Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 181/ШШ2016/00912

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                                                    

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Баатар даргалж, шүүгч Б.Ууганбаяр, Ч.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хуралдаж:

Нэхэмжлэгч:  “М.Б” /РД:................../ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч:  Борлон богд овогт Э.А /РД:.............../-д холбогдох, 

“М.Б” ХХК-д ажиллаж байхдаа хувьдаа завшсан 69.278.241 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 3.352.475 төгрөг тус тус гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Доржсүрэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Отгонтуяа, өмгөөлөгч Ц.Бат-Өлзий, иргэдийн төлөөлөгч М.Амараа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Баясгалан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бүгд Найрамдах Солонгос Улсын иргэн  И С нь “М.Б” ХХК-ийг 2012 оны 4 сарын 19-ний өдөр нэг гишүүнтэйгээр гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар үүсгэн байгуулсан болно. И С нь  Монгол Улсын иргэн Э.Ариунтуултай Солонгос улсад танилцан, улмаар Монгол улсад бизнес эрхлэхэд хамтран ажиллахаар тохиролцсон юм.

Э.Ань компанийг Монгол У лсад төлөөлөн Монгол талын  менежерээр компанийг үүсгэн байгуулснаас хойш энэхүү хэрэг явдал үүсэх хүртэл албан ёсоор ажиллаж байсан болно.

Монгол Улсад үйл ажиллагаа явуулахад шаардагдах хөрөнгийг миний бие оруулж, Улсын бүртгэлийн ерөнхий газар болон Гадаадын хөрөнгө оруулалтын газруудад тус тус бүртгүүлэн үйл ажиллагаагаа эхлэх гэсэн боловч хувийн шалтгааны улмаас дорвитой үргэлжлүүлж чадаагүй. Э.Ань цалин, татвар, шимтгэл, түрээсийн төлбөр гэх зэрэг гүйлгээг компанийн данснаас миний нэрийн өмнөөс зарлага гаргах  эрхээр хангагдсан байсан болно.

Гэтэл Э.Ань манай компанийн өмч, хөрөнгийг итгэмжлэгдэн хариуцсан этгээд мөн байтлаа компанийн дансанд байсан дүрмийн сангийн мөнгийг зөвшөөрөлгүйгээр өөрийн хувийн хэрэгцээнд завшин үрэгдүүлж, хувьдаа давуу байдал тогтоон, ашиг хонжоо олж, албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласны улмаас компанид онц их хэмжээний хохирол учруулсан. Энэ тухай мэдсэн даруйд уулзтал өөрийн гэм бурууг хүлээн, тухайн завшсан хөрөнгийг тодорхой хугацаанд барагдуулахаар амлалт аван тодорхойлолт бичсэн боловч өнөөдрийг хүртэл амлалтаа биелүүлээгүй.

Э.Ань манай компанийн Голомт банкин дахь төгрөгийн 2720001126 тоот данснаас 2012 оны 07 сарын 20-ны өдөр 30.000.000 төгрөг, ам.долларын 2720001127 тоот данснаас 2014 оны 3 сарын 13-ны өдөр 23.500 ам.доллар тус тус давтан үйлдлээр хувьдаа завшсан байсан.

Ингээд энэхүү асуудлаар Цагдаагийн байгууллагад хандан шалгуулсан бөгөөд гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, хохирол төлбөр барагдуулахаа илэрхийлэн Өршөөлийн хуульд хамруулах хүсэлтийг гаргасны дагуу Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгон Өршөөлийн хуульд хамруулсан юм. Гэтэл мөн л Э.Ань өнөөдрийг хүртэл хохирол төлбөр барагдуулахтай холбоотой ямар ч арга хэмжээ авахгүй байгаагаас шүүхэд хандан манай компани учруулсан хохирлыг гаргуулахаар шийдвэрлэсэн.

2016 оны 5 сарын 01-ний өдрийн Монгол банкны ам.долларын албан ханшаар 1 ам.доллар 2,011.84 төгрөгтэй тэнцэж, 23,500 ам.доллар нь 47,278,240 төгрөг + 30,000,000 төгрөг, нийт 77,278,240 төгрөгийн хохирлыг учруулсан байдаг. Мөрдөн байцаалтын үед гарсан шинжээчийн дүгнэлтээр энэ мөнгийг яаж зарцуулсан нь тодорхой байдаг, Эрүүгийн хэргийг шалгах явцад 8,000,000 төгрөгийг буцаан төлсөн. 2016 оны 4 сарын 25-ны өдрийн байдлаар 69,278,240 төгрөгийг нэхэмжлэх үндэслэлтэй байна.

Э.Ань дөнгөж л компани бүртгүүлээд үйл ажиллагаагаа эхлээгүй байсан үед дүрмийн санд байсан мөнгийг итгэл эвдэн авч хувьдаа завшсан мөртлөө үүнийхээ хариуцлагыг хүлээлгүй нэхэмжлэгчийг чирэгдүүлэн цаг хугацаа алдагдуулан цагдаагийн байгууллагаар явуулж шүүхэд хандуулснаар зайлшгүй өмгөөлөгчөөс мэргэжлийн туслалцаа авахаас аргагүй байдалд хүргэснээс болж гарсан нэмэлт зардал болох өмгөөлөгчид төлсөн 3,352,475 төгрөгийг нэмж нэхэмжлэх эрхтэй гэж үзэж байна.

Иймээс Э.Ариунтуулаас манай компанид ажиллаж байхдаа хувьдаа завшсан болох 69,278,241 төгрөг, өмгөөлөгчийн зардалд 3,352,475 төгрөг, нийт 72,630,715 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Солонгос улсын иргэн И С нь Э.Ариунтуултай хамтран ажиллахаар ам хэлцэл хийсэн байна. Хамтран ажилпах гэрээний нөхцөл нь И С нь Монгол улсад гадаадын 100 хувийн хөрөнгө оруулалттай 1 гишүүнтэй “М.Б” ХХК-ийг үүсгэн байгуулах, түүний нэр дээр Монгол Улсад худалдан борлуулах контакт линзийг Солонгос улсаас нийлүүлж компаний үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллах, гадаадын хөрөнгө оруулалтгай хуулийн дагуу үүсгэн байгуулсан дээрх компанийхаа дансанд 100.000 ам.доллароос багагүй үйл ажиллагаа явуулахад шаардагдах эх үүсвэрийг санхүүжүүлэх, борлуулалтын орлогын 70 хувийн ашиг хүртэх, Э.Ань контакт линзийг Монгол Улсад борлуулах тухай зөвшөөрлийг зохих газраас олж авах, энэ зөвшөөрлийн үндсэн дээр линзийг борлуулах нөхцлийг бүрдүүлэх, “М.Б” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллах, бүх данс тооцоо санхүүгийн орлого зарлагыг хэрэгжүүлж ажиллах, гүйцэтгэх захирлын цалин авахаас гадна борлуулалтын ашгийн 30 хувийг хүртэх нөхцлийг тус тус тохирч 2012 оны 4 сард Монгол Улсад “Марко буэки” ХХК-ийг байгуулахад бүрэн төлөөлж бүх бичиг баримтыг бүрдүүлж байгуулж өгсөн байна.

Тус компани нь 100.000 ам. долларын дүрмийн сантай байгуулагдаж,  дүрмийн сангаа И С нь 2012 оны 4 сарын 16-нд үүсгэн байгуулсан компанийхаа Голомт банк дахь ам долларын 2720001127 тоот дансанд 145.000 Сингапур доллар байршуулах замаар бүрдүүлж өгсөн нь тухайн үеийн ам долларын ханшаар тооцоход 109.708 доллартой тэнцэж байсан юм.  Дээрх дансанд байсан мөнгийг Э. Ариунтуул нь үүсгэн байгуулагчаас олгосон итгэмжлэлийн дагуу данснаас гаргаж авах, шилжүүлэг хийх, захиран зарцуулах бүрэн эрхтэй байсан байна.

Э.Ань дээрх эрхийн хүрээнд цалин, үйл ажиллагааны зардал, Пээс тауэр төвд худалдааны талбай худалдан авах зэрэгт тодорхой зардал гаргаж байсан. Компани үүсгэн байгуулагдснаас хойш хугацаанд И С нь 6.000 ширхэг буюу 3.000 хос контакт линзийг нийлүүлсэн байдаг ба, үүнийг Э.Ань “Батчадунча” ХХК-ийн контакт линз борлуулах тусгай зөвшөөрлийн дээр борлуулах оролдлогыг хийж байсан байна.

Үүсгэн байгуулагч И С нь борлуулалтын оффисс повилонтой болох хэрэгтэй, уг повилоны 10 хувийг чамд эзэмшүүлнэ гэхэд нь итгэж захиалгын гэрээ хийж зохих урьдчилгааг төлсөн байдаг.

Э.Ань үүсгэн байгуулагчид мэдэгдэж түүнд дансанд байгаа 23.500 долларыг түр хэрэглэж машин аваад эргүүлж 50 сая төгрөгөөр зарж данснаас нь 4 сая төгрөгийн ашиг унагах ашгийг хувааж авах хүсэлт тавьж зөвшөөрсний үндсэн дээр 2014 оны 3 сарын 14-нд данснаас 23.500 ам долларыг гаргаж, түүн дээр 1.500 доллар нэмж Э.Ариунжаргал гэгчид авто машины үнэд шилжүүлж улмаар  2013 онд Япон улсад үйлдвэрлэсэн Хьюндай Санта Пи маркийн машиныг авч удалгүй эргүүлж зараад түүнээс орж ирсэн борлуулалтын орлого 46.000.000 төгрөгийг ах Э.Батцагааныхаа “Батчадунча” ХХК-ийн дансанд түр байруулж байсан байна.

Контакт линз хэрэглэх асуудал Монголд танигдаагүй, хэрэглэж мэдэхгүйгээс борлуулалт огт хийгдээгүй байх үед буюу 2014 оны 9 сард И С нь Монгол Улсад ирээд уурлан 2013-2014 оны линзний борлуулалт хэдэн төгрөг хийсэн юм бэ? гэж асуухад нь Э.Атүүний амласан 30 хувийн ашиг Пээс тауэрийн 10 хувийг эзэмших ашиг цаашид уг хүний итэлийг дааж “М.Б” ХХК-ийн захирлаар хөдөлмөрийн зах зээлтэй цалинтай байхаа бодож линз огт борлогдоогүй байхад 50.000.000 төгрөгийн линз борлогдсон гэхэд одоо түүнийгээ бэлнээр нь Пээс тауэрийн офисс дээр авчирч өг гэхэд нь урьд авсан 23.500 ам.долларын төлбөрт эргүүлж тушаахаар “Батчадунча” ХХК-ийн дансанд бэлэн хадгалж байсан 46.000.000 төгрөг дээр 4.000.000 нэмж нийт 50.000.000 төгрөгийг мөн өдрийн орой нь бэлнээр аваачин өгсөн байдаг.

Мөн И С нь 2012 оны 7 сарын 20-нд “Батчадунча” ХХК-ийн дансанд 30.000.000 төгрөг шилжүүл гэж тушаасны дагуу дээрх компани руу 30 сая төгрөг шилжүүлсэн байдаг.

Э.Ань ийнхүү борлуулалтын орлого гэж 50 сая төгрөг шилжүүлэхдээ энэ мөнгөө линз зараад тэндээс суутган бүрдүүлэлт хийгээд үүнийгээ өөрийн авсан 23.500 ам доллорын өглөгт тооцож өгнө гэж тооцоолон бодсон гэдэг.

Мөн И С нийлүүлсэн 6.000 ширхэг линз одоо хүртэл тоо ёсоороо байгаа ба үүнийг нь буцаан өгөхөд урьд борлуулалт нэрээр түүнд өгсөн 50 сая төгрөг нь буцаж Э.Ариунтуулд олгогдох эсвэл түүний одоо нэхэж буй 23.500 ам долларт харилцан тооцогдох ёстой байна. 30 сая төгрөгийг Э.Ахариуцах үндэслэлгүй “М.Б” ХХК-ийг үүсгэн байгуулагч “Батчадунча” ХХК-ийн үүсгэж байгуулагч нарын хоорондын хэлцлээр И Сы шийдвэрээр шилжсэн хожим нь “Батчадунча” ХХК-ийн захирал Э.Батцагаан Пээс тауэрийн данс руу “Марко буэки” ХХК-ийн захиалсан повилоны төлбөрт 10.000 ам долларыг шилжүүлсэн байдаг. Эрүүгийн хэрэгт “М.Б” ХХК-ийн үүсснээс хойших бүх орлого зарлагыг шалгаад шинжээч нар 2 удаа дүгнэлт гаргаад Э.Аринтуул  нь 23.500 ам доллар буюу тэр үеийн ханшаар 32.726.335 төгрөг данснаас авсан байна. 2015 оны 01 сарын 30-нд 8.000.000 буцаан төлсөн одоо 24.726.335 төгрөгийн өрийн үлдэгдэлтэй гэж дүгнэн хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлсэн байна.

Эдгээрээс үзэхэд Э.А“М.Б” ХХК-д ямар нэг төлөх төлбөргүй, нэхэмжлэлийг хариуцах үндэслэлгүй харагдаж байна.

Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь гэм хорын хохирол нэхэмжилж байна гэж үзэж байна. Гэм хорын хохирол бол гэрээний бус үүргээр үүсдэг. Гэм хор учруулснаар гэм буруу нь тогтоогдож эрх бүхий байгууллагын шийдвэр тогтоолын үндсэн дээр үүсдэг үүрэг юм. Э.А“М.Б” ХХК-д гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан бөгөөд байгууллагын хөрөнгийг зөвшөөрөлгүй авч байгууллагад хохирол учруулсан гэж хохирлыг зохих байгууллага тогтоогоод өршөөлд хамруулж хэргийг хэрэгсэхгүй болгосон. Ийм учраас гэм хорын хохирлыг энэ нэхэмжлэлээр  хангаж шийдвэрлэж өгнө үү гэж нэхэмжлэгч “М.Б” ХХК-иас нэхэмжлэл гаргажээ.

Хэргийн материалаас үзэхэд   1. нэхэмжлэлд, 2. Үүсгэн байгуулах дүрэмд, 3. Голомт банкны албан  бичиг зэргээр Э.Агэдэг хүний гүйцэтгэж байсан үүрэг, эдэлж байсан эрхийг тодорхойлж харуулж байна. Өөрөөр хэлбэл эдгээр баримтуудаар Э.Ань “М.Б” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан гэдэг нь нотлогдож байна. 2. Дүрэмд гүйцэтгэх захирлын эрх хэмжээг тодорхой заагаагүй. 3.Банкны бичиг дээрээс Э.Ариунтуулд “М.Б” ХХК-ийн итгэмжлэлийн үндсэн дээр мөнгө олгож байсан нь харагдаж байна. Эдгээр баримтаас харахад Э.Абол гүйцэтгэх захирлаар ажиллаж байжээ.

Үүсгэн байгуулах баримт бичигт заасан эрх бүхий этгээдийн эдлэх ёстой үүргийг эдэлж хэрэгжүүлж байжээ. Үүсгэн байгуулагчаас олгосон итгэмжлэлийн үндсэн дээр мөнгийг авч байжээ гэдэг нь харагдаж байна. Гэм хорын хохирол бол гэрээний бус байдлаар үүсдэг. Гэм хорын хохирол нь эрх бүхий байгууллагын шийдвэр тогтоолоор тогтоогдсон байх ёстой. Гэтэл 30.000.000 төгрөгийн асуудалд гэм хор учирсан гэдэг нь эрх бүхий байгууллагын шийдвэрээр тогтоогдоогүй. 23.500 ам.доллар дээр  Чингэлтэй дүүргийн Прокурорын газар Эрүүгийн хуулийн  150 дугаар зүйлийн 150.3-т зааснаар яллагдагчаар шалгаж байгаад хэрэгсэхгүй болгож шийдсэн тогтоол бий. Гэм бурууг шүүх л тогтооно. Чингэлтэй дүүргийн Прокурорын тогтоол дээр өөрийн гэм бурууг 23.500 ам долларын хэмжээнд хүлээн зөвшөөрсөн, хэрэгсэхгүй болгохдоо өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн Өршөөлийн хуулийн холбогдох заалтын дагуу өршөөлд хамрагдсан.

 Прокурорын тогтоол нь  гэм хороор хохирол гаргуулах эрх зүйн үндсийг тогтоож чадахгүй байна. Прокурорын тогтоолын агуулгад Э.Ань 23.500 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн болохоос гэм буруутай гэдгээ хүлээн зөвшөөрөөгүй.  Гэтэл гэм буруутай гэж үзээд  прокурор Өршөөлийн хуулийн заалт бариад хэргийг хэрэгсэхгүй болгосон нь хууль зүйн агуулгынхаа хувьд хууль зөрчсөн эрх зүйн баримт бичиг байна гэж үзэж байна. Тиймээс 23.500 ам доллар болон 30.000.000 төгрөгийг төлөх хууль зүйн үндэслэл байхгүй гэж үзэж байна.

Захиргааны акт, аудитын дүгнэлт зэрэг нь хохирол хариуцуулах хууль зүйн үндэслэл болохгүй. Энэ бүгдээс харахад “М.Б” ХХК, Э.Анарын хооронд гэм хорын бус ажил гүйцэтгэх гэрээтэй холбоотой харилцаа байна гэж үзэж байна. Гэрээний харилцаа байгаад гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлж  дансанд байгаа мөнгийг авах, захиран зарцуулах эрх хэмжээг итгэмжлэлээр олгосон бөгөөд түүнд ямар нэгэн хязгаарлалт хийж өгөөгүй бол итгэмжлэлээр хэдийг л бол хэдийг авах эрх Э.Ариунтуулд байжээ гэж харж байна. Хэрэв ийм эрх байсан юм бол түүний үр дагаварыг мөнгийг авч байгаа хүнд хариуцуулж итгэмжлэлийг гэрээгээр олгож байгаа хүн өөрөө хариуцах ёстой. Ямар хэмжээнд мөнгө авах ёстой байсан талаар нотлох баримт нэхэмжлэгч талаас гаргаж өгөөгүй.

Иймээс төлбөрийг төлөх үндэслэл байхгүй гэж үзэж байна гэв.

 

Хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                              ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “М.Б” ХХК нь хариуцагч Э.Ариунтуулд холбогдуулан, “М.Б” ХХК-д ажиллаж байхдаа хувьдаа завшсан 69.278.241 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 3.352.475 төгрөг тус тус гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ менежер Э.Ань “М.Б” ХХК-д ажиллаж байхдаа компанийн мөнгөн хөрөнгийг хувьдаа завшсан гэж тайлбарлаж байх ба, уг асуудлаар нэхэмжлэгч Цагдаагийн байгууллагад гомдол гаргаж, Э.Ариунтуулд “М.Б” ХХК-ийн данснаас 2014 оны 3 сарын 13-ны өдөр 30.000.000 төгрөг, 23.500 ам. доллар авч завшсан гэх үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3.-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байсан нь Чингэлтэй дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн 2015 оны 3 сарын 31-ний өдрийн Эрүүгийн хэрэг үүсгэж мөрдөн байцаалт явуулах тухай тогтоол, 2015 оны 4 сарын 03-ны өдрийн Сэжигтнээр тооцох тогтоол, 2015 оны 9 сарын 29-ний өдрийн Яллагдагчаар татах тогтоол зэрэг баримтуудаар тогтоогдсон.

Эрүүгийн хэргийг мөрдөн шалгах явцад Э.Ань “М.Б” ХХК-ийн “Голомт банк” ХХК дахь төгрөгийн 2720001126 дугаарын данснаас 2012 оны 7 сарын 20-ны өдөр 30.000.000 сая төгрөг, ам.долларын 2720001127 дугаарын данснаас 2014 оны 3 сарын 13-ны өдөр 23.500 ам.доллар тус тус авч хувьдаа завшсан  болох нь эрүүгийн 201525030150 тоот хэргийн материалд шинжилгээ хийсэн тухай Шинжээч “Юнистар-Аудит” ХХК-ийн 2015 оны 5 сарын 15-ны өдрийн 03 дугаар  дүгнэлт, Э.Ариунтуулын 2014 оны 9 сарын 25-ны өдрийн Мөнгө буцаан төлөх тодорхойлолт, Чингэлтэй дүүргийн Прокурорын газарт гаргаж байсан түүний хүсэлт, Нийслэлийн Прокурорын газрын эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай  2015 оны 11 сарын 10-ны өдрийн 531 дугаар тогтоол зэрэг баримтуудаар нотлогдож байгаа гэж тайлбарласан.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, Солонгос улсын иргэн И С нь Э.Ариунтуултай хамтран ажиллахаар ам хэлцэл хийсэн,  үүсгэн байгуулагчид мэдэгдэж түүнд дансанд байгаа 23.500 долларыг түр хэрэглэж машин авч эргүүлж зараад буцаан өгөх байсан, Мөн И С нь 2012 оны 7 сарын 20-нд “Батчадунча” ХХК-ийн дансанд 30.000.000 төгрөг шилжүүл гэж тушаасны дагуу дээрх компани руу 30 сая төгрөг шилжүүлсэн гэж тайлбарласан,  нэхэмжлэл, үүсгэн байгуулах дүрэм, Голомт банкны албан  бичиг зэрэг  баримтуудаар Э.Ань “М.Б” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан гэж тайлбарлан мэтгэлцсэн.

Нэхэмжлэлд хавсаргасан, хариуцагчийн хүсэлтээр хэрэгт авагдсан баримтаас үзэхэд “М.Б” ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд нь И С /Lee Suk  Hwan/ нь компанийн ажилтан орчуулагч менежер Э.Ариунтуулд “Голомт банк” ХХК дахь төгрөгийн 2720001126, ам.долларын 2720001127 дугаарын данснаас өөрийгөө төлөөлж мөнгөн хөрөнгө захиран зарцуулах, төлбөр тооцооны баримт дээр гарын үсэг зурах эрхийг олгосон албан бичгийг 2012 оны 7 сарын 09-ний өдөр “Голомт банк” ХХК-д хүргүүлсэн, уг албан бичгийг үндэслэн Э.А“М.Б” ХХК-ийн захирал И Сы өмнөөс мөнгөн хөрөнгийг захиран зарцуулах, төлбөр тооцооны баримтад гарын үсэг зурах эрхийг олж авсан байна.

Нэхэмжлэгч 30.000.000 төгрөг, 23.500 ам. долларын гүйлгээ өөрийг нь төлөөлж хийх эрхийг Э.Ариунтуулд олгоогүй, дур мэдэн захиран зарцуулж, эдгээр мөнгийг хувьдаа завшсан гэж үзэж гомдол гарган, Эрүүгийн журмаар шалгуулсан тухай нотлох баримтууд болох эрүүгийн хэрэг үүсгэсэн, сэжигтэн, яллагдагчаар тогтоосон тогтоолууд,эрүүгийн хэргийг Өршөөлийн хуульд хамруулж хэрэгсэхгүй болгосон тогтоол, Э.Ариунтуулын өөрийнх нь гаргасан тодорхойлолт зэрэг баримтууд нь хариуцагчийн гэм буруутай болохыг нотолж байгаа бөгөөд хариуцагч өөрийн тайлбарыг нотолсон баримт гаргаагүй тул түүний гэм бурууг үгүйсгэх үндэслэл үгүй байна.

Иргэний хуулийн 495 дугаар зүйлийн 495.1.-д “Хууль ёсны өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр эд хөрөнгийг ашиглах, өөр зүйлтэй холих, нийлүүлэх, нэгтгэх, дахин боловсруулах зэргээр захиран зарцуулж бусдын эрхийг зөрчсөн этгээд үүнээс учирсан хохирлыг эрх бүхий этгээдэд нөхөн төлөх үүрэгтэй.”  мөн хуулийн 495.2.-т “Энэ хуулийн 495.1-д зааснаар бусдын эрхийг зөрчсөн тохиолдолд эрх бүхий этгээд нь хохирлыг нэн даруй нөхөн төлөхийг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй.” гэж заасан тул нэхэмжлэгч өөрийнх нь зөвшөөрөлгүй хувьдаа захиран зарцуулсан 30.000.000 төгрөг болон 23.500 ам. долларыг Э.Ариунтуулаас шаардах эрхтэй байна.

Хариуцагч мөнгийг захиран зарцуулах эрхийн хүрээнд зарцуулсан гэж тайлбарлаж байгаа боловч нэхэмжлэгчээс олгосон эрх нь зөвхөн нэхэмжлэгчийн өөрийнх нь нэрийн өмнөөс гүйлгээ хийх эрхийг олгосон байгаа бөгөөд өөрийн хувийн хэрэгцээнд банкин дахь мөнгийг захиран зарцуулж байгаа нь төлөөлөгчийн хувьд Иргэний хуулийн 70 дугаар зүйлийн 70.1.-д төлөөлөгч нь  төлөөлүүлэгчийн нэрийн өмнөөс өөртэйгөө хэлцэл хийхийг хориглоно гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэхээр байна.

Иймд нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Нэхэмжлэлийн 23.000 ам. долларыг нэхэмжлэл гаргах үеийн  Монгол банкны  албан ханшаар 1 ам.доллар 2,011.84 төгрөг гэж тооцож 47.278.240 төгрөг, 30.000.000 төгрөг, нийт 77.278.240 төгрөгөөс хариуцагчийн буцаан төлсөн 8.000.000 төгрөгийг хасаж 69.278.240 төгрөгийг хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй байна.

Харин нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хөлсөнд 3.352.475 төгрөг төлсөн нь нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

            Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2. дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 495 дугаар зүйлийн 495.1., 495.2.-т заасныг баримтлан Э.Ариунтуулаас 69.278.241 төгрөгийг гаргуулж “М.Б” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагын өмгөөлөгчийн хөлс 3.352.475 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

             2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 521.200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр, тэмдэгтийн хураамжид хариуцагч Э.Ариунтуулаас 504.341 төгрөгийг гаргуулж “М.Б” ХХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

                                       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Б.БААТАР

                                               

                                                            ШҮҮГЧИД                                 Ч.ИЧИНХОРЛОО

 

                                                                                                                 Б.УУГАНБАЯР