Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 1031

 

 

 

Зохигч эвлэрснийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

                                                                                                          

Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюунцэцэг би, Хөвсгөл аймгийн Тариалан сумын 1 дүгээр баг 1-1 тоотод байрлах ЭТҮ ХХК /РД:4124243/, итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Даваажаргал /утас:88003734/-ын нэхэмжлэлтэй,

Төв аймгийн Заамар сумын Тосон багийн иргэн Тахилант овогт Доржпаламын Отгонбаатар /РД:НН72112871, утас:99897433/-д холбогдох

Гэм хорын хохирол 3264000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 08 сарын 23-ны өдөр хүлээн авч хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчий итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Даваажаргал шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ЭТҮ ХХК нь 2007 оноос хойш газар тариалангийн үйл ажиллагаа эрхэлж байгаа ба Төв аймгийн Заамар сумын Тосон багийн нутаг, Сүүл буга гэх газар 287 га талбайг 2015 оноос хойш түрээслэн үр тариа тариалж байна. Гэтэл Д.Отгонбаатар нь 2016 онд өөрийн 51 толгой малаа манай тариалангийн талбайд бэлчээж Тариалангийн тухай хуульд заасныг зөрчиж мөн хуулийн 24 дүгээр зүйийн 24.1.1-д заансаар толгой тутам хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 1/3 буюу 64000 төгрөгөөр тооцож нийт 3264000 төгрөгийг нэхэмжилж байсан. Хариуцагч Д.Отгонбаатар нь 1275000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байх тул манай байгууллага нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж уг мөнгийг нэхэмжилж байна гэжээ.

 

Хариуцагч Д.Отгонбаатар шүүхэд гаргасан тайлбартаа: Манай 51 тооны мал ЭТҮ ХХК-ийн тариалангийн талбайд орж сүйтгэсэн нь үнэн. Тухайн үед тариан талбайд учирсан хохирлыг 1275000 төгрөгөөр тооцож байсан, энэ мөнгийг төлөх боломжтой байна, үүнийг төлөхийг зөвшөөрч байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ЭТҮ ХХК-ийн төлөөлөгч О.Даваажаргал нь нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж хариуцагч Д.Отгонбаатараас 1275000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж, уг төлбөрийг хариуцагч бүрэн төлж барагдуулахаар зөвшөөрч зохигчид эвлэрч, шүүхэд бичгээр тайлбараа ирүүлсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.6-д заасан “... хариуцагч хүлээн зөвшөөрч талууд нэхэмжлэлийн тодорхой хэсгийн талаар тохиролцож шүүхийн өмнө эвлэрч болно. Гэрээний агуулгыг талууд бичгээр гарган хоёр тал хүлээн зөвшөөрч гарын үсэг зурснаар гэрээ хүчин төгөлдөр болно, талууд Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй байна” гэсэн хуулийг зөрчөөгүй байх тул нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 67174 төгрөг төлснийг дурдаж 1275000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагад төлвөл зохих 35150 төгрөгийн тал хувь болох 17675 төгрөгийг улсын орлогоос, 17675 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид тус тус олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1-д заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар нэхэмжлэгч ЭТҮ ХХК-ийн нэхэмжилсэн 1275000 /нэг сая хоёр зуун далан таван мянган/ төгрөгийг хариуцагч Д.Отгонбаатар нь бүрэн төлж барагдуулахаар зөвшөөрч зохигч эвлэрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар 17675 төгрөгийг улсын орлогоос, 17675 төгрөгийг хариуцагчаас тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.  

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд нэхэмжлэгч, хариуцагч нар давж заалдах гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                                   Л.ОЮУНЦЭЦЭГ