Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 10 сарын 18 өдөр

Дугаар 01297

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2016 оны 10 сарын 18 өдөр

Дугаар 142/ШШ2016/01297

Орхон аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн  шүүгч Л.Ариунцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Хүрэнбулаг баг 4-18-46 тоотод оршин суух Боржгон овогт Пушкины Гантуяа /ФЖ:61110901/

Ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг 2016 оны 08 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч П.Гантуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Баялаг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хүсэлт гаргагч П.Гантуяа шүүхэд гаргасан хүсалтдээ болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие П.Гантуяа нь 1982 оны 03 дугаар сарын 04-ний өдөр Эрдэнэт хотын Хялганат хорооны Ойн техникум төгсөж, Сэлэнгэ аймгийн Түнхэл тосгоны МБАА-д хувиарлагдан очиж 1982 оны 03 дугаар сарын 10-ны өдөр авто гражид засварчнаар ажилд орсон. 1983 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр засварчны ажлаас өөрчлөгдөн сэлбэгийн няраваар ажиллаж байгаад 1985 оны 07 дугаар сарын 30-ны өдөр няравын ажлаас чөлөөлөгдөн Эрдэнэт хотын Хялганат хорооны МБАА-д шилжин ирж Хялганат хорооны суурин кино цэгт касс, цэвэрлэгчээр ажилд орсон. 1985 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс 1987 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл ажилласан. Ингээд Түнхэлийн МБАА-д ажилласан 3 жил Хялганат хорооны суурин кино цэгт ажилласан 2 жил нийт 5 жил ажиллаж байсан үеийн архивын баримт болон бусад материал олдохгүй тэтгэвэрт орох боломжгүй болсон тул намайг 1982 оны 03 дугаар сарын 10-ны өдрөөс 1987 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл 5 жил ажилласан байдлыг сэргээн тогтоож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Боржгон овогт Пушкины Гантуяа нь ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.

 

Шүүх Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасны дагуу онцгой ажиллагааны журмаар хэргийг хянан шийдвэрлэсэн ба хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

 

П.Гантуяа нь 1982 оны 03 дугаар сарын 10-ны өдрөөс 1987 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл Түнхэл тосгоны Мод бэлтгэлийн аж ахуйд сэлбэгийн нярав, Эрдэнэт хотын Хялганат хорооны суурин кино цэгт касс, үйлчлэгчээр ажиллаж байсан болох нь түүний шүүхэд гаргасан тайлбар, 013 дугаартай 1982 оны 02 дугаар сарын 27-ны өдөр нээлгэсэн хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2012 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн Орхон аймгийн Архивын тасгийн тодорхойлолт, 2012 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 220 дугаартай Сэлэнгэ аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн тодорхойлолт, 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 332 дугаартай Сэлэнгэ аймгийн Архивын тодорхойлолт, гэрч З.Төмөрийн иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар болон гэрч З.Төмөрийн тодорхойлолт, гэрч Г.Цэрэнхандын иргэний үнэмлэхний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар болон тодорхойлолт, Ойн техникумын Мод бэлтгэлийн механикийн 3 дахь удаагийн төгсөлтийн 1982 оны фото зураг, П.Гантуяагийн Эрдэнэт хотын Хялганат дахь Ой модны аж үйлдвэрийн яамны харъяа Ойн техникумын 0279 дугаартай 1982 оны 02 дугаар сарын 28-ны өдөр олгосон мод бэлтгэлийн техник механикчийн дипломын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 547623 дугаартай 1979 оны 08 дугаар сараас 1984 оны 12 дугаар сарыг дуустал гишүүний татвар төлсөн үйлдвэрчний эвлэлийн гишүүний  бат илэрхийлэх зэрэг баримтаар тус тус батлагдаж байна.

Иймд Боржгон овогт Пушкины Гантуяаг Сэлэнгэ аймгийн Түнхэл тосгоны Мод бэлтгэлийн аж ахуйд 1982 оны 03 дугаар сарын 10-ны өдрөөс 1983 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр хүртэл авто гаражид засварчнаар, 1983 оны 04 дүгээр сарын 06-ны өдрөөс 1985 оны 07 дугаар сарын 30-ны өдөр хүртэл  сэлбэгийн няраваар, 1985 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс 1987 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл Эрдэнэт хот дахь Хялганат хорооны суурин кино цэгт касс, үйлчлэгчээр тус тус ажиллаж байсан болохыг тогтоох үндэслэлтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар Боржгон овогт Пушкины Гантуяаг Сэлэнгэ аймгийн Түнхэл тосгоны Мод бэлтгэлийн аж ахуйд 1982 оны 03 дугаар сарын 10-ны өдрөөс 1983 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр хүртэл авто гаражид засварчнаар, 1983 оны 04 дүгээр сарын 06-ны өдрөөс 1985 оны 07 дугаар сарын 30-ны өдөр хүртэл  сэлбэгийн няраваар, 1985 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс 1987 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл Эрдэнэт хот дахь Хялганат хорооны суурин кино цэгт касс, үйлчлэгчээр ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч П.Гантуяаг улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119.3-д заасан хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Орхон аймаг дахь Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

 

 

 

 

    ШҮҮГЧ                                         Л.АРИУНЦЭЦЭГ