Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 10 сарын 06 өдөр

Дугаар 01245

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бямбасүрэн даргалж хийсэн шүүх хуралдаанаар

             Нэхэмжлэгч: 1961 онд төрсөн, эмэгтэй, Орхон аймаг, Жаргалант сум, , Жаргалант багийн 14 дүгээр байрны 6 тоотод оршин суух, Ач овгийн Буянжаргалын Энхзаяагийн нэхэмжлэлтэй

“Ажилласан байдал сэргээн тогтоолгох”-ыг хүссэн  нэхэмжлэлийг 2016-09-12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.Энхзаяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номин нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

             Нэхэмжлэгч Б.Энхзаяа шүүхэд гаргасан нэхэмжлэл, хүсэлтдээ: Миний бие нь Буянжаргал овогтой Энхзаяа 1981 оноос 1990 он хүртэл авто тээврийн барилга угсралтын засварын трестын компанид нормчноор ажилд орж тасралтгүй 9 жил ажилласан байсан. Одоо тэтгэвэрт гарах гэтэл хөдөлмөрийн дэвтэр олдохгүй байна. Иймд 1981 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 1990 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэл авто тээврийн барилга угсралт трестийн компанид нормчноор ажиллаж байсныг сэргээн тогтоож өгнө үү гэжээ.

            Шүүхийн хэлэлцүүлэгт Иргэний үнэмлэхний хуулбар, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Орхон аймгийн архивын газрын тодорхойлолт, гэрч С.Дорж, Ц.Гантулга, Ц.Батцэрэн нарын мэдүүлэг зэргийг нотлох баримтаар шинжлэн судлав.

ҮНДЭСЛЭХ нь:

Ач овгийн Буянжаргалын Энхзаяа нь 1981 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 1990 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэл авто тээврийн барилга угсралт трестийн компанид нормчноор ажиллаж байсан болох нь Иргэний үнэмлэхний хуулбар, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Орхон аймгийн архивын газрын тодорхойлолт, гэрч С.Дорж, Ц.Гантулга, Ц.Батцэрэн нарын мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтаар тогтоогдож байна.

           Шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудыг хэрэгт ач холбогдолтой үнэн зөвд тооцож шийдвэрийн үндэслэл болголоо.

            Монгол Улсын  Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн  115 дугаар зүйлийн 115.2.1,116,118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Монгол Улсын Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Ач овгийн Буянжаргалын Энхзаяа нь 1981 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 1990 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэл авто тээврийн барилга угсралт трестийн компанид нормчноор ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Монгол Улсын ИХШХШ тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-д заасны  дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3.Энэ шийдвэрийг зохигч эс зөвшөөрвөл гар дан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Б.БЯМБАСҮРЭН