Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Чимэдцэрэнгийн Ичинхорлоо |
Хэргийн индекс | 101/2016/05963/И |
Дугаар | 181/ШШ2016/01055 |
Огноо | 2016-10-25 |
Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 10 сарын 25 өдөр
Дугаар 181/ШШ2016/01055
2016 оны 10 сарын 25 өдөр Дугаар 181/ШШ2016/01055 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Ичинхорлоо даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Э ХХК-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч Н нд холбогдох
анхны албадан дуудлага худалдаанд оруулах тогтоол болон үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн шинжээчийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Н, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд М ХХК-ийн төлөөлөгч үнэлгээчин Б.Э , төлбөр авагч ХХБ-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г, нарийн бичгийн даргад Б.Энхтүвшин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 6079 дүгээр захирамжаар Э компаниас 403.642.645 төгрөгийг гаргуулж Худалдаа хөгжлийн банкинд олгохоор шийдвэрлэсэн.
Тус шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн албадан гүйцэтгэх тухай 38367 тоот захирамж гарч албадан гүйцэтгэхийг Н нд даалгаж албадан гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа.
Э ХХК-ийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө гудамжны 27 дугаар байрны Г тоотод байрлах 270 м.кв талбай бүхий обьектыг 2016 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 125/03 тоот тогтоолоор битүүмжилж , 2016 оны 1 дүүгээр сарын 28-ны өдрийн 125/04 тоот эд хөрөнгө хураах тухай тогтоолоор хураах тухай тогтоол гарч шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байх үед төлбөр авагч болон шийдвэр гүйцэттэгчээс төлбөр төлөгчид төлбөр төлөх хугацаа өгөөч гэж хүссэн боловч 2016 оны 3 дугаар сарын 29-ний өдөр шинжээч томилогдож Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө гудамжны 27 дугаар байрны 1 тоот хаягт байрлах 270 м.кв талбай бүхий объектыг 919.000.000 төгрөгөөр үнэлсэн байсан.
Н ны 2016 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 3/16819 тоот мэдэгдлээр Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө гудамжны 27 дугаар байрны Г тоот хаягт байрлах 270 м.кв талбай бүхий обьектыг Монгол улсын иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнэ болох 919 000 000 төгрөгийг 70 хувиар тооцон 643 300 000 төгрөгөөр албадан дуудлага худалдаанд оруулах үнэлгээ болохыг мэдлээ.
Гэтэл 2014 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн Тэнгэрийн гэрэл Хөрөнгийн үнэлгээний газрын 71 тоот үнэлгээгээр Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө гудамжны 27 дугаар байрны Г тоот хаягт байрлах 270 м.кв талбай бүхий обьектыг 1 215 000 000 төгрөгөөр үнэлж байсан. Чанарын өндөр түвшинд баригдсан, газар зүйн байршлын хувьд А зэрэглэлийн бүсэд байрладаг, объектыг 2 жилийн дотор үндсэн үнээс 600 000 000 төгрөгөөр бууруулан үнэлгээг тогтоож байгаад гомдолтой байх тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т заасны дагуу шүүхэд үнэлгээтэй холбоотой гомдлоо гаргаж байна. Одоо анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоол хүчингүй болгож өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна, зөвхөн шинжээчийн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэв.
Хариуцагч Н шүүхэд ирүүлсэн тайлбартаа:
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 9 дүгээр сарын 1-ний өдрийн 6079 дүгээр захирамжаар Э ХХКомпаниас 403.642.645 төгрөгийг гаргуулж Худалдаа хөгжлийн банкинд олгохоор шийдвэрлэсэн.
Дээрх шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгч Э ХХКомпаний үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан эрхийн улсын бүртгэлийн Ү-2206030991 дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгө болох Хан-Уул дуүргийн 1 дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө гудамжны 27 дугаар байрны 1 тоот хаягт байрлах 270 м.кв талбай бухий обьектыг 2016 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн 125/03 тоот эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжилж, 2016 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн 125/04 тоот хураах тогтоолоор хураан авсан.
Төлбөр төлөгч Э ХХКомпаний захирал П. Ганболд, төлбөр авагч Худалдаа хөгжлийн банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Гантогтох нарт Шүүхийн шийдвэр гүйцэтг эх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх заалтыг сануулж, талуудаас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-т заасны дагуу үнийн санал авахад тохиролцоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2.2-т заасны дагуу 2016 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 70 дугаартай Шинжээч томилох тухай тогтоолоор Мөнх- Оргил трейд ХХКомпанийг үнэлгээ хийх хөндлөнгийн шинжээчээр томилсон.
Хөрөнгийн үнэлгээний М ХХКомпани дээрх барьцааны обьектыг 919.000.000 төгрөгөөр үнэлж, 2016 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр үнэлгээний тайланг Н нд ирүүлсэн.
Төлбөр төлөгч Э ХХКомпаний захирал П.Г од 2016 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 3/14662 тоот албан бичгээр Үнэлгээний мэдэгдэл-ийг гардуулан хүлээлгэж өгч, тэмдэглэлээр баталгаажуулсан.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т: Төлбөр төлөгч, төлбөр авагч эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо үнэлгээ тогтоосон өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэж заасан байна.
Гэтэл Э ХХКомпани нь үнэлгээний мэдэгдлийг гардан авснаас хойш 21 хоногийн дараа буюу 2016 оны 5 дугаар сарын 12-ны өдөр тус албанд болон шүүхэд хандан гомдол нэхэмжлэл гаргажээ.
Иймд Э ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Хөрөнгийн үнэлгээний М ХХК-ийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн албаны 2016 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 70 тоот тогтоолын дагуу тус компани нь үнэлгээний шинжээчээр томилогдож Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн 1-р хороо, 19-р хороолол, Чингэсийн өргөн чөлөө гудамж, 27-р байрны 1-р давхарт байршилтай, үйлчилгээний зориулалттай талбайг 2016 оны 04-р сарын 13-ны байдлаар үнэлж, зах зээлийн үнэ, цэнийг 919.0 сая (есөн зуун арван есөн сая) төгрөг болохыг тодорхойлсон.
Үнэлгээг тогтоолд дурьдсан объектын хүрээнд хийхдээ хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль, тогтоомж, журам, стандартын дагуу хийж, дүгнэлтээ хараат бусаар, бие даасан байдлаар гаргасан.
Энэхүү үнэлээг хийхдээ шинжээчид нь тухайн объекттой газар дээр нь биечлэн танилцаж, шаардагдах үзлэг, хэмжилт хийж, фото зураг авсан, хөрөнгийн үнэлгээнд олон улсын хэмжээнд хэрэглэгддэг үндсэн 3 аргаас зардлын хандлага, зах зээлийн харьцуулалтын аргаар хийж дүгнэлт гаргасан бөгөөд тухайн үеийн ижил төрлийн обкъектын зах зээл, үнэ ханшийн судалгаа, харьцуулалтыг хийж, дүгнэлт гаргасан талаар 2016 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 24/Ш тоот үнэлгээний тайланд тодорхой тусгасан болно.
Манай гаргасан дүгнэлтээр уг объектын 1.0 м2 талбайн үнэ нь 3403.7 мян.төг-өөр тооцогдсон нь тухайн үеийн зах зээлийн бодит ханшийг илэрхийлж байгаа болно. Өөрийн хийсэн үнэлгээг үндэслэлтэй хийгдсэн гэж үзэж байна.
Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны хүрээнд шинжээч томилон тухайн хөрөнгийн үнийг тодорхойлуулж байгаа нь дуудлага худалдааны анхны үнийг тогтоох үндсэн зорилготой бөгөөд дуудлага худалдаагаар худалдан авах сонирхолтой этгээдүүд шударга өрсөлдөөний зарчмаар үнэ, хаялцан анхны үнийг дээш нь хэдээр ч ахиулах боломжтой юм. Нөгөө талаар шинжээчийн тодорхойлсон үнийн дүнгээр ямар нэг төлбөр тооцоо хийх, талуудад хариуцлага үүрүүлэх нөхцөл үүсэхгүй юм.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Худалдаа хөгжлийн банкны төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 9 дүгээр сарын 1-ний өдрийн 6079 дүгээр захирамжаар Э ХХКомпаниас 403.642.645 төгрөгийг гаргуулж Худалдаа хөгжлийн банкинд олгохоор шийдвэрлэсэн.
Төлбөр төлөгч Э ХХК-нь шүүхийн шийдвэрийн дагуу төлөх ёстой төлбөрийг төлөхгүй байх боломжуудыг хайж, цаг хугацаа өнгөрүүлэх үүднээс шүүхэд гомдол гаргасан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдаж байгаа тул төлбөр төлөгч гомдоод байх шаардлагагүй юм.
Бид Э ХХК-ийн тэр объектыг авах, багаар үнэлүүлэх сонирхолгүй, шүүхийн шийдвэрийн дагуу авах ёстой төлбөрөө л авах хүсэлтэй байна.
Үнэлгээчин бол өөрийн хүсэлтээр үнэлгээ хийгээгүй, хуульд заасны дагуу шийдвэр гүйцэтгэгч шинжээч томилж үнэлгээ хийлгэсэн.
Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдаж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэстэй.
Нэхэмжлэгч Э ХХК нь Н нд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн “анхны албадан дуудлага худалдаанд оруулах тогтоолыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, шинжээчийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч Н нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргаж байгаа болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “ шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлнэ” мөн хуулийн 11.2-т “Шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл журмын дагуу албадан гүйцэтгэнэ” гэж тус тус заажээ.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 6079 дугаар захирамжаар Э ХХК-иас 403.642.645 төгрөгийг гаргуулж Худалдаа хөгжлийн банкинд олгохоор шийдвэрлэсэн байна.
Н нь 2016 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 16300115 дугаар тогтоолоор Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 6079 дугаар захирамж, уг захирамжийг албадан биелүүлэх тухай 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 38367 дугаартай захирамж, 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 4320 дугаартай гүйцэтгэх хуудсыг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг эхлүүлсэн байна./х.х-ийн 27-31-р хуудас/
Н наас 2016 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 125/04, 2016 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 025/04, 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 125/05 тоот мэдэгдэлүүдээр “... шүүхийн 6079 дугаар шүүгчийн захирамжийг биелүүлэхийг, анхны албадан дуудлага худалдааны санал болгох доод үнийг 2016 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 3/14661 тоот мэдэгдэлээр Э ХХК-ийн захирал П.Г од, мөн өдрийн 3/14662 тоот мэдэгдлээр төлбөр авагчид тус тус мэдэгджээ. /х.х-ийн 13, 31, 35, 38, 51-р хуудас/
Шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцогч талуудад эрх үүрэг тайлбарлаж төлбөр төлөгч Э ХХК-ийн захирал П.Г , төлбөр авагч ХХБ-ны төлөөлөгч Б.Гантогтох нар гарын үсэг зуржээ./хх-ийн 32-р хуудас/
Төлбөр төлөгчөөс 2016 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Эд хөрөнгийн тухай мэдүүлэг авч тэмдэглэл үйлдэн төлбөрөө төлөхийг шаардаж, 2016 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр 125/03 дугаартай Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр 125/04 дугаартай Эд хөрөнгө хураах тухай тогтоолыг хөндлөнгийн гэрч байлцуулан тус тус үйлдэж, тэмдэглэл хөтөлсөн байна. /хх-ийн 33,34,36,37,39,40-р хуудас/
Н дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч буюу төлбөр төлөгч, үүрэг гүйцэтгүүлэгч буюу төлбөр авагч нар харилцан тохирч тогтооно гэсэн Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т заасан шаардлагыг биелүүлэхээр төлбөр төлөгчийг үнийн санал ирүүлэхийг шаардахад төлбөр төлөгч Э ХХК-ийн захирал П.Г 2016 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 1/13 албан бичгээр дээрх үл хөдлөх хөрөнгийг 3 000 000 000 төгрөгөөр үнэлснийг төлбөр авагч үл зөвшөөрөн хөндлөнгийн шинжээч томилон үнэлүүлэх хүсэлтийг 2016 оны 3 дугаар сарын 16-ны өдөр 5/1524 дугаартай албан бичгээр ирүүлжээ./хх-ийн 42,43,44,46/
Н нь 2016 оны 3 дугаар сарын 29-ний өдөр Шинжээч томилох тухай 70 дугаартай тогтоолоор М ХХК-ийг шинжээчээр томилж 2016 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр үнэлгээний тайлан гарч, 4 дүгээр сарын 18-ны өдөр Шийдвэр гүйцэтгэх албанд ирүүлсэн байна./хх-ийн 47, 50, 60-85/
Хэрэгт цугларсан баримт болох эд хөрөнгийг битүүмжилсэн, хураасан тогтоол, шүүхийн шийдвэрийг биелүүлэх мэдэгдэл, анхны албадан дуудлага худалдаанд оруулах мэдэгдэл болон зохигчдын тайлбар, мэдүүлгээс дүгнэж үзэхэд төлбөр төлөгчийн үл хөдлөх эд хөрөнгийг 2016 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр битүүмжилж, 2016 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр эд хөрөнгийг хураасан тогтоол гаргаж, төлбөрийг яаралтай төлөхийг удаа дараа шаардаж улмаар үүргийн гүйцэтгэлд барьцаалсан эд хөрөнгийг шинжээчийн тогтоосон үнэ болох 919 000 000 төгрөгийн 70 хувиар тооцон 643 300 000 төгрөгөөр анхны албадан дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоох болохыг мэдэгдэж төлбөр төлөгч П.Г 2016 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр гардан авчээ. /хх-ийн 51,52-р хуудас/
Төлбөр төлөгч Э ХХК-ийн захирал П.Г нь эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т заасны дагуу үнэлгээ тогтоосон өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргах байтал 2016 оны 5 дугаар сарын 13-ны өдөр буюу 30 хоногийн дараахуульд заасан дээрх хугацааг хэтрүүлэн гомдол гаргасан байна.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 6079 дугаар захирамжаар Э ХХК-иас 403.642.645 төгрөгийг гаргуулж Худалдаа хөгжлийн банкинд олгохоор шийдвэрлэсний дагуу Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас явуулсан ажиллагаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1.,12 дугаар зүйлийн 12.1, 19, 20, 34 дүгээр зүйлийн 34.1.1., 34.1.2., 36 дугаар зүйлийн 36.1.-д заасан шаардлагатай нийцжээ.
Нэхэмжлэгч анхны албадан дуудлага худалдаанд оруулах тогтоолыг хүчингүй болгох тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн шинжээчийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.
Э ХХК-ийн нэхэмжлэлтэй Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн албанд холбогдох хэргийг хянан шийдвэрлэх 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн шүүх хуралдааны товыг хариуцагчийн төлөөлөгч Д.Л , Н.Э нар нь 2016 оны 10 дугаар сарын 5-ны өдөр мэдэж, тов дээр гарын үсэг зурсан боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй тул түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т “... хариуцагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүх хэргийн нотлох баримт болон бусад баримт нотолгоог үндэслэн түүний эзгүйд хянан шийдвэрлэнэ” гэж заасан тул нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн.
Хариуцагчийн төлөөлөгч нь шүүхийн дуудсанаар хүрэлцэн ирэх, шүүх хуралдаанд оролцох үүргээ биелүүлээгүй явдал хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд саад болохгүй гэж үзсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118, 156 дугаар зүйлийн 156.1.1, 160 дугаар зүйлийн 160.1.2-д тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3 дах хэсэгт зааснаар Н нд холбогдох Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 6079 дугаар захирамжаар Э ХХК-иас 403.642.645 төгрөгийг гаргуулж, Худалдаа хөгжлийн банкинд олгохоор шийдвэрлэсэн шийдвэрийн дагуу явагдсан ажиллагаа болох “анхны албадан дуудлага худалдаанд оруулах тогтоолыг хүчингүй болгох тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа нэхэмжлэгч татгалзсаныг баталж, үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн шинжээчийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчин төгөлдөр болох бөгөөд зохигч тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Ч.ИЧИНХОРЛОО