Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Занагийн Доржнамжин |
Хэргийн индекс | 102/2016/07346/и |
Дугаар | 5502 |
Огноо | 2016-10-24 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 10 сарын 24 өдөр
Дугаар 5502
|
|
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч:Баянгол дүүргийн 13 дугаар хороо, 3 дугаар хороолол, Ард аюушийн өргөн чөлөө, өөрийн байранд байрлах, РД:5443598, БСБ Финанс Банк Бус Санхүүгийн Байгууллагын Ю.Солонгыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авсанаар хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:Хүсэлт гаргагч байгууллагын төлөөлөгч Б.Сэргэлэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Отгончимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч БСБ Финанс Банк Бус Санхүүгийн Байгууллага шүүхэд гаргасан хүсэлтэндээ болон төлөөлөгч Б.Сэргэлэн шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Ю.Солонго нь БСБ Финанс банк бус санхүүгийн байгууллагаас авсан 2013 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 1909 тоот зээлийн гэрээгээр 1 599 800 төгрөгийг сарын 3,4 хувийн хүүтэйгээр 12 сарын хугацаатай 2014 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр дуусгавар болох нөхцөлтэйгээр авсан.Зээлдэгч нь зээл авах үедээ Налайх дүүргийн 1 дүгээр хороо, Уурхайчид 19 дүгээр гудамж, 648 тоотод оршин сууж Мярзат цамхаг ХХК-д менежер, нягтлан бодогчоор ажиллаж байсан бөгөөд эхний сараас эхлэн зээлийн гэрээний үүргээ зөрчсөн. 2014 оны 6 сараас хойш төлөлт хийхээ больсон. Түүний хаяг тодорхойгүй байгаа тул эрэн сурвалжилж хаягийг тогтоож өгнө үү гэв.
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
БСБ Финанс Банк Бус Санхүүгийн Байгууллагын Ю.Солонгыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэстэй байна.
Хүсэлт гаргагч байгууллагын хүсэлт болон түүний төлөөлөгчийн тайлбар, 2013 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Ю.Солонготой байгуулсан барьцаат зээлийн гэрээ, зээлийн төлбөрийн хуваарь, зээлийн дансны хуулгууд зэрэг баримтуудаас харахад Ю.Солонго нь хариуцагч байх боломжтой байна.
Иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ю.Солонго нь Налайх дүүргийн 1 дүгээр хороо, уурхайчид 19 дүгээр гудамжны 648 тоотод оршин суух бүртгэлтэй боловч уг хаягандаа амьдардаггүй болох нь Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүгчийн захирамжаар тогтоогдож байх тул түүнийг эрэн сурвалжлах үндэстэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-д зааснаар Ю.Солоныг эрэн сурвалжилсугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар Ю.Солоныг эрэн сурвалжилж, түүний оршин суугаа хаягийг тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Баянгол дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэст даалгасугай.
3.Ю.Солонго /регистрийн дугаар УЖ 88062806/ холбогдох мэдээллийг Баянгол дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст гаргаж өгөхийг хүсэлт гаргагч байгууллагын төлөөлөгч Б.Сэргэлэнд даалгасугай.
4.Ю.Солонго Налайх дүүргийн 1 дүгээр хороо, уурхайчид 19 дүгээр гудамжны 648 тоотод оршин суудаг байсан болохыг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигч гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.ДОРЖНАМЖИН