Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
---|---|
Шүүгч | Пүрэвсүрэнгийн Болор |
Хэргийн индекс | 152/2016/00701/И |
Дугаар | 716 |
Огноо | 2016-11-11 |
Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 11 сарын 11 өдөр
Дугаар 716
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Болор би,
Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар багт байрлах, Багш нарын байрны 7-09 тоотод оршин суух, 1969 онд төрсөн, эмэгтэй, Тайж овогт Батаагийн Оюунтогтохын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Увс аймгийн Наранбулаг сумын 1 дүгээр багт оршин суух, РД:ОЗ71070903, утас:89453033, Савар овогт Ринзааны Цолмонд холбогдох,
Худалдах, худалдан авах гэрээний гүйцэтгээгүй үүрэг 1.035.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдөр иргэний хэрэг үүсгэн ажиллагаа явуулаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Оюунтогтох шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие Р.Цолмонг оюутан цагаасаа таних бөгөөд 2016 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр Наранбулаг суманд нагац ах Н.Даваажав, бэргэн н.Наранцэцэг нарын хамтаар бараа зарахаар очоод тухайн өдөр “Нагац аавын бие муудлаа” гэж дуудлага ирсэн тул бараагаа Р.Цолмонд тоолж өгөөд зарж туслахыг гуйж үлдээсэн юм. Тэр орой нагац аав маань өнгөрч Р.Цолмонтой утсаар яриад “Очиж чадахгүй, 5 сарын цалингаас мөнгийг нь цуглуулж өгөхийг гуйж” зээл тараасан юм. Гэтэл Р.Цолмон багш нараас авсан мөнгөө надад өгөхгүйгээр барахгүй “Чи надад авч ирж өгсөн биз дээ, би гуйгаагүй” гэх мэтээр доромжилж “Надад өгөх юм байхгүй” гэх боллоо. Уг Р.Цолмон нь Наранбулаг суманд 23 жил багшаар ажиллаж байгаа бөгөөд одоо хотод ажилд орсон ажил төрлөө зохицуулаад явах гэж байгааг хамт ирсэн хүнээс сонсоод өөртэй нь ярьсаны дагуу шүүхэд нэхэмжлэл гаргаж байна” гэжээ.
Нэхэмжлэгч Б.Оюунтогтох шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие Б.Оюунтогтох нь Р.Цолмонгоос анх 1.035.000 төгрөг нэхэмжилсэн юм. Тооцоо хийж дуусахад 630.000 төгрөгийн үлдэгдэл байгаа бөгөөд энэ мөнгийг Р.Цолмонгоос гаргуулж өгнө үү” гэжээ.
Хариуцагч Р.Цолмон шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...Б.Оюунтогтохын нэхэмжилсэн 630.000 төгрөгийг 3 хувааж буюу 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 210.000, 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 210.000, 2017 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр 201.000 төгрөгөөр тус тус төлж барагдуулна” гэжээ.
Нэхэмжлэгч Б.Оюунтогтох шүүхэд гаргасан тайлбартаа: “Р.Цолмонгийн шүүхэд гаргасан тайлбартай танилцлаа. Миний нэхэмжилсэн 630.000 төгрөгийг хариуцагч Р.Цолмон төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Оюунтогтох нь хариуцагч Р.Цолмонд холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний гүйцэтгээгүй үүрэг 1.035.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 630.000 төгрөг гаргуулахаар нэхэмжилжээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Р.Цолмон нь нэхэмжлэгч Б.Оюунтогтохын нэхэмжлэлийн шаардлага худалдан авах гэрээний гүйцэтгээгүй үүрэг 630.000 төгрөгийг төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн болох нь түүний шүүхэд гаргасан тайлбараар нотлогдож байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Хариуцагч Р.Цолмон нь нэхэмжлэгч Б.Оюунтогтохын нэхэмжлэлийн шаардлага болох худалдах, худалдан авах гэрээний гүйцэтгээгүй үүрэг 630.000 төгрөгийг төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн ба үүргээ биелүүлэхгүй тохиолдолд уг шүүгчийн захирамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-т зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй.
Нэхэмжлэгч Б.Оюунтогтох нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид 29.390 төгрөг төлсөн ба 19.575 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Увс аймгийн Төрийн сангийн 150000941 тоот данснаас 9.775 төгрөг, хариуцагч Р.Цолмонгоос 9.775 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч Б.Оюунтогтоход олгож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Б.Оюунтогтохын худалдах, худалдан авах гэрээний гүйцэтгээгүй үүрэг 630.000 /зургаан зуун гучин мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Р.Цолмон төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Б.Оюунтогтохын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 29.390 төгрөгөөс 19.575 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Увс аймгийн Төрийн сангийн 150000941 тоот данснаас 9.775 төгрөг, хариуцагч Р.Цолмонгоос 9.775 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Б.Оюунтогтоход олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-т зааснаар хариуцагч Р.Цолмон шүүгчийн захирамжийг сайн дураар эс биелүүлвэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар шүүгчийн захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ШҮҮГЧ П.БОЛОР