Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
---|---|
Шүүгч | Бямбаюугийн Цолмон |
Хэргийн индекс | 151/2016/01011/и |
Дугаар | 980 |
Огноо | 2016-09-27 |
Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 09 сарын 27 өдөр
Дугаар 980
2016 оны 09 сарын 27 өдөр | Дугаар 151/ШШ2016/00980 | Төв аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цолмон даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо Сонсголон Б-258 тоотод оршин суух, Боржгин овгийн Нэргүйн Отгонсэмбэ /НГ91032504/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Төв аймгийн Зуунмод сумын 1 дүгээр баг, Номт цэлмэг 15 байр 1 тоотод оршин суух, Жалиар овгийн Жавзандоржийн Алтангадас /МБ91032631/-д холбогдох
Гэрлэлт цуцлах, хүүхдийн асрамж тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.Отгонсэмбэ, хариуцагч Ж.Алтангадас, нарийн бичгийн дарга Г.Сугармаа оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Н.Отгонсэмбэ шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа...Миний бие нь Ж.Алтангадастай 2006 онд танилцаж үерхэж байгаад 2010 онд гэрлэлтээ бүртгүүлсэн. 2011 оны 12 сарын 22-нд охин А.Хүслэнг төрүүлсэн. Бид хамтран амьдрах хугацаанд зан харьцааны таарамжгүй байдлаас 2013 оны 06 сараас тусдаа амьдарч байгаа. Ж.Алтангадас нь Сэлэнгэ аймагт ажилладаг бөгөөд би охин маань миний асрамжинд байдаг. Гэрлэгчдийг эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон, эвлэрэх хугацаа өгөхгүйгээр бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү. Охин А.Хүслэнг өөрийн асрамжинд үлдээж, нөхөр Ж.Алтангадасаас тэтгэлэг нэхэмжлэхгүй, дундын эд хөрөнгийн маргаангүй гэв.
Хариуцагч Ж.Алтангадас шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа...Бид 2010 онд гэрлэлтээ бүртгүүлж, 2011 онд охин А.Хүслэнг төрүүлсэн. Хамтран амьдрах хугацаанд бидний зан харьцаа таарамжгүй, бие биенээ ойлгодоггүй байснаас 2013 оны 06 сараас хойш тус тусдаа амьдарч байгаа. эвлэрлүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон. Бидэнд эвлэрэх хугацаа өгсөн нь амжилтад хүрэхгүй нь тодорхой тул гэрлэлтийг цуцалж өгнө үү. Би Сэлэнгэ аймагт улирлын чанартай ажил хийдэг ба сарын цалин орлогоос 50000 -60000 төгрөгийг охин А.Хүслэнгийн хадгаламжид хуримтлуулдаг. Охин А.Хүслэнг эхийн асрамжинд үлдээхийг зөвшөөрнө. Эд хөрөнгийн маргаангүй гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Н.Отгонсэмбэ хариуцагч Ж.Алтангадаст холбогдуулан гэрлэлт цуцлах, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэргүйн Отгонсэмбэ, Жавзандоржиийн Алтангадас нар нь 2006 оны 01 сарын 27-ний өдөр гэр бүл болсныг Иргэний гэр бүл байдлын бүртгэлд 2010 оны 11 сарын 11-ний өдөр бүртгүүлж, 2011 оны 12 сарын 12-ны өдөр Алтангадасын Хүслэнг төрүүлж өсгөн гэрлэгчдийн эрх үүргийг үүсгэн 2013 оны 06 хүртэл хугацаанд хамт амьдарч байсан болох нь гэрлэлтийн бүртгэлийн 000705075-23, хүүхдийн төрсний 0000705075-23 тоот гэрчилгээний хуулбар, хүүхэд эсэн мэнд бойжиж байгаа тухай өрхийн эмчийн тодорохойлолт, зохигчдын тайлбараар тогтоогдож байна.
Гэрлэгчид нь хоорондын зан харьцааны таарамжгүй байдлаас 2013 оны 06 сараас хойш тус тусдаа амьдарч байгаа бөгөөд тэдгээрийг эвлэрүүлэх ажиллагааг амжилтгүй болсон бөгөөд гэрлэлтээ цуцлуулахаар харилцан тохиролцсон байдлыг үндэслэн тэдгээрт эвлэрэх хугацаа өгөхгүйгээр цуцлах нь зүйтэй байна.
Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д...”гэрлэгчид гэрлэлт цуцлах үедээ хүүхдийн хэний асрамжид үлдээхээр харилцан тохиролцож болно” гэж заасан ба бага насны охин А.Хүслэнг эх Н.Отгонсэмбийн асрамжид үлдээхээр эцэг, эх харилцан тохиролцсон болно.
Нэхэмжлэгч Н.Отгонсэмбэ хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэсэн боловч хариуцагч Ж.Алтангадасыг хүүхдийн тэтгэлгээс бүрэн чөлөөлөх үндэслэл болохгүй мөн нэхэмжлэгч нь гэрлэлт цуцалснаас хойш хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэх эрх нь нээлттэй болохыг дурьдах нь зүйтэй байна.
Тэмдэгтийн хураамжийн тухайд: Нэхэмжлэлийн хангаж шийдвэрлэсэн тул хуульд зааснаар нэхэмжлэгч Н.Отгонсэмбийн төлсөн 70200 төгрөгийг төрийн санд үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Боржгин овгийн Нэргүйн Отгонсэмбэ /НГ91032504/, Жалиар овгийн Жавзандоржийн Алтангадас /МБ9103263/ нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2011 оны 12 сарын 22-ны өдөр төрсөн Алтангадасын Хүслэнг эх Н.Отгонсэмбийн асрамжид үлдээсүгэй.
3. Нэхэмжлэгч Н.Отгонсэмбэ хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэсэн болохыг дурдсугай.
4. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т тус тус зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэгч Н.Отгонсэмбийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн санд үлдээж, хариуцагч Ж.Алтангадасаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЦОЛМОН