Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
---|---|
Шүүгч | Жагдагийн Болдбаатар |
Хэргийн индекс | 156/2016/00247/И |
Дугаар | 490 |
Огноо | 2016-09-12 |
Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 09 сарын 12 өдөр
Дугаар 490
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 156/2016/00247/И
Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Болдбаатар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд хаалттай хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг, Ж-16 тоотод оршин суух, Ямаат овогт Түмэнбаярын Эрдэнэтуяа (РД: СЕ89120802)-гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг Хэрлэн хорооллын А-52-18 тоотод оршин суух, Улаалзай хөвдүүд овогт Нарангэрэлийн Ундрах (РД: СУ89062179)-д холбогдох
"Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох, дундын эд хөрөнгө гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагуудтай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Т.Эрдэнэтуяа, хариуцагч Н.Ундрах, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Баярсайхан, хариуцагчийн өмгөөлөгч Г.Бадамгэрэл, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар А.Цэрэндулам нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Т.Эрдэнэтуяа нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Миний бие нь 2011 онд Н.Ундрахтай танилцаж 2012 онд гэр бүлээ батлуулсан юм. Хамтран амьдрах хугацаандаа 2012 оны 12 дугаар сарын 09-ний өдөр охин У.Сондор, 2014 оны 11 дүгээр сарын 12-нд хүү У.Маргад нарыг төрүүлсэн. Миний нөхөр Н.Ундрах нь Б.Уранбайгаль гэх хүнтэй явалдаж гэр бүлийн журамт үүргээ зөрчиж өөр бусадтай гэр бүлийн харилцаа үүсгэсэн тул бид хоёр цаашид хамтран амьдрах боломжгүй болсон. Бид 2016 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс эхлэн тусдаа амьдарсан бөгөөд энэ хугацаанд би 2 хүүхэдтэйгээ амьдарч байсан. Н.Ундрах нь өөрийн 2 хүүхэддээ анхаарал халамж тавихгүй байгаа бөгөөд өөрийн хувийн амьдралаа хөөцөлдөж байгаа юм.. 2014 онд миний аав болох Н.Түмэнбаярын “Нам Жим” ХХК-ийн нэр дээр бид хоёр “Анунгоо” ХХК-ийн Хэнтий аймаг дахь гэрээт борлуулагч болсон. Ингэхдээ Н.Түмэнбаярын эгч Н.Түвшинжаргал нь 8 000 000 төгрөгийн тэтгэврийн зээл Төрийн банкнаас авч, өөрөөсөө бэлэн 2 000 000 төгрөгийг нэмж нийт 10 000 000 төгрөгийг 2014 оны 10 дугаар сард надад өгсөн. Н.Ундрах нь өөрийн дүү Н.Отгонжаргалаас 3 600 000 төгрөг авч 2014 оны 11 дүгээр сард бид хоёр “Анунгоо” ХХК-тай гэрээ байгуулж 14 000 000 төгрөгийн хөрөнгөөр үйл ажиллагаа явуулж ирсэн хугацаанд барааг хадгалах агуулах нь минийх байсан. Бид хоёр цаашдаа хамтран амьдрах боломжгүй болсон тул өөрийн хөрөнгөөр босгож үүсгэн байгуулсан компаниа өөрийн нэр дээр шилжүүлж авах хүсэлтэй байна.
2015 оны 11 дүгээр сард бид хоёр ярилцаж тохиролцоод “Хөсөгтөн нүүдэл” ХХК гэх өөрсдийн компанийг нөхөр Н.Ундрахын нэр дээр байгуулж “Анунгоо” ХХК-ний гэрээт борлуулагчийн ажлыг хийж байна. Мөн бид хамтран амьдрах хугацаандаа 50-38 ХЭҮ улсын дугаартай карина маркийн авто машиныг 2013 оны 05 дугаар сард манай ээжийн төрсөн дүү болох И.Төмөрчулуун нь өөрийн хашаа байшинг барьцаалж 12 000 000 төгрөгийг бид хоёрт өгсөн. Энэхүү мөнгөнөөс 7 900 000 төгрөгөөр бид хоёр дээрх машиныг худалдаж авсан. Бид хоёр тусдаа амьдрах хугацаанд Н.Ундрах нь бид хоёрын дундын эд хөрөнгийг өөрийн дураар надад мэдэгдэлгүй “Заг капитал” ХХК-ний нэр дээр шилжүүлсэн байсан. Иймд “Хөсөгтөн нүүдэл” ХХК-ийг өөрийн нэр дээр шилжүүлэх, 50-38 ХЭҮ улсын дугаартай карина маркийн авто машинийг өөрийн эзэмшилд авах, бидний 2011 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 0160768 дугаартай гэрлэлтийн баталгааг цуцлуулж, хүү, охин хоёрыг миний асрамжинд үлдээж, хүүхдийн тэтгэлэг тогтоож өгнө үү гэжээ. /хх-ийн 1 тал/
Хариуцагч Н.Ундрах нь шүүхэд гаргасан тайлбартаа:
Бид 2011 онд танилцаж, 2012 онд албан ёсоор гэр бүлээ батлуулж, охин У.Сондор, хүү У.Маргад нар гарсан. Бид хамт амьдрах хугацаанд Т.Эрдэнэтуяа нь надад төдийгүй хоёр хүүхэддээ халамжгүй, амьдралдаа арчаа муутай, залхуу, бэлэнчлэх сэтгэлгээтэй, надтай амьдарч байх хугацаандаа хоолны гурил ч өөрөө зуурч үзээгүй хүн юм. Мөн ааш муутай. Надаас байнга өө эрж хэрүүл хийдэг, гэрт хамт байхад муухай сайхан харж байнга хэрүүл өднө, хоол идэхээр их идлээ гэнэ, идэхгүй гэхээр хаагуур хэнтэйгээ идээд ирэв гэж уурлана, жаахан бие өвдөөд хэвтвэл гарч ажлаа хий гэж загнана, хааяа найз нөхөдтэйгөө уулзаж жаахан оройтвол гэрийнхээ хаалгыг дотроос нь түгжээд оруулахгүй гадаа хонуулна, хувцас хунар угааж өгөхгүй, заримдаа би ээж дээрээ очиж хувцасаа угаалгаж, оёулж ирдэг байсан. Гэр бүлдээ хайр халамж муутай ийм хүнтэй хамт амьдрах боломжгүй болсон.
Мөн Уранбайгаль гэх эмэгтэйтэй явалдаж гэр бүлийн гадуурх харилцаатай болсон гэдэг энэ нь Т.Эрдэнэтуяа намайг хаяад явснаас хойш буюу саяхнаас уулздаг болсон.
“Хөсөгтөн нүүдэл”ХХК бол миний үүсгэн байгуулсан, 20000 төгрөгний нэрлэсэн үнэ бүхий 2000 ширхэг энгийн хувьцаатай компани юм. Тус компаниас хувьцаа эзэмшигчдэд эзэмшүүлж гаргасан хувьцаа байхгүй, хувь нийлүүлэгч байхгүй, тухайн компани байнгын тогтмол үйл ажиллагаа явуулдаггүй , дансаар тогтмол орлого гэх зүйл байхгүй юм. Ийм учраас Т.Эрдэнэтуяагийн нэр дээр шилжүүлэх боломжгүй юм.
Мөн “Түмэнбаярын эгч Түвшинжаргал нь 8 сая төгрөгийн тэтгэврийн зээл, өөрөөсөө 2 сая төгрөгийг нийт 10 сая төгрөгийг надад өгсөн”, “Ундрах өөрийн дүү Отгонжаргалаас 3 600 000 төгрөг авч гэрээт борлуулагчийн ажил хийсэн” гэж бичсэн байна. Түвшинжаргал эгч бидэнд мөнгө авч өгсөн нь үнэн. Гэхдээ энэ нь Түвшинжаргал эгчийн нэр дээр л зээл авсан болохоос биш би уг зээлийг бүгдийг нь хүүтэй нь хамт Төрийн банкинд төлж дуусгасан Харин би Отгонжаргал дүүгээсээ авсан 3 600 000 төгрөгийг л төлөөгүй байгаа.
Мөн 2013 оны 05 дугаар сард Хөдөлмөрийн хэлтсээс төсөл хэрэгжүүлж хөнгөлттэй зээл олгож байсан. Тэр үед барьцаа хөрөнгө хэрэгтэй байсан учир Төмөрчулуун эгчээс гуйж хашаа байшинг барьцаалж зээл авсан. Уг зэээлээр 7 900 000 төгрөгөөр машин авч, үлдсэн 4 100 000 төгрөгөөр хэрчсэн гурилын жигнэгч, хайрагч, хэрчигч, зуурагч гээд ком төхөөрөмж, гурилын түүхий эд наадаг уут аваад хэрчсэн гурилын цехээ ажиллуулсан. Хэрчсэн гурилын үйлдвэр ашиг муутай болохоор хаагдсан. Мөн манай ажлаас намайг сайн ажилласан, шилдэг борлуулагч болсон гээд 42 инчийн LCD зурагт, хоёр үйлдэлтэй пэйж, шарагчаар шагнаж байсан. Мөн би шагналынхаа мөнгөөр 8 кг-ийн угаалгын машин авч байсан. Эдгээр бүх зүйл Т.Эрдэнэтуяад байгаа. Мөн хамт амьдарч байхдаа Төрийн банкнаас 2013 онд 3 сая төгрөгийн зээл авч гэрийнхээ хэрэгцээндээ, нүүрс түлээндээ, Т.Эрдэнэтуяад зарцуулсан. Иймд гэрлэлт цуцлуулахыг хүлээн зөвшөөрч байна. “Хөсөгтөн нүүдэл” ХХК-ийг өөрийн эзэмшилд хэвээр үлдээх мөн 50-38 улсын дугаартай карина маркийн автомашиныг өөрийн эзэмшилд авах хүсэлтэй байна гэжээ. /хх-ийн 39-41 тал/
Нэхэмжлэгч Т.Эрдэнэтуяа нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Би эвлэрлийн гэрээнээсээ татгалзаж байна. Миний бие нь 2011 оноос Н.Ундрахтай хамт амьдарч 2012 онд гэр бүлээ батлуулж, 2012 онд охин У.Сондор, 2014 онд хүү У.Маргад нарыг төрүүлсэн. 2015 оны 12 дугаар сараас Н.Ундрах нь өөр хүнтэй гэр бүлийн харилцаанаас гадуурх харилцаа үүсгэн гэр бүлийн журамт үүргээ зөрчсөн. Бид хамтран амьдрах хугацаандаа байгуулсан “Хөсөгтөн нүүдэл” ХХК-ийг нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна. Гэр бүлээ цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгож, дундын эд хөрөнгө болох 50-38 ХЭҮ улсын дугаартай карина маркийн автомашиныг би өөрөө авах хүсэлтэй байна гэв.
Хариуцагч Н.Ундрах нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Бид 2012 онд гэр бүлээ батлуулж, 2012 онд охин У.Сондор, 2014 онд хүү У.Маргад нар төрсөн. Би өөрөө “Хөсөгтөн нүүдэл” ХХК-ийг үүсгэн байгуулсан. Мөн том охин У.Сондорыг өөрийн асрамжинд авах хүсэлтэй байгаа бөгөөд Т. Эрдэнэтуяагийн гэрлэлтээ цуцлуулах нэхэмжлэлийг нь зөвшөөрч байна. Хүү У.Маргадад хүүхдийн тэтгэлэг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Мөн миний “Анунгоо” ХХК-тай байгуулсан гэрээг гүйцэтгэх болон зээлийн төлбөрөө төлөхөд ашигладаг 50-38 ХЭҮ улсын дугаартай автомашиныг өөрийн эзэмшилд авах хүсэлтэй байна гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Баярсайхан:
Т.Эрдэнэтуяа, Н.Ундрах нар нь 5 жил хамт амьдарсан бөгөөд одоо зан харилцааны таарамжгүй харилцаанаас болж хариуцагч Н.Ундрах нь гэр бүлийн харилцаанаас гадуурх харилцаа үүсгэсэн нь гэр бүл цуцлах шалтгаан болсон гэж үзэж байна. Нэхэмжлэгч Т.Эрдэнэтуяа нь “Хөсөгтөн нүүдэл” ХХК-ийг нөхөр Н.Ундрахын нэр дээр үлдээхийг хүлээн зөвшөөрч байна. 50-38 ХЭҮ улсын дугаартай карина маркийн автомашиныг гэр бүлийн гишүүнд ногдох хувиар хуваалгах,Т.Эрдэнэтуяа нь Хэнтий аймгийн үнэлгээний компанид ажилладаг тогтмол орлоготой хүн юм. Иймд миний үйлчлүүлэгч нэхэмжлэгч Т.Эрдэнэтуяагийн асрамжинд 2 хүүхдийг нь өгч, хүүхдийн тэтгэлэг тогтоолгож, 50-38 ХЭҮ улсын дугаартай автомашиныг Т. Эрдэнэтуяагийн эзэмшилд өгөх нь зүйтэй байна гэв.
Хариуцагчийн өмгөлөөгч Г.Бадамгэрэл: Миний үйлчлүүлэгч Н.Ундрах нь гэр бүл цуцлуулахыг хүлээн зөвшөөрч байгаа. Хоёр хүүхдээ өөрийн асрамжинд үлдээх талаар нэхэмжлэгч Т.Эрдэнэтуяаг ажилтай орлоготой гэсэн нотлох баримтыг хавтаст хэрэгт байхгүй байна. Охин У.Сондорыг өөрийн асрамжинд үлдээж, хүү У.Маргадад хүүхдийн тэтгэлгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Н.Ундрах нь 50-38 ХЭҮ улсын дугаартай карина маркийн автомашиныг өөрийн эзэмшилдээ авч үлдэх хүсэлтэй байгаа. Учир нь уг машинаар “Анунгоо” ХХК-тай байгуулсан гэрээний үүргээ гүйцэтгэж ажлаа эрхэлдэг юм. Мөн уг автомашиныг “Заг капитал” ХХК-нд барьцаалан зээл авсан байгаа бөгөөд сар тогтмол зээлийн төлөлтийг төлж байдаг юм. Иймд миний үйлчлүлэгч Н.Ундрах нь охин У.Сондорыг өөрийн асрамжиндаа авч, 50-38 улсын дугаартай автомашиныг өөрийн эзэмшилд авах хүсэлтэй байна гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Т.Эрдэнэтуяа нь хариуцагч Н.Ундрахад холбогдуулан түүнээс гэрлэлтээ цуцлуулах, 2 хүүхдээ өөрийн асрамжинд авч, тэтгэлэг тогтоолгох, Хөсөгтөн нүүдэл ХХК-ийг өөрийн нэр дээр шилжүүлэн авах, Н.Ундрахын эзэмшилд байгаа Toyota carina маркийн 50-38 ХЭҮ улсын дугаартай автомашиныг өөрийн өмчлөлд авах, түүнчлэн Н.Ундрахын Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг, Хэрлэн хорооллын А-52 дугаар байрны 18 тоот байрны урьдчилгаа болгон өгсөн мөнгийг нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагуудыг гаргажээ.
Зохигчдын тайлбар болон хэргийн үйл баримтаас үзэхэд Т.Эрдэнэтуяа, Н.Ундрах нар нь 2012 оны 11 дүгээр сарын 16-нд гэрлэлтээ бүртгүүлсэн байх бөгөөд тэдний дундаас 2012 оны 12 дугаар сарын 17-ны өдөр охин У.Сондор, 2014 оны 11 дүгээр сарын 12-нд хүү У.Маргад нарыг төрсөн болох нь нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар, зохигчдын гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 6 тал/, охин У.Сондорын 2012 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн төрсний бүртгэлийн лавлагаа, хүү У.Маргадын 2014 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр бүртгэсэн 2301000549 тоот төрсний гэрчилгээний хуулбарууд /хх-ийн 7-8 тал/ зэрэг баримтуудаар тогтоогдож байна.
Зохигчид нь 2016 оны 01 дүгээр сараас эхлэн зан харьцааны хэт таарамжгүй байдлаас болж тус тусдаа амьдрах болсон байна. Үүнээс хойшхи хугацаанд зохигчид нь Хэнтий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн дэргэдэх Эвлэрүүлэн зуучлах албанд хандсан ч уг ажиллагаа амжилтгүй болсон байна.
Иймд зохигчдын хэн алиных нь бие биендээ сэтгэл хөрсөн, цаашид хамтран амьдрах хүсэл сонирхолгүй болсон байдлыг нь харгалзан тэдний гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Шүүх тэдний гэрлэлтийг цуцлахдаа 2012 оны 12 дугаар сарын 17-ны өдөр охин У.Сондор, 2014 оны 11 дүгээр сарын 12-нд хүү У.Маргад нарын өсч хүмүүжих нөхцөл бололцоо, тэдний нас, эцэг эхийнх нь ёс суртахууны байдал зэргийг харгалзан хүүхдүүдийг эх Т. Эрдэнэтуяагийн асрамжинд үлдээх нь зүйтэй гэж үзлээ.
Хүүхдүүдийг эхийнх нь асрамжинд үлдээж шийдвэрлэж буй тул Гэр бүлийн тухай хуульд заасны дагуу эцэг Н. Ундрахаас хүүхдийн тэтгэлгийг түүний тогтмол ажлын байртай байдлыг харгалзан сар бүр мөнгөн хэлбэрээр гаргуулж, хүүхдүүдийг тэжээн тэтгүүлэхээр шийдэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч Т. Эрдэнэтуяагийн Н.Ундрахын эзэмшилд байгаа Toyota carina маркийн 50-38 ХЭҮ улсын дугаартай автомашиныг өөрийн өмчлөлд гаргуулж авах тухай нэхэмжлэлийн шаардлагын хувьд хариуцагч Н. Ундрах нь Хэнтий аймгийн Хэрлэн сумын Сум хөгжүүлэх сангаас хэрчсэн гурил хийх зориулалтаар 2013.04.29-ний өдөр 36 сарын хугацаатай, сарын 0,25 хувийн хүүтэйгээр зээлийн гэрээ хийж авсан 12 000 000 /арван хоёр сая/ төгрөгнөөс 7 900 000 төгрөгөөр дээрх автомашиныг худалдан авч алба, амины хэрэгцээндээ унаж хэрэглэж байгаа байдал зохигчдын тайлбараар тогтоогдож байна.
Хариуцагч Н. Ундрах нь Сум хөгжүүлэх сангаас авсан дээрх зээлийг 2016.03.11-нд өөрөө төлж барагдуулсан. Мөнгөний хэрэгцээ шаардлагаас үүдэн Toyota carina маркийн уг автомашиныг Заг капитал ХХК-нд барьцаалж 7 хувийн хүүтэй 2 000 000 төгрөгийн зээлийг 2016.03.11-нд авсан. Гэхдээ уг автомашинаа унаад Анунгоо ХХК-ийн албан ёсны борлуулагчийн ажлаа хийгээд зээлээ төлөөд явж байгаа гэж тайлбар хийж байна.
Эндээс дүгнэхэд хариуцагч Н. Ундрахын эзэмшилд байгаа Toyota carina маркийн автомашин нь Иргэний хуулийн 127 дугаар зүйлийн 127.1.6-д заасанчлан хариуцагч Н. Ундрахын хуваарьт эд хөрөнгөөр олж авсан, мэргэжлийн үйл ажиллагаагаа явуулахад шаардагдах хөрөнгө гэж үзэх үндэслэлтэй байна.
Иймд нэхэмжлэгч Т. Эрдэнэтуяагийн дундын эд хөрөнгө болох 50-38 ХЭҮ улсын дугаартай Toyota carina маркийн автомашиныг гаргуулж авах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Харин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад болон шүүх хуралдаан дээр нэхэмжлэгч Т. Эрдэнэтуяа нь “Хөсөгтөн нүүдэл” ХХК-ийг өөрийн нэр дээр шилжүүлэн авах, түүнчлэн хариуцагч Н.Ундрахын Хэнтий аймгийн Хэрлэн сумын Хэрлэн хорооллын А-52 дугаар байрны 18 тоот байрны урьдчилгаа болгон өгсөн мөнгийг нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагуудаасаа тус тус татгалзаж байх тул түүний татгалзлыг шийдвэрт оруулан дурдах нь зүйтэй байна. Түүнчлэн нэхэмжлэгч Т.Эрдэнэтуяагийн шүүхээс өмнөх шатанд эвлэрүүлэн зуучлах албанд хандахдаа хураамж болгон төлсөн 30 000 төгрөг /гучин мянга/ нь тухайн үедээ улсын орлого болсныг мөн шийдвэрт дурдах нь зүйтэй байна.
Ийнхүү нэхэмжлэгч Т. Эрдэнэтуяагийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагуудын зарим хэсгийг хангаж шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийг мөн хэмжээгээр зохигчдоос хуваан гаргуулах нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т зааснаар Улаалзай хөвдүүд овогт Нарангэрэлийн Ундрах (РД: СУ89062179) Ямаат овогт Түмэнбаярын Эрдэнэтуяа (РД: СЕ89120802) нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2012 оны 12 дугаар сарын 09-нд төрсөн охин У.Сондор (РД:СЮ12320909), 2014 оны 11 дүгээр сарын 12-нд төрсөн хүү У.Маргад (РД:СЮ14311216) нарыг нэхэмжлэгч /эх/ Т.Эрдэнэтуяагийн асрамжинд үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар охин У.Сондор, хүү У.Маргад нарыг 16 нас хүртэл нь (суралцаж байгаа бол 18 нас хүртэл нь) тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн хэмжээгээр хүүхдийн тэтгэлгийг хариуцагч /эцэг/ Н.Ундрахын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогоос сар бүр, мөнгөн хэлбэрээр тооцон гаргуулж охин У.Сондор, хүү У.Маргад нарыг тэжээн тэтгүүлсүгэй.
4. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д зааснаар тэтгэлгийг гагцхүү хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг нэхэмжлэгч /эх/ Т.Эрдэнэтуяад даалгасугай.
5. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар зохигчид нь гэрлэлтээ цуцлуулсан нь хүүхдийн эрх ашиг сонирхлыг хөндөхгүй ба хүүхдийн эцэг, эх болохын хувьд хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах үүргээс чөлөөлөгдөхгүй болохыг хэн алинд нь анхааруулсугай.
6. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар хүүхдийн эрх ашиг сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглосугай.
7. Нэхэмжлэгч Т.Эрдэнэтуяа нь “Хөсөгтөн нүүдэл” ХХК-ийг өөрийн нэр дээр шилжүүлэн авах, түүнчлэн хариуцагч Н.Ундрахын Хэнтий аймгийн Хэрлэн сумын Хэрлэн хорооллын А-52 дугаар байрны 18 тоот байрны урьдчилгаа болгон өгсөн мөнгийг нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагуудаасаа тус тус татгалзсан болохыг дурдсугай.
8. Нэхэмжлэгч Т.Эрдэнэтуяагийн “дундын эд хөрөнгө болох 50-38 ХЭҮ улсын дугаартай Toyota carina маркийн автомашиныг гаргуулж авах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
9. Хариуцагч Н.Ундрахын эзэмшилд байгаа Toyota carina маркийн 50-38 ХЭҮ улсын дугаартай автомашиныг битүүмжилсэн Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн №767 дугаартай захирамжийг хүчингүй болгосугай.
10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.2-д зааснаар нэхэмжлэгчТ.Эрдэнэтуяагаас улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийн тал хувь болон 35 100 төгрөгийг улсын орлогод үлдээж, Төрийн сангийн 180000941 тоот данснаас 35 100 төгрөг, хариуцагч Н.Ундрахаас 35 100 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Т.Эрдэнэтуяад олгосугай.
11. Нэхэмжлэгч Т.Эрдэнэтуяагийн шүүхээс өмнөх шатанд эвлэрүүлэн зуучлах албанд төлсөн 30 000 төгрөг тухайн үедээ улсын орлого болсныг дурдсугай.
12. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигчид, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар нь энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.БОЛДБААТАР