Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2016 оны 11 сарын 14 өдөр

Дугаар 298

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн иргэний шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Э.Болормаа даргалж,

Нэхэмжлэгч: Нийслэлийн Баянзүрх дүүрэг 14-р хороо, Халдвартын 18-р байр 28 тоотод оршин суух, Солонгос улсад хэлний бэлтгэлд сурдаг, Наран эх овогт Даваасүрэнгийн Хулан /РД: ЙЮ93021905 /-ын нэхэмжлэлтэй,

Гүег овогт Туяадэлгэрийн Хишигжаргалыг эрэн сурвалжлуулахыг хүссэн иргэний нэхэмжлэлийг 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Бусад оролцогчид: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энхмөрөн, нэхэмжлэгч Д.Хулан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Хулан шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаан дээр гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Хишигжаргалтай 2012 оны 05 сарын 24-нд гэр бүл болсон. 2012 оны 09 сараас хойш холбоо тогтоогоогүй. Улаанбаатар хотод оршин суудаг тодорхой хаяггүй, БНХАУ-ын Эрээн хотод ажиллаж, амьдардаг. Холбоо барих утасны дугаарын мэдэхгүйгээс гадна Монголд хэзээ орж ирж явдагыг нь мэдэхгүй байна. Иймд энэ хүнийг олж өгнө үү гэв.

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэгч Д.Хулангийн гаргасан Гүег овогт Туяадэлгэрийн Хишигжаргалыг эрэн сурвалжлуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч Д.Хулан нь Туяадэлгэрийн Хишигжаргалыг 2012 оны 05 сарын 24-нд гэр бүл болж 2012 оны 09 сараас хойш тусдаа амьдарч байгаа, гэрлэлтээ цуцлуулах шаардлага гаргахад Т.Хишигжаргалын оршин суух хаяг тодорхойгүй байгаа нь Д.Хулангийн тайлбараар тогтоогдож байна.

Т.Хишигжаргал нь Улаанбаатар хотод оршин суух тодорхой хаяггүй, БНХАУ-ын Эрээн хотод оршин суудаг, хаана байгаа нь мэдэгдэхгүй байгаа тул түүнийг эрэн сурвалжилах үндэслэлтэй гэж шүүх үзлээ.

Гүег овогт Туяадэлгэрийн Хишигжаргалыг /РД: ТЖ90040295/ нь БНХАУ-ын Эрээн хотод оршин суудаг болно.

Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар Гүег овогт Туяадэлгэрийн Хишигжаргалыг эрэн сурвалжилсугай.

2. Гүег овогт Туяадэлгэрийн Хишигжаргалыг эрэн сурвалжилж түүний оршин суух хаягийг тогтоох ажиллагааг Дорноговь аймгийн Замын-Үүд суман дахь Цагдаагийн хэлтэст үүрэг болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч нь мөн хуулийн 119.3-т заасан 7 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг мөн хуулийн 119.4-т заасан 14 хоногийн дотор гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

6.Энэхүү шийдвэрийг нэхэмжлэгч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ Э.БОЛОРМАА