Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 745

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн
    зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
 

            Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг би,
             Нэхэмжлэгч: Увс аймгийн Зүүнговь сумын Сум хөгжүүлэх сангийн нэхэмжлэлтэй, 
         Хариуцагч: Увс аймгийн Зүүнговь сумын 5 дугаар багт оршин суух, 1958 онд төрсөн, 58 настай, эмэгтэй, регистрийн дугаар ОД58031501, Шарнууд овогт Лхамжавын Цээлэйд холбогдох,
Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 2.360.422 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч, 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад 

ТОДОРХОЙЛОХ нь:

         Нэхэмжлэгч Зүүнговь сумын Сум хөгжүүлэх сангийн зөвлөлийн дарга, Зүүнговь сумын Засаг дарга Д.Нэргүй шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Зүүнговь сумын Сум хөгжүүлэх сангаас иргэн Л.Цээлэй нь 2013 онд 4.000.000 төгрөгийг сарын 0,2 хувийн хүүтэй, жилийн 2,4 хувийн хүүтэй 3 жилийн хугацаатайгаар зээлийг 3 хувааж төлөхөөр гэрээ байгуулсан. Зээлийн эцсийн хугацаа 2016 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр дууссан. Төлж барагдуулаагүй хугацаа хэтрэлттэй 2.100.000 төгрөг, хүү 32.570 төгрөг, алданги 227.852 төгрөг, нийт 2.360.422 төгрөгийг Л.Цээлэйгээс гаргуулж өгнө үү” гэжээ.  
    Хариуцагч Л.Цээлэй шүүхэд гаргасан тайлбартаа: “Увс аймгийн Зүүнговь сумын Сум хөгжүүлэх сангийн нэхэмжлэлтэй танилцлаа. Миний бие тус сангаас 4.000.000 төгрөг авсан нь үнэн болно. Одоо нэхэмжилж байгаа 2.360.422 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү “ гэжээ. 
    Шүүх зохигчдын тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад  

ҮНДЭСЛЭХ нь:

        Нэхэмжлэгч Увс аймгийн Зүүнговь сумын Сум хөгжүүлэх сан нь хариуцагч Л.Цээлэйгээс зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 2.360.422 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.    
         Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Л.Цээлэй нь нэхэмжлэгч Увс аймгийн Зүүнговь сумын Сум хөгжүүлэх сангийн нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 2.360.422 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн болох нь хариуцагчийн тайлбараар нотлогдож байна.          Иймд хариуцагч Л.Цээлэй нь нэхэмжлэгч Увс аймгийн Зүүнговь сумын Сум хөгжүүлэх сангийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна. 
    Хариуцагч Л.Цээлэй нь нэхэмжлэгч Увс аймгийн Зүүнговь сумын Сум хөгжүүлэх сангийн нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 2.360.422  төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн ба үүргээ биелүүлээгүй тохиолдолд уг шүүгчийн захирамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-т зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй.  
          Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч Увс аймгийн Зүүнговь сумын Сум хөгжүүлэх сангийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн ба хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлага 2.360.422 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 52.717 төгрөгийг тал хувиар бууруулан тооцож, хариуцагч Л.Цээлэйгээс 26.358 төгрөг гаргуулан төрийн санд оруулах нь зүйтэй байна.  
        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

          1. Нэхэмжлэгч Увс аймгийн Зүүнговь сумын Сум хөгжүүлэх сангийн зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 2.360.422 /хоёр сая гурван зуун жаран мянга дөрвөн зуун хорин хоёр/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Л.Цээлэй хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 
             2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч Увс аймгийн Зүүнговь сумын Сум хөгжүүлэх сангийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч Л.Цээлэйгээс улсын тэмдэгтийн хураамж 26.358 /хорин зургаан мянга гурван зуун тавин найм/ төгрөг гаргуулан төрийн сангийн 150000941 тоот дансанд оруулсугай. 
              3. Иргэний  хэрэг  шүүхэд  хянан  шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн  75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Л.Цээлэй сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид шүүгчийн захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй. 

 

 

ШҮҮГЧ                    Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ