Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 07 сарын 28 өдөр

Дугаар 450

 

2020 оны 07 сарын 28 өдөр

Дугаар 221/МА2020/0450

Улаанбаатар хот

                    С.Н-ын нэхэмжлэлтэй

      захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Билгүүн даргалж, шүүгч Д.Оюумаа, шүүгч Н.Долгорсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Улаанмуна, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.М нарыг оролцуулан, Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 7 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор, С.Н-ын нэхэмжлэлтэй, Д аймгийн Д сумын З.Д-д холбогдох захиргааны хэргийг шүүгч Н.Долгорсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 7 дугаар шийдвэрээр: Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.2, 31 дүгээр зүйлийн 31.2, 31.3, 27 дугаар зүйлийн 27.1, 27.4-т тус тус заасныг баримтлан Адаацаг сумын иргэн С.Н-ын нэхэмжлэлтэй, Д аймгийн Д сумын З.Д-д холбогдох “Дэлгэрцогт сумын Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн А/74 дүгээр захирамжийн хавсралт хэсгийн 16 дугаарт бичигдсэн Ю.Б-д “Худгийн ам” гэдэг газрыг эзэмшүүлэхээр заасан хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн  төлөөлөгч давж заалдах гомдолдоо: “ ... Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 7 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

Шүүгч хэргийн талаар шийдвэр гаргахдаа нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй асуудлаар дүгнэлт гаргасан тухайд.

Монгол Улсын иргэн С.Н нь “Д аймгийн Д сумын З.Д-ын 2015 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн А/74 дүгээр захирамжийн хавсралт хэсгийн 16 дугаарт бичигдсэн Ю.Б-д “Худгийн ам” гэдэг газрыг эзэмшүүлэхээр заасан хэсгийг хүчингүй болгуулах тухай” хэрэгт иргэн Ю.Б-ийг гуравдагч этгээдээр татан захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан.

Нэхэмжлэлийн үндэслэлд Ю.Б-ийн газар эзэмших эрхийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан байхад захиргааны акт болох Ю.Б-д олгосон захирамж нь хүчин төгөлдөр байгаа эсэхэд хууль зүйн дүгнэлт хийх ёстой байтал иргэн С.Н-ын газар эзэмших хувийн хэрэг, иргэн Д.А-т холбогдох нотлох баримтуудыг үнэлсэн нь нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй нотлох баримтыг үнэлсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Өөрөөр хэлбэл, тухайн хэрэгт иргэн С.Н-ын эрх сэргээх болон түүний үндсэн дээр даалгах нэхэмжлэлийг гаргаагүй байхад гаргасан мэтээр ойлгож дүгнэлт гаргасан нь хууль ёсны бус юм.

Нэхэмжлэлийн шаардлагыг захиргааны актыг хүчингүй болгуулахаар гаргасан. Хэдийгээр нэхэмжлэгч талаас нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй захиргааны актыг шүүхэд ирүүлсэн байгаа боловч хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэдэг бөгөөд хэрэгт хамааралгүй, нотолгооны ач холбогдолгүй баримтыг хэргийн нотлох баримтаас хасах бүрэн боломжтой байтал нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй иргэн С.Н-аас иргэн Д.А-т газар эзэмших эрх шилжсэн захирамж, иргэн Д.А-ын газар эзэмших эрхийг хүчингүй болгосон захирамжийг хэрэгт хамааралтай байдлаар үнэлсэн нь шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй гэснийг зөрчсөн.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн тухайд.

Захиргааны хэрэг үүсгэснээр шүүгч нь хэргийн оролцогчид эрх, үүргийг нь тайлбарлан өгч, энэ тухайгаа хэргийн материалд баримтжуулдаг. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар хэргийн оролцогч гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээдийг ойлгодог.

Нэхэмжлэгч С.Н-т хуулиар олгогдсон эрх, үүргийг танилцуулаагүй бөгөөд түүний төлөөлөгчид эрх, үүргийг танилцуулсан нь үндсэн нэхэмжлэгчид эрх, үүргийг  танилцуулсан гэж үзэх боломжгүй юм. “Захиргааны хэргийн төлөөлөгч нь захиргааны хэргийн оролцогч биш бөгөөд зөвхөн төлөөлүүлж байгаа этгээдийнхээ эрх, хууль ёсны ашиг сонирхлыг илэрхийлэн хамгаалж байгаа этгээд мөн” гэж үздэг.

Хэдийгээр шүүгч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.7-д заасныг үндэслэн нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоогүй гэж байгаа боловч нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох чин хүсэл сонирхол байсан ч өөрийн эрүүл мэндийн шалтгааны улмаас ирж чадахгүй байгааг харгалзан үзэж шүүхийн зүгээс тухайн нэхэмжлэгчийг шүүхийн өрөөнд биечлэн ирүүлэхгүйгээр өөр нэгэн хэлбэрээр нэхэмжлэгчийн эрх, үүргийг тайлбарлан өгч, энэ талаар баримтжуулах боломж байсаар байхад тухайн боломжийг ашиглаагүй нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн журам зөрчсөн гэж үзэх бүрэн боломжтой юм.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.7-д зааснаас үзэхэд “Итгэмжлэлээр төлөөлүүлж байгаа хэргийн оролцогч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд биечлэн оролцохгүй байж болно” гэсэн нь итгэмжлэгдсэн төлөөлөгч захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаа тохиолдолд үндсэн нэхэмжлэгчийг захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ямар ч ажиллагаанд оролцуулахгүй байж болно гэсэн үг биш бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар итгэмжлэгдсэн төлөөлөгчийн бүрэн эрхийг нэг бүрчлэн зааж өгсөн нь үүнийг тодорхойлж буй хэрэг юм.

Өөрөөр хэлбэл, үндсэн нэхэмжлэгчийг итгэмжлэгдсэн төлөөлөгч нь төлөөлөн эрх, үүрэгтэй нь танилцах бүрэн эрхийг хуулиар олгоогүй болно.

Иймд тухайн захиргааны хэргийн шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэснийг ноцтойгоор зөрчсөн гэж үзэж байгаа тул хэргийг дахин хэлэлцүүлэхээр захиргааны хэргийн анхан шатны шүүхэд буцааж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч С.Н-аас Д аймгийн Д сумын З.Д-д холбогдуулан гаргасан “Дэлгэрцогт сумын Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн А/74 дүгээр захирамжийн хавсралт хэсгийн 16 дугаарт бичигдсэн Ю.Б-д “Худгийн ам” гэдэг газрыг эзэмшүүлэхээр заасан хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг анхан шатны шүүх бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс эс зөвшөөрч “...анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй, нотолгооны ач холбогдолгүй баримтыг үнэлсэн, нэхэмжлэлийн шаардлагаас хэтэрсэн асуудлаар дүгнэлт хийсэн, үндсэн нэхэмжлэгч болох С.Н-т Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрх, үүргийг тайлбарлан танилцуулаагүй тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэх гомдлыг гаргасан.

 Давж заалдах шатны шүүх гомдлыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар гомдлын хүрээнд хянаад, шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

            Нэхэмжлэгчээс Дэлгэрцогт сумын Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн А/74 дүгээр “Өвөлжөө, хаваржааны газар эзэмшүүлэх тухай” захирамжийн хавсралт хэсгийн 16 дугаарт бичигдсэн Ю.Б-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар маргаж буй уг газрын маргааны хувьд шүүх нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг нэн түрүүнд тодруулж, энэ талаарх баримтыг цуглуулж, хэрэгт хавсаргах үүрэгтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлд  зааснаар шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх бөгөөд анхан шатны шүүх  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д заасан үүргээ биелүүлж, маргааны үйл баримтыг тодруулахаар холбогдох баримтыг цуглуулж, нэхэмжлэгчийн газар эзэмших эрх зөрчигдсөн эсэхэд дүгнэлт өгч, нэхэмжлэгчийн анх тодорхойлсон “Дэлгэрцогт сумын Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн А/74 дүгээр захирамжийн хавсралт хэсгийн 16 дугаарт бичигдсэн Ю.Б-д “Худгийн ам” гэдэг газрыг эзэмшүүлэхээр заасан хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэсэн байх тул “...нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй, нотолгооны ач холбогдолгүй баримтыг үнэлсэн, нэхэмжлэлийн шаардлагаас хэтэрсэн асуудлаар дүгнэлт хийсэн” гэх гомдол үндэслэлгүй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д зааснаар нэхэмжлэгч нь шаардлагатай гэж үзвэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөөлөгчөө оролцуулж болох бөгөөд мөн хуулийн 27.7-д зааснаар итгэмжлэлээр төлөөлүүлж байгаа хэргийн оролцогч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд биечлэн оролцохгүй байж болохоор зохицуулсан байна.

Харин уг итгэмжлэгдсэн этгээд нь захиргааны хэргийн бие даасан оролцогч бус зөвхөн төлөөлүүлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах үйл ажиллагааг хуулийн хүрээнд явуулах бөгөөд итгэмжлэлээр олгосон нэхэмжлэгчийн эрхийг эдэлж, үүргийг хүлээдэг.

Уг маргааны хувьд нэхэмжлэгч С.Н-аас 2019 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Т.М-д Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2.1-28.2.8-д заасан бүрэн эрхийг олгосны дагуу шүүх 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрх, үүрэг, Нөлөөллийн мэдүүлгийг танилцуулан баталгаажуулсан байна.

Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “... нэхэмжлэгч өөрөө ирэх боломжгүй, би оролцоно” гэж мэдүүлснээс үзэхэд нэхэмжлэгчийг биечлэн оролцуулахаар хүсэлт гаргаагүй, мөн нэхэмжлэгчээс биечлэн оролцох хүсэлтийг шүүхэд бичгээр ирүүлээгүй тул “... үндсэн нэхэмжлэгч болох С.Н-т Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрх, үүргийг тайлбарлан танилцуулаагүй” гэх гомдлыг хүлээн авах боломжгүй юм.

            Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх нэхэмжлэгч С.Н-ын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд биечлэн оролцож, өөрийн хуулиар олгогдсон эрхийг эдлэхийг аливаа байдлаар хязгаарлаагүй бөгөөд тэрээр Т.М-ыг оролцуулахаар итгэмжлэл олгосон байна.

Түүнчлэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д зааснаар нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үед шатанд нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэх эрхтэй хэдий ч нэгэнт хэргийг шийдвэрлэж, анхан шатны шүүхийн шийдвэр хянагдаж байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэх боломжтой” гэх гомдлыг хүлээн авч,  хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах үндэслэлгүй юм.

            Дээрхээс үзэхэд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.3-д заасан шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах үндэслэл тогтоогдохгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхиж  шийдвэрлэлээ. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 7 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар  зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

                 ШҮҮГЧ                                                               Г.БИЛГҮҮН

 

                 ШҮҮГЧ                                                                Д.ОЮУМАА

 

                 ШҮҮГЧ                                                                Н.ДОЛГОРСҮРЭН