Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 09 сарын 09 өдөр

Дугаар 131/ШШ2016/00605

 

Зохигчдын эвлэрлийг баталж

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны  шүүхийн шүүгч Ч.Баярцэнгэл би

Нэхэмжлэгч: Баянхонгор аймгийн ******* сумын  3-р багт оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******ийн *******гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Баянхонгор аймгийн ******* сумын 4-р багт орших, ******* хоршоонд холбогдох 

Ниймгийн даатгалын шимтгэл төлөөгүйн улмаас даатгуулагчид учруулсан хохирол 5038800 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 08 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, 2016 оны 08 дугаар сарын 09-ний өдөр иргэний хэрэг үүсгэн  хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С.*******  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Нэгдэл тарж ******* суманд “*******” хоршоо байгуулагдаж би уг  хоршоонд орж үргэлжлүүлэн ажилласан боловч ******* хоршооны дарга нь миний цалингаас маш их суутгал авдаг байсан хирнээ НДШ-ийг төлдөггүй байсан учир би сайн дураараа төлсөн. Гэтэл би шүүхэд хандаж тэтгэвэр тогтоолгох хүсэлт гаргах явцад сайн дураараа төлсөн 10 жил 2 сарын нийгмийн даатгалын шимтгэл нь хөдөлмөрийн хүнд нөхцөлд хамаарахгүй гэж надад 3 жил тутамд би 2013 оны 01 сарын 01-ний өдрөөс тэтгэвэр тогтоолгох боломжтой байсан боловч одоог хүртэл тэтгэвэр тогтоолгож чадахгүйд хүрээд байна. Малын бага эмчээр ажилласан жил нь хөдөлмөрийн хүнд нөхцөлд ордог, аливаа хүнийг ажиллуулж байгаа тохиолдолд тухайн хоршоо болон байгууллага нь нийгмийн даатгал төлөх ёстой байтал хоршооны дарга Бальдир нь би төлөхгүй, та нар шаардлагатай гэж үзвэл өөрсдөө төл гэсэн шаардлага тавьсан тул би арга буюу өөрөө төлж байсан. ******* хоршоо нь хуулийн дагуу ажилтныхаа нийгмийн даатгалыг төлөх үүргээ биелүүлээгүйн улмаас миний бие хөдөлмөрийн хүнд нөхцөлд ажилласан нөхцлөөр тэтгэвэрт орж чадахгүй, улмаар нийгмийн халамжийн сангийн зохих хөнгөлөлтийг авч чадахгүй өнөөдрийг хүрч би хэд хэдэн удаа *******т хандаж НДШ-ийн мэдээгээ гаргаад өгөөч гэсэн боловч хүлээж аваагүй үүний улмаас 2013 онд авах ёстой байсан тэтгэвэр болох 2163600 төгрөг, 2014 онд авах ёстой тэтгэвэр болох 2460600 төгрөг 2015 оны 2 сар хүртэл авах ёстой тэтгэвэр болох 414600 төгрөг нийт 5038800 төгрөгийг ******* хоршооноос гаргуулж өгнө үү?гэжээ.

Нэхэмжлэгч С.*******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч ******* хоршооны дарга нар шүүхэд гаргасан тайлбартаа:

Нэг талаас С.*******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нөгөө талаас ******* хоршооны дарга бид дараах үндэслэлээр эвлэрэн хэлэлцэв.

Эвлэрсэн үндэслэл:

1.Нэхэмжлэгч ниймгийн даатгал төлөөгүйн улмаас учруулсан хохирол 5038800 төгрөгөөс 4038800 төгрөгийг татгалзаж, хариуцагч ******* хоршооны дарга ******* 1000000 төгрөгийг 2016 оны 10 дугаар сард багтаан төлж барагдуулахаар,

2. Нэхэмжлэгч С.*******гийн нийгмийн даатгалын шимтгэлийг өндөр настны тэтгэвэрт орох эрх үүстэл буюу  2016 он, 2017 оны 12 дугаар сарыг дуустал, эсхүл тэтгэвэрт орох эрхийн шаардлагыг хангах хүртэл төлөхөөр болж эвлэрэв.

Талууд энэхүү хэлцлийг сайн дураараа байгуулсан ба хэн нэгний дарамт шахалтанд ороогүй болно гэжээ. 

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримт зэргийг шинжлэн судлаад

                                                                                                       ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч С.******* нь ******* хоршоонд холбогдуулан “Ниймгийн даатгалын шимтгэл төлөөгүйн улмаас даатгуулагчид учруулсан хохирол 5.038.800 төгрөг гаргуулах”ыг хүсэн шаарджээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч С.*******гийн  итгэжлэгдсэн төлөөлөгч ******* нэхэмжлэлийн шаардлага 5038800 төгрөгийн 4038800 төгрөгийг татгалзаж, хариуцагч ******* хоршооны дарга нь 1000000 төгрөгийг 2017 оны 10 дугаар сард багтаан төлж, нэхэмжлэгч С.*******гийн нийгмийн даатгалын шимтгэлийг өндөр настны тэтгэвэрт орох эрх үүстэл буюу 2016 он, 2017 оны 12 дугаар сарыг дуустал, эсхүл тэтгэвэрт орох эрхийн шаардлагыг хангах хүртэл төлөхөөр эвлэрэн хэлэлцсэн байна.

Зохигчдын эвлэрэл нь гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон                                                                

                 ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч С.*******гийн итгэжлэгдсэн төлөөлөгч ******* нэхэмжлэлийн шаардлага 5038800 төгрөгийн 4038800 төгрөгөөс татгалзаж, хариуцагч ******* хоршооны дарга нь 1000000 төгрөгийг 2017 оны 10 дугаар сард багтаан төлж, нэхэмжлэгч С.*******гийн нийгмийн даатгалын шимтгэлийг өндөр настны тэтгэвэрт орох эрх үүстэл буюу 2016 он, 2017 оны 12 дугаар сарыг дуустал, эсхүл тэтгэвэрт орох эрхийн шаардлагыг хангах хүртэл төлөхөөр харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-ийн 7.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамж 47785 төгрөгийг улсын төсвийн орлогоос, 14275 төгрөгийг хариуцагчаас тус тус гаргуулж нэхэмжлэгч С.*******д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйгтайлбарласугай.

ШҮҮГЧ Ч.БАЯРЦЭНГЭЛ