Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2016 оны 11 сарын 04 өдөр

Дугаар 0233

 

 

             Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Г.Сарантуяа даргалж тус шүүхийн танхимд хаалттай хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймгийн Сайхан сум, 0-р баг, 00-00 тоотод   оршин суух  Өрлүүд овогт *******ын  нэхэмжлэлтэй,

            Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Сайхан сум, 0-р баг, 00-00 тоотод оршин  суух  Бүргэд овогт *******т холбогдох гэрлэлт цуцлуулах, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай иргэний хэргийг

 Сэлэнгэ аймгийн Сайхан сум, 0-р баг, 00-00 тоотод оршин  суух  Бүргэд овогт *******ын сөрөг нэхэмжлэлтэй,

  Сэлэнгэ аймгийн Сайхан сум, 0-р баг, 0-р баг, 00-00 тоотод   оршин суух  Өрлүүд овогт *******д холбогдох

Гэр бүлийн дундын өмчлөлийн орон сууцнаас өөрт ногдох хэсгээ гаргуулах тухай иргэний хэргийг тус тус хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Үндсэн нэхэмжлэлийн нэхэмжлэгч, сөрөг нэхэмжлэлийн хариуцагч *******, түүний өмгөөлөгч Б.Цэрэнбат, үндсэн нэхэмжлэлийн хариуцагч, сөрөг нэхэмжлэлийн нэхэмжлэгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б. Соронзонболд нар оролцов.

Үндсэн нэхэмжлэлийн нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

 *******тай 2004 онд танилцаж улмаар гэр бүл болж 2005 оны 07-р сарын 02-нд охин Нандин-Эрдэнийг төрүүлсэн. ******* бид 2 Орхонтуул сумаас Сайхан сумд шилжин ирж амьдрал ахуй минь хэвийн сайн сайхан байсан ба миний аав ээж 2 Мянганбаярын банкны зээлийг төлөөд дээр нь байрны зээл гаргуулан 30 хувийг төлж үлдэгдэл мөнгийг аав, ээж хоёр төлсөн юм. Ингэж бид хоёрын амьдралыг миний аав Баянжаргал, ээж Даваажав, эгч Мөнхцацрал нар тусалж дэмжиж орох оронтой болгож өгсөн. Би аав, ээж, эгч нарын дэмжлэг тусламжтай наймаа хийж бэлэн хувцас оруулан ирж зардаг болсноос хойш гэртээ байх хугацаа багассан юм. Үүнийг далимдуулаад Мянганбаяр нь гадуур тэнэх, архи дарс уух нь элбэгшиж, улмаар зан харьцаа нь эвдэрч эхэлсэн. Мянганбаяр нь 2013 онд надаас салж Орхон сум руу шилжин явснаар үр хүүхэд, ар гэртээ тусламж, дэмжлэг үзүүлэхээ больсон.Түүгээр ч тогтохгүй охин бид хоёрыг дарамтлан цонх хагалах, хаалга эвдэх зэрэг үйлдэл удаа дараа гаргаж байсан ба гэрт орж ирээд эд хогшлыг эвдэлж, хагалж, нурааж байсан удаатай. Охинтойгоо таарахаар хүүхдэд ярих, ярихгүй юм хэлж ярьдаг, одоо бүр өөрийн хийж байгаа ажил, албан тушаалаа ашиглан зам дээр зогсоож дарамталдаг болсон. Хоолойг чинь хэрчиж ална гэж занал хийлээд байгааг хуулийн байгууллагад шалгуулах нь зүйтэй гэж үзэж байна. Тэр үед Мянганбаяр согтуу хашгичиж байсныг өөрийнх нь ажлын газраас цагдаа нар ирж авч явж байсан юм. Би хэл яриа үүсгэхгүй салчих байх гэж бодоод эвлэрүүлэн зуучлах газар хандсан боловч болж бүтсэнгүй тул улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 30 000, 70 200 төгрөгийг *******аас гаргуулж өгнө үү. Иймд  гэрлэлтийг минь цуцлан, 2005.07.02-ны өдөр төрсөн охин М.Нандин-Эрдэнэд хүүхдийн тэтгэлэг тогтоож өгнө үү гэжээ.

Үндсэн нэхэмжлэлийн нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан  гаргасан тайлбартаа:

Би Мянганбаяртай 2004 онд танилцаж гэр бүл болсон. 2005 оны 07 дугаар сарын 02-ны өдөр охин Нандин-Эрдэнийг төрүүлсэн. Түүнээс хойш Сайхан сумд шилжиж ирж амьдарсан. Мянганбаяр ажлын шаардлагаар Орхон сум руу шилжсэн. Явахдаа шилжиж явах талаараа надад хэлээгүй. Охин бид хоёрыг хамт авч яваагүй. Түүнээс хойш орон гэртээ ирэх нь цөөрсөөр байгаад ирэхээ больсон. Тэгээд цаашаа Баруунбүрэн сум руу шилжээд явсан. Энэ хугацаанд 3-4 жилийн хугацаа өнгөрсөн байгаа. Сэтгэл санаа таарахгүй байгаа тул, гэрлэлтээ цуцлуулахаар шийдсэн. Энэ хүн 2 өрөө байр нэхэмжилсэн сөрөг нэхэмжлэлээсээ татгалзаж байгаа тул, хүүхдийн тэтгэлгээ тогтоолгохгүй байж болно. Энэ талаар харилцан тохиролцож болно гэв.

Үндсэн нэхэмжлэлийн хариуцагч ******* шүүхэд гаргасан тайлбартаа:    Цаашид хамтран амьдрах боломжгүй тул, гэрлэлтээ цуцлуулахыг хүсч байна гэв.

Сөрөг нэхэмжлэлийн нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:

2005 онд *******тай гэр бүл болж амьдарч Нандин-Эрдэнэ гэдэг сайхан охинтой болсон. Бид гэр бүлийн маргаанаас болоод сүүлийн 3 жил тусдаа амьдарч байна.  Хүүхдийн тэтгэлэгээ хуулийн дагуу төлнө. Харин байр орон сууцны тал дээр миний банкны зээлийн үлдэгдэл 1 сая гаран төгрөг байсан уу үгүй юу сайн санахгүй байна тэгээд байр аваад цалин дээрээсээ төлөөд дуусгасан. Түүнээс хойш олон зээл авч Наранцацралын наймаанд нэмэр болсон. Машин авахад ч тус нэмэр болсон. Бид 2 тусдаа амьдрахад би ганц бурхан шүтээнээ өмсөх хувцасаа аваад гарсан.  Одоо би 2 өрөө байрнаас өөрт ногдох хэсгээ авмаар байна гэжээ

 Сөрөг нэхэмжлэлийн нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан тайлбартаа:

Би 2 дундын өмчлөлийн 2 өрөө байрнаас өөрт ногдох хэсгээ авах талаар гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна. Байраа охиндоо үлдээнэ гэв.

            Сөрөг нэхэмжлэлийн хариуцагч ******* шүүхэд гаргасан тайлбартаа: 

Х. Мянганбаяр орон сууцаа охин бид 2-т үлдээж байгаа учраас би хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бүх нотлох баримтыг уншиж сонсгон, шинжлэн судлав. 

                                                          ҮНДЭСЛЭХ  нь:

            Иргэн *******  нь *******т  холбогдуулан гэрлэлтээ цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

            *******  нь *******д холбогдуулан хамтран өмчлөх дундын  эд хөрөнгө болох 2 өрөө орон сууцнаас өөрт ногдох хэсгийг  гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргажээ.

 *******, ******* нар нь  2006 оны 01-р сарын 15-ны өдөр гэр бүл болж, 2006 оны 09-р сарын 26-ны өдөр гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлд бүртгүүлж ПА28 тоот гэрчилгээ авсан   хууль ёсны гэр бүл байна.

Тэдний дундаас 2005 оны 07-р сарын 02-ны өдөр охин М.Нандин-Эрдэнэ төрсөн нь МК05270244 регистрийн дугаартай 0075577 тоот төрсний гэрчилгээ, эрүүл бойжиж байгаа талаархи эмнэлгийн байгууллагын  тодорхойлолт, зохигчийн тайлбар зэргээр нотлогдож байна.

 Гэрлэгчид хоорондын таарамжгүй харилцааны улмаас 2013 оноос тусдаа амьдарч эхэлсэн, хэн хэн нь гэр бүлээ цаашид үргэлжлүүлэх санаачилгагүй, эвлэрүүлэн зуучлалын ажиллагаа амжилтгүй болсон, хариуцагч гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрсөн  зэргийг харгалзан шүүх  гэрлэлтийг цуцлаж нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй байна.

Монгол улсын Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д  гэрлэгсэд хүүхдийн асрамжийн асуудлаар тохиролцоогүй бол хүүхдийн нас, эцэг эхийн   халамж, ахуй нөхцөл, бололцоо, ёс суртахууны байдал, хүчирхийлэл үйлдсэн эсэхийг харгалзан эцэг эхийн хэн нэгний асрамжид үлдээх асуудлыг шүүх шийдвэрлэхээр заажээ.

Зохигч хүүхдийн асрамжийн талаар маргаагүй бөгөөд хүүхэд эх *******ын асрамжид байгаа ба орон сууцны байдал, хүүхдийн өсөн торних ахуй нөхцлийн бололцоог харгалзан охин Б.Нандин-Эрдэнийг эх *******ын асрамжид үлдээж шийдвэрлэлээ.

Шүүх хуралдааны явцад Нэхэмжлэгч ******* нь хамтран өмчлөх дундын  эд хөрөнгө болох 2 өрөө орон сууцнаас өөрт ногдох хэсгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлээсээ *******ыг татгалзсантай холбогдуулан  хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай   нэхэмжлэлээсээ татгалзсан ба шүүх  энэ шаардлагад холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн зарим хэсгийг хангасан болно.

******* нь *******д холбогдуулан хамтран өмчлөх дундын  эд хөрөнгө болох 2 өрөө орон сууцнаас өөрт ногдох хэсгийг  гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан боловч уг нэхэмжлэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1, 73.2-д заасан шаардлагын хангаагүй, улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй байх ба  сөрөг нэхэмжлэлээсээ *******, М.Нандин-Эрдэнэ  нарт байраа үлдээнэ хэмээн татгалзаж байгаа зэргийг үндэслэн хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ  .

  Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч *******ын  улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж хариуцагч *******аас 70.200 төгрөг гаргуулан *******д олгох  үндэслэлтэй байна. ******* сөрөг нэхэмжлэлдээ улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болно.                                                                                            

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлийн 118.5, 132 дугаар зүйлийн  132.6-д   заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Монгол улсын Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Бүргэд овогт *******, Өрлүүд овогт *******  нарын гэрлэлтийг цуцалсугай.

            2.Монгол улсын Гэр бүлийн  тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2005 оны 07-р сарын 02-ны өдөр төрсөн охин М.Нандин-Эрдэнийг эх *******ын асрамжид үлдээсүгэй.

            3.******* нэхэмжлэлийн шаардлагаас хүүхдийн тэтгэлэг  гаргуулах тухай хэсгээс татгалзсаныг баталж хэрэгсэхгүй болгосугай.

            4.*******ын хамтран өмчлөх дундын  эд хөрөнгө болох 2 өрөө орон сууцнаас өөрт ногдох хэсгийг  гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

            5.Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч *******ын  улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж хариуцагч *******аас 70.200 төгрөг гаргуулан *******д олгосугай

            6.******* сөрөг нэхэмжлэлдээ улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

             7.Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шийдвэрийн хувийг шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад явуулахыг шүүгчийн туслах Л.Чулуунжавд даалгасугай.

             8. Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

            9. Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-д зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш *******, ******* нар  14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардаж авах үүрэгтэйг дурдсугай.

            10. Монгол улсын  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар энэ шийдвэрийг  эс зөвшөөрвөл  зохигч  шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор  Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны  шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                      Г.САРАНТУЯА