Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
---|---|
Шүүгч | Лхагвасүрэнгийн Ариунцэцэг |
Хэргийн индекс | 142/2016/00701/И |
Дугаар | 00769 |
Огноо | 2016-06-07 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 06 сарын 07 өдөр
Дугаар 00769
2016 оны 06 сарын 07 өдөр | Дугаар 142/ШШ2016/00769 | Орхон аймаг |
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Ариунцэцэг би, Орхон аймаг Баян-Өндөр сум Оюут баг 2-7-35 тоотод оршин суух Б.Мягмарсүрэнгийн нэхэмжлэлтэй, Орхон аймаг Баян-Өндөр сум Урт булаг баг 5-15 урд байрлах Бодибилдинг фитнессийн Хас холбоонд холбогдох сонгуулийн тухай хууль зөрчөөгүй болохыг тогтоож, тус тэмцээн зохион байгуулсан Хас холбооноос аймгийн ИТХ-ын даргын нэрийг дур мэдэн хууль бусаар ашиглаж олон нийтэд буруу ташаа мэдээлэл өгсөн болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2016 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Мягмарсүрэн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Орхон аймгийн Бодибилдинг фитнессын Хас холбооноос 2014 оны 11 сарын 27-ны өдөр аймгийн ИТХ-ын даргад хандаж Бодибилдинг фитнессын спортыг түгээн дэлгэрүүлэх, идэвхтэй хөдөлгөөн эрүүл амьдралын үндэс болохыг хүүхэд залуучуудын дунд сурталчлан таниулах зорилгоор бодибилдинг фитнессийн аймгийн аварга шалгаруулах тэмцээнийг аймгийн ИТХ-ын даргын нэрэмжит болгон явуулах хүсэлт тавьсан. Энэхүү хүсэлтийг хүлээн авч 2014 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Бодибилдинг фитнессийн аймгийн аварга шалгаруулах тэмцээнийг Хас холбооноос зохион байгуулан явуулсан. Тус тэмцээнийг зохион байгуулахад шаардагдах төсөв хөрөнгийн асуудлыг аймгийн ИТХ- ын 2014 оны төсвөөс буюу хурлын даргын мэдлийн мөнгөн хөрөнгөөс 4 990 000 төгрөг гаргаж дэмжлэг үзүүлсэн.
2015 онд Хас холбооноос аймгийн аварга шалгаруулах тэмцээнийг аймгийн ИТХ-ын зүгээс дэмжиж уламжлал болгон зохион байгуулахад тодорхой хэмжээний мөнгөн хөрөнгийн туслалцаа үзүүлэх хүсэлтийг мөн тавьсан.
Аймгийн ИТХ-ын байгууллагын 2015 оны төсөвт ямар нэг тэмцээн уралдаан зохион байгуулахад дэмжлэг үзүүлэхэд зориулагдсан төсөв хөрөнгө батлагдаагүй, 2014 оны төсөвт суусан байсан шиг “Хурлын даргын мэдлийн мөнгөн хөрөнгө” гэсэн зардал суугаагүй байсан тул аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү төрийн сангийн хэлтэст дээрх тэмцээний асуудлыг авч үзэж зохион явуулахад шаардагдах төсөв хөрөнгийг аймгийн 2015 оны төсвийн тодотгол болон 2016 оны төсөвт тусгаж шийдвэрлэхийг чиглэл болгон шилжүүлсэн. Улмаар дээрх арга хэмжээг холбогдох бодлогын хэлтэс болох аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтэс судлан үзэж 2016 онд хийх ажлын төлөвлөгөөндөө тус тэмцээнийг зохион явуулахаар тусгаж, шаардлагатай төсөв хөрөнгийг шийдвэрлэж өгсний үндсэн дээр аймгийн Бодибилдинг фитнессын Хас холбооноос “Ирээдүйн аваргууд нэртэй” тэмцээнийг 2016 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр зохион байгуулсан байдаг.
Өөрөөр хэлбэл аймгийн ИТХ-ын даргатай тус тэмцээн нь санхүүгийн болоод бусад чиглэлээр ямар нэг холбоогүйгээр зохион байгуулагдсан юм. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын хувьд 2016 он бол ээлжит сонгуулийн жил учраас сонгуулийн хуулиар хориглосон аливаа үйлдэл хийхээс зайлс хийсэн болно. Миний бие Хас холбооны тэргүүн Д.Ууганбаярт 2015 онд тэмцээн уралдаан зохион байгуулахад дэмжлэг үзүүлэхэд зориулагдсан төсөв хөрөнгийг аймгийн ИТХ-ын байгууллагын төсвөөс шийдвэрлэх боломжгүй гэдгийг мэдэгдэхийн сацуу 2016 оны хувьд сонгуулийн жил болж байгаа учраас аливаа тэмцээн уралдааныг өөрийн нэрээр нэрлэх, нэрэмжит болгох асуудлаас зайлс хийж байгаа тухайгаа хэлж байсан. Түүнчлэн аймгийн Засаг даргын бодлогын хэлтэс болох Нийгмийн хөгжлийн хэлтэс уг асуудлыг судлан үзэж төсөв хөрөнгийн асуудлыг аймгийн Засаг даргын Тамгын газраас шийдвэрлэх болсоныг мэдэгдсэн юм. Гэтэл тус тэмцээнийг зохион байгуулагч Хас холбоо нь аймгийн ИТХ-ын даргын нэрийг дур мэдэн ямар нэг зөвшөөрөлгүйгээр хууль бусаар ашиглан нэрэмжит тэмцээн гэж олон нийтэд ойлгогдохоор зарлалын самбарт нэр оруулан байршуулж, урилга болон хэвлэмэл хуудсан дээр хурлын даргын нэрэмжит тэмцээн гэж бичиж олон нийтэд буруу ташаа мэдээлэл өгсөн нь миний бие Б.Мягмарсүрэнг сонгуулийн тухай хууль зөрчсөн гэж үзэж болохоор нөхцөл байдлыг бий болгоод байгаа бөгөөд энэ нь 2016 оны сонгуульд нэр дэвшиж өрсөлдөх боломжгүй болгох, улмаар сонгогдох эрхэд халдсан хууль бус үйлдэл гэж үзэж байна.
Иймд Б.Мягмарсүрэн нь сонгуулийн тухай хууль зөрчөөгүй болохыг тогтоож, тус тэмцээн зохион байгуулсан Хас холбооноос аймгийн ИТХ-ын даргын нэрийг дур мэдэн хууль бусаар ашиглаж олон нийтэд буруу ташаа мэдээлэл өгсөн болохыг тогтоож өгнө үү гэжээ.
Зохигчид 2016 оны 06 сарын 02-ны өдөр эвлэрлийн гэрээ байгуулсан байх ба уг эвлэрлийн гэрээнд: 2016 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр Орхон аймгийн сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэгч Б.Мягмарсүрэн нь хариуцагч Орхон аймгийн Бодибилдинг фитнессийн холбоонд холбогдуулж, Б.Мягмарсүрэн нь сонгуулийн тухай хууль зөрчөөгүй болохыг тогтоож, Ирээдүйн аваргууд 2015 он тэмцээнийг зохион байгуулсан Хас холбооноос аймгийн ИТХ-ын даргын нэрийг дур мэдэн хууль бусаар ашиглаж олон нийтэд буруу мэдээлэл өгсөн болохыг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан. Дээрх хэргийн нэхэмжлэгч Б.Мягмарсүрэн, хариуцагч Ууганбаяр бид 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдөр дараах байдлаар эвлэрч энэхүү гэрээг байгуулав.
1.Орхон аймгийн Бодибилдинг фитнессийн Хас холбооны тэргүүн н.Ууганбаяр нь Бодибилдинг фитнессийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулахдаа сонгуулийн тухай хууль мэдэхгүйн улмаас аймгийн ИТХ-ын дарга Б.Мягмарсүрэнтэй ямар ч холбоогүй тэмцээнийг нэрэмжит тэмцээн гэж зарлалын самбарт нэр оруулан байрлуулж, урилга болон хэвлэмэл хуудсан дээр хэвлэж санамсаргүй алдаа гаргасан бөгөөд хууль бусаар нэрийг нь ашиглах, сонгуулийн тухай хууль зөрчсөн болгож харагдуулах гэсэн санаа агуулаагүй болохыг харилцан ойлголцов.
2.Хас холбоо нь энэ алдаагаа тухайн өдрөө засаж залруулж Аннонс, урилга, диплом, медалийг дахин хэвлүүлж Бодибилдинг, фитнессийн аварга шалгаруулах “Ирээдүй аваргууд 2015 он нээлттэй тэмцээн”-ийг Бодибилдинг фитнессийн Хас холбоо дангаараа зохион байгуулсан болох нь тодорхой болов.
3. Тухайн өдрөө алдаагаа засаж аймгийн ИТХ-ын даргын нэрэмжит тэмцээн гэсэн Аннонсыг буулгахдаа хайхрамжгүй хандаж 1 өдөр хугацаа алдаж байрлуулсан явдалдаа уучлалт гуйж, залруулга хийж байгааг хүлээн авав.
4. Дээрх байдлаар харилцан ойлголцсон тул Орхон аймгийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ нэхэмжлэгч, хариуцагч нарын зүгээс ямар нэг гомдол санал байхгүй болно гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Мягмарсүрэн хариуцагч Бодибилдинг фитнессийн Хас холбоонд холбогдох сонгуулийн тухай хууль зөрчөөгүй болохыг тогтоож, тус тэмцээн зохион байгуулсан Хас холбооноос аймгийн ИТХ-ын даргын нэрийг дур мэдэн хууль бусаар ашиглаж олон нийтэд буруу ташаа мэдээлэл өгсөн болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Зохигчид эвлэрлийн гэрээ байгуулсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг батлах үндэслэлтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, төрийн сангаас тал хувь болох 35 100 төгрөг, хариуцагчаас тал хувь болох 35 100 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нэхэмжлэгч Б.Мягмарсүрэнгийн сонгуулийн тухай хууль зөрчөөгүй болохыг тогтоож, тус тэмцээн зохион байгуулсан Хас холбооноос аймгийн ИТХ-ын даргын нэрийг дур мэдэн хууль бусаар ашиглаж олон нийтэд буруу ташаа мэдээлэл өгсөн болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагагыг хариуцагч Бодибилдинг фитнессийн Хас холбоо хүлээн зөвшөөрч, зохигчид эвлэрсэн байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, төрийн сангаас тал хувь болох 35 100 төгрөг, хариуцагчаас тал хувь болох 35 100 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Мягмарсүрэнд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.
, ШҮҮГЧ Л.АРИУНЦЭЦЭГ