Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2016 оны 11 сарын 11 өдөр

Дугаар 00303

 

 

Монгол улсын нэрийн өмнөөс:

 

Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Хэрлэн даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг Дархан сум, 15 дугаар баг, Мангиртын 4 дүгээр хэсэг, Хүрээлэнгийн 2-12 тоотод оршин суух, 1963 оны 10 дугаар сарын 28-ны өдөр төрсөн, 53 настай, эмэгтэй, Хэрээд овогт Хавчигийн Цэвэлдулам /РД: ТА63102806/  нэхэмжлэлтэй  

Хариуцагч: Сэлэнгэ аймаг Мандал сумын 1 дүгээр баг, Замчны ¹ 18 тоотод оршин суух, 1964 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр төрсөн, 52 настай, эрэгтэй, Юншөөбү овогт Алтангэрэлийн Ганбаатард  /РД: ЧГ64112078/ холбогдох

            27889912 төгрөгийг гаргуулах тухай хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Х.Цэвэлдулам, хариуцагч А.Ганбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Ганзаяа нар оролцов.

 

Тодорхойлох нь:

 

Нэхэмжлэгч Х.Цэвэлдулам шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр А.Ганбаатартай Тарни 8 дугаар багт байрлах шатахуун түгээх станцыг 78 сая төгрөгөөр худалдаж авахаар тохирч гэрээ байгуулсан. Урьдчилгаанд 12 сая төгрөг бэлнээр өгсөн. Шаардлагатай тусгай зөвшөөрөл болон бусад бичиг баримтууд нь дутуу байсан учир бүрдүүлж өгснийх нь дараа үлдэгдэл төлбөрийг нь бүрэн төлөхөөр тохиролцсон юм. Бичиг баримт бүрдүүлж өгөх хүртэл хугацаанд бид ШТС-ыг ажиллуулахаар болсон. Ганбаатараас ШТС-ыг хүлээж авахдаа үлдэгдэл шатахуун, тос, тослох материал зэргийг хүлээн аваад буцааж усаар болон мөнгөөр нь төлсөн. Шатахуун түгээх станцыг ажиллууж байх явцад гар нь ажиллахгүй эвдрэх, улсын байцаагч ирж ажиллаж болохгүй гэж акт тавих зэрэг хүндрэл байнга гарч байсан. Тэгээд А.Ганбаатар нь бичиг баримтаа бүрдүүлж өгөхгүй 3 сар болсон, мөн худалдаж авч байгаа өртөг өндөр байсан учир бид наймаагаа буцааж гэрээг цуцалсан. Үлдэгдэл шатахууныг хэмжиж үзэхэд 4043725 төгрөг болсон. Мөн А.Ганбаатар нь надаас бэлнээр 1150000 төгрөгийг бичиг баримт хөөцөлдөх мөнгө хэрэгтэй байна гээд авсан. Урьдчилгаанд өгсөн 12 сая төгрөг, дээр нь бэлнээр нэмж авсан 1150000 төгрөг, үлдэгдэл шатахууны төлбөр 4043725 төгрөг, нийт 18593275 төгрөг болсныг А.Ганбаатар нь надад одоо төлөх бэлэн мөнгө алга 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдөр гэхэд төлье гээд төлбөр барагдуулах гэрээг 2015 оны 07 дугаар сарын 20-ны өдөр хийж өгсөн.  Гэтэл энэ хүн өнөөдрийг хүртэл хугацаанд надад нэг ч төгрөг төлсөнгүй. 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдөр А.Ганбаатар нь хүүг сард 10 хувиар тооцож төлнө гэсэн бичиг хийж өгсөн. Ингээд би хүүнд үндсэн үнийн зүнгийн 50 хувь болох 9296637 төгрөгийг нэмээд нийт 27889912 төгрөгийг нэхэмжилж байна гэв.

Хариуцагч А.Ганбаатар шүүхэд гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Миний бие нь Х.Цэвэлдуламтай Сэлэнгэ аймаг Мандал сумын Тарни 8 дугаар багт байрлах шатахуун түгээх станцыг 78 сая төгрөгөөр худалдахаар тохирч гэрээ байгуулаад 12 сая төгрөгийг урьдчилгаанд нь авсан нь үнэн. Бичиг баримт бүрдүүлж өгөөгүйгээс болж гэрээ цуцлагдаагүй. Гэрээг цуцлах талаар эхэлж Х.Цэвэлдуламын дүү Х.Уранчимэг нь надад хэлсэн. Тэгээд 2015 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Х.Цэвэлдуламыг дуудаад бид харилцан тохирч гэрээг цуцлаад төлбөр барагдуулах гэрээг хийсэн. Энэ гэрээнд урьдчилгаанд авсан болон нэмж авсан мөнгө, шатахууны үлдэгдэл мөнгийг 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдөр төлөхөөр тохиролцсон. Гэрээ цуцлах шалтгаан нь надаас биш эдний ХААН банкнаас хөөцөлдсөн зээл нь бүтээгүйгээс болсон гэж үзэж байна. Х.Цэвэлдулам нь 2015 оны 10 дугаар сард манай гэрт орж ирээд мөнгөө нэхээд бие нь муудаад зүрх нь өвдөөд уначих шахсан. Тэгэхээр нь би хүн амины хэрэгт орох нь гэж айгаад 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс хойш хүү төлье гээд бичээд өгчихсөн юм. Яг үнэндээ бол хүү төлөх боломжгүй юм. Иймд би хүүнээс бусад мөнгийг бол төлж болох юм гэж үзэж байгаа гэв.

 

Үндэслэх нь:

 

            Нэхэмжлэгч Х.Цэвэлдулам нь хариуцагч А.Ганбаатараас Сэлэнгэ аймаг Мандал сумын Тарни 8 дугаар багт байрлах, 18 метр квадрат талбайтай, 1 өрөө, ажлын байрны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг /шатахуун түгээх станц/ 78 сая төгрөгөөр худалдан авахаар урьдчилгаанд 12 сая төгрөгийг бэлнээр өгч үлдэгдэл 66 сая төгрөгийг нефтийн бүтээгдэхүүн жижиглэн худалдаалах зөвшөөрөл, улсын комиссын акт, стандартчлал хэмжил зүйн төвийн баталгаа, байгаль орчны үнэлгээ, геологийн дүгнэлт болон бусад бичиг баримтыг бүрэн бүрдүүлсний дараа төлөхөөр тохиролцсон ба зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн болох нь тэдний хооронд 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр байгуулагдсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээгээр нотлогдон тогтоогдож байна.

Зохигчид гэрээг бичгээр үйлдэж нотариатаар гэрчлүүлсэн байх ба талуудын хүсэл зоригийн илэрхийлэл бүрэн дүүрэн тусгагдсан гэж үзэх үндэслэлтэй байна.

Гэвч талууд харилцан тохиролцсоноор үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээг цуцалж 2015 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Тарни 8 дугаар багт байрлах шатахуун түгээх станцыг акт үйлдэж хүлээлцсэн, урьдчилгаанд авсан 13150000 төгрөг, шатахууны үлдэгдэл 4043725 төгрөг, нийт 18593275 төгрөгийг 2015 оны 10 дугаар сарын 01-ний дотор буцааж төлөхөөр тохиролцож төлбөр барагдуулах гэрээ байгуулсан боловч хариуцагч А.Ганбаатар нь төлбөр барагдуулах гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул нэхэмжлэгч Х.Цэвэлдулам нь урьдчилгаанд өгсөн 12 сая төгрөг, нэмж авсан 1150000 төгрөг, үлдэгдэл шатахууны үнэ 4043725 төгрөг, нийт 18593275 төгрөг, түүний хүү 9296637 төгрөг, бүгд 27889912 төгрөгийг гаргуулах тухай нхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч А.Ганбаатар нь урьдчилгаанд авсан 12 сая төгрөг, нэмж авсан 1150000 төгрөг, үлдэгдэл шатахууны 4043725 төгрөгийг төлөхөд татгалзах зүйлгүй, харин 18593275 төгрөгийн хүү 9296637 төгрөгийг төлөх хууль зүйн үндэслэлгүй гэж маргажээ.

Нэхэмжлэгч Х.Цэвэлдуламын нэхэмжилсэн урьдчилгаанд өгсөн 12 сая төгрөг, нэмж өгсөн 1150000 төгрөг, үлдэгдэл шатахууны үнэ 4043725 төгрөгийг нэмж тооцож үзэхэд 17193725 төгрөг болж байх ба эдгээрийн нийлбэрийг 18593275 төгрөг гэж нэхэмжлээд байгаа нь тооцооллын алдаа гэж үзэх, эсвэл 17193275 төгрөг дээр ямар төлбөрийг нэмж нэхэмжлээд 18593275 төгрөг болоод байгаа талаар нотлох баримтгүй гэж үзэх үндэслэлтэй байгааг дурьдах нь зүйтэй байна.

 

Харин шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч Х.Цэвэлдулам нь үлдэгдэл шатахууны үнэ 4043725 төгрөгийн канондсон нотлох баримтын эх хувийг, эсвэл нотариатаар гэрчлүүлсэн баримтын дагуу шүүхэд дахин нэхэмжлэл гаргаж хариуцагч А.Ганбаатараас нэхэмжлэхээр нэхэмжлэлийн үнийн дүнгээс 4043725 төгрөгийг хасч тооцож нэхэмжилсэн болохыг дурьдах нь зүйтэй гэж үзэв.

Мөн хариуцагч А.Ганбаатард урьдчилгаанд өгсөн 12 сая төгрөг, нэмж авсан 1150000 төгрөг, үлдэгдэл шатахууны 4043725 төгрөг зэрэг нь худалдах-худалдан авах гэрээнээс үүдэлтэй төлбөр болох нь тогтоогдож байх ба нэхэмжлэгч, хариуцагчийн нарын хооронд зээлийн гэрээ байгуулагдаж түүний дагуу уг мөнгийг шилжүүлээгүй гэдэг нь тогтоогдсон тул хүү тооцох нь үндэслэлгүй гэж үзэн хүүнд нэхэмжилсэн 9296637 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэлээ.

 Иймд нэхэмжлэгч Х.Цэвэлдуламын нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох 13150000 төгрөгийг хариуцагч А.Ганбаатараас гаргуулах үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч 27889912 төгрөгийг нэхэмжилж улсын тэмдэгтийн хураамжинд 297200 төгрөгийг төлснийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.Ганбаатараас улсын тэмдэгтийн хураамж 223700 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Х.Цэвэлдуламд олгох нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

                                                                  Тогтоох нь:

 

1.Монгол улсын Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч А.Ганбаатараас 13150000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Х.Цэвэлдуламд олгож, нэхэмжлэлээс 9296637 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Нэхэмжлэгч Х.Цэвэлдулам нь шатахууны үлдэгдэл 4043725 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагын нотлох баримтыг хуульд заасны дагуу бүрдүүлэн нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжинд төлсөн 297200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.Ганбаатараас улсын тэмдэгтийн хураамж 223700 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Х.Цэвэлдуламд олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигчид шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.                                                           

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү,иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                     Б.ХЭРЛЭН.