Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 517

 

   

 

                                                                    

 

 

 

 

 

 

             Ж.Батсайхан, Б.Гантулга нарт

             холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Гансүх даргалж, шүүгч Н.Батсайхан, Д.Мягмаржав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор А.Сайнбаяр,

Ялтан Ж.Батсайхан, түүний өмгөөлөгч Д.Очирдорж,

Нарийн бичгийн дарга П.Учралгэрэл нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж, шүүгч С.Пүрэвсүрэн, Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2017 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 282 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан Ж.Батсайханы гаргасан давж заалдах гомдлоор Ж.Батсайхан, Б.Гантулга нарт холбогдох эрүүгийн 201625010361 дугаартай хэргийг 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мягмаржавын илтгэснээр хянан хэлэлцэв.

          Боржигон овогт Жаргалсайханы Батсайхан, 1991 оны 6 дугаар сарын 16-ны өдөр Дорноговь аймагт төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 8, эцэг, эх, дүү нарын хамт Дорноговь аймгийн Сайншанд сум, 11 дүгээр хорооны 3 дугаар баг, Майнзавын 8 дугаар гудамжны 9 тоотод оршин суудаг,

          2010 оны 3 дугаар сарын 1-ний өдрийн Дорноговь аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 17 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 4 жилийн хорих ялаар шийтгүүлсэн,

          2014 оны 2 дугаар сарын 10-ны өдөр Сум дундын 8 дугаар шүүхийн 17 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар 4 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлж, 2015 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр Багануур дүүргийн шүүхийн шүүгчийн захирамжаар суллагдсан, /РД: ЕЮ91061618/,  

         

          Гөрөөч овогт Бямбацолмонгийн Гантулга, 1992 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Завхан аймагт төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, өрмийн мастер мэргэжилтэй, “Номин-Ус” ХХК-д өрмийн мастер ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын Г-11 дүгээр гудамжны 1336 тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, /РД: ИИ92101810/,

         

          Ж.Батсайхан нь ялтай байх хугацаандаа, согтуугаар 2015 оны 12 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Сайншанд сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Викториа” баарны гадна талд Г.Төгсбаяр гэгчтэй харилцан маргалдаж байх явцад түүнийг таслан зогсоох зорилгоор цагдаагийн алба хаагч Н.Наранбаатарын нийгмийн хэв журмыг сахин хангуулах үүргээ биелүүлж байхад нь хүч хэрэглэн эсэргүүцэж, түүний бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан,

          Мөн ялтай байх хугацаандаа, согтуугаар 2016 оны 1 дүгээр сарын 18-наас 19-нд шилжих шөнө 01 цагийн үед Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Оакланд” баарны гадна талд буюу гудамжинд ялимгүй зүйлээр шалтаглан хүч хэрэглэн танхайрах явцдаа зэвсгийн чанартай зүйл буюу шилээр иргэн Б.Лхагвасүрэнгийн нүүрэн тус газар зүсэж, бие махбодид тархи доргилт, зүүн хацарт зүсэгдсэн шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний дээд, доод зовхи, дээд уруулын зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний ухархай дотор хананы хугарал бүхий хөнгөн гэмтэл учруулан догшин авирласан,

         

          Б.Гантулга нь архидан согтуурсан үедээ 2016 оны 1 дүгээр сарын 18-наас 19-нд шилжих шөнө 01 цагийн үед Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Оакланд” баарны гадна талд буюу гудамжинд “найз Ж.Батсайханыг зодлоо” хэмээн ялимгүй зүйлээр шалтаглан хүч хэрэглэн танхайрах явцдаа иргэн Н.Бат-Эрдэнийн эрх чөлөөнд халдаж, бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас: Ж.Батсайханд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3, 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт зааснаар, Б.Гантулгад холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс: Ж.Батсайханыг ялтай байхдаа төрийн албан хаагчийг хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэж байхад нь хүч хэрэглэн эсэргүүцэж бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулах гэмт хэрэг, мөн ялтай байхдаа бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин, хүч хэрэглэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэн эсэргүүцэж бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулах гэмт хэрэг, Б.Гантулгыг бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин, хүч хэрэглэн бусдын бие махбодид хөнгөн гэмтэл учруулан танхайрах гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар Б.Гантулгыг 3 жил 1 сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь заалтад зааснаар Ж.Батсайханыг 5 жил 6 сарын хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт зааснаар Ж.Батсайханыг 2 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар Ж.Батсайханд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 5 жил 6 сарын хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялын зарим 6 сарын хорих ялыг нэмж нэгтгэн Ж.Батсайханы нийт эдлэх ялыг 6 жилийн хугацаагаар хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар Ж.Батсайханд оногдуулсан хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Б.Гантулгад оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид тус тус эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар Ж.Батсайханы урьд цагдан хоригдсон 322 хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, уг хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Ж.Батсайхан нь хохирол төлбөр төлөөгүй, Б.Гантулга нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, хохирогч Б.Лхагвасүрэн, Н.Наранбаатар нар нь эмчилгээнд зарцуулсан нотлох баримтаа бүрдүүлэн гэм буруутай этгээдээс иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар Б.Гантулгад оногдуулсан 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж, засрал хүмүүжилд нь хяналт тавихыг Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хэлтэст даалгаж шийдвэрлэжээ.

Ялтан Ж.Батсайхан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “…282 тоот тогтоолыг эс зөвшөөрч доорх гомдлыг гаргаж байна. Үүнд: 1. …Хохирогч гэх Наранбаатар нь Ж.Батсайхан миний биеийг гавлаж зодсон. Мөн гавласан гавнаасаа барьж чирэн баарны шатны уруу чирч гулдчин унагаагаад улмаар унасан байхад миний ууц, нуруун дээрээс дэвслэж, мөн бөөрөн тус газар луу хүчтэй өшиглөсөн. Тэгээд ч зогсохгүй миний хөлөн дээр дэвсэж баруун хөлний шагайг хугалан гэмтээсэн. Миний бие арга буюу “цагдаа гээд заавал хүн зодох эрх байхгүй шүү” гэж хэлэхэд Наранбаатар цагдаа нь “Чи муу яасан их эрх ярьдаг гар вэ, зодох эрх цагдаад байдаг юм шүү за, тэгээд чи муу яах юм бэ” гээд өшиглөж, дэвсээд зодоод байсан. Тухайн үед үүргээ гүйцэтгэж явсан гэх цагдаа Наранбаатар нь яаж зодож байсныг гэрчлэх хүмүүс олон байдаг. Тухайлбал 1 дүгээр хавтасны 132-133 дахь талд гэрч Төмөрхуягийн мэдүүлэг, 2 дугаар хавтасны 46 дахь талд гэрч Хүдэрбаатарын мэдүүлэгт тодорхой байдаг билээ.

2. Улсын яллагч Батбаяр нь тус хэрэгт шаардлага бүхий мэдүүлгүүдийг бүрэн гүйцэд авсан гэж өөрийнхөө хийсэн ажлыг хамгаалж шүүхийн хэлэлцүүлэгт ярьдаг боловч тус ажиллагааг дутуу хийсэн буюу худал мэдүүлж байгаа нь намайг яллах талыг хэт их баримталж байгаад гомдолтой байна. Мөн тус хэрэгт шаардлагатай гэх бүх гэрчүүдээс мэдүүлэг аваагүй. Тухайлбал тус хэрэгт шаардлагатай гэж үзэх гэрч Билэгдэмбэрэл, Азжаргал, Анхбаяр нараас гэрчийн мэдүүлгийг үнэн зөвөөр аваагүй нь миний эрх зүйн байдалд сөргөөр нөлөөлсөн.

3. Мөн Дорноговь аймаг дахь “Викториа” баарны дүрс бичлэгийн камерын бичлэг байсаар байхад нуун дарагдуулж хавтаст хэргийн материалд хавсаргаагүй байгаа нь миний эрх зүйн байдлыг мөн дордуулж байна.

4. Хохирогч гэгдэх Наранбаатар нь миний биеийг зодож гэмтээсэн атлаа тус үйлдлээ хаацайлж өөрийн бусармаг үйлдэлдээ бусадтай хуйвалдан намайг догшин авир гаргасан мэтээр гүтгэж буйд туйлын их гомдолтой байна.

5. Миний бие Ж.Батсайхан нь …өөрийн найз болох Гантулга, Батдэлгэр нарыг шорлог зарж байсан хүмүүстэй маргалдаж зодолдоход нь салгасан билээ. Тэгтэл хэн нь цохисон болох нь мэдэгдэхгүй намайг цохиж, газар унагаасан юм. Мөн намайг унасан хэвтэж байхад миний нүүр рүү өшиглөн улмаар хамар хугалсан юм. Мөн намайг хэдэн талаас олон удаа нүүр толгой хэвлийн тус газар өшиглөж зодсон. Миний бие “болъё оо, одоо болоо шүү дээ, авраарай, цагдаа дуудаач ээ” гэж хашгирсан билээ. Эдгээр бүх байдлыг гэрчлэх гэрч Батдэлгэрийн мэдүүлэг /хх-91-92-1хх/ тодорхой бичигдсэн байдаг. Мөн гэрч Гантулгын мэдүүлэг /хх-15-1хх/, Пүрэвдагвын мэдүүлэг /хх-35-36-1хх/ зэрэгт тодорхой байдаг билээ. Нийслэлийн давж заалдах шатны шүүх миний гаргасан гомдлыг хүлээн авч гомдлын дагуу захирамж гаргасаар байхад Баянзүрх дүүргийн шүүхийн шүүгч Т.Шинэбаяр нь яллах талыг хэт баримталж буйд гомдолтой байна. Хэрвээ миний бие хэн нэгнийг гомдоож хохироосон бол шүүхийн өмнө гэм буруугаа хүлээн ухамсарлаж, хийсэн хэргээ хүлээж, шүүх бүрэлдэхүүнээс хөнгөн ял шийтгэл оногдуулахыг хүсэх байсан. Гэвч миний бие хийгээгүй хэргийн төлөө яллагдаж, цаг хугацаа, эрүүл мэнд, сэтгэл санаа, эд хөрөнгөөрөө хохирч буйдаа туйлын их гомдолтой байна. Иймд …надад холбогдох хэргийн үнэн зөв байдлыг тал бүрээс нь хянан хэлэлцэж, миний гаргасан гомдлыг шүүж, тогтоож өгнө үү…” гэв.

Ялтан Ж.Батсайханы өмгөөлөгч Д.Очирдорж тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Өмгөөлөгч миний зүгээс анхан шатны шүүх хуралдаанд Ж.Батсайханы ярьж буй ажиллагаа дутуу хийгдсэн, хэргийг шүүхээр эцэслэн шийдвэрлэхэд хангалттай нотлох баримт цуглараагүй тул хэргийг мөрдөн байцаалтап буцааж өгнө үү гэсэн байр суурьтай оролцсон. Шийтгэх тогтоол хэргийн бодит байдалтай нийцээгүй. Мөрдөн байцаалтын ажиллагаа, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг дутуу явуулж, анхан шатны шүүхээс хэт яллах байр суурьниас нотлох баримтуудыг үнэлж хэргийг шийдвэрлэсэн. Цагдаагийн ажилтныг зодсон буюу хуучин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн хэргийн хувьд Ж.Батсайхан Наранбаатар гэх цагдаагийн ажилтны биед гэмтэл учруулсан талаар хангалттай нотлох баримт байхгүй. Зөвхөн хамт үүрэг гүйцэтгэж явсан цагдаагийн албан хаагчид л энэ талаар мэдүүлдэг болохоос тэнд байсан гэрчүүд “цагдаагийн ажилтан хүч хэрэглэн салгасан. Ж.Батсайхан цагдааг цохиогүй, цохисныг хараагүй” гэж мэдүүлдэг. Үүнээс харахад мэдүүлгийн зөрүүтэй байдлыг арилгалгүй хэргийг шийдвэрлэсэн харагдаж байна. Тухайн баар камертай байсан бөгөөд камерын бичлэгийг хавтаст хэрэгт хавсаргуулах хүсэлтийг өмгөөлөгч миний зүгээс гаргаж байсан боловч мөрдөн байцаалтын шатанд хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн хэдий ч камерын бичлэгийг хэрэгт хавсаргаагүй. Сүүлд энэ камерын бичлэг хаачсан бэ гэх асуудлыг анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үед тавихдаа Төгсбаярын өмгөөлөгч “энэ камерын бичлэг чинь шүү” гэж мөрдөн байцаагч руу шилжүүлсэн талаараа тайлбарласан өмгөөлөгчийн ярианы бичлэгийг шүүх хуралдаанд сонсгоё гэсэн хүсэлт тавьсан боловч хүлээж аваагүй. Мөн хэргийн бодит байдлыг харсан Азжаргал, Билэгдэмбэрэл нараас мэдүүлэг аваагүй. Хуучин хуульд заасан танхайрах гэмт хэргийн хувьд Ж.Батсайхан хохирогчийг цохисноо хүлээн зөвшөөрсөн боловч шилээр цохиогүй тул хийсэн үйлдэлдээ таарсан хариуцлагыг хүлээмээр байна гэж байна. Хохирогчийн биед үүссэн гэмтэл нь шүүх эмнэлгийн дүгнэлтээр мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой хөнгөн зэргийн гэмтэл гэдэг нь тогтоогдсон. Үүнийг анхан шатны шүүх харгалзан үзэлгүй “шилээр цохиогүй” гэдэг үгээр нь гэм буруугаа ухамсарлаагүй гэж дүгнэн хэргийг шийдвэрлэсэн. Ж.Батсайхан 322 хоног цагдан хоригдоогүй. Шийтгэх тогтоол гарсны дараа лавлагаа авахад 329 хоног цагдан хоригдсон байсан. Шүүх бүрэлдэхүүн шүүгдэгч Ж.Батсайхныг гэм буруутай гэж дүгнэвэл шинээр хэрэгжиж буй Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгад заагдсанаар шүүгдэгч нарт ашигтай байдлаар хэргийг шийдвэрлэж өгнө үү. Ж.Батсайханы хууль сахиулагчийг эсэргүүцсэн үйлдэл нь дээр дурдсанаар хангалттай тогтоогдоогүй байхад хэргийг шийдвэрлэсэн хэдий ч нотлох баримт хангалттай гэж шүүх бүрэлдэхүүн үзвэл тухайн зүйлд заасан ялын доод хэмжээгээр ял шийтгэл оногдуулж өгнө үү. Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгын 23.1 дэх хэсэгт заасан ял шийтгэлийн доод хэмжээгээр хариуцлага оногдуулж өгнө үү. Танхайрсан гэх үйлдэл нь Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгад зааснаар гэмт хэрэгт тооцогдохгүй болсон. Энэ үйлдэлд Зөрчлийн тухай хуульд зааснаар шийтгэл оногдуулахаар байгаа. Хүндрүүлэх нөхцөлтэйгөөр танхайрсан үйлдлийг Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгын 20.16 дугаар зүйлд зааснаар зүйлчлэхээр байгаа хэдий ч Ж.Батсайханы үйлдэл тухайн зүйл ангид хамаарахгүй. Учир нь бүлэглэж олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулаагүй, мөн шинэ хуульд зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл гэж заасан байгаа. Цагдан хоригдсон хоногийн лавлагааг шүүх бүрэлдэхүүнд өгье” гэв.

Прокурор А.Сайнбаяр тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Эрүүгийн хууль, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн хүрээнд хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг үндэслэн хэргийг шүүхэд шилжүүлэн, анхан шатны шүүхээс шийтгэх тогтоол гарсан. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хэргийн бодит байдалтай нийцсэн, хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан. Цагдан хоригдсон хоногийн талаар зөрүү гарсан талаар өмгөөлөгч баримт авчирсан байна. Энэ баримт нь үндэслэлтэй бол шүүх эрх хэмжээний хүрээнд шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, цагдан хоригдсон хоногийг зөвтгөх нь зүйтэй. Шинэ Эрүүгийн хууль хэрэгжиж эхэлж байгаатай холбогдуулан ялтны эрх зүйн байдлыг дээрдүүлэх үндэслэлтэй гэж үзэж байвал Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлд заасан заалтыг баримтлан шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд өөрчлөлт оруулах нь зүйтэй байх гэж үзэж байна” гэв.

ХЯНАВАЛ:

           Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

          Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

         Ж.Батсайхан нь согтуугаар 2015 оны 12 дугаар сарын 14-өөс 15-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Сайншанд сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Викториа” баарны гадна талд Г.Төгсбаяр гэгчтэй харилцан маргалдаж байх явцад түүнийг таслан зогсоох зорилгоор ирсэн хууль сахиулагч Н.Наранбаатарыг албан үүрэгтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн гэмт хэрэг,

          Мөн согтуугаар 2016 оны 1 дүгээр сарын 18-наас 19-нд шилжих шөнө 01 цагийн үед Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Оакланд” баарны гадна талд шилээр иргэн Б.Лхагвасүрэнгийн нүүрэн тус газар зүсэж, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг,

         

          Б.Гантулга нь согтуугаар 2016 оны 1 дүгээр сарын 18-наас 19-нд шилжих шөнө 01 цагийн үед Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Оакланд” баарны гадна талд буюу гудамжинд иргэн Н.Бат-Эрдэнийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:

 

          Гэрч Л.Пүрэвдаваагийн “...2016 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр 22 цагийн үед Баянзүрх дүүргийн 7 дугаар хороонд байрлах Баянцээлийн гудамжинд “Оакланд” баарны урд талд очиж шорлог зарсан. Очиход Төвшөө бас шорлог зарж байсан. Шөнө 01 цаг өнгөрч байх үед 2 залуу Төвшөөгөөс шорлог авсан. Өндөр намхан 2 залуу байсан. Тэр хоёрыг шорлог аваад идэж байхад хажуунаас бас өндөр залуу ирснээ “шорлог аваад өгчих, аваад өгчихөж чадахгүй байна уу” гэх мэтээр хэрүүл өдөөд байсан. Би тэгээд тэр хавиар өөр хүмүүст шорлог зарсан. Удаагүй Төвшөө намайг дуудаад “нөгөө шорлог авсан 2 залууг 3 залуу зодоод байна, хоёулаа болиулъя” гэхээр нь харахад шорлог авсан өндөр залуугийн нүүрнээс нь цус гараад дараад зогсож байсан. Шорлог авсан намхан залуу нь болохоор нэг залуугийн дээрээс дарж хэвтсэн, хэрүүл өдсөн өндөр залуу нь, жижиг залуутай цуг шорлог авсан намхан залууг дээрээс өшиглөөд, цохиод зодож байсан. Төвшөө очоод “та нар хүн аллаа шүү дээ, болиоч ээ, энэ 2 зүгээр шорлог авсан” гэж хэлээд жижиг залууг нь татсан. Тэр залуучууд болиогүй бүр зодоод байсан. Зодуулж байсан залуу “авраач ээ” гэсэн ба нүүрээ зүсүүлсэн залуу “наад хүмүүсээ болиулаач ээ” гэсэн. Өндөр залуу нь нүүрээ зүсүүлсэн залууг газар унагаад дээрээс нь өшиглөсөн. Тэгэж байхад машинтай цагдаа явж байхаар нь би гүйж очоод “энд зодоон болоод байна” гэж хэлээд дагуулж ирсэн. Цагдаа ирээд зодооныг болиулахад намхан залуу босож ирээд цагдаа ирснийг анзаараагүй “намайг авраач ээ” гээд орилоод байсан. Цагдаа гэснийг хараад гайгүй болсон. Цагдаа нар ирээд 2 залууг нь машинд суулгаад зодуулсан 2 залууг түргэн дуудаад өгч явуулсан. Зодоонд оролцсон жижиг залуу нь цагдаа явсны дараа түцний тэнд таараад “манай найз сая шоронгоос өршөөлөөр гарч ирсэн одоо дахиж орлоо доо” гэж байсан…” /хх-35-36-I/,

         

          Гэрч Б.Өсөхжаргалын “...Би 2016 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр 20 цагаас Сүлд 112 чиглэл буюу Баянзүрх дүүргийн 4, 7 дугаар хороодын нутаг дэвсгэрт машинт эргүүлийн үүргийг а/а Б.Мөнхбаярын хамт гүйцэтгэсэн. Үүрэг гүйцэтгэж шөнө 01 цагийн үед Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэр Баянцээлийн гудамжаар өгсөж явах үед “Оакланд” баарны харалдаа автомашины туслах зам дээр хүмүүс зодолдож байсан. Шорлог зардаг Пүрэвдаваа гараараа даллаж зам тосож гүйж ирээд “хүмүүс зодолдоод байна” гэж хэлсэн. Машинаасаа буугаад очиж харахад 3 залуу газар зууралдаж байсан ба 1 залуу нь хажууд нь байсан. Лхагвасүрэн гэх залуугийн зүүн хацар нь язарч нүүр нь битүү цус болсон, хацраас цус их хэмжээгээр гарч байсан ба тэр залуу өөрийг нь зүссэн гэх залуугаас зуураад тавихгүй байсан. Очоод салгах гэхэд Лхагвасүрэн “энэ залууг барь, тэгвэл би тавина, намайг зодож нүүр зүссэн хүн байна” гэхээр нь тэр залууг барьж босгоход Батсайхан гэх залуу байсан. Батсайханы хамаатан гэх Гантулга нь бид нарыг ирэх үед хажууд байсан. Батсайхан, Гантулга нарыг албаны машинд суулгасан. Лхагвасүрэнгийн найз Бат-Эрдэнэ гэх залуу зодуулсан гэх боловч нүдэнд харагдах ноцтой шарх байгаагүй. Лхагвасүрэнгийн гэмтэл нь ноцтой, цус их гарч байсан учир 103-т залгаж түргэн тусламж дуудсан. Түргэний эмч 20 минут орчмын дараа ирж үзээд “оёдол тавих шаардлагатай” гээд Лхагвасүрэнг найз Бат-Эрдэнийн амт Гэмтлийн эмнэлэг рүү авч явсан. Маргааныг салгах үеэр ойр орчимд байсан шорлог зарж байсан Пүрэвдаваа, Төвшөө нар явсан байсан. Хэрэгт ач холбогдолтой хүмүүсийг хайхад гэрч байгаагүй…” /хх-37-38-I/,          

 

          Гэрч Б.Мөнхбаярын “...Би 2016 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр 20 цагаас Сүлд 112 чиглэл буюу Баянзүрх дүүргийн 4, 7 дугаар хороодын нутаг дэвсгэрт машинт эргүүлийн үүргийг а/х Б.Өсөхжаргалын хамт гүйцэттэсэн. Үүрэг гүйцэтгэж байхдаа шөнө 01 цагийн үед Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэр Баянцээлийн гудамжаар өгсөж явах үед “Оакланд” баарны гадаа автомашины туслах зам дээр хүмүүс зодолдож байсан. Шорлог зардаг залуу зам тосож гүйж ирээд “хүмүүс зодолдоод байна” гэж хэлсэн. Машинаасаа а/х Б.Өсөхжаргалын хамт буугаад очиход 3 залуу газар зууралдаж байсан. Нүүрээ зүсүүлдэг Лхагвасүрэн, найз нь Бат-Эрдэнэ, нүүр зүсдэг Батсайхан нар зууралдаад газар хэвтэж байсан. Батсайханы найз Гантулга гэх залуу хажууд нь зогсож байсан. Лхагвасүрэн “энэ хүн миний нүүрийг пивоны шил хагалаад зүссэн” гэсэн. Тэгэхээр нь Батсайхан болон Гантулгыг барьж машинд суулгасан. Батсайхан “намайг ийм болгосон” гээд уруулаа үзүүлсэн. Уруул нь хавдсан харагдаж байсан. Лхагвасүрэнгийн зүүн хацар нь язарч цус их хэмжээгээр гарч байсан, газраар дүүрэн цус болсон байсан ба цус нь тогтохгүй байхаар нь 103-т дуудлага өгсөн. Энэ хооронд тэр хавьд байсан хүмүүс байхгүй болсон байсан. Юу болсон талаар асуухад “шорлог авч өгсөнгүй гэж маргаан өдөөсөн, тэгээд Батсайхан нь шилээр Лхагвасүрэнгийн нүүрийг зүссэн” гэж байсан. Түргэний эмч 30 орчим минутын дараа ирсэн. Ирэх хооронд Лхагвасүрэнгийн цус нь тогтохгүй машин, бид нарын хувцас гээд бүх зүйл цyc болсон. Эмч ирж үзээд оёдол тавих шаардлагатай гээд Лхагвасүрэнг найз Бат-Эрдэнийн хамт Гэмтлийн эмнэлэг рүү авч явсан. Явах үед нь “эмчилгээ хийлгэчихээд очиж өргөдлөө гаргаарай, энэ 2 хүнийг саатуулна” гэж хэлээд явуулсан…” /хх-39-40-I/,

 

          Гэрч Н.Отгонцэцэгийн “...2016 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр 22 цаг 15 минутын үед Батдэлгэр “найзтайгаа уулзлаа” гэж хэлээд гараад явсан. Хэнтэй уулзах гэж байгаа талаар мэдээгүй. Тэр өдөр Батсайхан, Гантулга 2 манай гэрийн гадаа ирсэн талаар мэдээгүй. 00 цаг өнгөрөөд гэртээ ирэхгүй байхаар нь Батдэлгэр рүү залгахад эхэндээ утсаа авахгүй байсан. Унтаж байгаад сэрээд дахиж залгахад Батдэлгэр утсаа аваад “одоо очлоо” гэсэн. Би “хаагуур, хэнтэй яваад байгаа юм бэ” гээд хэрүүл хийж ярихад Батдэлгэр жоохон архи уусан байсан болохоор өөдөөс “хань нь очлоо, хань нь гарлаа” гээд олон юм ярьсан. Бид 24 минут орчим яриад Батдэлгэр “одоо яг очлоо” гэж хэлээд тасалсан. Утсаар ярьж дуусаад би буцаад унтсан ба Батдэлгэрийг хэзээ ирсэн талаар мэдээгүй. Шөнө орж ирж байгааг нь мэдсэн. Өглөө сэрээд харахад Гантулга зодоон хийсэн шинж байгаагүй. Түүнээс хойш 3 хоногийн дараа Батсайханы ээж Одончимэг утсаар залгаад “Батсайхан хотод хоригдсон гэж байна, би Сайншандаас гарч байна гэж хэлсэн. Тэгээд Одончимэг эгч ирээд цагдаа дээр байна гэхээр нь ирээд асуухад Батсайхан, Гантулга, Батдэлгэр нар “тэр өдөр баарнаас гараад зодоон хийсэн талаар бara зэрэг зүйл ярьсан. Болсон явдлын талаар нарийн сайн яриагүй ба би хамгийн түрүүнд Батсайханаас “Батдэлгэр оролцоотой юу” гэж асуухад Батсайхан “танай хүн оролцоогүй, хүн зодсон талаар Батдэлгэр мэдээгүй” гэж хэлсэн. “...2015 оны 12 дугаар сарын 6-ны өдрөөс эхлэн Батсайхан бид хоёр Дорноговь аймагт мөсөн коток ажиллуулж эхэлсэн. Тухайн үед Батсайхан Өршөөлийн хуулиар шоронгоос гарч ирээд тийм санаа гаргаад цуг ажиллуулсан. 2015 оны 12 дугаар сарын 7-ны өдөр коток нээсэн гээд Батсайхан, Билэгдэмбэрэл, Мөөжий, Доржоо нарын хамт тавуулаа Cайншанд сумын 3 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Викториа” диско клубт 23 цагийн үед орсон санагдаж байна. Ороод нэг нэг пиво захиалаад сууцгааж байхад Батсайхан ариун цэврийн өрөө орлоо” гээд Мөөжий, Доржоо нарын хамт явсан. Билэгдэмбэрэл бид хоёр ширээн дээр суугаад үлдсэн. Батсайхан ер нь бааранд байнга зодоон хийдэг учир би юмыг яаж мэдэх вэ гэж бодоод эрэгтэй ариун цэврийн өрөөний хаалгыг татаад харахад зүс таних Жаргаах-Эрдэнэ зогсож байсан. Нөгөө гурав Жаргаах-Эрдэнийг тойроод зогсоод юм ярьж байсан. Би зодох гээд байна гэж бодоод “гараад ир” гэж дуудахад Доржоо хаалга татаад намайг оруулахгүй байсан. Тэгэхэд Билэгдэмбэрэл араас хүрч ирээд 5 минут орчим байж байхад Жаргаах-Эрдэнэ зодуулаад нүүр нь хавдсан, амнаас нь цус гарсан байдалтай гарч ирсэн. Батсайхан баруун гараа сэгсрээд гарч ирсэн. Би Батсайханыг эмэгтэй ариун цэврийн өрөө рүү дагуулж ороод “чи яаж байгаа юм бэ” гэхэд Батсайхан “одоо найз нь зодоон хийхгүй, бүгдээрээ сайхан сууя” гэсэн. Энэ үед Жаргаах-Эрдэнийн танил ах Найдан гэх залуу орж ирээд Жаргаах-Эрдэнийг өмөөрөөд Батсайхан руу дайраад байсан. Батсайхан Найдан хоёр бие биетэйгээ хэд хэдэн удаа цохилцохоор нь би Батсайханыг салгасан. Удаагүй цагдаа хүрч ирээд Батсайхан, Жаргаах-Эрдэнэ нарыг аваад явсан. Батсайхан, Жаргаах-Эрдэнэ нар бие биенээ зүс танина. Энэ хэрэг болох шалтгаан нь Доржоо, Жаргаах-Эрдэнэ нар хоорондоо харилцаа муутай байсан ба Доржоо нь Батсайханы хуурай дүү учир Батсайхан өмөөрөөд Жаргаах-Эрдэнийг зодсон. Энэ хэрэг болсоны дараа удаагүй Батсайхан бас олсон орлогоороо архи ууж яваад цагдаа зодсон талаар Батсайханаас өөрөөс нь сонссон. Батсайханыг цагдаа зодох үед нь би Улаанбаатар хотод байсан. Сайншандад очоод Батсайхантай уулзахад “найз нь сүүлдээ цагдаа зоддог болж байна, зодсон цагдаагаа дараа нь харахад арай өрөвдөлтэй болсон байна лээ” гэж бахархалтай яриад байсан…” /хх-49-51-I/,

 

          Гэрч Ч.Ууганбаярын “...Би Дорноговь аймгийн Цагдаагийн газрын эргүүлийн цагдаагаар 2015 оны 9 дүгээр сарын 18-ны өдрөөс ажиллаж байна. Одоогоор Хууль сахиулахын их сургуулийн Цагдаагийн сургуулийн 3531 дүгээр дамжаанд эчнээгээр суралцаж байна. 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдөр 20 цагаас 15-ны өдрийн 03 цаг хүртэл а/ч Г.Ганцолмонгийн хамт Сайншанд сумын төвд хөдөлгөөнт эргүүлийн үүрэг гүйцэтгэсэн. Үүрэг гүйцэтгэх хугацаанд 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 01 цагийн үед станцаар ёс журмын эргүүлээр ажиллаж байсан тус газрын ахлах мөрдөн байцаагч, х/ч Н.Өлзийжаргал “3 дугаар багт байрлах “Викториа” баарны гадаа цагдаа зодууллаа, яаралтай ир” гэж зарласны дагуу 5 минут орчмын дараа очиход х/ч Н.Өлзийжаргал, эргүүл удирдах офицер, д\ч Ариунтуяа, олон нийтийн цагдаа Лувсантаян нар байсан. Саатуулах байрны цагдаа, а/ч Наранбаатар баарны үүдэнд нүүрэндээ цохиулаад цус гарсан нүүрээ дараад зогсож байсан. Хошууч Өлзийжаргал “Наранбаатарыг цохисон хүмүүс бааранд орсон, аваад гараад ир” гэж хэлсэн. Тэгээд заалгаж байгаад ороход Батсайхан цээж нүцгэн сууж байсан ба хэдэн хүмүүсийн хамт сууж байхаар нь очсон. Батсайхан нь 5-6 жилийн өмнө манай гэрийн хажууд амьдардаг байсан болохоор намайг таниад эсэргүүцэл үзүүлэлгүй цуг гарсан. Цуг байсан 4-5 хүмүүс нь дагаад гарч ирсэн. Баарнаас гаргаж ирээд гавлах үедээ харахад Батсайханы цээж, нуруу нь зулгарч урагдсан байсан. Батсайханыг зодолдсон гэх Төгсбаярын хамт гавлаад хөдөлгөөнт эргүүлийн машинд суулгасан. Наранбаатар хажууд нь суугаад Цагдаагийн газрын байранд очсон. Цуг байсан хүмүүсийг жижүүрийн УАЗ-469 маркийн машинд суулгаад авчирсан. Газрын байранд ирээд Батсайханыг машинаас буулгаад саатуулах байр руу оруулах гэж байх үед Мөрдөн байцаах тасгийн дарга, дэд хурандаа Эрдэнэбат ажлаасаа гарч таарсан. Батсайхан дэд хурандаа Эрдэнэбат даргыг хараад “цагдаа нар намайг зодлоо” гэж орилоод очих гээд байхаар нь болиулаад саатуулах байранд оруулсан. Ерөнхий жижүүр а/х Уранбаяр болсон явдлын талаар асууж тодруулсан. Ганцолмон бид хоёр Батсайханыг саатуулах байранд хүргэж өгөөд ажлаа хийхээр явсан. Дараа нь болсон зүйлийг тодруулахад Батсайхан нь найзтайгаа зодолдож байхад Наранбаатар очиж салгах үед Батсайхан эсэргүүцэл үзүүлж нүүрэнд нь цохисон байсан…” /хх-126-127-I/,

 

          Гэрч Д.Гэрэлсүрэнгийн “...2015 оны 12 дугаар сарын 14-ний өдөр 21 цагийн үед найз Төгсбаяр, Төмөрхуяг нарын хамт Дорноговь аймгийн Сайншанд суманд байдаг “Викториа” нэртэй бааранд орсон. Ороод пиво уугаад сууж байхад танил дүү Жавхлан, найз Мөнхтүвшин, Лхагва, Баярхүү, Жавхлангийн төрсөн өдрийг тэмдэглэж байна гээд орж ирсэн. Тэд нар тусдаа ширээнд суусан. Үүнээс 1 цаг орчмын дараа Батсайхан хоёр найзын хамт бааранд орж ирсэн. Орж ирээд Жавхлан нарын сууж байгаа ширээний хажуу талын ширээнд суусан. Батсайхан орж ирээд удаагүй байхад Жавхлан манай ширээн дээр хүрч ирээд “Манай найз Лхагваа картнаас мөнгө аваад ирэхэд Батсайхан 20.000 төгрөг авчихлаа” гэж хэлсэн. Тэгэхээр нь би Батсайхан дээр очоод “ахын дүү яаж байгаа юм бэ, төрсөн өдөр нь болж байна, мөнгийг нь буцаагаад өгчих” гэхэд Батсайхан “би мэдэж байна” гэсэн. Тэгээд би ширээн дээрээ очиж суусан. Сууж байгаад Төмөрхуяг, Жавхлан бид гурав гарч тамхи татаж байгаад буцаж орж ирээд ариун цэврийн өрөө орсон. Ариун цэврийн өрөөнд байхад баарны хамгаалагч “танай найз чинь зодолдоод байна” гэж хэлэхээр нь зааланд ороход Батсайхан, Төгсбаяр нар байхгүй байсан ба хамгаалагч нь “гадагшаа гарсан” гэж хэлсэн. Баарнаас гарахад баарны үүдэнд Төгсбаяр, Батсайхан нар заамдалцаад зогсож байсан ба олон цагдаа нар ирсэн байсан. Цагдаа нар Батсайхан, Төгсбаяр хоёрыг салгасан. Тэгээд Батсайханыг хоёр найзын хамт цагдаа нар аваад үлдсэн. Төгсбаяр, Төмөрхуяг бид гурав болон Жавхлан найзуудын хамт буцаж бааранд ороод ширээндээ суусан. Сууж байхад Батсайхан цагдаа нартай цуг орж ирсэн ба “эд нар ч гэсэн цуг муудалцсан болохоор цуг авч явна” гэж хэлсэн. Тэгээд цагдаа нар бид нарыг авч гарсан. Би Төмөрхуягтай цуг 1 машинд суусан. Батсайхан, Төгсбаяр нарыг холбож гавлаад өөр машинд буулгасан. Тэгээд Цагдаагийн газар дээр ирээд бид нарын согтуугийн хэмжээг үзсэн. Жавхлан бас ирсэн байсан. Жавхлангийн найзууд хэрэг болох үед явсан байсан. Мөнхтүвшин л зодоон болох үед хараад байж байсан. Батсайханы хоёр найзыг бас авчирсан байсан. Батсайхан цагдаа дээр ирэхэд цээж нүцгэн байсан ба зодуулсан шинжтэй байсан. Цагдаа нар бид нарыг согтуугийн зэргийг үзээд Жавхлан, Төмөрхуяг, Төгсбаяр бид нарыг явуулсан. Батсайханыг нэг найзтай нь цагдаа дээр үлдээсэн…” /хх-129-130-I/,

 

          Гэрч У.Төмөрхуягийн “...2015 оны 12 дугаар сарын 14-ний өдөр 21 цагийн үед  найз Төгсбаяр, Гэрэлсүрэн нарын хамт Дорноговь аймгийн Сайншанд суманд байдаг “Викториа” бааранд орсон. Ороод пиво уугаад сууж байхад танил дүү Жавхлан найз нарын хамт гурвуулаа орж ирсэн. Жавхлангийн төрсөн өдөр гэж байсан ба тусдаа өөр ширээнд суусан. Жавхлангийн суусан ширээний хажуу талын ширээнд Батсайхан хоёр найзын хамт сууж байсан. 20-30 минутын дараа Жавхлан хүрч ирээд “Батсайхан ширээн дээр байсан архи уугаад, манай найз Лхагваа картнаас мөнгө аваад ирэхэд 20.000 төгрөг авчихлаа, хэлээд өгөөч” гэж хэлсэн. Тэгэхээр нь бид нар очоод Батсайханд “хүүхдийн төрсөн өдөр нь болж байхад ингэж болохгүй, мөнгийг нь буцаагаад өгчих” гэхэд Батсайхан “бид нар багаасаа нэг байранд өссөн, би өөрөө мэдэж байна” гэсэн. Тэгээд бид нар буцаад ширээндээ очиж суусан. Түүнээс 10 минут орчмын Гэрэлсүрэн бид нар ариун цэврийн өрөөнд байж байхад баарны хамгаалагч орж ирээд “танай найз чинь хүнтэй муудалцаад байна” гэж хэлэхээр нь зааланд ороход Төгсбаяр байхгүй байсан. Гадаа гарахад баарны үүдэнд Төгсбаяр, Батсайхан нар зууралдаад зогсож байсан. Би очоод Төгсбаярыг салгаж байхад цагдаа нар хүрч ирсэн. Батсайханы найз намхан залуу нь энэ үед Төгсбаяр руу пивоны шил шидсэн боловч оноогүй. Цагдаа нар ирээд Батсайханыг салгасан. Нэг харахад эргүүлийн цагдаа Батсайханыг газар унагаад өшиглөж байсан. Батсайхан “та нар цагдаа ч гэсэн хүн зодох эрх байхгүй шүү” гэж орилоод байсан. Тэгээд цагдаа нар бид нарыг Цагдаагийн газар руу авч явсан. Би Батсайханы найз намхан залуутай 1 машинд Гэрэлсүрэн, Жавхлан нар 1 машинд суусан ба Батсайхан, Төгсбаяр хоёрыг холбож гавлаад 1 машинд суулгасан. Цагдаагийн газар дээр ирсний дараа Батсайхан цээж нүцгэн байсан ба доголоод “та нар миний хөлийг ийм болгочихлоо” гэж байсан. Цагдаа дээр ирсний дараа Батсайхан цагдаа зодсон гэдгийг мэдсэн. Зодуулсан цагдаагийн нүд нь хөхөрч хавдсан байсан…” /хх-129-130-I/,

 

          Гэрч А.Лувсантаянгийн “...Би 2015 оны 12 дугаар сарын 14-ний орой 20 цагт Цагдаагийн газрын даргын батлагдсан хуваарийн дагуу эргүүлийн 117 дугаар чиглэлд тус цагдаагийн газрын саатуулах байрны цагдаа Н.Наранбаатарын хамтаар үүрэг гүйцэтгэж байсан. 01 цагийн орчимд цагдаагийн газрын ёс журмын эргүүл, цагдаагийн хошууч Н.Өлзийжаргал, эргүүл удирдах офицер цагдаагийн дэслэгч H.Ариунтуяа нар эргүүлүүдийн маршрутад нь шалгасан. Тухайн үед ахлагч Наранбаатар бид хоёр Сайншанд сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Викториа” баарны гадаа хяналт тавьж шалгаж байхад тус баарнаас Ж.Батсайхан гэгч нь зүс таних Төгсбаяртай зодолдоод гарч ирсэн. Тэгээд ахлагч Н.Наранбаатар бид хоёр хэрүүл маргаан үүсгэж хоорондоо зодолдсон Төгсбаяр, Батсайхан нар дээр очиж “Олон нийтийн үйлчилгээний газар яагаад хэрүүл маргаан үүсгээд зодолдоод бусдын амгалан тайван байдлыг алдагдуулаад байгаа юм бэ” гэж хууль ёсны шаардлага тавьж салгахад Батсайхан гэгч нь Наранбаатарын баруун нүд рүү шууд цохисон. Би юугаар цохисныг нь хараагүй. Би тэр үед баарны гадаа байсан хэсэг хүмүүсийг хориглоод байж байсан. Билэгдэмбэрэл гэх залууг би барьчихсан зогсож байхад ахлагч Наранбаатарыг араас нь пивоны шилээр яг цохих гэж байхад нь би араас татахад Наранбаатарыг хальт цохисон. Тэгээд эргүүл удирдах офицер Н.Ариунтуяа, ёс журмын эргүүл, цагдаагийн хошууч Н.Өлзийжаргал нар станцаар эргүүлүүдийг дуудаж цагдаагийн албан хаагч “Викториа” баарны үүдэнд халдлагад өртсөн талаар зарлаж удалгүй эргүүлийн цагдаа нар ирсэн. Тэгээд баар руу ахлагч Ууганбаяр, Ганцолмон нар орж Төгсбаяр, Батсайхан нарыг хооронд нь гавлан гаргаж ирээд хөдөлгөөнт эргүүлийг авто машинд суулгаж цагдаагийн газар руу аваад явсан. Хамт Наранбаатар цагдаа бас явсан…” /хх-142-143-I/,

 

          Гэрч Н.Ариунтуяагийн “...Тэгээд 01 цагийн орчимд цагдаагийн газрын ёс журмын эргүүлээр ажиллаж байсан, цагдаагийн хошууч Н.Өлзийжаргалтай явган эргүүлүүдээ чиглэл маршрутанд нь шалгахаар явсан. Тэгээд 01 цагийн орчимд Сайншанд сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Викториа” баарны гадаа хяналт тавьж байсан эргүүлийн цагдаа нар болох Н.Наранбаатар, А.Лувсантаян нарыг шалгаад зогсож байхад тус баарнаас зүс таних Батсайхан, Төгсбаяр нар хоорондоо зодолдоод үүдэнд орилолдоод гарч ирсэн. Мөн араас нь 4-5 залуучууд гараад ирэхээр нь Наранбаатарыг, Лувсантаянгийн хамтаар явуулсан. Тэгээд Өлзийжаргал хошууч бид хоёр араас нь очиход Наранбаатарыг салгах гээд байж байхад Наранбаатарыг Батсайхан зууралдаад “Та нар муу сайн цагдаа нар намайг л гэж байна уу” гэх зэргээр хашгираад Наранбаатарыг заамдаад зогсож байсан. Наранбаатар тайвшир, юу болсон талаараа ярь гэж хэлэхэд Батсайхантай хамт явж байсан гэх Билэгдэмбэрэл нар татаж чангаагаад хувцаснаас зуураад байхад Батсайхан хашгираад орилж байснаа Наранбаатарыг гэнэт цохьчихсон. Наранбаатар нүдээ дараад доошоо болоход араас нь Билэгдэмбэрэл гэх залуу пивоны шилээр цохих гэж байсныг Лувсантаян гарнаас нь татсан. Тэгээд Батсайханыг зугтаачих байх гэж бодоод юу болсон талаар баарны хүнээс асууя гэж хэлээд баар руу авч орсон. Тэр үед эргүүлүүд рүү станцаар цагдаагийн албан хаагч албан үүргээ гүйцэтгэж яваад халдлагад өртлөө гэж зарлаж эpгүүлүүдийг дуудсан. Ахлагч Ууганбаяр, Ганцолмон нар ирээд Батсайханыг анх зодолдсон Төгсбаяртай хамт аваад явсан…” /хх-144-145-I/,

         

          Гэрч Г.Ганцолмонгийн “...Би 2015 оны 12 дугаар сарын 14-ний орой 20 цагт Цагдаагийн газрын даргын баталсан хуваарийн дагуу эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан. Тухайн үед би хөдөлгөөнт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байхад 2015 оны 12 дугаар сарын 14-ний шөнө 01 цагийн орчимд “Викториа” баарны гадаа цагдаагийн албан хаагч зодуулчихлаа гэж тэр өдрийн ёс журмын эргүүл, цагдаагийн хошууч Н.Өлзийжаргал, эргүүл удирдах офицер цагдаагийн дэслэгч Н.Ариунтуяа, саатуулах байрны цагдаа, цагдаагийн ахлагч Н.Наранбаатар, олон нийтийн цагдаа Лувсантаян нар байсан. Тэгээд тэнд байсан цагдаагийн алба хаагч нар баар руу орсон ба цагдаагийн ахлагч Ч.Ууганбаяртай хамт очиход Н.Наранбаатар нүүрээ дарчихсан үүдэнд зогсож байсан ба юу болсон талаар асуухад “Хэд хэдэн залуучуудтай зууралдаж шаардлага тавихад Батсайхан нүд рүү цохьчихлоо” гэж хэлсэн. Тэгээд ёс журам хүмүүсийг гаргаад ир гээд бид баар руу орсон. Баарны үүдэнд 6-н залуу “Батсайхан дээгүүрээ нүцгэн, энд тэнд нь шалбарч зулгарсан байдалтай Төгсбаяртай заамдалцаад зууралдаад зогсож байсан. Тэгээд Батсайханыг Төгсбаяртай хамт авч баарнаас гарч ирээд Ууганбаяр бид хоёр Батсайхан, Төгсбаяр нарыг эргүүлийн машинд суулган Наранбаатартай хамт цагдаагийн газар дээр авч ирсэн. Бусад байсан хүмүүсийг жижүүрийн фургон автомашинтай авч ирсэн. Ууганбаяр саатуулах байранд тэмдэглэл хөтөлж Батсайхан, Төгсбаяр нарыг саатуулахад хүлээлгэн өгсөн…” /хх-146-147-I/,

 

          Гэрч Г.Төгсбаярын “...Би 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдөр 22 цагийн үед найз Төмөрхуяг, Гэрэлсүрэн нартай уулзаад “Викториа” бааранд орсон. Ороод үүдэн талын тасалгаанд суусан. Сууж байхад Батсайхан бааранд орж гараад байсан. 23 цаг өнгөрч байхад Жавхлан төрсөн өдрөө тэмдэглэхээр 4-5 найзуудын хамт орж ирээд цаад талд суусан. Танил учир бид нар дээр ирж мэндлээд явсан. Батсайхан 3 найзын хамт сууж байсан ширээтэй бид ойрхон ширээнд сууж байсан. Бид 3 нэг шил архи авсан. Авсан зүйлээ ууж байхад Батсайхан гаднаас гүйж орж ирээд Төмөрхуягийн хойгуур ороод буйдан дээр хүнээс нуугдаж хэвтсэн. Тэгэхэд 1 цагдаа орж ирээд Батсайханг татаж аваад гарсан. Батсайхан төд удалгүй буцаж орж ирсэн. Тэгээд байж байхад Батсайхан, Жавхлан хоёр маргаж байсан. Тэгээд Жавхлан хүрч ирээд “Батсайхан ширээн дээр байсан архи авчихлаа, тэгээд хоорондоо маргалаа” гэж хэлэхээр нь Төмөрхуяг Батсайхан дээр очоод булангийн ширээн дээр очоод юм ярилцсан. Ярилцаад сууж байхад нь би очоод Төмөрхуягийг “одоо явъя, наадахаа хая” гэж хэлсэн. Тэгэхэд Батсайхан “чамд ямар хамаатай юм бэ” гэхээр нь би өөдөөс нь бага зэрэг маргалдаж байгаад Төмөрхуягийг аваад ширээн дээрээ очиж суусан. Гэрэлсүрэн, Төмөрхуяг хоёр тамхи татах гээд боссон байх хооронд Жавхлангийн найз Мөнхтүвшин хүрч ирээд цуг суусан. Тэгэхэд Батсайхан манай ширээн дээр хүрч ирсэн. Би “чи яагаад хүүхэд дээрэлхээд байгаа юм бэ” гэхэд Батсайхан “чамд ямар хамаатай юм бэ” гээд бид хоёр хоорондоо маргалдсан. Бид хоёр зууралдаад баарнаас гарсан. Баарны үүдэнд маргаж ярьж байгаад би Батсайханыг түрүүлээд нүүрэнд цохисон. Тэгээд бид 2 зууралдаад цохилцож байхад манай найз нар болон Батсайханы найз нар гарч ирсэн. Гадаа эргүүлийн цагдаа нар байсан ба эргүүл хийж байсан хоёр цагдаа ирсэн. Цагдаа ирэх үед би ноцолдохоо больсон. Манай найз нар нь намайг хорьсон. Тэгээд харахад Батсайхан найз нартайгаа цагдаа чаргууцалдаж зууралдаж байгаа харагдсан. Би архи их уусан байсан учир гадаа салхинд цохиулаад нам согтсон. Зарим зүйлийг санахгүй байна. Нэг мэдэхэд олон цагдаа нар ирсэн байсан ба Батсайхантай намайг холбож гавлаад машины хойно суулгасан. Бид хоёрын хажууд нэг цагдаа, урд талд хоёр цагдаа суусан. Тэгээд баарны үүднээс хөдлөөд явж байгаад нэг газар зогссон. Би баруун талд Батсайхан дунд, цаад талд цагдаа сууж байсан. Машин зогссоны дараа зүүн талын хаалга онгойгоод цагдаа “чи муу яасан овоо гар вэ” гээд Батсайханыг цохиод байсан. Батсайхан өөдөөс нь зодолдоод байх шиг байсан. Холбож гавлуулсан байсан болохоор миний зүүн гар татагдаад өвдөөд байхаар нь “болиоч ээ” гэсэн. Удаагүй тэндээс хөдлөөд цагдаагийн газрын гадаа ирсэн. Манай найз нар болон бусад хүмүүс ирсэн байсан. Цагдаа дээр ирээд бүгдээрээ гэр бүлийн хүмүүсээ дуудаад явцгаасан…” /хх-29-50-II/,

 

          Шинжээч эмч С.Чулуунсүхийн “...2016 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр үзүүлсэн Б.Лхагвасүрэн гэж хүний биед учирсан гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.5.4-т заасан нүүр засрашгүй гэмтээж нүүрний төрх алдагдсан байдалд хамаарахгүй. Учир нь нүүрэнд учирсан гэмтлийн улмаас үүссэн сорви нь тухайн хүний нүүрний төрхийг илтэд өөрчилсөн, нүүрний тэгш хэмийг алдагдуулсан, нүдний зовхи, аньсага, хамрын самсаа, уруулын хэлбэрийг алдагдуулсан буюу арьсны түвшингээс дээш овойж хатуурч, эсхүл доош татагдаж хонхойсон сорви үүссэн, нүүрний дүр төрхийг сэргээх мэс засал зайлшгүй хийгдэж засрах боломжтой гэмтлүүд нүүрний төрх алдагдсан байдалд хамаарна. Харин нүүрний дүр төрхийг алдагдуулаагүй сорвиуд хамаарахгүй. Лхагвасүрэнгийн биед үүссэн сорви нь нүүрний дүр төрх алдагдуулаагүй учир гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна…” /хх-52-II/ гэх мэдүүлгүүд болон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн №1467 дугаартай дүгнэлтэд “...1. Б.Лхагвасүрэнгийн биед тархи доргилт, зүүн хацарт зүсэгдсэн шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний дээд, доод зовхи, дээд уруулны зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний ухархайн дотор хананы хугарал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-53-I/,

 

          Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн №1472 дугаартай дүгнэлтэд “...1. Н.Бат-Эрдэнийн биед тархи доргилт, баруун чамархайн зөөлөн эдийн няцрал, баруун өвдөгт зулгаралт, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-56-I/,

         

          Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн №799 дугаартай дүгнэлтэд “...1. Шинжилгээнд ирүүлсэн хар өнгийн богино хүрэмний зүүн ханцуйн залгаас оёдол, баруун ханцуйн ар залгаас оёдол болон ар талын баруун хажуу залгаас оёдол тус бүрт татаж чангаах хүчний үйлчлэлээр гарсан шинэ ханзарсан уранхай, ногоон эрээн өнгийн саравчтай малгайн саравчны ирмэг хэсэгт хурц иртэй зүйлийн үйлчлэлээр гарсан шинэ зүсэгдсэн уранхай байна…” гэх дүгнэлт /хх-66-I/,

         

          Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн №1009 дугаартай дүгнэлтэд “...1. Шинжилгээнд ирүүлсэн юүдэнтэй улбар шар өнгийн дотортой хөх өнгийн куртик, саравчтай ногоон эрээн өнгийн малгай, цагаан өнгийн футболк, цагаан өнгийн ноосон цамцан дээр цус илэрсэн. Бусад биологийн гаралтай ул мөр илрээгүй. 2. Саравчтай ногоон эрээн өнгийн малгай, цагаан өнгийн футболк, цагаан энгийн ноосон цамцан дээрх цус нь АВО системээр A /III/ бүлгийн харъяалалтай байна. 3. Юүдэнтэй улбар шар өнгийн дотортой хөх өнгийн куртик дээр илэрсэн цусны бүлгийн харъяаллыг тогтоох боломжгүй байна…” гэх дүгнэлт /хх-68-I/,

 

          Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн №010 дугаартай дүгнэлтэд “...1. Н.Наранбаатарын биед тархи доргилт, баруун нүдний дээд, доод зовхины зөөлөн эдийн няцралт, цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй…” /хх-150-I/ гэх дүгнэлтүүд, хохирогч Б.Лхагвасүрэнгийн өргөдөл /хх-7-I/, хохирогч Б.Лхагвасүрэнгийн мэдүүлэг /хх-22-23-I, хх-45-II/, хохирогч Н.Бат-Эрдэнийн мэдүүлэг /хх-26-27, 29-I/, хохирогч Н.Наранбаатарын мэдүүлэг /хх-139-140-I/, гэрч Л.Пүрэвдаваагийн мэдүүлэг /хх-35-36-I/, гэрч Б.Өсөхжаргалын мэдүүлэг /хх-37-38-I/, гэрч Б.Мөнхбаярын мэдүүлэг /хх-39-40-I/, гэрч Н.Отгонцэцэгийн мэдүүлэг /хх-49-51-I/, гэрч Ч.Ууганбаярын мэдүүлэг /хх-126-127-I/, гэрч Д.Гэрэлсүрэнгийн мэдүүлэг /хх-129-130-I/, гэрч А.Лувсантаянгийн мэдүүлэг /хх-142-143-I/, гэрч Н.Ариунтуяагийн мэдүүлэг /хх-144-145-I/, гэрч Г.Ганцолмонгийн мэдүүлэг /хх-146-147-I/, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл /хх-4-II/, гэрч Б.Өсөхжаргалын мэдүүлэг /хх-38-I/, гэрч Б.Мөнхбаярын мэдүүлэг /хх-40-I/, гэрч М.Хонгорзулын мэдүүлэг /хх-45-46-I/, гэрч З.Мөнхсайханы мэдүүлэг /хх-47-I/, сэжигтэн Б.Гантулгын мэдүүлэг /хх-87-89-I/, сэжигтэн Ц.Батдэлгэрийн мэдүүлэг /хх-91-92-I/, сэжигтэн Н.Бат-Эрдэнийн мэдүүлэг /хх-94-I/, Ж.Батсайханы хохирогчоор өгсөн мэдүүлэг /хх-124-125-I/, гэрч У.Төмөрхуягийн мэдүүлэг /хх-132-134-I/ зэрэг хэрэгт цугларсан, анхан шатны шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

         

          Анхан шатны шүүх Ж.Батсайхан, Б.Гантулга нарын үйлдсэн гэмт хэргийг зөв зүйлчилсэн байх ба хуульд заасан хорих ял оногдуулсан нь тэдний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанар, хувийн байдал, гэм бурууд тохирсон байна.

         

          2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заажээ.

         

          Иймд 2002 оны Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг тодорхойлж байсан “танхайрах гэмт хэрэг”, мөн уг гэмт хэргийг “догшин авирлаж”, “ганцаараа нийтийн хэв журам зөрчих” гэсэн ойлголтууд 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд байхгүй болсон тул шүүгдэгч Ж.Батсайхан, Б.Гантулга нарын үйлдлийг шинэ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох нь зүйтэй ба шүүгдэгч Ж.Батсайханд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, Б.Гантулгад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

          Мөн шүүгдэгч Ж.Батсайханы төрийн албан хаагчийг хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэж байхад нь хүч хэрэглэн эсэргүүцэж бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулах гэмт хэргийг 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хууль сахиулагчийг эсэргүүцэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, мөн оногдуулсан ялын хэмжээг Эрүүгийн хуульд нийцүүлэн хасаж, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар давж заалдах шатны шүүхээс шийдвэрлэв. 

 

          Түүнчлэн шүүгдэгч Ж.Батсайханы гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүний хувийн байдлыг харгалзан хорих ял эдлэх дэглэмийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар “нээлттэй” хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоов.

          Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 282 дугаар шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтүүд оруулж, ял шийтгүүлсэн этгээд Ж.Батсайханы гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

          Харин анхан шатны шүүх ял шийтгүүлсэн этгээд Ж.Батсайханы цагдан хоригдсон хоногийг тооцохдоо “322 хоног” гэж 7 хоногоор дутуу тооцсон байх ба энэ талаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах шаардлагатай байна. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 282 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

- 1 дэх заалтын “Боржигон овогт Жаргалсайханы Батсайханыг ялтай байхдаа төрийн албан хаагчийг хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэж байхад нь хүч хэрэглэн эсэргүүцэж бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулах гэмт хэрэг, мөн ялтай байхдаа бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин, хүч хэрэглэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэн эсэргүүцэж бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулах гэмт хэрэг, Гөрөөч овогт Бямбацолмонгийн Гантулгыг бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин, хүч хэрэглэн бусдын бие махбодид хөнгөн гэмтэл учруулан танхайрах гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.” гэснийг “Боржигон овогт Жаргалсайханы Батсайханыг хууль сахиулагчийг албан үүрэгтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн гэмт хэрэг, мөн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн, Гөрөөч овогт Бямбацолмонгийн Гантулгыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.” гэж,

- 2 дахь заалтын “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар Б.Гантулгыг 3 жил 1 сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь заалтад зааснаар Ж.Батсайханыг 5 жил 6 сарын хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт зааснаар Ж.Батсайханыг 2 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.” гэснийг “Ж.Батсайханыг шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сар 7 хоногийн хугацаагаар хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялаар, Б.Гантулгыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.” гэж,

- 4 дэх заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар Ж.Батсайханд оногдуулсан хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Б.Гантулгад оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид тус тус эдлүүлсүгэй.” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Батсайханд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.” гэж,

- 5 дахь заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар Ж.Батсайханы урьд цагдан хоригдсон 322 хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ж.Батсайханы цагдан хоригдсон нийт 329 хоногийн түүний ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож, шүүгдэгч Б.Гантулга нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдсугай.” гэж тус тус өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын 3, 8 дахь заалтуудыг хүчингүй болгож, шийтгэх тогтоолын бусад заалт, хэсгийг хэвээр үлдээж, ял шийтгүүлсэн этгээд Ж.Батсайханы давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

                             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Д.ГАНСҮХ

 

                                      ШҮҮГЧИД                                                    Н.БАТСАЙХАН

 

                                                                            Д.МЯГМАРЖАВ