Улсын дээд шүүхийн Тогтоол

2016 оны 10 сарын 17 өдөр

Дугаар 265

 

И.Тогтбаатарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг

Танхимын тэргүүн Т.Уранцэцэг даргалж,

шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Б.Цогт нарын бүрэлдэхүүнтэй,

прокурор Д.Булганцэцэг,

шүүгдэгчийн өмгөөлөгч О.Сайнгэрэл,

нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 45 дугаар шийтгэх тогтоол,

Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 538 дугаар магадлалтай, 201625010604 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч О.Сайнгэрэлийн гомдлоор хянан хэлэлцэв. 

Монгол Улсын иргэн, 1954 онд төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Бэсүд овогт Ишигнээгийн Тогтбаатар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт заасан “Бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах” гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх И.Тогтбаатарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан  гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, 5 жил 1 сарын хорих ялаар шийтгэж, уг ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч И.Тогтбаатар, түүний өмгөөлөгч Н.Ганбат, О.Сайнгэрэл нарын гомдлыг хэрэгсэхгүй болгосон байна.

Илтгэгч шүүгч Ч.Хосбаярын хэргийн талаарх танилцуулга, шүүх хуралдаанд оролцсон прокурор Д.Булганцэцэг, өмгөөлөгч О.Сайнгэрэл нарын саналыг сонсоод

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгчийн өмгөөлөгч О.Сайнгэрэл хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “... Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг эс зөвшөөрч байна. Үүнд:

Анхан шатны шүүхээс И.Тогтбаатарт ял шийтгэл оногдуулахдаа мөрдөн байцаалтын шатанд түүний хувийн байдал буюу биеийн эрүүл мэнд, сэтгэцийн өөрчлөлт зэргийг бүрэн дүүрэн шалгаж тогтоогоогүй байхад хэргийг шийдвэрлэж түүнд оногдуулсан ял шийтгэлийг хүндрүүлэн оногдуулсан нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйл 80.1.4 дэх хэсэгт заасан яллагдагч, шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх хариуцлагын хэр хэмжээ, шинж чанарт нөлөөлөх нөхцөлүүд нотлогдоогүй байхад шүүхээс ял шийтгэл оногдуулсан гэж үзэж байна. Учир нь яллагдагч, шүүгдэгчийн хувийн байдал нь түүний гэмт хэрэг үйлдэхийн өмнө болон үйлдсэний дараах үеийн хөдөлмөр, зан төлөв, зуршил, биеийн эрүүл мэнд, боловсрол, мэргэжил, ам бүлийн байдал, өөрийн ажил орлого, амьдралын түвшин, урьд нь авч байсан гавьяа шагнал, гэм буруугаа ойлгосон зэрэг бүхий л байдлуудыг хамруулан ойлгодог. Ялангуяа И.Тогтбаатарын хувьд одоо 62 настай, 2 нүд нь юм хардаггүй, сэтгэлзүйн хувьд хямралтай үргэлж орилж хашгичиж байгаа, цагдан хорих 461 дүгээр ангидаа нааш, цаашаа явахдаа үргэлж бусдын асрамжид байдаг гэх мэдээллийг гэрчүүд өгч байх тул мөрдөн байцаалтад буцаан эрүүл мэндийн байдал, мөн сэтгэцийн нөхцөл байдлуудыг шалган тогтоолгох зайлшгүй шаардлагатай байна. Гэтэл дээрх нөхцөл байдлуудыг шалган тогтоохгүйгээр хорих ял оногдуулж байгаа нь Эрүүгийн байцаан шийтгэх эрх зүйн чиг үүрэг алдагдсан хэрэг бөгөөд энэ нь шүүх хатуу ял шийтгэлийн бодлого баримталж, асуудалд өрөөсгөл хандаж, Эрүүгийн хуулийн энэрэнгүй ёсны байх, ялыг ялгамжтай оногдуулах, гэмт хэрэгтний хувийн байдлыг харгалзан үзэх зарчмыг хэрэгжүүлэхгүй байна гэж үзэж байна. И.Тогтбаатарын мэдүүлгүүдэд хохирогч Ч.Ганболдыг цохисноо хүлээсэн мэдүүлгүүд өгснийг ямар үйл явдал болсон талаар логиктой, дэс дараатай болсноо тодорхой ярьж мэдүүлж чадаггүй, сэтгэцийн эмгэгтэй, эмчийн хяналтад байдаг охин Т.Цэнд-Аюушаар болсон хэргийн талаар гэрчлүүлсэн байгаа нь өөрөө хууль зөрчсөн үйлдэл бөгөөд үүнийг анхан болон давж заалдах шатны шүүхээс анхаарч авч үзээгүй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 16 дугаар зүйл 16.1 дэх хэсэгт “Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүх нь хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор нотлохын тулд цагаатгах болон эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг бүрэн тогтоох үүрэгтэй” гэж заасныг бүрэн хэрэгжүүлээгүй. Учир нь хавтаст хэрэгт хохирогчийн гэм буруутай үйлдлийг шалган тогтоохдоо хайнга хандаж, түүний Цэнд-Аюуш гэх охиныг хүчиндэхээр завдсан үйлдлийг хэрэгсэхгүй болгохын тулд гэрчид сэтгэцийн шинжээч томилсон атлаа хэргийн холбогдогч 62 настай нүд нь хараагүй хүнд ямар ч шинжээч томилоогүй байгаа нь мөрдөн байцаалтын ажиллагаа нь хэт нэг талыг барьсан нь илтэд байхад үүнд анхан болон давж заалдах шатны шүүх ямар ч дүгнэлт хийгээгүй байна.

Хэргийн хохирогч гэх Г.Ганболд нь 40 гаран насны эрүүл чийрэг биетэй хүн хэрхэн 62 настай хоёр нүд нь хараагүй хүнд цохиулж гэмтсэн гэдэгт эргэлзээ төрсөн нөхцөл байдлууд олон байхад шүүхээс үнэлж дүгнээгүй болно. Хэрэв Г.Ганболд нь тухайн үед сэтгэцийн өвчтэй өөрийгөө хамгаалах чадваргүй охиныг хүчиндэхээр завдаагүй бол И.Тогтбаатар түүнийг цохих шалтгаан огт байхгүй байсан нь тодорхой бөгөөд хэргийн зүйлчлэлд бусдад хүндээр доромжлуулсан, өөрийн болон ойр дотно хүн рүү халдсан халдлагыг эсэргүүцэж, таслан зогсоосон нь өөрөө санаатай үйлдэл үү эсвэл аргагүй хамгаалалт уу гэдэгт эргэлзээ төрүүлэхээр байгаа тул анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 352 дугаар зүйлийн 352.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү...” гэв.

Прокурор Д.Булганцэцэг хяналтын шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “...И.Тогтбаатарын үйлдсэн гэмт хэрэг нь гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчийн  дүгнэлтээр тогтоогдсон. Мөн шүүгдэгч хохирогчийг  өшиглөж зодсон талаар мэдүүлсэн байгаа. Энэ хэргийг шалгахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх саналтай байна...” гэв.

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлал нь хууль ёсны ба үндэслэлтэй байх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлд заасан шаардлагад нийцээгүй байна.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 320 дугаар зүйлийн 320.1 дэх хэсэгт “...шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэх явдалд саад болж, хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр ...нөлөөлж болохуйцаар энэ хуулийн шаардлагыг зөрчсөн бол Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн гэж үзнэ” гэжээ.

Өмгөөлөгчийн гомдолд дурьдагдсан шүүгдэгч аргагүй хамгаалалт хийсэн, хууль зүйн аффектын байдалд байсан гэх нөхцөл байдлуудыг мөрдөн байцаалтад шалгаж тодруулаагүй байхад анхан шатны шүүх үйл баримтын талаар дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 319 дүгээр зүйлийн 319.1.2 дахь хэсэгт заасан “дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох байдлыг шүүх анхааран үзэлгүй орхигдуулсан” гэж үзэхээр байна.

Шүүх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.3 дахь хэсэгт зааснаар хэргийг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжилж бүх талаар хэлэлцэж чадаагүй нь шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлсөн байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 320 дугаар зүйлийн 320.1 дэх хэсэгт заасан зөрчлийн шинжийг агуулж байна гэж үзэв.

Иймд гэмт хэрэг гарахад хохирогчийн буруутай үйлдэл ямар түвшинд нөлөөлсөн, охин Т.Цэнд-Аюушийг бэлгийн харьцаанд албадсан гэх хохирогчийн үйлдлийг таслан зогсоосон шүүгдэгчийн үйлдэл аргагүй хамгаалалтад хамаарах эсэх, энэхүү байдал нь шүүгдэгчийн санаа сэтгэлд хэрхэн нөлөөлсөн талаар нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа зайлшгүй шаардлагатай бөгөөд шүүгдэгчийн өмгөөлөгч дээрх нөхцөл байдлыг шалгуулах талаар шат шатны шүүхэд гомдол гаргасан байхад шүүхээс гомдолд нь няцаасан дүгнэлт өгөөгүй нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 296 дугаар зүйлийг зөрчихөд хүргэсэн байна.

Шүүх үйл баримт буюу шүүгдэгчийн үйлдэл, түүний санаа зорилгыг тодорхойлсны дараа шүүхийн дүгнэлтийн үндэслэл болсон нотлох баримтуудын агуулга, шүүхээс бусад нотлох баримтыг няцаасан үгүйсгэсэн үндэслэлийн талаар хууль зүйн дүгнэлт хийх шаардлагатай.

Шүүгдэгчийн өмгөөлөгч О.Сайнгэрэлийн “Шүүгдэгч И.Тогтбаатар бусдад хүндээр доромжлуулсан, өөрийн болон ойр дотно хүн рүү халдсан халдлагыг эсэргүүцэж, таслан зогсоосон үйлдэл нь аргагүй хамгаалалт байсан эсэхийг тогтоолгох” тухай гомдол үндэслэлтэй байх тул анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх хуралдаанаас шийдвэрлэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 45 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 538 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгон, И.Тогтбаатарт холбогдох хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр хэргийг анхан шатны шүүхээр дамжуулан Баянзүрх дүүргийн прокурорын газарт буцаасугай.

2. Хэрэг прокурорт очтол шүүгдэгч И.Тогтбаатарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

                          ДАРГАЛАГЧ

                          ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                       Т.УРАНЦЭЦЭГ

                          ШҮҮГЧ                                                                 Ч.ХОСБАЯР