Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2015 оны 11 сарын 16 өдөр

Дугаар 103/ШШ2016/00497

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ариунаа даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

 Нэхэмжлэгч:  “Төрийн” банкны “Багануур” салбарын нэхэмжлэлтэй

 Хариуцагч: Багануур дүүргийн 4 дүгээр хороо, Жаргалантын 20 дугаар гудамжны 6 тоотод оршин суух, Ага овогт Чулуунбалын Ууганбаатар

Хариуцагч: Багануур дүүргийн 4 дүгээр хороо, Жаргалантын 20 дугаар гудамжны 6 тоотод оршин суух, Бэсүд овогт Догсомын Дарьзав нарт холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 12.176.210 төгрөг, нотариатын зардал 4300 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Хэрлэнтуяа, хариуцагч Ч.Ууганбаатар, Д.Дарьзав, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Оргил нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь

            Нэхэмжлэгч “Төрийн” банкны “Багануур” салбар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ч.Ууганбаатар, Д.Дарьзав нар 2015 оны 9 дүгээр  сарын 15-ны өдөр 15.000.000 төгрөгийн гэрээт цалингийн зээлийг 36 сарын хугацаатай, жилийн 19.2 хувийн хүүтэй, 2015 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 330000630041 тоот зээлийн гэрээ байгуулан авсан.

           2015 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 330000630041 тоот барьцаат зэээлийн гэрээгээр “LCD 42” инчийн зурагт 1 ширхэг, “Hitachi” брэндийн хөргөгч 1 ширхэг, “Haeir” брэндийн угаалгын машин 1 ширхэг, “Dell” маркын комьпютер 1 ширхэг, тоос сорогч 1 ширхэг, “Toyota cluger” маркын суудлын автомашин зэргийг барьцаалсан. Зээлдэгч нар зээлээсээ нийт 5.501.805 төгрөг 62 мөнгө төлснөөс, үндсэн зээлэнд 2.966.531 төгрөг 31 мөнгө, зээлийн хүүнд 2.495.295 төгрөг 14 мөнгө, нэмэгдүүлсэн хүүнд 9979 төгрөг 17 мөнгө төлсөн.

2016 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн байдлаар зээлдэгч Ч.Ууганбаатар, Д.Дарьзав нар үндсэн зээл 12.003.469 төгрөг, хуримтлагдсан хүү 170.653 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 9979 төгрөг, бүгд 12.176.210 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байна.

Зээлдэгч Ч.Ууганбаатар, Д.Дарьзав нарын цалингийн орлого болон бусад хөрөнгөнөөс 12.176.210 төгрөг, нотариатын хураамж 4300 төгрөгийг гаргуулж өгнө үү, гэв.

           Хариуцагч Ч.Ууганбаатар шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: “Төрийн” банкнаас 15 сая төгрөгийн зээл авсан боловч ажлаас халагдан, төлж чадахгүй болсон. Цалингийн тогтмол орлого байхгүй, ажилд орж чадаагүй байна. Зээл авсан нь үнэн учраас төлөх нь зайлшгүй. Миний ээж Дарьзав цалингийн зээлийн хамтран зээлдэгч учраас төлбөрийг бүрэн хариуцаж төлнө, гэжээ.

            Хариуцагч Д.Дарьзав шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Ч.Ууганбаатартай хамтран 15.000.000 төгрөгийн зээл “Төрийн” банкнаас авсан. Хүү Ч.Ууганбаатар нь ажилтай байхдаа уг зээлээ авсан бөгөөд зээлээ тогтмол төлж байсан. Зээл авсан нь үнэн, төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Одоогоор бэлэн мөнгө байхгүй, ноолуурын үеэр төлөх боломжтой тул энэ байдлыг минь харгалзан үзнэ үү. Миний бие нэхэмжлэлийн шаардлагаас хуульд заасны дагуу төлбөрийг дангаараа бүрэн хариуцна гэв.

ҮНДЭСЛЭХ нь

Нэхэмжлэгч “Төрийн” банкны “Багануур” салбар, хариуцагч Ч.Ууганбаатар, Д.Дарьзав нараас зээлийн гэрээний үүргийн биелэлт 12.176.210 төгрөг, нотариатын зардал 4300 төгрөг гаргуулж, мөнгөн хэлбэрээр барагдуулаагүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэлийн шаардлагуудыг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч нь 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэх явцад нэхэмжлэлийн шаардлагаа 311.326 төгрөгөөр нэмэгдүүлсэн бөгөөд хариуцагч нар нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, шүүх хуралдааныг үргэлжүүлэх хүсэлтээ тайлбарласан болно.

           Шүүх нэхэмжлэгч “Төрийн” банкны “Багануур” салбарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.

Хариуцагч Ч.Ууганбаатар, Д.Дарьзав нар тус банкны “Багануур” салбараас 2015 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр 330000630041 дугаартай зээлийн гэрээ байгуулан 15.000.000 төгрөгийг жилийн 19.2 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлсэн бөгөөд зээлийн барьцаанд “LCD 42” инчийн зурагт 1 ширхэг, “Hitachi” брэндийн хөргөгч 1 ширхэг, “Haeir” брэндийн угаалгын машин 1 ширхэг, “Dell” маркын комьпютер 1 ширхэг, тоос сорогч 1 ширхэгийг тус тус барьцаалсан болох нь зохигчдын хооронд хийгдсэн зээл болон барьцаат зээлийн гэрээ, зээл эргэн төлөх хуваарь, зохигчдын шүүхэд өгсөн тайлбараар тогтоогдож байна.

        Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт “үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй буюу барьцаалуулагч буюу үүрэг гүйцэтгэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй”, 158 дугаар зүйлийн 158.1 дэх хэсэгт “ шаардах эрх үүссэн буюу үүргийн гүйцэтгэлийг хангах хугацаа өнгөрсөн тохиолдолд барьцааны зүйлийг худалдах, бусад хэлбэрээр борлуулах замаар барьцаалагчийн шаардлагыг хангана”, 169 дүгээр зүйлийн 169.1 дэх хэсэгт “ үүрэг гүйцэтгэгчийн  шаардлагыг хангах хугацаа болсон, эсхүл үүрэг гүйцэтгэгч үүргийг гүйцэтгэх эрхтэй болсон үеэс буюу хуульд заасан бусад тохиолдолд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардлагыг хангах үүрэгтэй” гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгч “Төрийн” банк нь барьцаа хөрөнгөөр нэхэмжлэлийн шаардлагыг хангуулах эрхтэй байна.

       Талуудын хооронд байгуулсан зээл болон барьцааны гэрээнүүд нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1 дэх хэсэгт “Барьцааны гэрээг бичгээр байгуулна”, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт “ Хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно” гэж зааснаар хүсэл зоригоо илэрхийлж байгуулсан, хуульд заасан үндэслэл шаардлагыг хангасан, хүчин төгөлдөр гэрээнүүд  байна гэж дүгнэв.

        Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсгүүдэд зааснаар үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг хариуцагч нараас шаардах эрхтэй байна.

        Иймээс хариуцагч нар зээлийн үлдэгдэл нийт 12.487.536 төгрөгийг төлж, зээлээ төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах үүрэгтэй байна.

        Нэхэмжлэгч банк нь шүүхэд нэхэмжлэл гаргахад гарсан зардалд 4300 төгрөг нэхэмжилсэн бөгөөд Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.7 дахь хэсэгт зааснаар хохиролд тооцон, гаргахаар шийдвэрлэв.

        Мөн Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.3 дахь хэсэгт “ энэ хуулийн 156.1, 156.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна” гэж зааснаар нэхэмжлэгч үүргийн гүйцэтгэлээ хариуцагчийн ““Toyota cluger” маркын суудлын автомашинаар хангуулах шаардлага гаргасныг хангах үндэслэлгүй бөгөөд бусад эд хөрөнгөнөөс хангуулах нь хуулинд нийцнэ гэж дүгнэлээ.

        Нэхэмжлэгчийн улсын тэмдэгийн хураамжид төлсөн 214.821 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамж 214.821 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага

болгон ТОГТООХ нь:

          1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсгүүдэд зааснаар хариуцагч Ага овогт Чулуунбалын Ууганбаатар, Бэсүд овогт Догсомын Дарьзав нараас зээлийн гэрээний үүргийн биелэлт 12.487.536 төгрөг, Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.7 дахь хэсэгт зааснаар хохиролд 4300 төгрөг, нийт 12.491.836 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Төрийн” банкны “Багануур” салбарт олгосугай. 

2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нар зээлийн төлбөрийг мөнгөн хэлбэрээр барагдуулаагүй тохиолдолд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг “LCD 42” инчийн зурагт 1 ширхэг, “Hitachi” брэндийн хөргөгч 1 ширхэг, “Haeir” брэндийн угаалгын машин 1 ширхэг, “Dell” маркын комьпютер 1 ширхэг, тоос сорогч 1 ширхэг зэргийг тус тус дуудлага худалдаагаар худалдан, худалдаж борлуулсан үнээс нэхэмжлэлийн шаардлагыг хангуулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Багануур дүүрэг дэх Шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

          3.Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.3 дахь хэсэгт зааснаар “Toyota cluger” маркын суудлын автомашиныг барьцаа хөрөнгөөр хангуулахаас татгалзсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 214821 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 214821 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         Г.АРИУНАА