, 12 дугаар ангид сурдаг. Эцэг Б.Мөнхтөр нь хүүг 2 настай байх үеэс Солонгос улс руу ажил хийхээр явсан. Түүний төрсөн эх Д.Намбарт зээ хүүг үрчлүүлсэн юм. Зээ хүү маань эмэг эхийн хамт Солонгос улс руу явж эцэгтэйгээ уулзсан юм. Одоо хүү Дөлгөөн 16 нас хүрч байгаа, мөн үрчлэн авсан Д.Намбар 60 нас хүрч байгаа, хүү өөрийн төрсөн эцэг, эхийнхээ асрамжинд байх хүсэлтэй байгаа тул үрчлэлтийг хүчингүй болгож өгөхийг шүүхээс хүсч байна гэв.
Хүүхэд үрчлэгч Д.Намбар шүүхэд тайлбарлахдаа: Миний бие ач хүү Дөлгөөнийг үрчлэн авсан. Одоо би нас өндөр болсон, хүү Дөлгөөн маань 16 нас хүрч иргэний үнэмлэх авах болсон, хүү өөрөө төрсөн эх, эцгийн асрамжинд байх хүсэлтэй байгаа зэргийг харгалзан үзэж үрчлэлтийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн тайлбар болон Төв аймгийн Зуунмод сумын Засаг даргын хүүхэд үрчлэх тухай захирамж, Үрчилсний бүртгэлийн лавлагаа, хүүхдийн нэр өөрчилсөн тухай гэрчилгээ, иргэний үнэмлэхийн хуулбар, гэрчүүдийн мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинэчлэн хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ нь:
Итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 133 дугаар зүйлийн 133.1.1-д зааснаар эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгохоор эрх зүйн маргаангүй үйл явдлыг буюу хүүхэд үрчилснийг хүчингүйд тооцуулахыг хүссэн байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ” гэж зааснаар хүсэлт гаргагчаас ирүүлсэн бичгийн нотлох баримтуудыг хууль зүйн талаас нь харьцуулан үзэж түүний хүсэлтийг хангах үндэслэлтэй байна гэж үзлээ.
Хүү Дөлгөөн нь 2000 оны 06 сарын 15-ны өдөр төрсөн ба түүний төрсөн эх нь М.Долгормаа, төрсөн эцэг нь Б.Мөнхтөр нар болох нь тэдний өөрсдийн бичгээр ирүүлсэн тайлбар болон гэрчүүдийн мэдүүлэг, бусад бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна. Хүүхэд үрчилж авсан Д.Намбар нь Дөлгөөний төрсөн эцэг Б.Мөнхтөрийн төрсөн эх нь бөгөөд түүний хүү тухайн үед гадаад улсад ажиллах болж, хүүхдийг байнга асрамжлан хамгаалах зайлшгүй шаардлагын улмаас өөрийн эх Д.Намбарт үрчлүүлсэн байна. Эмэг эх Д.Намбар нь өндөр настай ба хүү Н.Дөлгөөн 16 нас хүрч гадаад улсад суралцах хүсэлтэй байгаа, эцэг Б.Мөнхтөр, эх М.Долгормаа нар төрсөн хүүхдээ өөрсдийн асрамжиндаа авч, сурч боловсроход эцэг эхийнх нь анхаарал халамж зайлшгүй шаардлагатай гэж үзэж үрчлэлтийг хүчингүйд тооцуулахыг хүссэн байна.
Хүүхэд үрчлэгч Д.Намбарын зүгээс хүүхдийн эрх ашиг сонирхлыг хууль бусаар ашиглаж хохироосон гэж үзэх үндэслэл байхгүй байна.
О.Авирмэдийн хүсэлт нь хуульд заасан шалтгаанаар үрчлэлтийг хүчингүй болгох үндэслэл биш боловч ахуй амьдралын зайлшгүй шаардлагын улмаас хүү Дөлгөөнийг төрсөн эцэг эхийнх нь асрамжинд өгөхөөр үрчлэлтийг хүчингүй болгохыг хүссэн болох нь хуульд харшлахгүй бөгөөд зохигчдын тайлбар болон гэрчүүдийн тайлбар, мэдүүлэг зэргийг үндэслэн нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж хүүхэд үрчилсэн үрчлэлтийг хүчингүйд тооцож дуусгавар болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 145 дугаар зүйлийн 145.6-д заасныг баримтлан НЭ00261514 регистрийн дугаартай Мөнхтөрийн Дөлгөөнийг 2016 оны 03 сарын 21-ний өдөр НЭ53031901 регистрийн дугаартай Дэчингийн Намбарт үрчилсэн үрчлэлтийг хүчингүйд тооцож, дуусгавар болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 145 дугаар зүйлийн 145.7-д зааснаар 2000 оны 06 сарын 15-ны өдөр төрсөн хүү Дөлгөөнийг төрсөн эцэг Базаргарьдын Мөнхтөр, Могнуулын Долгормаа нарын асрамжинд үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар Б.Мөнхтөрийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ОЮУНЦЭЦЭГ