Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 10 сарын 18 өдөр

Дугаар 575

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн, шүүх хуралдааныг  шүүгч Л.Соёлмаа даргалж тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар: 

Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 6 дугаар баг 2 дугаар гудамж 015 тоотод оршин суух, эмэгтэй, 41 настай, одоо эрхэлсэн тодорхой ажилгүй Боржигон овогт Мишкагийн Отгончимэгийн /МЮ-75030961/ нэхэмжлэлтэй

“Э.Мөнхжаргалыг эрэн сурвалжлуулах тухай “ хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Амартүвшин, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Бүүвэйцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 Шүүх хуралдааны хэлэцүүлэгт уншин сонсгосон нэхэмжлэгч М.Отгончимэгийн шүүхэд гаргасан нэхэмжлэлээс:

Миний бие нь 2014 оны 07 дугаар сарын 07-ны өдөр иргэн Н.Отгонбаяраас 1.800.000 төгрөг, н.Баяржаргал, Т.Алтанцэцэг гэх хүмүүсээс 700.000 төгрөг нийт 2.500.000 төгрөгийг Э.Мөнхжаргалд зээлж авч өгсөн ба гэтэл Э.Мөнхжарагл нь өгөхгүй байсаар сүүлд миний бие нь шүүхэд хандсаар зарим хэсгийг нь увуулж цувуулж өгсөн юм. Одоо миний бие нь Э.Мөнхжаргалаас бусдаас зээлж өрөө төлсөн мөнгөнийхөө хүүг нэхэмжлэх гэтэл хэдийгээр дээрх хаягаасаа шилжээгүй боловч хаягтаа байхгүй, Замын-Үүдэд наймаа хийж байгаа гэсэн сурагтай учраас эрэн сурвалжилж тодорхой оршин суух хаягийг тогтоож өгнө үү гэх.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан хүсэлтдээ:

Миний бие нь өвчний улмаас Улаанбаатар хотод эмчилгээ хийлгэж байгаа тул шүүх хуралдаанд оролцож чадахгүй учир өмгөөлөгчөө оролцуулах хүсэлтэй байна.  

ҮНДЭСЛЭХ нь :

Нэхэмжлэгч М.Отгончимэг нь шүүхэд  “Э.Мөнхжаргалыг эрэн сурвалжлах тухай“ нэхэмжлэл гаргасаныг ханган шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Э.Мөнхжаргал нь 2.500.000 төгрөг зээлж авчихаад зээлийн зарим хэсгийг нь төлж                                   оршин суух хаягтаа байхгүй, оршин суух хаяг нь тодорхойгүй болсон болох нь хэрэгт авагдсан Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын 3 дугаар багийн засаг даргын тодорхойлолт, нэхэмжлэгчийн  шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага зэргээр нотлогдож байна.

Зээл авах үед Э.Мөнхжаргал нь Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын 3 дугаар баг Тийрэг 2 хэсэг усан сан 9 гудамж 73 тоотод оршин сууж байсан ШБ-72021763 регистрийн дугаартай цахим үнэмлэхтэй одоо тухайн хаягаас шилжилт хөдөлгөөн хийгдээгүй байгаа хэдий ч Эрдэнэбадрахын Мөнхжаргалын  оршин суух хаяг нь тодорхойгүй болсон учир эрэн сурвалжлах нь зүйтэй гэж үзлээ.

Э.Мөнхжарагл нь Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын 3 дугаар баг Тийрэг 2 хэсэг усан сан 9 гудамж 73 тоотод оршин сууж байсан, одоо Дорноговь аймгийн Замын-үүд суманд түр оршин сууж, БНХАУ-ын Эрээн хотод наймаа хийж байж болзошгүй, ШБ-72021763 регистрийн дугаартай, охин Гансүхийн Мягмарсүрэн утас 99639572, хүү Гансүхийн Мөнхбаатар Их засаг их сургуулийн 1 дүгээр курст суралцдаг утасны 99637060  дугаартай болно.

Нэхэмжлэгчийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зйүлийн 58.3-т зааснаар шүүгчийн 2016 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 1976 дугаартай захирамжаар улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөгнөөс чөлөөлж, мөн хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн шүүх хуралдаанд хэрэгт авагдсан нотолгоог үндэслэн нэхэмжлэгчийг шүүх хуралддаанд оролцуулалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн болно.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулий 115 дугаар зүйлийн 115.2.1,116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг   удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар Эрдэнэбадрахын Мөнхжаргал /ШБ-72021763/-ыг эрэн сурвалжилсугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар шүүгчийн 2016 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 1976 дугаартай захирамжаар  улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөг төлөхөөс чөлөөлсөн болохыг дурьдсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар Эрдэнэбадрахын Мөнхжаргалыг эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг нь тогтоох ажиллагаа хийхийг Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газар, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын цагдаагийн хэлтэст тус тус үүрэг болгосугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурьдсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн  119.4-д зааснаар  шүүх  хуралдаанд  оролцсон тал  энэ  хуулийн 119.3-т заасан   хугацаа  өнгөрснөөс  хойш 14  хоногийн  дотор  шүүхэд  хүрэлцэн ирж шийдвэрийг  өөрөө  гардан  авахыг анхааруулсугай.

 6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар 119.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурьдсугай

7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл, шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах  шүүхэд давж заалдах эрхтэй болохыг дурьдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Л.СОЁЛМАА