Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 10 сарын 14 өдөр

Дугаар 151/ШШ2016/01085

 

 

 

2016 оны 10 сарын 14 өдөр

Дугаар 151/ШШ2016/01085

Төв аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтантуул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

нэхэмжлэгч: Төв аймаг, Өндөрширээт сум, Баянтуул, 1-р багт оршин суух, Таван тэмээт овогт Хишигдоржийн Ариунаа /РД:НР79072063/-ийн нэхэмжлэлтэй,

хариуцагч: Төв аймаг, Өндөрширээт сум, Баянтуул, 1-р багт оршин суух, Найман гэлэнт овогт Дагвагийн Эрдэнэбилэг /РД:НР69091578/-д холбогдох,

9.500.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2016 оны 7 дугаар сарын 8-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Х.Ариунаа, түүний өмгөөлөгч Н.Дашдулам, хариуцагч Д.Эрдэнэбилэг, түүний өмгөөлөгч Б.Ганбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Цагаанцоож нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 Нэхэмжлэгч Х.Ариунаа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаан гаргасан тайлбартаа: 2015 оны 6 дугаар сарын 13-нд Эрдэнэбилэг ахын эхнэр Цэндмаа нар над руу утсаар яриад 18.000.000 төгрөг 2 хоногийн хугацаатай зээлээч 20.000.000 төгрөг болгоод өгье гэхээр нь би байр авах гээд хадгалж байсан 18.000.000 төгрөгийг итгээд нэг нутгийн ах дүү шиг хүмүүс гээд зээлсэн. Тохирсон 2 хоногийн хугацаандаа мөнгөө өгөөгүй, энэ асуудлаас болж манай гэр бүлд маргаан үүссэн. Тухайн үед би хар буруу сэтгэл агуулаагүй хүнд тус болж байвал яах гэж зээлсэн. Би хөхүүл хүүхэдтэй, манай нөхөр намайг 2 хоногийн хугацаатай мөнгө зээлсэн гэсэн чинь яасан юм бэ өнөөдрийг хүртэл мөнгөө өгөхгүй байна. Намайг хэнд мөнгө зээлсэн юм, зээлсэн мөнгөө олж ир гэж уурлаад гэртээ оруулахгүй байсан учраас би Эрдэнэбилэг ахыг ээжийгээ сахиад эмнэлэгт хэвтэж байхад нь очиж уулзаад та надаас мөнгө зээлсэн л юм чинь мөнгө зээлсэн гэж бичиг хийлгээд өгчих хэд хоног ч гэсэн бүтэн нойртой хонох гэсэн юм гээд гарын үсэг зуруулж 2015 оны 7 дугаар сарын 20-ны өдөр нотариатаар гэрчлүүлж, 08 дугаар сарын 01-ний өдөр гэхэд чиний данс руу мөнгө шилжүүлнэ гэсэн боловч 8 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн миний данс руу мөнгө шилжүүлж эхэлсэн. Би Тунгалаг гэх хүнийг танихгүй, мэдэхгүй ийм ч хүн байдаг ч юм уу, үгүй ч юм уу бүү мэд. Миний мэдэж байгаа зүйл бол Эрдэнэбилэг, Цэндмаа хоёр надаас мөнгө зээлсэн. Би та хоёрт итгээд мөнгө зээлж байхад хүний итгэлийг эвдсэн энэ байдал чинь мөнгөнөөс ч илүү стрессэд оруулж байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй. Би хүнд мөнгө зээлээгүй байж зээлсэн гэж худлаа гүтгэх хүн биш. Та намайг дүү нараасаа ч илүү мэдэж байгаа байх. Би өнөөдрийн шүүх хуралдаан дээр хэн хэнээ мэдэхгүй биш хүү, алданги нэхэмжлэхгүйгээр үндсэн төлбөр 5.000.000 төгрөгөө нэхэмжилж байна гэв.

 Хариуцагч Д.Эрдэнэбилэг шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: 2015 оны 6 дугаар сарын 13-ны өдөр Х.Ариунаагаас Т.Тунгалаг нь 1.800.000 төгрөг сарын хугацаатай 10 хувийн хүүтэй зээлсэн юм. Тэгээд Х.Ариунаа өөрөө тэр мөнгөө Т.Тунгалагт дансаар болон бэлнээр өгсөн гэсэн. Т.Тунгалаг нь миний эхнэр Г.Цэндмаагийн холын хамаатан юм. Д.Эрдэнэбилэг миний ээж тэр үед хүнд өвчний улмаас эмнэлэгт хэвтэж Г.Цэндмаа сахиуртай байсан юм. 2015 оны 7 дугаар  сарын 20-ны өдөр Х.Ариунаа нь Г.Цэндмаатай уулзах гээд чадалгүй надтай таараад манай нөхөр үнэмшихгүй байна. Төлбөр барагдуулах гэрээг үзүүлэх гэсэн юм. Хүүхэд уйлаад хөх чинээд байна гэж гуйгаад уйлаад байхаар нь паспорт байхгүй гэсэн чинь хурууны хээгээр гаргуулж Х.Ариунаа өөрөө бичээд надаар харуулсан юм. Намайг аваагүй байхад худал хэлж хуурч бичүүлсэн юм. Би Х.Ариунаагаас нэг ч төгрөг бэлэн болон бэлэн бусаар аваагүй гэв.         
                                                                                                                          ҮНДЭСЛЭХ НЬ:

 Нэхэмжлэгч Х.Ариунаа нь Д.Эрдэнэбилэгээс зээлийн гэрээний үүрэгт 9.500.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага болох 9.500.000 төгрөгийн 4.500.000 төгрөгөөс татгалзаж, үлдэх 5.000.000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна.  

Хариуцагч Д.Эрдэнэбилэг нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, татгалзлын үндэслэлээ ...би мөнгө зээлээгүй, мөнгө аваагүй гэж тайлбарлаж маргаж байна.

Шүүх, нэхэмжлэгч Х.Ариунааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д заасан өөрийн шаардлагаа нотлох үүргээ биелүүлээгүй, мөн Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 281.2-д заасан “Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсан тооцох” үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзлээ.

Учир нь зохигчдын хооронд 2015 оны 7 дугаар сарын 20-ны өдөр Төлбөр барагдуулах гэрээ хийдсэн хэдий ч 18.000.000 төгрөгийг, нэхэмжлэгч Х.Ариунаа нь хариуцагч Д.Эрдэнэбилэгт өгсөн, хариуцагч Д.Эрдэнэбилэг нь мөнгө аваагүй гэх үйл баримтын талаар маргаж, мэтгэлцэж байх боловч мөнгө өгсөн үйл баримт, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдохгүй байна.

Нэхэмжлэгчийн гаргаж өгсөн Хаан банкны 2015 оны 8 дугаар сарын 1-ны өдрөөс 2015 оны 8 дугаар сарын 17-ны өдрийг хүртлэх хугацааны дансны дэлгэрэнгүй хуулгаар Д.Эрдэнэбилэгт мөнгө өгсөн гэх үйл баримт, Эрдэнэбилэг Тунгалагаас гэсэн гүйлгээг Эрдэнэбилэг хийсэн гэж үзэх боломжгүй байна. 

Иймд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 281.2-д зааснаар нэхэмжлэгч Х.Ариунаагийн Д.Эрдэнэбилэгт холбогдох 5.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 166950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар  зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 ТОГТООХ НЬ:

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 281.2-д зааснаар Х.Ариунаагийн нэхэмжлэлтэй, Д.Эрдэнэбилэгт холбогдох 5.000.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 166950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 151/ШЗ2016/02987 дугаартай захирамжаар авсан шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэл хугацаанд хэвээр байхыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

  ШҮҮГЧ                                   Д.АЛТАНТУУЛ