Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2016 оны 11 сарын 23 өдөр

Дугаар 00310

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: 1971 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, 46 настай, эрэгтэй, ам бүл 2, дүүгийн хамт амьдардаг, хувиараа ажил эрхэлдэг, Сэдэнгэ аймгийн Мандал сум 3 дугаар баг Депогийн 28 тоотод оршин суух, Бөрт овгийн Галсангийн Мөнхбат. /РД:МЗ71092216/

Хариуцагч: 1987 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, 29 настай, эмэгтэй, ам бүл 3, нөхөр хүүхдийн хамт амьдардаг, Сэлэнгэ аймгийн Мандал сумын 1 дүгээр баг 35-8 тоотод оршин суух, ДСЦТХК-д ашиглалт борлуулалтын ажилтай, Бодончууд овгийн Бүжинлхамын Байгалмаад /РД:МЗ87010709/  холбогдох 1.389.900 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.Мөнхбат, хариуцагч Б.Байгалмаа шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар С.Баянжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г.Мөнхбат шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: … 2015 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Б.Байгалмаа надтай ирж уулзаад яаралтай байранд ормоор байна гэсэн. Би ч зөвшөөрсөн. Саяхан өмнөх айл нь гарсан. Тийм учраас обой нь 2,3 газраа урагдсан. Тиймээс энийг би наах ёстой гэхэд тэр хамаагүй би яаралтай орох хэрэгтэй байна гэсэн. Тэрнээс бусад эвдрэл гэмтэл манайд байгаагүй. Эднийх манай байрын хаалга, цонхыг эвдэлсэн. Мөн гал тогооны өрөө маш бохир заваан байсан учраас мөөгөнцөртсөн байсан. Эднийх эхний 2, 3 сарын төлбөрөө төлсөн. Дараа нь түрээсээ өгөхгүй байхар нь асуухаар нөхөр хот руу таксинд явсан, хөдөө явсан гэх мэтээр хэлээд би зөндөө хүлээсэн. Дараа нь би судалж үзэхэд санаатай надад худлаа хэлж байсан. Тухайн үед энэ хоёр орлого олж байсан байгаа юм. Тэр байтугай эдний нөхөр Цогоо гар дээрээ бэлэн сая төгрөг бариад явж байсан. Түүнээсээ 200.000 төгрөгийг надад өгсөн бол би ингэж явахгүй. Миний яриад байгаа түрээсийн төлбөрийг хугацаа хожимдуулснаас гадна, гэрээсээ нүүхдээ байраа хүлээлгэн өгөх болов уу гэхэд тэгээгүй. Сүүлд нь намайг найзындаа сууж байхад Б.Байгалмаа бичилт хийж яваад таарсан. Тэгээд өөрт нь хэлэхэд өө болно маргааш уулзая гээд алга болсон. Ер нь эд залуу хүмүүс байж маш их хэрүүл зодоонтой байдгийг хажуу айлын хүмүүс нь гэрчилнэ. Хаалга 2 удаа эвдсэн. Хамгийн сүүлд нь гал тогооны салхивчийг эвдсэн. Юмаа алдаад байна гэдэг. Би өөрсдөд нь хэлсэн. Энэ хагархай цонхоор чинь  хүн орж байна гэж хэлдэг. Өөрсдөө замбараагүй өчнөөн хүмүүс цуглуулж ууж идчихээд эцэс сүүлд нь юм алга боллоо гээд ийм сонин юм яриад байгаа юм. Тэрийгээ бол яахав цагдаагаар шийдүүлнэ биз. Одоо шүүхээс байрны төлбөр 800.000 төгрөг, материалын үнэ, засварын төлбөр, засварыг би Ундармаа гэгч хүнээр хийлгүүлсэн. Нийт дүндээ 1.380.000 төгрөг нэхэмжилж байна гэв.

Хариуцагч Б.Байгалмаа шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: ........Би 800.000 төгрөгийг хүлээн зөвшөөрнө. Манайх бол өглөө гараад орой ирдэг. Бид тийм заваан суугаагүй. Хаалга үүд эвдэж байгаагүй. Цонх эвдсэн нь харин үнэн. Манай хүн нэг удаа агсам тавиад цагдаа дуудаж байсан. Энэ хүн өөрөө аймаар байдаг. Архи уугаад машиныхаа цонхоор хөгжмөө эцэст нь тавьчихдаг. Тэгээд л хөөе гөлөгнүүд минь гээд янз бүр болдог. Хоёр ч удаа тэгсэн. Манайхаас л юм алга болоод байдаг. Нэг өдөр би амралтын өдөр охинтойгоо гэртээ байхад хаалганы цоож эргээд онгойсон. Хэн бэ гэхэд Г.Мөнхбат ах өөрөө тоолуурын заалт харах гэсэн юм гээд орж ирээд гарсан. Өөрт нь бүх өрөөний түлхүүр байдаг юм билээ. Би анх уг байранд орохдоо манай ажлын нярав эгч, жолооч ах хамт үзэж байсан. Тэр хүмүүс энэ байрыг ямар байсныг мэднэ. Шалны хулдаас урагдсан гэж байгаа. Муухай хулдаасан дээр нь би өөрийнхөө хулдаасыг дэвссэн. Наад зурган дээр байгаа чинь миний хувийнх. Бид нар бараг гэртээ байдаггүй. Би засварын хөлсийг хүлээн зөвшөөрөхгүй. Манайхаас яалт ч үгүй юм алга болоод байгаа. Би өөрт нь ч хэлсэн. Намайг Дарханд сургалтаар сууж байхад Мөнхөө ах залгаад танай цонхоор хүн ороод гарахыг харлаа гэсэн. Түүнээс манайд элдэв хүн ирдэггүй. Хааяа баяр ёслолоор л ирдэг. Бид бараг гэртээ байдаггүй болохоор манай хадам аав ээж ч бараг ирдэггүй, иймд би нэхэмжлэлээс 800000 төгрөг буюу байрны түрээсийн төлбөр нэхэмжилсэнг зөвшөөрч байна харин бусад төлбөрийг зөвшөөрөхгүй гэв.

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Г.Мөнхбат нь орон сууц хөлслөх гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэж хариуцагч Б.Байгалмаагаас 1.389.900 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч Б.Байгалмаа нэхэмжлэгч Г.Мөнхбатын нэхэмжилсэн 1.389.900 төгрөгнөөс орон сууц хөлслөх гэрээний дагуу 4 сарын түрээсийн төлбөр болох 800.000 төгрөгийг нь төлнө. Харин орон сууцанд хийсэн засварын материалын үнэ 289.000, засварчны ажлын хөлс 300.000 төгрөгийг төлөхгүй гэж маргажээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.  

Зохигчдийн хооронд 2015 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Игэний хуулийн 302 дугаар зүйлд заасан “Орон сууц хөлслөх” гэрээ байгуулагдсан байна. Уг гэрээгээр нэхэмжлэгч Г.Мөнхбат нь хариуцагч Б.Байгалмаад өөрийн өмч болох Сэлэнгэ аймгийн Мандал сум 6 дугаар баг, Депогийн  28-в тоотод байрлах нийт 21.8 м2 талбайтай 1 өрөө бүхий орон сууцны зориулалттай байрыг 2015  оны 09 дүгээр сарын 02-ны өдрөөс 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэл 1 жилийн хугацаатайгаар сар бүрийн 200.000 төгрөгийн түрээсийн төлбөртэйгээр, түрээсийн төлбөрийг сар бүр бэлэн мөнгөөр төлөх нөхцөлтэйгээр тохирч, гэрээг бичгээр үйлдэж, талууд хүсэл зоригоо бүрэн илэрхийлж гарын үсэг зурсан ба уг гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэлгүй, гэрээ нь хуулийн шаардлага хангасан байна.

Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1 дэх хэсэгт “Орон сууц хөлслөх гэрээгээр хөлслүүлэгч нь сууцны зориулалттай байшин, сууц, орон сууцны өрөөг хөлслөгчийн эзэмшилд шилжүүлэх, хөлслөгч нь хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заажээ. Иймд нэхэмжлэгч шаардах эрхтэй байна.

Гэрээ байгуулагдсанаас хойш 2016 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн байдлаар хариуцагч 800.000 төгрөгний хөлсийг нэхэмжлэгчид төлөх үлдэгдэлтэй байсан байна. Энэ талаар зохигч маргаагүй болох нь нэхэмжлэгч хариуцагч нарын тайлбараар тогтоогдож байна.

Хариуцагч нь нэхэмжлэгчийн өмч болох Сэлэнгэ аймгийн Мандал сум 6 дугаар баг, Депогийн  28-в тоотод байрлах орон сууцыг гэрээнд заасан хугацаа буюу 1 жилийн хугацаатайгаар хөлсөлж өөрийн эзэмшилдээ байлгаж байсан бөгөөд хавтаст хэрэгт авагдсан нотлох баримуудаас дүгнэхэд хөлслөн авсан эд хөрөнгийг ердийн элэгдлээс илүү муутгасан байх ба нэхэмжлэгч уг байранд өөрийн зардалаар засвар хийсэн болох нь тогтоогдож байна. Хариуцагч нэхэмжлэлийн нийт шаардлагаас түрээсийн төлбөр болох 800000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байгаа харин орон сууцанд хийсэн засварын материалын үнэ 289.000, засварчны ажлын хөлс 300.000 төгрөгийг төлөхгүй гэж маргаж байгаа ч уг татгалзлаа нотлох баримтаар нотлоогүй, хавтаст хэрэгт тайлбар болон нотлох баримт гаргаж өгөөгүй байна.

Иргэний хуулийн 288 дугаар зүйлийн 288.2-д хөлслүүлэгч дараах эрхтэй, 288.2.2-д “хөлслөгч энэ хуулийн 289.1.3, 289.1.4-д заасан үүргээ биелүүлээгүйгээс өөрт учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах”, Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.1.4 дэх хэсэгт хөлслөгч нь “хөлслөн авсан эд хөрөнгийг ердийн болон гэрээгээр тохиролцсон элэгдлээс илүү муутгахгүй байх” үүрэгтэй гэж тус тус заасан байх тул нэхэмжлэгч шаардах эрхтэй байна.

Иймд хариуцагч Б.Байгалмаагаас 1.389.900 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.Мөнхбатад олгож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч 1.389.900 төгрөгийг нэхэмжилж улсын тэмдэгтийн хураамжинд 37.068 төгрөгийг төлсөнг Сэлэнгэ аймаг Мандал сумын орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, Б.Байгалмаагаас 37.068 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.Мөнхбатад олгох нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Монгол улсын Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1, 288 дугаар зүйлийн 288.2.2 дэх хэсэгт заасныг баримтлан  хариуцагч Б.Байгалмаагаас 1.389.900 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.Мөнхбатад олгосугай. 

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Г.Мөнхбатын улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 37068 төгрөгийг Төрийн сангийн 130400941 тоот дансанд хэвээр үлдээж, хариуцагч Б.Байгалмаагаас улсын тэмдэгтийн хураамжинд 37068 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.Мөнхбатад олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3-т заасан хугацаа өнгрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.                                                              

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                             Ж.ЭРДЭНЭБАТ.