Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 11 сарын 14 өдөр

Дугаар 169

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн

зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ц.Урангуа би,

Нэхэмжлэгч: Өмнөговь аймаг, Ханбогд сум, Цаг уурын 1-9 тоотод байрлах “Хас банк” ХХК-ийн  Ханбогд тооцооны төвийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Өмнөговь аймаг, Ханбогд сум, 2 дугаар баг, Гавилуудад оршин суух, Хурган овогт Хүүгийн Оюунчулуун /РД:КБ77121409/,

Хариуцагч: Өмнөговь аймаг, Ханбогд сум, 2 дугаар баг, Гавилууд Бага булаг 4-1 тоотод оршин суух Шанхай овогт Гэндэнжамцын Цогтсайхан /РД:КЮ66040970/ нарт холбогдох,

Зээлийн гэрээний үүрэг 3,325,789.44 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч “Хас банк” ХХК-ийн  Ханбогд тооцооны төв шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

“...Хүү овогтой Оюунчулуун нь тус банкнаас 2014 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр 1460002623 дугаар зээлийн гэрээ байгуулан 3,000,000 /гурван сая/ төгрөгийн зээлийг хэрэглээний зориулалтаар 36 сарын хугацаатай авч, өөрийн өмчлөлийн 5-н ханатай гэр, гэрийн тавилга болох хөргөгч, угаалгын машин, зурагт, хивс зэргийг тус тус барьцаалуулсан.

Зээлдэгч банктай байгуулсан барьцаат зээлийн гэрээний 3.2.1, 3.2.7, 3.2.10, 3.3.1 дэх заалтуудыг зөрчсөн /зээлийн эргэн төлөлтийг хуваарийн дагуу төлөөгүй, хамтран үүрэг гүйцэтгэгч зээлийн төлбөрийг цаг хугацаандаа төлөөгүй байгаа зэргээр зээлийн гэрээний үүрэг зөрчсөн/.

Өнөөдрийн байдлаар Х.Оюунчулуун нь нийт төлөх ёстой үндсэн зээлийн үлдэгдэл 2,415,272.44 төгрөг, үндсэн хүү 866,281.00 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 44,236.00 төгрөг нийт 3,325,789.44 төгрөг болоод байна.

Банкны зүгээс зээлдэгчийг зээлийн төлбөрөө төлж, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг удаа дараа шаардаж байсан. Удаа дараалан дээрх шаардлагуудыг тавьж байсан боловч зээлдэгч банкны шаардлагыг биелүүлээгүй. Иймд дараах нэхэмжлэлийн шаардлагыг хангуулж өгнө үү:

Зээлдэгч Х.Оюунчулууны барьцаалсан хөрөнгөөс 3,325,789.44 /гурван сая гурван зуун хорин таван мянга долоон зуун наян есөн төгрөг дөчин дөрвөн мөнгө/ төгрөгийг төлүүлж, банкийг хохиролгүй болгуулах, барьцааны хөрөнгийг хамгаалалтад авах, тэмдэгтийн хураамжийн төлбөр 68,162 төгрөгийг гаргуулах, нотариатчийн зардал 4500 төгрөг гаргуулах, шүүх хуралдаан товлон зарлагдах хүртэл хугацааны хүүг зээлийн гэрээнд заасны дагуу тооцож нэмж нэхэмжилнэ.” гэжээ.

            Хариуцагч Х.Оюунчулуун, Г.Цогтсайхан нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

            “...Иргэн Х.Оюунчулуун би “Хас банк” ХХК-ийн Ханбогд тооцооны төвөөс 2014 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр 1460002623 дугаартай зээлийн гэрээ байгуулан 3,000,000 төгрөгийг 36 сарын хугацаатай зээлсэн. Зээл авах үед би “Оюутолгой” компанид ажиллаж байсан. Тэгээд орон тооны цомхтголоор ажлаас гарч зээлээ төлж чадахгүй хүрсэн. Х.Оюунчулуун, Г.Цогтсайхан бид “Хас банк” ХХК-ийн Ханбогд тооцооны төвд 3,325,789.44 төгрөгийг төлж барагдуулах болно. Нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хүлээн зөвшөөрч байна.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч “Хас банк” ХХК-ийн Ханбогд тооцооны төв нь хариуцагч Х.Оюунчулуун, Г.Цогтсайхан нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэг 3,325,789.44 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

            Иргэний хэрэг үүсгэснээс хойш хариуцагч Х.Оюунчулуун, Г.Цогтсайхан нар нь нэхэмжлэлийн шаардлага болох 3,325,789.44 төгрөгийг нэхэмжлэгч “Хас банк” ХХК-ийн  Ханбогд тооцооны төвд төлнө хэмээн бүхэлд нь хүлээн зөвшөөрч байх ба энэ зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

            Иймд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. “Хас банк” ХХК-ийн Ханбогд тооцооны төвийн нэхэмжлэлтэй Х.Оюунчулуун, Г.Цогтсайхан нарт холбогдох зээлийн гэрээний үүрэг 3,325,789.44 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн хариуцагч Х.Оюунчулуун, Г.Цогтсайхан нар нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 68,162.63 төгрөгийн тал хувийг улсын орлогод хэвээр үлдээж, Төрийн банкны 211000134959 тоот данснаас 34,081.31 төгрөгийг, мөн хариуцагч Х.Оюунчулуун, Г.Цогтсайхан нараас  34,081.31 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “Хас банк” ХХК-ийн Ханбогд тооцооны төвд олгосугай.

3. Энэхүү захирамжийг сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Захирамжид зохигч талууд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ                                   Ц.УРАНГУА