Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 11 сарын 17 өдөр

Дугаар 723

 

     Увс аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Болор даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

      Нэхэмжлэгч: Увс аймгийн Тариалан сумын 5 дугаар багт оршин суух, 1964 онд төрсөн, 51 настай, эмэгтэй, РД:ОМ64031801, Шаавай овогт Төмөрийн Долгорын ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

       Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Т.Долгор, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Сувд-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

      Нэхэмжлэгч Т.Долгор шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие 1964 онд төрсөн, 52 настай. Би 1980 оноос эхлэн Увс аймгийн Тариалан сумын “Туяа” нэгдлийн барилгад туслах ажилчнаар тус нэгдэл тарах хүртэл ажиллаж байсан. Тухайн үед хөдөлмөрийн дэвтрээ авч чадаагүй байтал нэгдэл тарсан бөгөөд миний бие өндөр насны тэтгэвэрт орох нас болсон. Гэтэл хөдөлмөрийн дэвтрээ нөхөн бичүүлэх боломжгүй тул миний 1980 оны 7 дугаар сараас 1989 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд Увс аймгийн Тариалан сумын “Туяа” нэгдлийн барилгад туслах ажилчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү. Надтай хамт ажиллаж байсан Я.Норов, Ж.Мийшка нарыг гэрчээр асуулгасан болно” гэжээ.

        Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

       Нэхэмжлэгч Т.Долгор нь Увс аймгийн Тариалан сумын “Туяа” нэгдэлд 1980 оны 7 дугаар сараас 1989 оны 12 дугаар сарыг дуустал туслах ажилчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт дараахь нотлох баримтууд авагджээ. Үүнд: 

1. Увс аймгийн Архивын тасгаас 2016 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр гаргаж ирүүлсэн Төмөрийн Долгорын Увс аймгийн Тариалан сумын “Туяа” нэгдэлд 1980 оны 7 дугаар сараас 1989 оны 12 дугаар сарыг дуустал ажиллаж авч байсан цалингийн тодорхойлолт,

2. Т.Долгорын 1986 оны төрөлтийн түүхэд түүнийг Тариалан сумын нэгдэлд ногоочин гэж бичигджээ, 

3. 1988 оны 2 дугаар сарын 25-ны өдөр Тариалан сумын Хөхөө багаас шагнуулсан “Баярын бичиг”,

4. Т.Долгорын 1989, 1990 онуудын бичилттэй Монголын үйлдвэрчний эвлэлийн гишүүний бат илэрхийлэх,

5. Гэрч Я.Норовын шүүхэд өгсөн: “Би 1976 оноос эхлэн Увс аймгийн Тариалан сумын “Туяа” нэгдлийн барилгын хэсэгт нарядчикаар /тоо бүртгэгч/ ажилд орж улмаар сумын сангийн эрхлэгч, тооцооны нягтлан бодогчоор тус тус 1992 он хүртэл ажиллаад 1992 оноос “Алтантээл” ХХК-д туслах нягтлан бодогчоор, 1993 оны 7 дугаар сараас Тариалан сумын татварын байцаагчаар 2015 оны 1 дүгээр сар хүртэл тус тус ажиллаж байсан юм. Т.Долгор нь 1980 оноос эхлэн манай нэгдлийн 4 дүгээр бригадад барилгын туслах ажилчнаар 1992 онд нэгдэл хувьчлагдах хүртэл ажилласан юм. Түүний аав, ээж болон өөрөө нэгдлийн барилгын хэсэгт миний шууд удирдлагад ажилладаг байсан учраас би сайн таньж мэднэ. Т.Долгор ажиллах хугацаандаа олон шагнал урамшуулал авч байсан санагдаж байна” гэх мэдүүлэг,

6. Гэрч К.Мийшкагийн шүүхэд өгсөн: “Би 1978 оноос эхлэн Увс аймгийн Тариалан сумын “Туяа” нэгдлийн Үйлдвэр бригадад ногоочноор 1986 он хүртэл ажиллаад, 1986 оноос барилгын хэсэгт барилгачнаар 1990 оныг дуустал ажилласан юм. Т.Долгор нь 1980 оноос эхлэн манай нэгдлийн 4 дүгээр бригадад барилгын туслах ажилчнаар 1992 онд нэгдэл хувьчлагдах хүртэл ажилласан юм. Бид нэг нутагт төрж өссөн, нэг байгууллагад ажиллаж байсны хувьд би Т.Долгорыг сайн таньж мэднэ. Т.Долгорын аав, ээж нь мөн нэгдлийн барилгад ажилладаг, нөхөр нь тракторын жолоочоор ажилладаг байлаа. Тухайн үед Тариалан сумын “Туяа” нэгдлийн даргаар Т.Пүрвээ, Г.Баазар, Б.Санхүү гэх хүмүүс ажиллаж байсан юм” гэх мэдүүлэг,

7. Гэрч Я.Норов, К.Мийшка нарын Увс аймгийн Тариалан сумын “Туяа” нэгдэлд ажиллаж байсныг нотлох тэд нарын хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлэгдсэн хуулбарууд зэрэг нотлох баримтууд тус тус хэрэгт авагджээ.  

       Нэхэмжлэгч Т.Долгор нь Увс аймгийн Тариалан сумын “Туяа” нэгдэлд 1980 оны 7 дугаар сараас 1989 оны 12 дугаар сарыг дуустал туслах ажилчнаар ажиллаж байсан болох нь Увс аймгийн Архивын тасгаас 2016 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр гаргаж ирүүлсэн Т.Долгорын цалингийн тодорхойлолт, Т.Долгорын 1986 оны төрөлтийн түүхэд түүнийг Тариалан сумын нэгдэлд ажилладаг талаар бичигдсэн байдал, ажиллаж байхдаа буюу 1988 оны 2 дугаар сарын 25-ны өдөр шагнуулсан “Баярын бичиг”, Монголын үйлдвэрчний эвлэлийн гишүүний бат илэрхийлэх, гэрч Я.Норов, К.Мийшка нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдож байна.

      Иймд нэхэмжлэгч Т.Долгорын Увс аймгийн Тариалан сумын “Туяа” нэгдэлд 1980 оны 7 дугаар сараас 1989 оны 12 дугаар сарыг дуустал 9 жил, 6 сар туслах ажилчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.   

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Т.Долгорын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

      1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Шаавай овогт Төмөрийн Долгорын Увс аймгийн Тариалан сумын “Туяа” нэгдэлд 1980 оны 7 дугаар сараас 1989 оны 12 дугаар сарыг дуустал 9 /ес/ жил, 6 /зургаа/ сар туслах ажилчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

       2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгч Т.Долгорын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас  хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй. 

 

 

                                            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             П.БОЛОР