Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 500

 

 

 

 

 

 

 

 

 

          Б.Мөнхбат, Б.Өлзийбаяр, Л.Энхбат нарт

          холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч Д.Гансүх, М.Пүрэвсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

                                                        

            прокурор Ч.Мөнх-Эрдэнэ,

            ялтан Б.Мөнхбатын өмгөөлөгч Я.Батханд,

            нарийн бичгийн дарга П.Учралгэрэл нарыг оролцуулан,

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч М.Алдар даргалж, шүүгч Б.Мөнх-Эрдэнэ, Б.Дуламсүрэн нарын бүрэлдэхүүнтэй шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2017 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн 172 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан Б.Мөнхбат, түүний өмгөөлөгч Я.Батханд нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн Б.Мөнхбат, Б.Өлзийбаяр, Л.Энхбат нарт холбогдох 201725020000 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 6 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч М.Пүрэвсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

           

1. Даш овгийн Батхүүгийн Мөнхбат, 1992 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 3; эхнэр, хүүхдийн хамт Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын 5 дугаар баг, Хонгор гэх газарт оршин суух албан ёсны хаягтай, Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Зүүн жанжны 3 дугаар гудамжны 55 тоотод оршин суух, ял шийтгэлгүй. /регистрийн дугаар: ЛБ92111132/

 

2. Тольтон бургууд овгийн Батхүүгийн Өлзийбаяр, 1997 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 19 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, техникч, иргэний барилгын мэргэжилтэй, “ББ” ресторанд зөөгчөөр ажилладаг гэх, ам бүл 4; эцэг, ах, дүү нарын хамт Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын 7 дугаар баг, 12-11 тоотод оршин суух албан ёсны хаягтай, Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, Хөдөө аж ахуйн их сургуулийн 1-9 тоотод оршин суух, ял шийтгэлгүй. /регистрийн дугаар: УД97112136/

 

3. Доод чоно овгийн Лхамжавын Энхбат, 1998 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр Сэлэнгэ аймгийн Ерөө суманд төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2; эцгийн хамт Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 2 дугаар баг, Буурагчин, Жаргалантын тохойн 46 тоотод оршин суух, ял шийтгэлгүй. /регистрийн дугаар: МЕ98092917/

 

Б.Мөнхбат нь 2016 оны 12 дугаар сарын 31-нээс 2017 оны 1 дүгээр сарын 1-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, “Санктпетрбург” төвийн ард байрлах автобусны буудлын орчим Ц.Түвшинтогтохтой хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан түүний цавин тус газарт өшиглөж бие махбодид нь хүнд гэмтэл санаатай учруулсан,

Б.Өлзийбаяр нь Б.Энхбаттай бүлэглэн 2016 оны 12 дугаар сарын 31-нээс 2017 оны 1 дүгээр сарын 1-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, “Санктпетрбург” төвийн ард байрлах автобусны буудлын орчим бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэн Ц.Түвшинтогтохыг ямар ч шалтгаангүйгээр түүний нүүрэн тус газарт гараараа нэг удаа цохиж бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан,

Л.Энхбат нь Б.Өлзийбаярыг 2016 оны 12 дугаар сарын 31-нээс 2017 оны 1 дүгээр сарын 1-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, “Санктпетрбург” төвийн ард байрлах автобусны буудлын орчим бусдыг илтэд үл хүндэтгэн ямар ч шалтгаангүйгээр Ц.Түвшинтогтохын нүүрэн тус газарт гараараа нэг удаа цохиж бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулан догшин авирлаж танхайрахад уриалж өдөөн түлхсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Б.Мөнхбатын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар, Б.Өлзийбаярын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар, Л.Энхбатын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Прокуророос Л.Энхбатад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилж, Б.Өлзийбаярт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож,

Л.Энхбатыг бусдыг илтэд хүч хэрэглэн, нийгмийн хэв журмыг ноцтойгоор зөрчиж танхайрсан, Б.Өлзийбаярыг догшин авирлаж танхайрсан, Б.Мөнхбатыг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Л.Энхбатад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ял,

Б.Өлзийбаярт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 1 сар хорих ял,

Б.Мөнхбатад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 5 жил 1 сар хорих ял тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Л.Энхбат, Б.Өлзийбаяр нарт оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар Б.Мөнхбатад оногдуулсан хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид тус тус эдлүүлж, шүүгдэгч Б.Өлзийбаяр, Л.Энхбат нарын урьд албадан саатуулагдсан 3 хоногийг тэдний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, шүүгдэгч Б.Мөнхбат нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж, хохирогч Ц.Түвшинтогтох нь цаашид гарах эмчилгээний талаарх баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар Л.Энхбатад оногдуулсан 1 жил 6 сарын хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар, Б.Өлзийбаярт оногдуулсан 3 жил 1 сарын хорих ялыг тэнсэж, 1 жил 6 сарын хугацаагаар тус тус хянан харгалзаж, тэдний засрал хүмүүжилд хяналт тавьж ажиллахыг Сэлэнгэ аймаг болон Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтсүүдэд даалгаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг “CD”-г хэрэгт хавсаргаж шийдвэрлэжээ.

 

Ялтан Б.Мөнхбат давж заалдах гомдолдоо: “... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Миний бие 2016 оны 12 дугаар сарын 31-нээс 2017 оны 1 дүгээр сарын 1-нд шилжих шөнө хохирогч Ц.Түвшинтогтохыг намайг андууран таксинаас буулган боомилоход өөрийгөө хамгаалан түлхэнгээ цавин тус газар нь өшиглөхөд нэг төмсөг нь хагарч биед нь хүнд гэмтэл учирсан. Хэдийгээр хохирогчийн буруутай үйлдэл байгаа хэдий ч миний бие бусдын биед хүнд гэмтэл болгоомжгүйгээр учруулсандаа маш их гэмшиж байна. Миний бие анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид эмчилгээний зардал 1,600,000 төгрөг 2017 оны 5 дугаар сарын 24-ний өдөр өгсөн. Хохирогчийн зүгээс гомдол саналгүй болсон. Мөн миний охин М.Есүй нь 7 сар гарантай. Эхнэр Отгон нь ажилгүй, гэртээ охиноо хардаг зэргийг харгалзан үзэж надад оногдуулсан 5 жил 1 сарын хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү...” гэжээ. 

 

Ялтан Б.Мөнхбатын өмгөөлөгч Я.Батханд давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Б.Мөнхбат нь 2016 оны 12 дугаар сарын 31-нээс 2017 оны 1 дүгээр сарын 1-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, “Санктпетрбург” төвийн ард байрлах автобусны буудлын орчим хохирогч Ц.Түвшинтогтох нь бусадтай маргалдан улмаар зодуулан биедээ хөнгөн зэргийн гэмтэл авсан ба Б.Мөнхбатыг өөрийг нь зодсон хэмээн андууран таксинаас буулган хоолойг нь боомилоход Б.Мөнхбат нь өөрийгөө хамгаалахын тулд хохирогчийн цавин тус газар өшиглөн хүнд гэмтэл учруулсан байдаг.

Анхан шатны шүүх Б.Мөнхбатыг үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгааг хөнгөрүүлэх нөхцөл байдалд, харин согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөлд байдалд тооцон үзсэн. Б.Мөнхбат нь огт согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан гэдгийг хэргийн материалд авагдсан нотлох баримтууд нотолдог. Мөн хохирогч Ц.Түвшинтогтох тухайн үед согтуу Б.Мөнхбатыг андууран заамдан авч боомилсон талаараа мөрдөн байцаалт, шүүх хуралдаанд мэдүүлсээр байхад шүүх хохирогчийн уг үйлдлийг харгалзан үзэлгүйгээр яллагдагчийн үйлдлийг шууд санаатай үйлдэл гэж үзэж ял оногдуулсанд гомдолтой байна. Мөн тэрээр “гэмт хэрэг анх удаа үйлдсэн, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, бусдад учруулсан хохирлоо төлж барагдуулсан, хохирогчийн зүгээс гомдол саналгүй, гэм буруугийн талаар маргаагүй, үйлдсэн хэрэгтээ чин сэтгэлээсээ гэмшиж байгаа” болно. Ар гэрийн хувьд гэрлэлтийн баталгаагүй боловч эхнэр, 7 сартай хүүхдийн хамт амьдардаг. Эхнэр нь ажилгүй, хүүхдээ хардаг зэрэг байдлыг нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт заасны дагуу Б.Мөнхбатад оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү.” гэв.

 

Прокурор Ч.Мөнх-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Б.Мөнхбат, Б.Өлзийбаяр, Л.Энхбат нарын үйлдэл хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон. Анхан шатны шүүх, шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан судалж Б.Өлзийбаяр, Л.Энхбат нарын үйлдлийг хөнгөрүүлэн зүйлчилсэн. Шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй гарсан. Ялтан Б.Мөнхбат, түүний өмгөөлөгч нарын гаргаж буй “оногдуулсан ялыг хөнгөрүүлэх” талаарх гомдлын хувьд хэдийгээр хохирогч гомдол саналгүй гэж байгаа боловч энэ хэргийн улмаас хохирогчийн нэг төмсөг бяцарч хүнд гэмтэл учирсан учир гэм хор арилаагүй гэж үзэж байгаа тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

 

 

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан хууль ёсны ба үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

 

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд Л.Энхбат нь 2016 оны 12 дугаар сарын 31-нээс 2017 оны 1 дүгээр сарын 1-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, “Санктпетрбург” төвийн арын нийтийн тээврийн зогсоолын орчим нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, бусдыг илтэд үл хүндэтгэн ямар ч шалтгаангүйгээр өдөж хоргоон хэрүүл маргаан, зодоон үүсгэсэн. Энэ үеэр түүнтэй хамт явсан найз Б.Өлзийбаяр нь тодорхой шалтгаангүйгээр хохирогч Ц.Түвшинтогтохыг зодож гэмтээсэн үйлдлээрээ хамтран оролцсон байдал тогтоогджээ.

 

Гэтэл анхан шатны шүүх “... шүүгдэгч Л.Энхбат нь хэдийгээр бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтойгоор зөрчиж танхайрсан үйлдэл гаргасан боловч шүүгдэгч Б.Өлзийбаяраас хохирогч Ц.Түвшинтогтоход гэмтэл учруулан, догшин авирлаж танхайрсан үйлдэлд өдөөн түлхэж хамтран оролцсон гэх нөхцөл байдал хангалттай тогтоогдохгүй байна...” гэж дүгнэн зүйлчлэлийг хөнгөрүүлсэн нь хэргийн жинхэнэ байдалтай нийцэхгүй байна.

 

Иймд анхан шатны шүүхийн дээрх дүгнэлт нь Л.Энхбат, Б.Өлзийбаяр нарт холбогдох хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүйгээс Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 319 дүгээр зүйлийн 319.1.4 дэх заалтыг ноцтой зөрчсөн байх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Б.Мөнхбат, Б.Өлзийбаяр, Л.Энхбат нарт холбогдох хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

            Хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх болсонтой холбогдуулан хэргийн зүйлчлэл, ялыг хөнгөрүүлэхийг хүссэн ялтан Б.Мөнхбат, түүний өмгөөлөгч Я.Батханд нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэлэлцээгүй болно.   

 

            Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

           1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн 172 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Б.Мөнхбат, Б.Өлзийбаяр, Л.Энхбат нарт холбогдох хэргийг шүүх хуралдааны ажиллагаанаас эхлэн, дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Хэрэг шүүхэд очтол Б.Мөнхбатад урьд авсан цагдан хорих, Б.Өлзийбаяр, Л.Энхбат нарт урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3. Энэ магадлалд хяналтын шатны журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичиж болохгүйг дурдсугай.           

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ц.ОЧ

 

ШҮҮГЧИД                                                       Д.ГАНСҮХ

 

М.ПҮРЭВСҮРЭН