Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 11 сарын 04 өдөр

Дугаар 384

 

в
    
СҮХБААТАР АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН
ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН
ШҮҮГЧИЙН ЗАХИРАМЖ

2016 оны 11-р сарын 04                                      Дугаар   384                                    Баруун-Урт               
              
 Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Сүхбаатар аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн        шүүгч Ц.Эрдэнэзуу би 

Нэхэмжлэгч: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 8 дугаар баг “Хонхор” худаг гэх газар нутаглах, Шарнууд овгийн Яндагийн Эрдэнэбилэгийн нэхэмжлэлтэй, 

Хариуцагч: Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд оршин суух, “Дөрвөлж” ОНӨҮГ-ын захирал ажилтай, Цэен-Ойдовын Алтансүхэд холбогдох 

“3 сарын тэтгэмж болох 2 008 746 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч танилцаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Я.Эрдэнэбилэг шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Би 2004 онд “Дөрвөлж” компанид худгийн моторчноор ажилд орсон. 2007-2010 он хүртэл гачигдлаар чөлөөлөгдөж байгаад дахин 2010 оноос ажилд орсон. Хонхорын худаг гэдэг газарт амьдарч, гүний худгийн моторчин, операторчнаар ажиллаж байсан. Ингээд 57 нас хүрсэн учраас захирлын 2016.07.28-ны өдрийн б/100 дугаар тушаалаар 2016.08.01-ний өдрөөс эхлэн өндөр насны тэтгэвэрт гарч ажлаас чөлөөлөгдсөн. Манай байгууллагын дотоод журмын 5 дугаар зүйлийн 5.11-т 6-15 жил ажиллаад өндөр насны тэтгэвэр тогтоолгосон тохиолдолд 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг нэг удаа олгохоор заасан. 1-3 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгохоор заасан байдаг гэсэн. Гэтэл манай байгууллага надад энэ тэтгэмжийг олгсонгүй. Хүний нөөцийн ажилтан Батболдоос асуухад та манайд хоёр жил илүү ажилласан, энэ хугацаандаа цалин авч байсан учраас танд тэтгэмж олгохгүй гэсэн хариу өгч надад тэтгэмж гаргаж өгөөгүй. Хөдөлмөрийн гэрээ цуцлах тушаалдаа ч тэтгэмж олгох тухай заагаагүй. Ингэснээр би насаараа хөдөлмөр эрхэлчихээд өндөр насны тэтгэвэртээ гарахдаа хууль, дотоод журамд заасан тэтгэмжээ авч чадахгүй хохироод байна. Надад 2016 оны 1-7 дугаар сард ээлжийн амралтын мөнгө нийлээд 4 687 080 төгрөгийн цалин бодогдсон байна. Энэ нь сард дунджаар 669 582 төгрөг болж байна. Дотоод журамд зааснаар 3 сарын тэтгэмж авна гэж тооцвол 2 008 746 төгрөгийн тэтгэмж авахаар тооцоо гарч байгаа юм. Иймд “Дөрвөлж” ОНӨҮГ-аас 3 сарын тэтгэмж 2 008 746 төгрөгийг гаргуулж өгөхийг хүсэж байна гэжээ. 
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батболд шүүхэд гаргасан тайлбартаа: Я.Эрдэнэбилэг манай компанид худгийн моторчноор ажиллаж байсан. Я.Эрдэнэбилэгийг гүйцэтгэх захирлын 2016 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн б/100 тоот тушаалаар ажлаас чөлөөлсөн юм. Компанийн хөдөлмөрийн дотоод журмын 3-р зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар ахмад настай ажилтанд тэтгэмж олгохоор заагаагүй. Тухайлбал Я.Эрдэнэбилэг нь 57 настай манай компаний ахмад ажилтнуудын нэг мөн. Хамтын гэрээний 5 дугаар зүйлийн 12-т зааснаар 55-аас дээш настай эмэгтэй ажилтан 60-аас  дээш настай эрэгтэй ажилтанд ажлаас халагдсаны тэтгэмж олгохгүй гэж заасан байдаг тул Захирлын тушаалд тэтгэмж олгохоор заагаагүй болно. Ийм учраас гүйцэтгэх захирлын тушаал  хууль эрх зүйн үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Я.Эрдэнэбилэгийн дотоод журмын зүйл заалтыг буруу хэрэглэсэн, алдаатай гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Зохигчдоос 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ:

Нэхэмжлэгч Я.Эрдэнэбилэг нь хариуцагч  Ц.Алтансүхээс “3 сарын тэтгэмж болох 2 008 746 төгрөг” гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Энэ нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 1 сарын тэтгэмж 460 000 төгрөг авахаар тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулж байна. Энэхүү мөнгийг 11 дүгээр сардаа багтааж өгөхөөр эвлэрлийн гэрээ байгуулав гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Я.Эрдэнэбилэг нь хариуцагч  “Дөрвөлж” ОНӨҮГазраас “3 сарын тэтгэмж болох 2 008 746 төгрөг” гаргуулах”-аар шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж   “Дөрвөлж” ОНӨҮГазраас 1 сарын тэтгэмж болох 460 000 төгрөгийг гаргуулахаар болсныг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батболд 11 дүгээр сардаа багтааж төлөхөөр эвлэрэн хэлэлцсэн нь  хуульд нийцсэн бөгөөд гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.6 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн бөгөөд  хариуцагчаас эвлэрсэн гэх 460 000 төгрөгний улсын тэмдэгтийн хураамж 14 450 төгрөгний тал хувь болох 7 225 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулахаар шийдвэрлэлээ. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Нэхэмжлэгч Я.Эрдэнэбилэг, хариуцагч  “Дөрвөлж” ОНӨҮГазрын захирал Ц.Алтансүхийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батболд нар нь 460 000 /Дөрвөн зуун жаран мянга/-н төгрөгийн хэмжээнд эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн бөгөөд  хариуцагчаас         460 000 төгрөгний улсын тэмдэгтийн хураамж 14 450 төгрөгний тал хувь болох 7 225 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 


ШҮҮГЧ                                Ц.ЭРДЭНЭЗУУ