Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 09 өдөр

Дугаар 101/ШШ2016/05759

 

 

 

 

 

 

 

 

2016 оны 09 сарын 09 өдөр

Дугаар 101/ШШ2016/05759

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                                                                  

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 10 дугаар хороо, 4 дүгээр хэсэг, Хангамж гудамж 243 тоотод оршин суух, Жинст овогт Жадамбын Цэрэндолгор /регистрийн дугаар УУ64111408/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 23 дугаар хороо, 3в хэсэг Улиастай гудамж, 776 тоотод оршин суух, Боржигон овогт Гомбожавын Байгалтуяа /регистрийн дугаар ХЛ67102705/-д холбогдох

 

7,418,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ж.Цэрэндолгор, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Энхтөвшин, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ундрах нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ж.Цэрэндолгор шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би өөрийн гэсэн хашаа байхгүй, өр толгойлсон эмэгтэй, 2 хүүхэд, 2 зээгийн хамт амьдардаг. 2013 оны 6 дугаар сард Г.Байгалтуяа гэдэг эмэгтэй газар зарах гэж байгааг ажлын газрын эмэгтэйгээс мэдээд түүнтэй уулзаж, Норвеги улсын иргэн эмэгтэй миний амьдралыг дэмжинэ гэснийг хэлсэн. Байгалтуяа миний амьдралыг ойлголоо гээд Улиастай 3 в-ийн 776 тоот хашааг 2 хуваагаад талыг нь өгье гэсэн. Байгалтуяа нь мөнгөө бэлнээр өг гээд их хямдхан хашаа байгаа юм гээд 6,000,000 төгрөгийг бэлнээр өгвөл газрыг нэр дээр минь болгож өгнө гэсэн.

Г.Байгалтуяа 2013 оны 6 дугаар сарын 14-ний өдөр 13 дугаар хорооллын нотариатын газарт ирж гэрчлүүлэн 6,000,000 төгрөгийг бэлнээр хүлээж авсан.

Мөнгөө өгчихөөд хэд хоногийн дараа ирж газраа заалгаж автал тэр газар далантай газар байсан тул даланг 250,000 төгрөгөөр түрүүлж тэгшилж, газар дээрээ хашаа барь 1,418,000 төгрөгийн зардал гаргасан. Үүнд далангийн шороог машинаар түрүүлсэн 250,000 төгрөг, блок 350 ширхэг 350,000 төгрөг, 6 шуудай цемент 48,000 төгрөг, 1 машин элс 70,000 төгрөг, 12 ширхэг шон 48,000 төгрөг, банз 3 гул 240,000 төгрөг, машины хөлс 100,000 төгрөг, 3 хүний ажлын хөлс 360,000 төгрөг болсон.

Хашаагаа барьчихаад хэд хоноод очиход хашаа минь алга болчихсон байсан. Миний барьсан хашаанд Байгалтуяагийн хамаатны айл байсан. Хэдэн блок үлдчихсэн хашаа нь байхгүй болчихсон байхаар нь Байгалтуяагаас асуухад мэдэхгүй гэсэн. Энэ эмэгтэй намайг зальдаад байгааг мэдээд 2013 оны өвлөөс 2014 он хүртэл олон сар мөнгөө буцааж авъя гэж маш олон удаа нэхээд өгөөгүй тул цагдааг өргөдөл гаргасан. Баянзүрх дүүргийн прокурорын газар 2014 оны 02 дугаар сарын 28-нд иргэд хоорондын маргаан гээд хэргийг хэрэгсэхгүй болгосон.

Иймд 2013 оны 6 дугаар сарын 14-ний өдөр Г.Байгалтуяад өгсөн 6,000,000 төгрөг, хашаа барихад гарсан зардал 1,418,000 төгрөг, нийт 7,418,000 төгрөгийг Г.Байгалтуяагаас гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Г.Байгалтуяа шүүхэд гаргасан хариу тайлбар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Энхтөвшин шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Г.Байгалтуяа нь өөрийн өмчлөлийн, Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, 3 в хэсэг улиастайн 776 тоотод байдаг газраа хажуу газартай нь хамт тойруулаад модон хашаа барьсан байсан. Тухайн үед илүү газрыг эзэмших хүсэлтээ өгч амжаагүй байсан ба нөхөр маань бөөрний дутагдлын улмаас яаралтай мөнгөний шаардлага гарсан тул худаг ажиллуулдаг Хуягаа гэгч эмэгтэйд уг газрыг зарах талаар ярьсан байсан. Ингээд 2013 оны 6 дугаар сард Норвегийн иргэн эмэгтэйтэй Цэрэндолгор хамт ирээд газрыг худалдаж авахаар болсон. Тухайн үед газар эзэмших зөвшөөрөл аваагүй гэдгийг хэлэхэд бид хөөцөлдөөд зөвшөөрлөө авна гээд кадастрын зураг Ж.Цэрэндолгор өөрийн нэр дээр гаргуулан манай модон  хашааг буулган оронд нь блокон хашаа босгосон. Тэгээд надад гадаадын эмэгтэй 6 сая төгрөг өгсөн.

Гэтэл хашаагаа босгочихоод Ж.Цэрэндолгор нь амьдраагүй ба 2013 оны 12 дугаар сард ирээд надад гадаадын эмэгтэйн өгсөн 6 сая төгрөгийг өгчих мөнгө хэрэгтэй байна гээд гуйгаад байсан. Би буцааж өгч чадахгүй, нөхрийнхөө эмчилгээнд хэрэглэсэн, газраа хөөцөлдөө авна гэсэн яасан бэ гэхэд наад газар дээр чинь амьдрахгүй гээд Цэрэндолгор явсан.

2014 оны 02 дугаар сард Ж.Цэрэндолгор нь Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтэст залилсан гэдгээр шалгуулсан ба одоо 3 жилийн дараа шүүхэд мөнгө нэхэмжилж байгааг зөвшөөрөхгүй байна.

Би Ж.Цэрэндолгороос 6 сая төгрөг аваагүй. Ж.Цэрэндолгор нь өөрийнхөө мөнгөөр хашаа бариагүй, тэр гадаад эмэгтэй ирж хүнээр бариулсан бөгөөд хашаа нь алга болоогүй, хэвээрээ байгаа.

Ж.Цэрэндолгор уг газар нь зөвшөөрөлгүй гэдгийг мэдэж байсан ба манай модон хашааг буулгаад авсан. Уг газар дээр Ж.Цэрэндолгор амьдардаг гэсэн 23 дугаар хороонд бүртгэл, кадастрын зураг хийлгэсэн байсан. Энэ талаар хорооны хэсгийн ахлагч мэднэ.

Ж.Цэрэндолгор нь нэн ядуу гэж гадаадын хүнээр газар авхуулж хашаа босгуулчихаад замаас нь мөнгийг нь авах гэж кадастрын зураг гаргуулчихаад газрын зөвшөөрлөө хөөцөлдөхгүй, шүүх цагдаад өөрөө хохирсон мэтээр нэхэмжилж байгааг зөвшөөрөхгүй. Гадаадын хүн ирээд надаас мөнгөө нэхэмжлэх юм бол өгнө.

Нэхэмжлэгч хариуцагч нарын хоорнд гэрээ хийгдээгүй. Шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Хашаанд 1,418,000 төгрөгийн зардал гаргасан тухай бичгийн нотлох баримт байхгүй. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ж.Цэрэндолгор нь хариуцагч Г.Байгалтуяад холбогдуулан, 7,418,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргаж байна.

 

Хэрэгт авагдсан “2013.6.14-ний өдөр Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, 776 а тоот хашааны газрыг Г.Байгалтуяагаас Ж.Цэрэндолгорт 6,000,000 /зургаан сая төгрөгөөр/ худалдсан болно. Мөнгийг бэлнээр тооцов.” Худалдсан Г.Байгалтуяа, худалдан авсан Ж.Цэрэндолгор хэмээн тус тус гарын үсэг зурсан баримтаас үзэхэд хариуцагч Г.Байгалтуяа нь Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, 776 а тоот хашааны газрыг Ж.Цэрэндолгорт 6,000,000 төгрөгөөр худалдсан үйл баримт тогтоогдож байх бөгөөд талуудын хооронд худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзэх нь Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1-д заасантай нийцнэ.

 

Хэдийгээр Г.Байгалтуяа нь дээрх тоот хаягт байрлах газрыг эзэмших эсхүл өмчлөх эрхтэй эсэхийг тогтоох баримт хэрэгт авагдаагүй боловч, “...газрыг эзэмших гэрчилгээ гарах боломжгүйг нэхэмжлэгч мэдэж байсан” гэх хариуцагчийн тайлбараар дээрх газар нь эрхийн доголдолтой гэж үзэхээр байна.

 

6,000,000 төгрөгийг Г.Байгалтуяад гадаадын иргэн өгсөн, Ж.Цэрэндолгор өгөөгүй гэх боловч дээр дурдсан Г.Байгалтуяагаас Ж.Цэрэндолгорт 6,000,000  төгрөгөөр худалдсан, мөнгийг бэлнээр тооцсон тухай баримтаар талууд худалдах-худалдан авах гэрээ байгуулсан болох нь тогтоогдож байна.

 

Дээрх 6,000,000 төгрөгийн эх үүсвэрийн талаар зохигчид нэг адил тайлбар гаргаж байх бөгөөд мөнгөний эх үүсвэр гадаад хүнээс гарснаас үл хамаарч нэхэмжлэгч Ж.Цэрэндолгор нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасны дагуу байгуулсан гэрээний үүргээ шаардах эрхтэй тул хариуцагч Г.Байгалтуяагаас 6,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ж.Цэрэндолгорт олгох үндэслэлтэй.  Өөрөөр хэлбэл, Ж.Цэрэндолгор нь Г.Байгалтуяатай байгуулсан худалдах-худалдан авах гэрээний дагуу 6,000,000 төгрөгийг төлөх, Г.Байгалтуяа нь мөнгийг хүлээн авч, эрхийн доголдолгүй эд хөрөнгийг хүлээлгэн өгөх үүрэгтэй.

 

Харин нэхэмжлэгч нь хашаа барихад 1,418,000 төгрөгийн зардал гаргасан нь нотлох баримтаар нотлогдож тогтоогдоогүй тул энэ талаар гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 2434.1-д заасныг баримтлан, хариуцагч Г.Байгалтуяагаас 6,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ж.Цэрэндолгорт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1,418,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчээс нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн төлсөн 133,638 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Байгалтуяагаас улсын тэмдэгтийн хураамжид 110,950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ж.Цэрэндолгорт олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг  танилцуулсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Б.УНДРАА