Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
---|---|
Шүүгч | Лхамсүрэнгийн Батжаргал |
Хэргийн индекс | 137/2016/0262/И |
Дугаар | 302 |
Огноо | 2016-11-14 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2016 оны 11 сарын 14 өдөр
Дугаар 302
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч Л.Батжаргал даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Борхойн баг, 8-53 тоотод оршин суух Баянмөнх овогт Батчулууны Батцэцэгийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр баг, 132-51 тоотод оршин суух Засгийнхан овогт Лувсанжамцын Цэцэгдэлгэрт холбогдох
Зээлийн 1 000000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтансүх, нэхэмжлэгч Б.Батцэцэг, хариуцагч Л.Цэцэгдэлгэр, хариуцагчийн өмгөөлөгч Н.Батбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Батцэцэг нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Батцэцэг миний бие нь 2015 оны 07 дугаар 05-нд Замын-Үүд сумын Депод ажилладаг Л.Цэцэгдэлгэрт 1000000 төгрөгийг 1 сарын 10 хувийн хүүтэйгээр зээлүүлсэн. 2016 оны 05 дугаар сараас хойш зээлийн хүү болоод үндсэн мөнгийг төлөөгүйгээс гадна утсаа салгаж холбоо тасарсан. Иймд үндсэн зээл болох 1 000000 төгрөгийг минь гаргуулж өгнө үү. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар бидний хооронд зээлийн гэрээ байгуулагдсан банкны хуулгаар батлагдаж байгаа. Хүү авах эрхгүй гэдгээ сая мэдсэн тул 600000 төгрөгөө авахад өөр нэхэмжлэх зүйлгүй... гэв.
Хариуцагч Л.Цэцэгдэлгэр шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Батцэцэгтэй зээлийн гэрээ байгуулж түүнээс мөнгө аваагүй. Отгонжаргалаас 1 000000 төгрөг зээлсэн. Энэ мөнгөний 400000 төгрөгийг Батцэцэгийн дансанд буцааж төлсөн, 500000 төгрөгийг Отгонжаргалд бэлнээр төлсөн. Би Батцэцэгтэй гэрээ байгуулаагүй тул түүнд мөнгө төлөх ёсгүй, иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө ...гэв.
Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Батцэцэг нь хариуцагч Л.Цэцэгдэлгэрт холбогдуулан зээлийн 1 000000 төгрөг гаргуулахыг хүсч тус шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ. Үүнд:
Нэхэмжлэгч Б.Батцэцэг нь “...2015 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Л.Цэцэгдэлгэр надаас 1000000 төгрөг зээлсэн болох нь Хаан банкны Депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар батлагдаж байгаа тул бидний хооронд зээлийн гэрээ үүссэн гэж үзээд түүнээс 1000000 төгрөгөө нэхэмжилнэ” гэсэн мэдүүлэг гаргаж байгаа ба хариуцагч Л.Цэцэгдэлгэр “...Би Отгонжаргалаас 1000000 төгрөг зээлсэн, Б.Батцэцэгээс мөнгө зээлээгүй тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү“ гэж маргажээ.
Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.2-д “хэлцэл хийснийг нотолсон пайз, тасалбар зэрэг хэрэглэж заншсан зүйлийг олгосон”, 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт “Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлж өгснөөр зээлийн гэрээ байгуулсанд тооцно” гэж тус тус заасан ба нэхэмжлэгч Б.Батцэцэг нь өөрийн данснаас хариуцагч Л.Цэцэгдэлгэрт 2015 оны 07 дугаар сарын 05-ны өдөр 1000000 төгрөг шилжүүлсэн бөгөөд хариуцагч Л.Цэцэгдэлгэр нь 2015 оны 6 дугаар сарын 11, 2015 оны 8 дугаар сарын 12, 2016 оны 6 дугаар сарын 03, 2016 оны 6 дугаар сарын 04-ний өдрүүдэд нэхэмжлэгч Б.Батцэцэгийн данс руу 100000 төгрөг буюу нийт 400000 төгрөг буцаан төлсөн болох нь Хаан банкны Депозит дансны дэлгэрэнгүй хуулга, зохигчдын тайлбараар батлагдаж байх тул зохигчдын хооронд хэлцэл хийгдсэн, зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй байна.
Хаан банкны ..... тоот дансны эзэмшигч нь хариуцагч Л.Цэцэгдэлгэр болох нь Хаан банкны 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн тодорхойлолтоор батлагдсан болно.
Хариуцагч Л.Цэцэгдэлгэр нь “...би Отгонжаргалаас мөнгө зээлсэн, энэ дансанд 400000 төгрөг, Отгонжаргалд 500000 төгрөгийг бэлнээр буцааж төлсөн” гэж маргаж байгаа боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт “...нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй” гэж заасан ба Л.Цэцэгдэлгэрээс Б.Батцэцэгийн дансанд 400000 төгрөг төлсөн болох нь тогтоогдсон, харин Отгонжаргалд 500000 төгрөг төлсөн гэдэг нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй өөрөөр хэлбэл хариуцагч нь татгалзлын үндэслэлээ нотолж чадахгүй байна гэж шүүх үзлээ.
Хариуцагч нь “...би Отгонжаргалаас мөнгө зээлсэн, Отгонжаргалд 500000 төгрөгийг бэлнээр буцааж төлсөн” гэсэн тайлбар гаргаж байгаа боловч энэ хэрэгт Отгонжаргалыг оролцуулах буюу гэрчээр асуулгах хүсэлт гаргаагүй, Отгонжаргал, Цэцэгдэлгэр нарын хооронд ямар гэрээ байгуулагдсан нь тодорхойгүй байна.
Шүүхээс зохигчдын дунд зээлийн гэрээ хийгдсэн гэж дүгнэсэн боловч талуудын дунд зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй байхгүй тул нэхэмжлэгч Б.Батцэцэг нь хүү авах эрхээ алдсан байна.
Иймд хариуцагч Л.Цэцэгдэлгэрээс 600000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Батцэцэгт олгох, нэхэмжлэлийн шаардлагаас 400000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Хариуцагч Л.Цэцэгдэлгэр нь Отгонжаргалд 500000 төгрөг төлсөн гэх асуудлаа харьяалах шүүхэд нэхэмжлэл гаргаж шийдвэрлүүлэх боломжтой болно.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Монгол Улсын Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт зааснаар Л.Цэцэгдэлгээрээс 600000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Батцэцэгт олгох, нэхэмжлэлийн шаардлагаас 400000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 28550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.Цэцэгдэлгэрээс 18650 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Батцэцэгт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан хугацаа өнгөрмөгц зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, түүний өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.БАТЖАРГАЛ