Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Энэбишийн Золзаяа |
Хэргийн индекс | 101/2016/03355/и |
Дугаар | 1825 |
Огноо | 2016-11-04 |
Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2016 оны 11 сарын 04 өдөр
Дугаар 1825
С.Д.Гаспаряны нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2016 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 181/ШШ2016/00585 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч С.Д.Гаспаряны нэхэмжлэлтэй,
Хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох,
Хоёр дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах, албадан дуудлага худалдааны үнийг шинээр тогтоолгох тухай иргэний хэргийг
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: В.Мандах
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Цолмон нар оролцов.
Нэхэмжлэгч С.Д.Гаспарян шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ, итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянгол дүүргийн 2013 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 2439 дугаартай шийдвэр, Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн 2014 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 158 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2014 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 253 дугаар тогтоолоор иргэн С.Д.Гаспарянаас 93 388 987 төгрөг гаргуулж А.Б.Кожевниковт олгож шийдвэрлэсний дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа.
2015 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 109 тоот “Эд хөрөнгө хураасан тогтоол”-оор Баянгол дүүргийн 15 хороо, 3 хороолол, 22 байрны 58 тоот хаягаар байршилтай, эрхийн улсын Ү-2205027993 дугаарт бүртгэлтэй 2 өрөө орон сууцыг битүүмжлэн хураасан. “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн 2015 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 296 тоот үл хөдлөх эд хөрөнгө үнэлсэн тухай тайлангаар орон сууцыг 91 200 000 төгрөгөөр үнэлсэн нь зах зээлийн үнэлгээнээс доогуур үнэлсэн гэж үзэж байна.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3 дахь хэсэгт төлбөр төлөгч, төлбөр авагч эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо үнэлгээ тогтоосон өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэж заасан байдаг. Үнэлгээний тайлантай 2015 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албан дээр очиж танилцаж, гардан авсан. Шүүх нэхэмжлэлийг хүлээн авч 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 6791 тоот шийдвэрээр 91 200 000 төгрөгийн үнэлгээг хүчингүйд тооцсон. 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдөр 2015 оны 12 дугаар сарын 07-ны 3/42610 мэдэгдлийг хүлээн авсан. Уг мэдэгдлээр хурааж авсан хөрөнгийг талуудын тохироцсон үнэлгээ болох 250 000 000 төгрөгийн 70 хувьтай тэнцэх үнэ буюу 175 000 000 төгрөгөөр тогтоож дуудлага худалдаанд оруулахаар болсныг мэдэгдсэн. 2016 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр шуудангаар 1 дугтуй хүлээж авсан бөгөөд дугтуйнд 2016 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 1/17 тоот дугаартай “Үл хөдлөх эд хөрөнгийг хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоол”, 2016 оны 01 дүгээр сарын 11-ны өдрийн 3/1209 тоот дугаартай хоёр дахь дуудлага худалдаа 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 10.00 цагт болох тухай, дуудлага худалдааны үнэ 125 000 000 төгрөг болсон тухай мэдэгдсэн мэдэгдэл зэрэг байсан.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3-т “Шийдвэр гүйцэтгэгч албадан дуудлага худалдаа явуулах тухай ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолыг Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт болон төлбөр төлөгчид хүргүүлнэ” гэж заажээ. Гэтэл Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь анхны дуудлага худалдааны талаар хуульд заасан журмын дагуу мэдэгдээгүй, албадан дуудлага худалдаанд орох тухай тогтоол танилцуулаагүй, ирүүлээгүй байна.
Хууль зүйн сайдын 2010 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 150 тоот тушаалын хавсралтаар “Үнэ хямдруулан худалдан борлуулах журам”-ын 3 дугаар зүйлийн 3.1-т “Албадан дуудлага худалдаанд дараахь этгээд оролцоно”, 3.1.2-т “төлбөр төлөгч” гэж заажээ. Анхны дуудлага худалдааны талаар хуульд заасан журмын дагуу ямар нэгэн мэдэгдэл аваагүй, анхны дуудлага худалдаа болсон талаар мэдээгүй, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба мэдэгдээгүй, анхны дуудлага худалдаа хийгдээгүй байхад шууд хоёр дахь дуудлага худалдааны талаар мэдэгдсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль, Хууль зүйн сайдын тушаалаар баталсан “Үнэ хямдруулан худалдан борлуулах журам” зэрэг хууль тогтоомж, эрх зүйн актыг зөрчиж төлбөр төлөгчийн албадан дуудлага худалдааны талаар мэдэх эрх, оролцох эрхийг хязгаарлаж иргэний хууль ёсны эрх, ашгийг ноцтойгоор зөрчсөн байна.
Мөн анхны дуудлага худалдаа явагдаагүй байхад хоёр дахь албадан дуудлага худалдаанд 125 000 000 төгрөгөөр үнэ тогтоож дууддаг нь хууль зөрчиж байгаа бөгөөд уг үнийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Энэ талаар Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба болон тасгийн дарга бөгөөд Баянгол дүүргийн ахлах шийдвэр гүйцэтгэгч, дэслэгч П.Хадбаатарын нэр дээр 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр 2 гомдол гаргасан. Ахлах шийдвэр гүйцэтгэгчтэй удаа дараа холбогдоход танилцаад хариу өгнө гэсэн боловч хариу гараагүй байгаа гэсэн хариу өгсөн. Шийдвэр гүйцэтгэгч Б.Отгонбаяраас лавлахад гомдлын хариу гараагүй байгаа гэсэн хариу өгсөн. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны дарга болон ахлах шийдвэр гүйцэтгэгч нар өнөөдрийг хүртэл гомдлыг хуульд заасан хугацаанд шийдвэрлэж өгөөгүй байна.
Иймд Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны Баянгол дүүргийн 15 хороо, 3 хороолол, 22 байрны 58 тоот хаягаар байршилтай, эрхийн улсын Ү-2205027993 дугаартай 2 өрөө байрны хоёр дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгож, дуудлага худалдааны үнийг шинээр тогтоолгож өгнө үү гэжээ.
Хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба шүүхэд болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянгол дүүргийн шүүхийн 2013 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 2439 дүгээр захирамжаар С.Д.Гаспарянаас 94 171 832 төгрөгийг гаргуулж А.Б.Кожевниковт олгохоор шийдвэрлэсэн.
Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж Гаспарян Сергейн өмчлөлийн, Баянгол дүүргийн 15 дугаар хороо, 3 дугаар хороолол, 22 дугаар байрны 58 тоот, эрхийн улсын бүртгэлийн Ү-2205027993 дугаарт бүртгэгдсэн 29 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг битүүмжлэн хурааж, албадан дуудлага худалдаанд оруулахаар Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу үнэлгээ тогтоох ажиллагаа явуулсан боловч төлбөр төлөгч, төлбөр авагч, өмчлөгч нар үнэлгээг харилцан тохиролцож тогтоогоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2.2-т заасны дагуу хөндлөнгийн шинжээчээр “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийг томилж үнэлгээ тогтоолгон үнэлгээний мэдэгдлийг 2015 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 3/19299 дүгээр албан бичгээр төлбөр төлөгч С.Д.Гаспаряны итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Мандахад 2015 оны 05 дугаар сарын 26-ны өдөр хүлээлгэн өгсөн.
Анхны албадан дуудлага худалдаанд Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнэ болох 91 200 000 төгрөгийн 70 хувь буюу 63 840 000 төгрөгөөр дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоон оруулсан боловч худалдан борлогдоогүй. Ингээд шүүхээс үнэлгээг хүчингүй болгосон тул дахин үнэлгээний талаар өмчлөгч, төлбөр төлөгч, төлбөр авагч нараас үнийн санал авахад 250 000 000 төгрөгөөр харилцан тохиролцсон. Анхны албадан дуудлага худалдааны тогтоол, мэдэгдлийг би өөрийн биеэр гэрийнх нь хаягаар 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдөр очиж С.Д.Гаспарянд гардуулан өгсөн ба тэрээр надруу дайрч доромжлон, мэдэгдэл хүлээн авсан талаарх баримтад гарын үсэг зурахаас татгалзсан тул би тэмдэглэл үйлдсэн. Үл хөдлөх эд хөрөнгийг анхны албадан дуудлага худалдаанд оруулсан боловч худалдан борлогдоогүй. Хоёр дахь албадан дуудлага худалдааны мэдэгдэл тогтоолыг Д.С.Гаспарянд 2016 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр шуудангаар хүргүүлснийг хүлээн авсан байна. Үл хөдлөх эд хөрөнгийг хоёр дахь албадан дуудлага худалдаанд санал болгох доод үнэ нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.4 дэх хэсэгт заасны дагуу хуулиар тогтоогдож байгаа үнэ тул хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй юм.
Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг тогтоох шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь хуулийн дагуу явагдсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2.1, 37.2.2, Иргэний хуулийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь үнэлгээ хийх эрх бүхий байгууллага биш тул Д.С.Гаспаряны итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Мандахаас гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Шүүх: Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.4, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3 дахь хэсэгт зааснаар Гаспарян Сергей Дерениковичийн Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан гаргасан Баянгол дүүргийн 15 дугаар хороо, 3 дугаар хороолол, 22 дугаар байрны 58 тоот орон сууцны хоёр дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгож, дуудлага худалдааны үнийг шинээр тогтоолгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгч Гаспарян Сергей Дерениковичийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг Улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.
2016 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр шуудангаар 1 дугтуй хүлээж авсан бөгөөд дугтуйнд 2016 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 1/17 тоот дугаартай "Үл хөдлөх эд хөрөнгийг хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоол", 2016 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 3/1209 тоот дугаартай хоёр дахь дуудлага худалдаа 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 10.00 цагт болох тухай, дуудлага худалдааны үнэ 125 000 000 төгрөг болсон тухай мэдэгдсэн мэдэгдэл зэрэг байсан. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь анхны дуудлага худалдааны талаар хуульд заасан журмын дагуу мэдэгдээгүй, албадан дуудлага худалдаанд орох тухай тогтоол ирүүлээгүй. Шийдвэр гүйцэтгэгч нь төлбөр төлөгч С.Д.Гаспаряны гэрт очиж тогтоол мэдэгдлийг биеэр хүргэсэн, төлбөр төлөгч нь хүлээн авахаас татгалзсан гэдэг боловч энэ нь хөдлөшгүй нотлох баримтаар тогтоогдохгүй, нотлогдохгүй байгаа. Шүүгч сонинд дуудлага худалдааны зар өгсөн тул дудлага худалдааны мэдээллийг сонингоос мэдэх боломжтой байх тул мэдэгдлийг хүргэх шаардлагагүй гэж шүүх дүгнэсэн нь Шийдвэр гүйцэтгэх тухай хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг тус тус зөрчиж байна.
Мөн дуудлага худалдаанд оруулах шийдвэр нь гараагүй байхад дуудлага худалдааны мэдээлэл нь сонинд нийтлэгдсэн нь цаг хугацааны хувьд зөрүүтэй байгаа нь Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг зөрчиж байна.
Шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангахгүй байна. Шүүх шийдвэр гаргахдаа хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зохих зүйл заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн тул шүүхийн шийдвэр нь үндэслэл бүхий болон хууль ёсны байх шаардлагыг хангахгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны дуудлага худалдааны ажиллагааг хүчингүйд тооцож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.
Нэхэмжлэгч С.Д.Гаспарян нь хариуцагч Нислэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан хоёр дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгож, дуудлага худалдааны үнийг шинээр тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
Баянгол дүүргийн шүүхийн 2013 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 2439 дүгээр шийдвэр, Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн 2014 оны 02 дугар сарын 17-ны өдрийн 158 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн 2014 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 253 дугаар тогтоолоор иргэн С.Д.Гаспарянаас 94 171 832 төгрөгийг гаргуулж А.Б.Кожевниковт олгохоор шийдвэрлэсэн байна.
Шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 1501 тоот гүйцэтгэх хуудсыг үндэслэн шийдвэр гүйцэтгэгчийн 2014 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 14250730 тоот тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж, барьцаа хөрөнгө болох Баянгол дүүрэг, 15 дугаар хороо, 3 дугаар хороолол, 22 дугаар байрны 58 тоотод оршин байх 2 өрөө, 29 м.кв талбай бүхий орон сууцыг 2015 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 121 тоот тогтоолоор битүүмжлэн, 2015 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 109 тоот тогтоолоор хураан авсан, үл хөдлөх эд хөрөнгийн албадан дуудлага худалдааны үнэлгээний талаар санал авахад төлбөр төлөгч, төлбөр авагч нар нь тохиролцоогүй тул шинжээч томилж үнэлгээг тогтоосон, үнэлгээнд гомдол гаргаснаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 6791 дүгээр шийдвэрээр үнэлгээг хүчингүй болгосон ба Иргэний хэргийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу дахин үнэлгээг тогтоох ажиллагааг явуулахад талууд 250 000 000 төгрөг төгрөгөөр тохиролцсон үйл баримтын талаар талууд маргаагүй.
Талууд барьцаа хөрөнгийн үнийг 250 000 000 төгрөгөөр тогтоосон ба үүнээс албадан дуудлага худалдааны үнийг 70 хувиар тооцон 175 000 000 төгрөгөөр тогтоосон тухай мэдэгдлийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Мандахад 2015 оны 12 дугаар сарын 07-ны өдөр гардуулсан, 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоол болон мэдэгдлийг шийдвэр гүйцэтгэгч 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдөр төлбөр төлөгч С.Д.Гаспарянд гардуулж, тэмдэглэл үйлдсэн байх ба төлбөр төлөгч гарын үсэг зурахаас татгалзсан нь шийдвэр гүйцэтгэгчийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3 дахь хэсэгт зааснаар төлбөр төлөгчид мэдэгдэх үүргээ гүйцэтгээгүй гэж үзэх үндэслэл болохгүй тул энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна.
Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба 2016 оны 12 дугаар сарын 11-ний өдөр үл хөдлөх эд хөрөнгийг анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоол гаргаж, мөн өдрийн “Өнөөдөр” сонинд, 2016 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгийг хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоол гаргаж, мөн өдрийн “Өнөөдөр” сонинд нийтэлсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасантай нийцсэн байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн дуудлага худалдаанд оруулах шийдвэр нь гараагүй байхад дуудлага худалдааны мэдээлэл нь сонинд нийтлэгдсэн гэх давж заалдах гомдол үндэслэлгүй байна.
Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 181/ШШ2016/00585 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч С.Д.Гаспарянаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ
ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН
Э.ЗОЛЗАЯА