Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
---|---|
Шүүгч | Бямбаюугийн Цолмон |
Хэргийн индекс | 151/2016/01100/и |
Дугаар | 1068 |
Огноо | 2016-10-10 |
Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 10 сарын 10 өдөр
Дугаар 1068
2016 оны 10 сарын 10 өдөр | Дугаар 151/ШШ2016/01068 | Төв аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цолмон даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Төв аймгийн Эрдэнэсант сумын 1 дүгээр баг Баян-Уул 8 гудамж 273 тоотод оршин суух, Тойн овгийн Сүрэнхүүгийн Оюунчимэг /ШЖ60011506/ -ийн нэхэмжлэлтэй,
Ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн хүсэлтийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.Оюунчимэг, нарийн бичгийн дарга А.Солонго оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С.Оюунчимэг шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа...Миний бие нь Төв аймгийн Эрдэнэсант сумын Саруул амьдрал нэгдэлд 1979 оны 07 сарын 05-ны өдрөөс 1990 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл малчнаар ажиллаж байсан. Энэ хугацааны ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С.Оюунчимэг ажиллаж байсан байдал тогтоолгох хүсэлтээ шүүхэд гаргажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1-д “эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоох”-доо шүүх онцгой ажиллагааны журмаар хэргийг хянан шийдвэрлэхээр зохицуулсан байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-д “Иргэн хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ” гэж, 135.2-д эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тохиолдлуудыг тодорхойлсон байх ба 135.2.6-д “ хүний ажиллаж байсан байдал”-ыг тогтоохоор заажээ.
Сүрэнхүүгийн Оюунчимэг нь Төв аймгийн Эрдэнэсант сумын Саруул амьдрал нэгдэлд 1979 оны 07 сарын 05-ны өдрөөс 1990 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл хугацаанд малчнаар ажиллаж байсан болох нь Саруул амьдрал нэгдлээс1981 оны 04 сарын 03-ны өдөр нээсэн 1979 оны 07 сараас 1979 оны 12 сарыг дуустал хугацааны сар тутам цалин хөлс тооцсон 437 тоот Хөдөө аж ахуйн нэгдлийн гишүүний хөдөлмөрийн дэвтрээр, 1981 оны 01 сараас 1990 оны 12 сарыг дуустал хугацааны сар тутмын цалин хөлсний бичилттэй 1981 оны 04 сарын 03-ны өдөр Саруул амьдрал нэгдлээс олгосон хөдөлмөрийн дэвтрээр, Саруул амьдрал нэгдлийн Зөвлөлийн даргын 1981 оны 06 сарын 01-ний 59 тоот тушаал, 1982 оны 01 сарын 06-ны өдрийн 03 тоот Нэмэгдэл чөлөө олгох тухай тушаал, хамт ажиллаж байсан талаар мэдүүлсэн Ж.Чүлтэм, Ц.Улам-Оргих нарын мэдүүлэг, нэхэмжлэгчийн тайлбар зэрэг баримтуудаар тогтоогдож байна.
Эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, тухайн хэрэгт хамааралтай, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн тул шүүх үнэн зөв гэж үнэллээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 135 дугаар зүйлийн 135.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Сүрэнхүүгийн Оюунчимэгийн Төв аймгийн Эрдэнэсант сумын Саруул амьдрал нэгдэлд 1979 оны 07 сарын 05-ны өдрөөс 1990 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл хугацаанд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЦОЛМОН